• Өнөөдөр 2025-04-02

ШШГЕГ-ынхан хэзээ мөдгүй нурах дөхсөн балгас дотор хүүхдүүдийг хорьж байна, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ

2021-04-29,   2433

-МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ ХҮҮХДҮҮД ХОРИГДОЖ БАЙГАА БАЙРЫГ ХОЁР Ч УДАА АКТАЛЖ, “ХҮН БАЙЖ БОЛОХГҮЙ. НУРАХ АЮУЛТАЙ” ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРГАЖЭЭ-

 

         Монголын төр, тэр тусмаа Хууль зүйн сайд Х.Нямбаатар, ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав өсвөр насны хоригдлуудыг барилгадаа дарагдаж “үхэг” гээд хаячихжээ. Эргэлт.мн мэдээллийн сайт Хүүхдийн хорих ангид үүссэн ноцтой асуудлыг баримтад тулгуурлан хүргэж байна. 

 
          Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүхээр таслагдсан хүүхдүүд дээврээс нь цас, борооны алинд ч дусаал гоождог, таазных нь булан тохой бүр мөөгөнцөртсөн, хананых нь цууралтаар салхи нэвт салхилдаг, шал хотойж цөмөрсөн, хаалга, цонх нь зэврээд гацчихсан, агааржуулалтын хоолой нь бөглөрснөөс өмхий чийг ханхалсан, “газар хөдлөлтийн өчүүхэн чичирхийлэлд нурахад бэлэн” гэж аль эрт 2012 онд актлагдсан барилгад хоригдож байна. 
 
            Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ШШГЕГ-ын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага буюу Хүүхдийн хорихын барилгууд нь хэзээ мөдгүй нурж, хүмүүжигчдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах аюултай болсон тухай акт, барилгыг нэн яаралтай чөлөөлөх хүсэлт, шаардлагуудыг ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджавт удаа дараа хүргүүлсэн боловч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй гэнэ. 

ХҮҮХДИЙН ХОРИХЫН БАРИЛГЫГ ОГТ АШИГЛАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ 2012, 2020 ОНД ХОЁР УДАА АКТАЛЖЭЭ

 
           Баянзүрх дүүргийн XI хороо буюу Хонхорт ШШГЕГ-ын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр бол, Хүүхдийн хорих анги боловч дотроо ерөнхий боловсролын 110 дугаар сургуультай, хүүхэд хүмүүжлийн багц хөтөлбөр хэрэгжүүлдэг учраас Сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор гэж нэрлэдэг. Гэвч нурах шахсан барилгаасаа болж хүүхэд хүмүүжлийн тусгай хөтөлбөрүүд нь тасалдах болсон учраас одоо хорих анги гэх нь зөв болов уу. 
 

Тус хорих ангийн одоо ашиглаж буй гурван барилга нь 1978 онд цэргийн казармын зориулалтаар ашиглалтад оржээ. 40 гаруй жилийг элээсэн тус барилгуудыг хорих 431 дүгээр анги ашиглаж байсан бөгөөд  2012 онд мэргэжлийн хяналтын байцаагчийн 07-208\638 тоот дүгнэлтээр хүн ажиллаж, амьдрах боломжгүй гэж актлагдсан аж. Гэтэл нурах шахсан өнөө барилгуудыг 2017 онд Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага буюу хүүхдийн хорих ангид шилжүүлэн өгч, тэд  нүүж оржээ. 

 
Гэвч нүүж орсон цагаасаа л Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын удирдлага, харгалзагч, багш ажилчид нь хоригдол хүүхдүүдийгээ хүмүүжүүлэхэд бус нурж унах шахсан барилгаа засаж сэлбэхэд тодорхой цагийг зарцуулах болсон аж. 
 
         Улмаар нөхцөл байдал хүндэрч эхэлсэн тул 2020 оны наймдугаар сард Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран өсвөр насны хоригдлуудын сурдаг, амьдардаг байруудыг  нарийвчлан шалгасан байгаа юм. Гэтэл тус хорих ангийн барилгууд нь бүхэлдээ хэзээ мөдгүй нурах бүх “болзол-ыг хангасан болох нь тогтоогдсон байна. 
 

Тухайлбал, хоригдлын I байр буюу Ерөнхий боловсролын 110 дугаар сургуулийн байр, II байр буюу гал тогоо, халуус ус, ариун цэврийн өрөө, аж ахуйн хоригдлын байр, III байр буюу авто граж, гахайн байруудад шалгалт хийжээ. Шалгалтын явцад дээрх барилгуудын үндсэн хийцэд их хэмжээний эвдрэл, гэмтэл гарсан, хөрсний овойлт, суултаас шалтгаалан нэгдүгээр давхрын шал нь хотойж суулт өгсөн, бетон хаяавчнууд нь хагарсан, агааржуулалтын хоолойнууд нь бөглөрсөн, гадна дотор хананд их хэмжээний нэвт хагарал цууралт, суулт өгсөн, хөрсний ус их хэмжээгээр нэвчдэг болсон нь тогтоогдсон аж. Мөн хамгийн ноцтой нь тус барилга газар хөдлөлтийн чичирхийлэл болон механик үйлчлэл буюу доргилтод бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн байгааг тогтоосон байна. 

         Ингээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хүүхдийн хорихын барилгууд нь газар хөдлөлийн чичирхийлэл, эсвэл хүчтэй доргиоход бүхэлдээ нурж, хоригдогч хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахаар байгаа тул 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр 02-07-383/64 дугаартай актаар бүрэн акталж, үйл ажиллагаа явуулахыг нь хориглох шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, “2012 онд актлагдсан барилгуудыг найман жил урсгал засвараар торгоож, үйл ажиллагаа явуулсан байна. Цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байхгүй, нэн яаралтай чөлөөл” гэсэн агуулгаар акталсан байгаа юм. 

ХҮҮХДИЙН ХОРИХЫН БАРИЛГА ХЭЗЭЭ МӨДГҮЙ НУРЖ, ХҮНИЙ АМЬ ХОХИРООХ АЮУЛТАЙ БАЙГААГ ШШГЕГ-ЫН ДАРГА, ХУРАНДАА Д.ЗАГДЖАВТ УДАА ДАРАА БИЧГЭЭР АНХААРУУЛЖ, ХҮСЭЛТ, ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН Ч ОГТ ТООГООГҮЙ ГЭВ

 
         Өсвөр насны хоригдлууд хэзээ мөдгүй нурах шахсан барилгад хоригдож байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 209 дүгээр зүйлд заасан “Хорих өрөө нь олон улсын стандартад нийцсэн байх” шаардлага хангахгүй, НҮБ-ын 1955 оны I их хурлаар батлагдсан “Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд”-ийн 10, 11 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчсөн буюу өсвөр насны хоригдлуудын эрх ноцтой зөрчигдсөөр байгааг дүүргийн прокурорын газраас ШШГЕГ-т уламжилжээ. Тодруулбал, 
 
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шалгалтаар илэрсэн дээрх зөрчил дутагдлыг арилгуулах, өсвөр насны хоригдлыг эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцсэн байртай болгох талаар нэн даруй тодорхой арга хэмжээ авхуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджавт 2020 оны есдүгээр сарын 1-ний өдөр 6/08 тоот прокурорын шаардлага хүргүүлжээ. Харин хурандаа Д.Загджав хариуд нь “Хөрөнгө мөнгө байхгүй, урсгал засвар харин ч тогтмол хийж байгаа” гэх утгатай тайлбар хийсэн аж. 
 
          Улмаар НМХГ, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус хорихын байруудад дахин шалгалт хийхэд нөхцөл байдал илүү дордож, өсвөр насны хоригдлуудад ерөнхий боловсрол олгох 110 дугаар бүрэн дунд сургуулийн хичээлийн байр буюу хоригдлын I байрыг бүрэн хааж, хоригдлуудын амьдралын бүсэд байрлах сургалтын танхим, бясалгалын болон сэтгэл зүйчийн өрөөг тохижуулан хичээллүүлж эхэлсэн аж.    
 

ШШГЕГ-ЫН АЖИЛТАН Г:  ХАНА НЬ ЦУРААД ЖАВАР НЭВТ ҮЛЭЭСЭН,  ЧИЙГТЭЙ,  ӨМХӨРЧ, МУУДСАН БАЛГАС ШИГ БАЙРАНД ХҮҮХДҮҮД ХОРИГДОЖ БАЙНА

 Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэгэн алба хаагчтай уулзаж, нөхцөл байдлынх нь талаар ярилцлаа. 
 
-Танай хорих ангийн нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа. Хэзээ мөдгүй нурах дөхсөн балгас дотор хүүхдүүд хоригдож байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? 
 
        -Үнэндээ хүнд ярихаас ч хэцүү  байна. Хэдийгээр хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн ч гэсэн эд чинь хүүхдүүд шүү дээ.  Тэднийг  өмхөрч, чийг бан болж, илжирч муудсан шалтай, тааз нь байнга  эмтэрч, дээрээс хэзээ мөдгүй нураад унах гэж байгаа таазтай, хөрсний агшилт, тэлэлтээс болоод хана нь цуураад жавар нэвт үлээсэн орчинд хорьж байна гээд бод доо.
 

      1990 оны үед цаг өөр болж, хорих ангиуд халаалтгүй болж, хаалга, цонхыг нь эсгийгээр дулаалж, битүү орчинд хорьж байлаа. Тэр үед хоригдлууд хэдэн зуугаараа осгож, тураалд орж нас барсан. Яг түүн шиг л орчин нөхцөл бүрдсэн хүнд хэцүү байдалтайгаар хүүхдүүд хоригдож байна. Хэдийгээр эрхээ хасуулсан ч гэсэн тэд  Үндсэн хуулиараа  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Тэр эрх нь маш ноцтойгоор зөрчигдөж байна. Хорих ангийн дарга ажилтнуудаар барилгыг тордож, царай зүс оруулж, өнгөн хэсэгт нь ажил хийдэг. Даанч эдэлгээ нь муудчихсан болохоор мянга засаж янзалж, будаг, эмульс түрхээд хэрэг алга. Ийм л байшинд хэдэн жилийн эдэлгээ хийгдээд нурж унах дээрээ тулсан хувцасны шкабтай,  хүүхдүүдийн сэтгэлийг сэргээчих ямар ч гэрэл гэгээтэй юмгүй орчин байна. Бид ийм орчинд амьдралдаа алдсан хүүхдүүдийг яаж хүмүүжүүлж, ухааруулаад гаргах юм бэ. 

 
-Энэ талаар ШШГЕГ, Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхэд гэр бүл, хөгжлийн төвийнхөн мэдэж байгаа юу?
 
          -ШШГЕГ-ынхан мэдэж байгаа.  Бусад нь өөр хорих ангиар ороод л “Та нарыг эрүүдэн шүүж байна уу. Хорихын ажилтнууд зодож байна уу” гээд л асуугаад яваад байхаас биш орчин нөхцөл яаж байна, хүний эрүүл мэндэд хортой нөхцөлд хоригдож байгааг огт асуухгүй. “Хэлмэгдсэн Чимгээ, Содномдаржаа  минь хөөрхий хэцүү байна” гээд нүдэндээ нулимстай гүйнэ.  Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд хоригдсон газар л очоод ажлаа хийгээд байхаас хэдэн хүүхэд хоригдож байгаа газар ирэхгүй. Бараа сураг нь гарахгүй. Хүүхдүүдийн нэр бариад л гаднаас тусламж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байхаас биш, хорих ангийн нөхцөл байдлыг огт ирж шалгахгүй гурван жил болж байна.

       Уг нь Зайсанд хорих анги байхад орчин нөхцөл шал өөр байлаа. Гэтэл газрыг нь дуудлага худалдаагаар зарахаар болсон гэсэн. Мөн ШШГЕГ-ын ажилтнуудын орон сууцны хотхон баригдах юм гэнэ лээ.  Энэ өвлийг Хүүхдийн хорих ангийнхан эрвийх дэрвийхээрээ хичээж, хэдэн хүүхдээ осгоолгүй, хатгаа авахуулалгүй давлаа. Чийгтээ орчинд удаан хоригдоод байхаар уушгины өвчтэй, сүрьеэтэй болчих вий гэж айх юм. Бас сая хэд хэдэн удаа газар хөдлөхөд маш их айдастай өдөр хоногийг өнгөрүүлсэн. Нэг л чичирхийлэлийн үзүүр таарвал пир хийгээд л дээрээс нураад ороод ирнэ. Уг нь цар тахал гараагүй байсан бол та бүхнийг оруулж бодит байдлыг үзүүлмээр байна. Даанч одоо гадны хүн орж болохгүй” гэв. 

 

Ингэж Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджавт НМХГ-ын акт, байрыг чөлөөлөх, шинэ байртай болох тухай шаардлага, хүсэлтүүдийг удаа дараа хүргүүлж, асуудлыг шийдвэрлүүлэхээр хөөцөлдсөн боловч  хүүхдийн хорихыг хэзээ шилжүүлэх, хэзээ шинэ барилгатай болгох, наад захын бүх эрхүүд нь ноцтой зөрчигдөж байгаа хоригдол хүүхдүүдийг хэрхэх талаар тодорхой хариулт авч чадалгүй өнөөг хүрчээ. 

 
         Дээд газраасаа шийдвэр хүлээж ядсан тус хорихынхон өөрсдөө цуурсан ханаа шавардаад, дээврээ төмрийн өөдсөөр битүүлэн, өлмий дээрээ алхах шахам үйл ажиллагаагаа явуулж байхад асуудлыг нь нэн даруй шийдвэрлэх үүрэгтэй ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав яагаад зөөлөн сандалдаа шигдээд дуугүй суугаад байна вэ. Уг нь тэнд хоригдож буй хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял сонсож, аавын хаалга татаж эрхээ хязгаарлуулсан боловч ядаж наад захын эрүүл ахуй нөхцөл шаардлага хангасан, чийг ханхалж, хана шалнаас нь жавар сийгдэггүй барилгад хүмүүжих эрхтэй баймаар. Өөрөөр хэлбэл, хоригдол боллоо гээд хүний тооноос хасагдана гэсэн үг биш биз дээ, хурандаа Д.Загджав аа. 
 
 
 
 

ШШГЕГ-ынхан хэзээ мөдгүй нурах дөхсөн балгас дотор хүүхдүүдийг хорьж байна, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-30 12:32:28
    Зочин: Өчнөөн төчнөөнгөөр нь идээд байгаа мөртлөө энэ тэдхийн газрууд нь дандаа балгас болсон байх юм.МАН хөгжөөд 100 жил боллоо гээд л байх юм.Аль нэгэн барилга байшиндаа огт засвар хийж байгаа юм шигээээ..................Яавал энэ улс орон хөгжиж дэвших юм болдоо энэ дээр толгой дээр гарсан идээ бээрийг шахаж хаях зоригтой аавын хүү ээжийн охин байдаггүй юм байх даааааааааааааа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-30 12:07:18
    irgen: ODOO TEND NI BIE BIENEE DARAMTLAH OVCHIN TUSAH YNZ BURIIN L YM BOLJ BAIJ MAGADGUISHDEE NAAD ORCHINOO YNZLAACHEE NAAD HUUHDUUD CHINE BUUR L ARAATAN BOLIISHDEEE.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-30 11:42:03
    хуяг: Зайсанд байсан Хүүхдийн хорихын газрыг зараад хувааж идэж гударчихаад ийм байранд хорьж байгаа нь нууц биш !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-30 11:04:14
    Byambasvren: Olon niited delgeed sain surtshilwal uhaa oroh baih daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-29 21:39:46
    Арай дэндүү юм хүүхдүүдмйн эрх зөрчигдөж байна үүнд анхаарах цаг болжээ асуудаоыг шиыдэх хэрэгтэй байна.:
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188