• Өнөөдөр 2024-05-04

ЖИНХЭНЭ МО ЯН

2023-11-30,   771

Калифорниа-Берклигийн их сургуульд 2010 оны аравдугаар сард болсон АНУ, БНХАУ-ын соёлын форумын үеэр Хүмүүнлэгийн ухааны үндэсний сангийн захирал Жим Лич Хятадын Мо Ян нэрээрээ алдаршсан зохиолч Гуан Мойетэй ярилцсаныг хөрвүүлэн хүргэж байна. “Дарсны орон”, “Том хөх, өргөн хонго”, “Улаан соргум”, “13 алхам”, “Эргэлт” зэрэг номоороо дэлхийн уншигчдад хүрсэн ч Мо Яны бүтээлүүд түүнийг Нобелийн шагнал авах хүртэл БНХАУ-д хэвлэгдэж байгаагүй юм. Нэгэнтээ “Time” сэтгүүлийн сэтгүүлч Дональд Моррисон түүнийг “Хятадын бүх зохиолч дунд хамгийн алдартай, мөн хориотой нь” хэмээн нэрлэж байсан бол Жим Лич түүнийг “Франц Кафка, Жозеф Хеллерт өгсөн хариулт” хэмээн тодотгожээ.

-Мо Ян гэх нэр тань уран бүтээлчийн нэр. Энэ нэрний утга учир нь юу юм бэ. Өөрийнхөө амьдрал төдийгүй эх орныхоо нэгэн цаг үеийг өгүүлэхэд тань хуурамч нэр ашигладаг тань тус болов уу?

                    -Мо Ян гэх нэр хятадаар “Бүү ярь” гэсэн утгатай. Би 1955 онд төрсөн. Хятадад иргэдийн амьдрал хэвийн бус байсан үе. Тэр үед аав, ээж намайг “Гадаа битгий ярь” гэдэг байсан. Гадаа, олон нийтийн дэргэд бодсон, санаснаа шууд хэлбэл асуудалд ордог хатуу нийгэм байлаа. Тиймээс л би аав, ээжийг тэгж хэлснээс хойш юу ч яриагүй.

                    Анх зохиол бичиж эхлэхдээ мундаг зохиолч бүр уран бүтээлийн нэртэй байх ёстой гэж боддог байлаа. Тэгэхдээ аав, ээж хоёрынхоо “Бүү ярь” гэснийг санаад өөртөө Мо Ян гэдэг нэр өгсөн. Одоо хаа сайгүй ярьж явдаг болсон доо.

-Таны зохиолчийн замнал Хятадад Соёлын хувьсгал дууссаны дараахнаас л эхэлсэн. Соёлын хувьсгалын дараах Хятадын уран зохиолын шинэ үе танд болон бусад зохиолчид хэрхэн нөлөөлж байв?

                    -Хятадад шинэ үе ирээгүй бол би зохиол бичихгүй байсан. 1980-аад онд болсон шинэчлэл, олон нийт нээлттэй болж эхэлсэн нь надад бичих боломж олгосон. Үүнээс өмнө надад Хятад, Зөвлөлтийн зохиолчид маш их нөлөөлсөн. Нийгэм нээлттэй болсон үеэс Америк, Европын уран зохиолд шимтсэн. Минийхээр Хятадын шинэчлэл үнэнхүү гайхалтай явдал болсон. 

-Олон улсын шүүмжлэгчид таныг шидэт реалист хэмээн тодорхойлж, Франц Кафкатай зүйрлэх нь бий. Манай оронд таныг Уильям Фолкнер, Жон Стейнбектэй жишдэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг юм бэ?

                    -Миний хэв маяг Америкийн зохиолч Уильям Фолкнертэй илүү дөхүү юм болов уу. Би түүний номоос их ч зүйл сурсан.

***

Маргааш нь болсон Соёлын форум дээр Мо Ян хэлсэн үгэндээ “1984 оны өвлийн их цастай шөнөөр би Фолкнерийн “The Sound and the Fury” номыг зээлж авч байв. Манай орондоо л маш алдартай орчуулагчийн Фолкнерийг хятад хувилбарт буулгасныг уншсан. Түүний бичсэн нь төрөлх нутаг, хөдөө байсан юм. Бүр Фолкнер газрын зураг дээрээс ч олдохгүй муж байгуулсан. Хэдий тэр муж нь маш жижиг ч өөрийн гэсэн төлөөлөлтэй байлаа. Тэгэхэд л би зохиолч хүн өөрийгөө бүтээх гэж байгаа бол түүндээ тусгаар улсаа ч байгуулах ёстой гэдгийг ойлгосон. Фолкнер өөрийн мужаа байгуулсан шиг, би Хятадын зүүн хойд нутагт нэгэн тосгон бүтээж, төрөлх хотдоо түшиглэж, өөртөө хаант улс байгуулсан” гэсэн юм.

***

                    Гэхдээ би өөртөө буй бүхнийг Фолкнероос аваагүй. Миний хэв маяг олон янзын нөлөө хослуулдаг. Би хөдөө өсөж, тэндээ 20 нас хүртлээ амьдарсан. Тэр үед Хятадын ардын уран зохиол, туульчид их нөлөөлсөн. Өвөө, эмээ, аав, ээж, тосгоны хөгшчүүдийн надад ярьж өгч байсан түүхүүд хожим миний уран зохиолын эх сурвалж болсон. Мөн “Баруун этгээд рүү аялсан нь”, “Улаан асрын зүүд” зэрэг Хятадын сонгодог ном миний хэв маягт гойд нөлөөлсөн гэж боддог.

-Та миний төрж, өссөн Айова хотод багагүй хугацаа өнгөрүүлсэн юм билээ. Айовагийн орчим дахь хөдөө нутаг Хятадын зүүн хойд нутгийг санагдуулж байв уу. Эх орондоо “Хориотой зохиолч” хэмээн нэрлэгдэж, Хятадыг орхихдоо найз нөхдөө ч мөн орхисон байх. Америкт найз нөхөдтэй болж байна уу?

                    -Айова хотод хоёр долоо хоног орчим амьдарсан. Тэгэхдээ гудамж болгоныг нь мэддэг болж, зоогийн газар болгоноор нь орж үзсэн байсан. Айовад Пол Энгл гэх эртэй нөхөрлөж, гэрт нь очиж гэр бүлийнхэнтэй нь ч уулзсан.

                    Айова хот маш олон эрдэнэ шишийн талбайтай. Би тариалангийн талбайд очихоороо эрдэнэшиш түүж, буудалдаа очоод иддэг байсан. Хааяа Айовад байхдаа муухай авирласан гэж бодогддог юм. Тэр хот миний төрсөн тосгонтой төстэй санагдсан учир халуун дулаан байсан. 

-Мо Яны зохиолууд түүхийн эсрэг бичигдсэн. Та өөрийгөө түүхтэй хэр холбоотой хүн гэж боддог вэ?

                    -Миний анхны бүтээлүүд 1930-аад оны Хятадын амьдралыг дүрсэлсэн. Хэдий би түүх бичиж байсан ч түүхийг орчин үеийн зохиолчийн нүдээр харж, орчин үеийн хүний сэтгэлгээгээр сэтгэж, өнгөрсөн үеэ эргэн харсан санаагаар бичсэн. Миний зохиолуудад өөрийн минь дүр олон бий. Гэсэн ч би түүхэн эх сурвалжаас олон талаараа ялгаатай. Уншигчид миний номоос хуурай түүх бус, уран зохиолыг л олж авах ёстой.

-Та түүх өгүүлэхдээ уран зохиолоос илүүтэй жүжиг болгосон юм шиг санагддаг. Магад одоогоос хэдэн зууны дараа та түүхчдийн гол эх сурвалж болох байх. Эсвэл ирээдүй цагийн түүхчдийн эх сурвалж нь манай эриний түүхч, социологичид байх болов уу?

                    -Түүхчид үнэн түүхийн ном руу зүглэх ёстой гэж боддог. Гэвч алс холын өнгөрсөн цаг үе, тухайн үеийн хүмүүсийн мэдэрдэг байсан өдөр тутмын амьдрал нь ямар байсныг уран зохиолоос хайж болно. Хэдэн зуун жилийн дараа хүмүүс миний номыг уншсан хэвээр байвал энэ цагийн хүмүүсийн өдөр тутмын амьдралыг бүгдийг нь олж мэдэх боломжтой байх. Түүх үйл явдал, цаг үеийг голчилсон байдаг бол уран зохиол хүмүүний амьдрал, мэдрэмжид илүү анхаардаг.

-УРАН ЗОХИОЛ ХҮН ТӨРӨЛХТӨНД ЗОВЛОН, ЗҮДГҮҮР ХЭЗЭЭД БАЙХ БОЛНО ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫН ТУЛД ОРШДОГ-

-“Амьдрал, үхэл намайг залхааж байна” нэртэй номоо 42 хоногийн дотор бичсэн гэж сонссон. Хэрэв компьютер дээр бичсэн бол илүү хурдан бичих байсан уу?

                    -Компьютер намайг илүү удаашруулдаг. Би компьютер ашиглах үедээ өөрийгөө, өөрийнхөө оюун ухааныг бүрэн удирдаж чаддаггүй. Яах вэ, интернэтээр мэдээлэл хайх өөр хэрэг. Харин компьютер ашиглах үед Пиньинь(Хятад үг, үсгийг романчлах систем бөгөөд зохиолчийн үсгийн алдааг шалгахын зэрэгцээ үг санал болгодог программ) намайг хорьдог. Хэрэв зохиолчид тэр программыг ашигласаар байвал үгсийн сангаа хязгаарлуулж, бүр зүрх сэтгэлээ ч шархлуулж магад. Тиймээс л үзгээ бариад суучихвал сэтгэж, сайхан зүйл гарна гэж боддог.

                    Мөн хүмүүсийн тэр дундаа алдартнуудын гар бичмэл ирээдүйд маш цэнтэй болно гэж сонссон нь миний гараараа бичих нэг шалтгаан болсон. Тиймээс би гар бичмэлүүдээ охиндоо үлдээх санаатай байгаа. Ирээдүйд охин минь аавынхаа гар бичмэлээр мөнгөтэй болж ч магад.

-Энэ таныг хэзээ нэгэн цагт Нобелийн шагнал хүртэж, музейн хананд өлгөгдөх бүтээл бүтээхийг зорьж байгааг илэрхийлсэн үг үү?

                    -Хэрэв тийм зүйл болбол би чамайг Хятадад урина аа. Музейг нь хамт очиж үзье.

-Нээлтийн ёслолд нь очмоор л байна. Гэсэн тийм том бүтээл, ширүүн үйл явдлуудын талаар бичихэд таны ихэвчлэн ашигладаг хошигнол хүнддэх юм биш үү. Та хошигнолыг хүчтэй гэж бодож байна уу?

                    -Хэрэв өвдөлт, зовлон зэрэг мэдрэмжийг дүрслэхийг хүсвэл хэн нэгнийг өвтгөх эсвэл хошин үг ч хэрэглэж болно. Ихэнх уншигч зовлонт амьдралыг уншихдаа хошин байдлаар уншихыг илүүд үзэх байх гэж бодож байна.

                    Намайг багад ядуу Тосгоны тарчиг хүмүүс амьдралын хатуу ширүүнийг даван туулахын тулд хошигнодог байлаа. Би хошигнохыг тэр хүмүүсээс л сурсан.

-Та “Нэгэн хэвд баригдсан зохиолчийн аврал бол зовлонг хайх явдал” гэж байлаа. Энэ таны зовлонгийн тухай хошигнолын үзэл баримтлалтай холбоотой юу. Өөрчлөгдсөн үү. Өнөөгийн Хятад өмнөх үеийнхээс хэр ялгаатай болов. Зовлон одоо ч үргэлжилсээр байгаа юу?

                    -Миний бодлоор хүн амьд буй цагт өвдөлт ч байсаар байх болно. Би багадаа идэх хоолгүйдээ, өмсөх хувцасгүйдээ зовж л байсан. Тэгэхэд үнэхээр хэцүү үе байсан. Нэг удаа би охиноосоо “Миний багад юу ч байгаагүй. Одоо чамд бүх зүйл байна. Гэтэл чи яагаад шаналаад байгаа юм бэ” гэж асуутал хариуд минь “Хүмүүс хангалттай идэж, өмсөх хувцастай байлаа гээд зовж, шаналахгүй байх ёстой гэж та боддог юм уу. Одоо бидэнд маш их гэрийн даалгавар, олон хүнд сорилт байгаагийн зэрэгцээ өөрт тохирох эрэгтэйг ч олж чадахгүй байна. Би эдгээр зовлонг таны хоолгүй байсан үеэс ч дор гэж бодож байна” гэсэн. Тиймээс л би хүн төрөлхтөн байгаа цагт тэдний зүрх сэтгэл, оюун санааных нь өвдөлт, зовлон байсаар ч байх болно гэж боддог. Уран зохиол хүн төрөлхтөнд зовлон, зүдгүүр хэзээд байх болно гэдгийг харуулахын тулд оршдог.

-Энэ ч утгаараа та үндэстнийхээ туулж өнгөрүүлсөн зовлонг дэлхийд үзүүлэх үүрэгтэй гэж боддог уу. Эсвэл таны өөртөө хүлээсэн үнэт зүйл, шударга байдал юм уу?

                    -Хүн зохиол бичиж эхлэхдээ өөрийн зүрх сэтгэлээс, хувь хүнийхээ үзэл бодлоос санаагаа гаргадаг юм билээ. Үүний ихэнх нь хувь хүний эсвэл, гэр бүлийнхнийх нь зовлонгоос үүдэлтэй. Мэдээж, аз жаргал ч бас байна. Харин зохиолч анхаарлаа төвлөрүүлж, тэгээд зовж эхлэх болно.

                    Гэсэн ч өнөө үед зохиолчийн юу мэдэрдэг, юунд зовдог нь бусдад ил болчихсон. Зохиолч нь бичсэн зүйлээрээ юу илэрхийлж, юуг мэдрүүлэх гээд байгааг мэддэг болсон. Миний бодлоор нийгэмд болж буй тэр дундаа АНУ, Японд болж буй үйл явдал хүртэл миний уран бүтээлд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Агуу уран зохиолд улс, орны хил хязгаар үгүй.

-Хятадын уран зохиолын өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэх вэ. Ямар зүг рүү явж байгаа гэж хэлэх вэ?

                    -1980-аад оныг Хятадын уран зохиолын алтан үе гэнэ. Тэр үед маш богино хэмжээний бичвэр хүртэл роман болж, улс орны анхаарлыг татаж байлаа. 1990-ээд оны үед уран зохиол санхүү, бизнестэй холбоотой болсон. 

                    Хятадад интернэт нэвтэрсний дараа залуус ихэнх цагаа онлайнд өнгөрөөж эхэлсэн. Үүнийгээ дагаад уран зохиолын уншигчдын тоо ч буурсан. Харин уран зохиол хөгжиж, өмнөхөөсөө ч илүү бичих өөр өөр хэв маяг бий болсон. Одоо маш олон хүн зохиол бичиж, өөр өөрийн, олон янзын хэв маяг бүтээж байна. Гэхдээ илүү Америк, Европ шиг болж байгааг дурдъя. Маш олон залуу цахим ертөнцөд зохиол, бүтээлээ эхлүүлж, цахимд нийтэлж байна. Хятадад 300 сая гаруй хүн блогтой, тэндээ байнга ямар нэг юм бичиж оруулдаг. Тэдний нийтлэлүүд маш сайн бас сайхан байдаг.

-Америкт хятад зохиол нэлээд орчуулагдсан байдаг. Хүмүүс ч унших дуртай. Та Говард Голдблатт хэмээн уран зохиолын орчуулагчтай хамтран ажиллаад удаж байгаа шүү дээ. Маш хэцүү гэгддэг хятад хэлнээс англид хөрвүүлэхэд утга, найруулгад алдаа гарах, уншигчдаа төөрөгдөл үүсгэх зүйл байдаг болов уу?

                    -Уран зохиолд аль ч хэлээс өөр хэл рүү орчуулахад зарим зүйлийг нь орхигдуулж, орчуулахдаа алдаа гаргадаг гэдэгт би итгэлтэй байдаг. Харин миний номнуудыг Хятадад нөлөө бүхий, нэр хүндтэй уран зохиолын мэргэжилтэн Говард Голдблатт орчуулсанд би маш их талархдаг. Тэр ч надтай олон жил найзалсан болохоор миний хэв маягийг маш сайн мэднэ.

-Дэлхийн орнууд улстөрчийг улстөрчтэй, генералыг генералтай, дипломатчийг дипломатчтай нь уулзуулах зэргээр адил зүйлийг бий болгодог. Харин уран зохиолд зохиолч зохиолчтойгоо уулзахгүйгээр зохиол нь өөр улсад хүрч, хүрсэн улс нь зохиолд гарсан улсынхаа зовлонг ойлгодог. Улс, орнууд хоорондоо улс төрийн хэллэгээр бус роман, зохиолоор харилцсан бол илүү сайн харилцаатай байх байсан болов уу гэж боддог уу?

                    -Зохиолчид хэн нэгэнтэй ярьж, харилцаж чаддаг бол ирээдүйн зохиол, бүтээлд нь сайн. Санаа, бодлоо солилцох нь сайн зүйл. Өнгөрсөн жил Хятадын зохиолчдын холбооноос Америк, Хятадын зохиолчдыг цуглуулсан үйл ажиллагаа зохион байгуулсан. Үйл ажиллагаанд очсон зохиолчид нэгэнтэйгээ танилцаж, ярилцаад надад сайхан л санагдсан.

-Баярлалаа, Мо Ян. Хэзээ нэгэн цагт та өөрийн тогтоосон жинхэнэ зохиолчийн хэмжээндээ хүрвэл Хятадын ерөнхий дипломатч ч болохыг үгүйсгэхгүй юм.

***

Уг ярилцлага өндөрлөснөөс хоёр жилийн дараа буюу 2012 онд Мо Ян утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн юм. Нобелийн шагнал гардуулах ёслолын хорооноос “Ардын үлгэр, түүх, орчин үеийн түүхийг хийсвэр бөгөөд бодитоор нэгтгэсэн”-ийг нь үнэлэн гардуулсныг зарласан билээ.

 

Эх сурвалж: АНУ-ын Хүмүүнлэгийн ухааны үндэсний сангийн албан ёсны цахим хуудас

 

ЖИНХЭНЭ МО ЯН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188