• Өнөөдөр 2024-03-29

Хатан хааны малгай урлаач

2020-08-31,   1322

Малгайн хүч бидний төсөөлж бодсоноос үнэндээ хавьгүй их. Гоёмсог бүрх өмссөн ямар ч бүсгүй хатагтай шиг харагддаг, бортого өмссөн эр жентельмен байдаг гэсэн хэлц бий. Эрд үед ордны дээдэс, язгууртнуудын цэнгүүнийг малгайгүйгээр төсөөлөх аргагүй байв. Тиймдээ ч хамгийн дээд зэрэглэлийн арга хэмжээ, үдэшлэгийн дресс кодонд бүрх, бортого малгай багтах нь бий. Хатан хааны бүрх малгайг урлах эрхэм хүндтэй үүргийг олон жил гүйцэтгэж буй "Lock & Co. Hatters” нэртэй дэлгүүр-урлан Лондонд бий. 

ДОЛОО ДАХЬ ҮЕИЙН  “МАЛГАЙЧИН”

Хамгийн эртнийх гэж онцолж болох малгайн дэлгүүрийг 1676 онд малгайчин Роберт  Дэвис байгуулжээ. 1759 онд түүний хүргэн Лок нь энэхүү дэлгүүрийг өвлөн авсан бөгөөд 1871 онд Жеймс Беннинг менежер нь болж, тодорхой хувийг эзэмших болов. Өдгөө хамгийн алдартай, 300 жилийн настай энэ компанийг тэдний үр удам үргэлжлүүлж явна. 15 хаан солигдож, эдийн засгийн 47 хямралыг туулан, дэлхийн хоёр дайны нүүр үзсэн “Lock&Co” компани хамгийн урт настай, гэр бүлийн бизнесийн нэг. 
 
Компанийн захирлуудын зөвлөлийн дарга Рожер Стивенсон Бакингемшир гүнлигийн Амершем хотод төржээ. Түүний өвөг дээдэс долоон үеэрээ малгай урласан. Ноён Рожер Стивенсон 1992 онд компанидаа ажиллаж байгаад гарч,  өөр төрлийн бизнес эрхлэх гэж оролдож байжээ. Гэхдээ хэсэг хугацааны дараа олон зууныг дамжсан малгайн урлалд буцан ирсэн гэдэг. Түүний өвөө тэртээх 1953 онд Букингемийн ордны нарийн хонгилоор ач хүүгээ дагуулан алхаж, орчин цагийн хамгийн хүчирхэг, сүр жавхлант хаан сурвалжтан Хатан хаан II Елизаветагийн толгойн хэмжээг авч байсныг тэрбээр одоо ч дурсан ярьдаг.
 
Он жилүүд өнгөрч, түүний аав хүүгээ дагуулан мөн л ордны нарийн хонгилоор алхаж, Диана гүнжийн толгойн хэмжээг авч, чамин тансаг малгай урлаж өгдөг болсон. Өдгөө Рожер Стивенсоны урлангийн нэгэн хэсэг болох багахан музейд Британийн язгууртнуудын толгойн хэвтэй эсгүүрүүд хадгалаастай бий. Алдарт Чарли Чаплин, Японы Эзэн хаан Акихито, Султан Жохор Ибрагим Исмаил, Уинстон Черчиллөөс эхлээд өнөө цагийн алдартнууд болох Дэвид Бекхэм, Жонни Депп зэрэг үйлчлүүлэгчдийнх нь хэмжээ, таашаадаг хэв маягийг энэхүү музейгээс харж болно.
 
Малгай хийнэ гэдэг үйлдвэрлэлийн гэхээс илүүтэй урлагийн бүтээл урлахтай төстэй үйл явц гэж тэрбээр онцолдог. Тиймдээ ч хэдэн үеэрээ малгай урласан мастерууд дэлгүүрийнх нь босгоор алхсан хүний таашаал, хэмжээ, сонирхлыг барагцаалан тааж чаддаг болжээ. Өөрөөр хэлбэл, тэд ганган, тансаг төдийгүй яг танд л зохих, таарах малгайг урлаж чадна. Технологи төдийлэн хөгжөөгүй  XIX зуунд тэд малгайг хатуу, бат бөх болгохын тулд мөнгөн ус ашигладаг байсан гэдэг. Мөнгөн ус халах явцдаа хорт хий ялгаруулдаг байснаас малгайчид галзуурах, сэтгэцийн өөрчлөлттэй болох тохиолдол ч гардаг байж. 

ХАТНЫ ИВЭЭЛ 

Вестминстерт байрлах “Lock&Co” урлангаас хэдхэн минут алхаад л VIII Генрихийн зарлигаар бариулж асан Сент-Жеймсийн ордон хүрнэ. Нөгөө талд нь Диана гүнжийн удмынхан болох Спенсерийн шилтгээн буй. Язгууртнуудын харш, ордны дунд он цагийн эрхээр онгосон нарийхан тоосгон байшинд харин малгай урлаачдын дэлгүүр, музей, урлан байрлана. 1670 онд тэнд овоолсон шороо, тахир зам л байсан гэдэг. 
1957 онд Хатан хаан II Елизаветаг хаан ширээнд залсны дараа тэд ордны анхны захиалгуудаа хүлээн авчээ. Хатан хааны гэр бүлийн хэрэгцээнд бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг команиудтай таван жилд нэг удаа гэрээ хийдэг аж. 

НАРИЙН ХЭМЖЭЭ, ӨРГӨН СОНГОЛТ 

Нэрийн дэлгүүрийн ханаар эгнүүлэн өрсөн эрэгтэй малгай бүр дээр компанийн лого бий. Мөн толгойн тойргийг илэрхийлэх 54-64 гэсэн хэмжээ нь хамгийн өргөн сонголттойг илэрхийлнэ. Хамгийн чухал нь малгай урлахдаа үйлчлүүлэгчдийн толгойн хэвийг авдаг. Цилиндр, эсвэл титэм хэлбэрийн хатуу биетийг францаар  “conformateur” буюу хэв бий болгогч гэх бөгөөд яг таг таарсан, эвтэйхэн малгай хийхэд хамгийн чухал зүйл болдог аж. 
Эмэгтэй малгайг тэд өргөн хэрэглээ, худалдаанд зориулан 30 гаруй жилийн өмнөөс хийж эхэлжээ. Аль ч улиралд, ямар ч арга хэмжээ, үйл ажиллагаанд зориулсан малгайг энд захиалгаар хийдэг бөгөөд бүрх, энгийн малгай, алчуур зэрэг зүйлсийг ч дагалдуулан захиалж болно. Сүүлийн жилүүдэд хуучин малгайн хэлбэрийг өөрчлөх үйлчилгээ газар авч байгаа аж. 
 
Малгай урлах явц мэдээж хэмжээ авахаас эхэлнэ. Урланг зорьж ирсэн хүмүүс мастеруудад өнгө, хэлбэр, хаана, ямар тохиолдолд өмсөх гэж буйгаа хэлнэ. Дараа нь үйлчлүүлэгч мастерын хамт зоогийн газарт их үдийн цай уух бөгөөд  эцэст нь хэмжээ авах өрөөнд очиж нарийн хэмжээ, толгойн хэлбэрийн хэв авна. Энэ бол зүгээр нэг маяг төдий бус хэдэн зууны турш малгайчдын дунд дэлгэрсэн заншил билээ. “Ascot” морин уралдаан, дуурийн “Glyndebourne” фестиваль, теннисний “Wimbledon” тэмцээн, язгууртнуудын хурим, хүлээн авалтад бидний олж хардаг содон өвөрмөц, тансаг чамин, өөр өөрийн гэсэн хэв маяг, бэлгэдлийг агуулсан малгайнууд бүгд л ингэж бүтдэг ажээ. “Ямар сайхан малгай вэ?” гэж яриагаа эхэлдэг британичууд өөрөөр яах ч билээ. 
 
Малгайн материалыг хийхэд ихэнхдээ долоо хоног шаардлагатай. Түүнээс гадна будах, хатаахад бүтэн өдөр зарцуулна. Гар ажиллагаат чимэглэл хоёр өдрийг ч авах тохиолдол бий. Ингэсний эцэст цор ганц, чамин малгай захиалагчдаа очдог. 
Сонирхолтой нь, толгойн контур буюу ерөнхий хэв гарын хээ шиг хүн бүрийнх дахин давтагдашгүй байдаг аж. Хоёр хүний гавлын ясны хэлбэр, хэмжээ нь яг адилхан байсан түүхийг санахгүй гэж малгайн мастерууд ярьдаг. Тэр бүү хэл газар нутгаараа ялгаатай байдаг аж. Тухайлбал, Баруун Европын орнуудын оршин суугчдын толгойн контур голдуу шувтан байдаг бол өмнөдийнхэн дугуй, бөөрөнхий байх нь элбэг.

ӨВӨРМӨЦ ЗАХИАЛГА 

Хачирхалтай гэмээр захиалгуудыг ч тэд хүлээж авна. Жүжигчин Николас Кейжид зориулан ноорхой, цоорхой малгайн оронцог захиалан зураг авалтад ашиглаж байжээ. 2012 оны Лондоны олимпын өмнөхөн Трафальгарын талбай дахь адмирал Нельсоны хөшөөнд өмсгөх гурвалжин хэлбэрт малгайг тэд захиалгаар урлаж байв. Компанийн музейд хадгалаастай буй захиалгын дэвтэрт манай гаригийн хамгийн алдартай хүмүүс ямархуу малгай таашаадаг байсныг харж болно. Англи, Европын язгууртнууд хайртай зохиолч, яруу найрагч, зураачдаа зориулан малгай урлуулдаг байсан агаад зарим нь төлбөрөө төлөөгүй алдартнуудын өрийг цайруулдаг ч байсан гэдэг. Оскар Уайльдын тавьсан гурван фунт, 30 центийн өрийг Баруун Суссекс гүнлигийн нэгэн эрхэм нэрээ нууцлан төлсөн баримт музейд бий. 

ЭРГЭН ИРЖ БУЙ УЛАМЖЛАЛ 

Викторианы үед малгай гэдэг ажилчин ангийнхны хэрэглээ байв. Хожим 1912  оноос бортого малгайгаараа алдартай, нэрт жүжигчин Чарли Чаплин  тус компанид анхны малгайгаа захиалж байсан түүхтэй. 1960 онд гэхэд өөрийгөө эрхэмлэдэг язгууртан, дээдсүүд бүгд бортого малгай өмсдөг болов. Өдгөө ч жүжигчид, дуучид энд малгай захиалсаар байна. Лондоны олимпын үеэр хот даяараа бортгоор ижилсэж байсныг санаж байгаа биз дээ?  
 
Мөн панам  малгай ч тэдний “нэрийн хуудас”. Эквадороос гаралтай энэхүү малгайг хээ угалз бүрийг нь нэгбүрчлэн зурж, урлах бөгөөд дал модны мөчрөөр нямбайлан сүлжинэ. Хамгийн үнэтэй сүлжмэл малгай 6750 фунтийн үнэтэй, харин хамгийн төсөр нь 135 фунт гэдэг. 
1950-иад оноос Британи даяар цэцэглэж байсан малгайн үйлдвэрлэл одоо хумигдаж, дийлэнх нь захиалгаар хийдэг, урлан болжээ. Гэсэн ч чанараараа гайхагдсан Испани,  Италид  малгайн материалын үйлдвэрлэл хэвийн байна. Сонгодог загварын бүрх, бортого малгайнаас гадна залуусын сонирхдог сүлжмэл малгай, кепка, ердийн углаа малгайг ч тэд хийдэг. 
 
Хэдийгээр британичуд өдөр тутамдаа энгийн малгай өмсдөг  болсон ч үндэстнийх нь онцлог, соёлын илэрхийлэл болсон бүрх, бортгоос татгалзах болоогүй гэж ноён малгай урлаач онцолж байна. 

Хатан хааны малгай урлаач
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188