• Өнөөдөр 2024-04-30

Талийгаач С.Чулуунхүүгийн дүү С.Чулуунбат: Н.Номтойбаярын машинд мөргүүлсэн ахын минь буруу болоод хэрэг нь хаагдсанд гомдолтой байдаг

2024-04-20,   12488

-Н.Номтойбаярыг хамгаалсан цагдаа “Сайдын нэр төрийг сэвтээсэн” гээд 10 сая төгрөг нэхсэн. Бид нэхсэн мөнгийг нь олоод өгч болно. Ахыг минь босгоод ир гэж бид хэлсэн-

            Сайд асан Н.Номтойбаярын сууж явсан машинд мөргүүлж, амиа алдсан 47 настай С.Чулуунхүүгийн дүү С.Чулуунбаттай ярилцлаа. Уг осол 2017 оны есдүгээр сарын 28-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Дондогийн булаг гэх газарт болсон юм.

-Сайхан хаваржиж байна уу, та?

-Сайхан хаваржиж байна.

-Сайд асан Н.Номтойбаярын машинд мөргүүлж амиа алдсан талийгаач таны ах байсан уу?

            -Тийм ээ, миний газар дээрх ганц ах байлаа, хөөрхий. Харамсалтай хэрэг болсон. Сүүлдээ нас барсан ахын маань буруу болоод өнгөрсөн. Нөлөө бүхий албан тушаалтны машинд мөргүүлээд, шидэгдсэн хүнийг “Ослын газраас зугтаасан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар эвдэж, сүйтгэсэн” гээд яллах л холгүй хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.  

            -Тэр өдөр юу болсон талаар яриад өгч болох уу?

        -Талийгаач манайд амьдардаг байлаа. Тэр жил манай хамаатны хүн гуйгаад, хонь харуулахаар Дондогийн булаг руу аваад явсан юм. Гэртээ байж байсан бол сайдын унаж явсан машинд мөргүүлээгүй, амьд мэнд байх байсан. Дэмий л явууллаа гэж хэдэн жил гашилж байна даа. 2017 оны есдүгээр сарын 28-нд хонио эргэчихээд, шатахуун авахаар Дондогийн булаг руу явсан юм билээ. Тэгээд зүүн талаас давхиж ирээд засмал замаар хөндлөн гарах гэж байхдаа дайруулсан гэсэн. Гэхдээ хамгийн хачин нь засмал замын хажуугаар хойшоо чиглэлтэй явж байхад нь араас нь мөргөчихсөн байгаа юм. Эндээс харахаар шууд зам хөндлөн гарах гэж дайраагүй байгаа биз. Намайг хониндоо явж байтал дуудлага ирсэн. Манай эмэгтэй дүүд Н.Номтойбаяртай хамт явсан жолооч нь мэдэгдсэн билээ. “С.Чулуунхүүг таних уу. Осолд орчихлоо” гэхээр нь дүү маань “Биеийн байдал нь яаж байна” гэж асуухад “Зүгээр байна. Эгэм нь л хугарсан. Санаа зоволтгүй. Булган аймгийн эмнэлэгт хүргэгдсэн” гэсэн байна лээ. Биеийн байдал нь давгүй гэхээр нь дүү маань тайвширчихсан гэсэн. Манай гэрийн утас холбогдохгүй болохоор нь хажуу айлын утас руу залгаад, намайг хониндоо явж байхад ярьсан. Тэр үед эхнэр, хүүхэд маань аймгийн төв яваад эзгүй байсан учраас би шууд эмнэлэг рүү явж чадаагүй. Биеийн байдал нь давгүй гэхээр нь “Маргааш өглөө очно” гэж хэлээд утсаа салгасан.

-Та ослын газарт очсон уу?

 

       -Осол болсны маргааш Сайхан сумын нутгаас гараад, Дондогийн булагаар дайраад Булган орсон. Осол болсон газарт очиход ослын ул мөр байгаагүй. Тэр хавийн хүмүүс  “Ах чинь хурдтай явж байсан машинд мөргүүлчихсэн” гэж хэлсэн. Мөн тэд ахыг осолд орсны дараа хараагүй, шууд аймаг руу аваад явсан гэдгийг ярьж байсан юм. Дондогийн булагт хоолны газар ажиллуулдаг Одноо эгч энэ хэргийн гэрч юм билээ. Осол болсны дараа Н.Номтойбаяр, жолооч, хамт явсан хүмүүсийг нь харсан, уулзсан. Тэд Одноо эгчийн утсаар цагдаа, эмнэлэг дуудчихаад осол гаргасан жолоочоо машинтай нь үлдээгээд явчихсан гэсэн.

-Та эмнэлэгт хэзээ очсон бэ?

            -Үнэндээ, эгч, дүү хоёр маань ахыг хүлээгээд Эрдэнэтийн эмнэлгийн гадаа хугацаа алдсан. Осол гаргасан хүмүүс нь “Булган руу ирэх хэрэггүй. Эрдэнэтийн эмнэлэг рүү аваад очно” гэсэн юм билээ. Тэгээд тэр өдрөө очоогүй, залгаад асуутал “Эндээ нэг хоног эмчилгээ хийгээд, маргааш очихоор боллоо” гэсэн байгаа юм. Маргааш нь залгахад бас л “Өнөөдөр эндээ эмчилгээ хийлгээд маргааш очихоор боллоо. Биеийн байдал нь тогтвортой, хоол, ундаа идэж байгаа” гэсэн байсан. Яг үнэндээ, ахыг Орхон руу тээвэрлэх үед зүрх нь зогсоод, шархаа даахгүй байсан юм билээ. Тэгээд л Булганы эмнэлэгт байлгаад байсан байгаа юм. Тэр үед нь би ахын байгаа эмнэлэгт хөдөөнөөс очсон. Яагаад ч хүн болохооргүй, зөвхөн эм, тариа, амьсгалын аппаратаар амьсгалж байсан. Намайг очиход мэс засал хийчихсэн, хүчээр л амьдруулж байсан даа. Тэгээд эгч, дүү рүүгээ залгаад “Та хоёр энд ирэхгүй бол болохгүй нь. Ах маань хэцүүхэн харагдаж байна” гэж дуудсан. Гол судас нь тасраад, аарцаг нь задарчихсан хүн яаж амьдрах юм бэ. Тийм болчихсон байхад ар гэрийнхэнд нь “Зүгээр байна, удахгүй очлоо” гээд худлаа ярьсанд нь одоо ч гомддог. Хэрэв биднийг шууд дуудуулсан бол бид ахтайгаа амьдад нь уулзчих байсан. Осолд орсон шөнөө ухаан орсон гэсэн шүү дээ. Ядаж биднийг хараад ганц үг ч болтугай хэлэх байсан болов уу гэж горьддог. Тийм болтол нь мөргөчихөөд “Эгэм нь л хугарсан. Хоол, цайгаа уугаад байж байна” гэж хэлсэн хүмүүсийн царайг нэг харах юм сан.

            -Осол гаргасан хүмүүстэй уулзаагүй юу. Та хэдийг эмнэлэгт очсон даруй ах тань нас барсан юм уу?

            -Уулзаагүй, хараа ч үгүй. Н.Номтойбаяр сайдын машинд мөргүүлсэн гэдгийг нь ч тухайн үедээ ойлгоогүй. Эгч, дүүг ирснээс хойш цагийн дараа л бурхан болсон. Амьсгалын аппаратаар амьсгалж байсан хүн яаж хүн болох вэ дээ. Аминд нь хүрэх гэмтлийг биднээс нууж, ганц ахаас минь салгасанд үргэлж гомдолтой явдаг. Тэгээд гэм буруугаагүй хүлээгээгүй, үхсэн хүний буруу болгоод хаачихсан. Бид үнэндээ туйлдаж байна. Ядуу биднийг хамгаалах хууль гэж байдаггүй юм биш шүү дээ. Мөнгөтэй хүний талд л үйлчилдэг юм болов уу гэж гомдож байна.

            -Хэргийг нь ямар үндэслэлээр хаасан юм бэ?

            -Ахыг согтуу жолоо барьсан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, жолооны үнэмлэхгүй, хамгаалалтын малгайгүй байсан гээд хэргийг хаасан байна лээ. Булган аймгийн цагдаагийн газрынхан тэнэг хүн ч ойлгохооргүй дүгнэлт гаргасан байсан. Муу ахын минь буруу болсон. Нэгнээ бусдын буруугаас болж алдчихаад, үхсэнийх нь дараа ял үүрүүлэх нь холгүй байх чинь хэцүү л юм байна лээ.

            -Ах тань тэр өдөр согтуу байсан гэдэг нь үнэн юм уу?

-Сүүлд би байдаг айлаар нь явж асуусан. Тэр өдөр үнэндээ архи уугаагүй юм билээ. Өмнөх өдөр нь нэг пиво уусан гэсэн. Тэгээд яагаад согтуу байсан гэдэг дүгнэлт гарсныг ойлгоогүй. Н.Номтойбаяртай хамт явсан хүмүүс дуу нэгтэйгээр “Осолд орсон хүнээс их хэмжээний архи үнэртэж байсан” гэж мэдүүлсэн байгаа юм. Тэгэхээр би бодохдоо “Эмнэлэг рүү явах замдаа ахын маань ам архи цутгачихсан юм болов уу” гэж хардаж байгаа. Ам руу нь архи цутгачихаад согтуу байсан гэсэн байх магадлалтай. Түүнээс биш байдаг айлынх нь хүмүүс архи уугаагүйг баталж хэлсэн шүү дээ.

-Та үүнийгээ цагдаагийн байгууллагад хэлсэн юм уу?

         -Хохирогчоор нь манай эгч оролцсон. Намайг оролцох гэсэн боловч байцаагч нь эгчийг маань сонгосон. Намайг хэл, ам хийгээд байна гэж бодсон байх. Манайхан чинь үг дуу цөөтэй, тийм ч баян цатгалан амьдралтай улс биш. Хэрэг есдүгээр сарын 28-нд болоод, арваннэгдүгээр сарын 24-нд хэрэгсэхгүй болсон шүү дээ. Булганы цагдаагийн газрынхан маш хурдан шалгасан байгаа биз. Би хохирогчоор оролцоогүй учраас хавтаст хэрэгтэй нь танилцаж чадаагүй. Н.Номтойбаярын машин хэдэн км цагийн хурдтай явж байсан, ахын араас нь мөргөсөн үү гээд асуух юм олон байсан ч хариулах хүн байгаагүй. Ослын газрын зургийг өөрчилсөн, эд мөрийн баримтыг байхгүй болгосон гээд асуудал олондоо. Даанч хууль биднийг хамгаалахгүй юм даа. Эгчийг нэг өдөр дуудаад л гарын үсэг зуруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож байгаагаа хэлсэн байна лээ.

-Н.Номтойбаяр гэдэг хүнтэй та бүхэн уулзсан уу?

        -Уулзаагүй, уучлал, эмгэнэл илэрхийлсэн үгний хэлтэрхий ч олж аваагүй. Хүмүүс биднийг Н.Номтойбаяраас их хэмжээний мөнгө аваад дуугай болчихлоо гэж боддог юм билээ. Яг үнэндээ, бид тэр хүнээс ахынхаа амины төлөөсөнд сохор зоос ч аваагүй. Бид туйлдаад, арга мухардаад чимээгүй болчихсон юм. Хууль бидний эсрэг үйлчилж байхад бид мянга орилоод яаж ч чадахгүй байна шүү дээ. Оршуулгын зардалд дөрвөн сая, мотоциклийн зардал гэж сая гаруй төгрөг өгсөн гэсэн. Үүнээс өөрөөр бид Н.Номтойбаяр болон жолоочоос нь нэг ч төгрөг аваагүй. Харин ч бид өрөнд орох шахсан.

-Ямар учиртай үг вэ?

         -Хүнээ алдчихсан хүмүүс чинь уурлаж, уцаарлана. Булганы цагдаагийн газарт очоод давчидсан, хэдэн үг хэлсэн. Хэрэг дээр нь ажиллаж байсан хоёр цагдаа “Сайдын нэр төрийг сэвтээсэн, машиныг нь эвдэн сүйтгэсэн” гээд таниас 10 сая төгрөг нэхэмжилнэ шүү” гэж байна лээ. Надад 10 сая төгрөг байхгүй ч “Би олоод өгнө. Та нар харин ахыг маань босгоод ир” гэж хэлсэн. Тэгээд чимээгүй болцгоогоод, дахиж уулзаагүй.

-Талийгаач гэр бүлтэй байгаагүй юм уу?

          -Ослын дараа Н.Номтойбаяр сайд Төрийн ордноос мэдэгдэл хийж байсан. Талийгаачийг маань орон гэргүй, архичин, тэнэмэл байсан гэх утга бүхий зүйл ярьсан байна лээ. Хүний амьдралыг шүүх эрх төрийн сайдад ч байхгүй байх аа. Ах маань нэг хүүтэй. Болж бүтэхгүй болоод эхнэрээсээ салсан байх. Н.Номтойбаярыг тэгж хэлэхэд нь зурагтаа хага цохьчихмоор санагдаж, гомдож билээ. Хүнээ алдчихаад доромжлуулаад сууж байдаг ядарсан улс биднээс өөр байдаг ч юм уу даа.

-Танд өөр нэмж хэлэх зүйл байгаа юу?

        -Ахыг минь алчихсан хүмүүс ядаж хүн ёсоор ирээд уучлал гуйгаарай. Бид хүчгүй болох ч хүн ёсны байх хэрэгтэй. Миний ах төлөв даруу, хэн нэгэнд гэм хор учруулж үзээгүй, эгэл нэгэн байсан юм шүү. Монгол хүний амь модтой чихрийн үнэд ч хүрэхгүй нийгэмд амьдарч байгаадаа гомдож байна” хэмээн ярьсан юм.

-Н.НОМТОЙБАЯРЫН МАШИНД МӨРГҮҮЛЖ АМИА АЛДСАН С.ЧУЛУУНХҮҮГИЙН ХЭРГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ-

Тэгвэл бид уг хэргийн хавтаст хэргийг хүргэж байна. Булган аймгийн Прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолтой танилцана уу.

          Хохирогч С.Чулуунцэцэг “Ослын тухай 2017 оны есдүгээр сарын 28-ны 20:00-21:00 цагийн үед бага дүү С.Эрдэнэчимэгээс мэдсэн. Манай эмэгтэй дүүд “С.Чулуунхүү осолд ороод Булган аймгийн эмнэлэгт ирсэн байна” гэж хэлсэн.

            Гэрч Т.Одончимэг “Нэг үл таних хүн ирээд миний утсаар цагдаа болон эмнэлэг рүү залгаад “Осол болчихлоо” гэж хэлсэн. Мотоцикл жолоодож явсан эрэгтэй С.Чулуунхүү байсан” гэж мэдүүлсэн.

-Н.НОМТОЙБАЯР МОТОЦИКЛТЭЙ ХҮНИЙГ ХАРСАН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-

            Гэрч Н.Номтойбаяр “Даваа өнгөрөөд засмал замынхаа хоёр талаар гэр гуанзтай газар явж байсан. Тэр хавьд явж байхад машин зам дээгүүр хонь, ямаа гарч таарсан. Хурдаа хасаж, бага зэрэг зогсоод хонь, ямаануудыг өнгөрөөгөөд гэр гуанзны төгсгөл хэсэгт ирсэн. Засмал замыг хөндлөн гарсан шороон замаар мотоциклтэй хүн явж байгаа харагдсан. Би “Сүлжээ байдаг юм болов уу” гээд утсаа харчихаад дээшээ болоход өнөөх мотоциклтэй хүн шороон замын уулзвар хэсгийн далан дээр гараад ирчихсэн харагдсан. Мотоциклийнх нь урд дугуй савчаад хөдөлгөөнтэй харагдахаар нь би урдуур орчихгүй гэж бодоод явж байтал яг урдуур ороод ирсэн. Манай жолооч машинаа зогсоох гэж хичээсэн ч гулгаж очоод мотоциклтэй хүнийг мөргөчихсөн” гэх мэдүүлэг.

            Гэрч А.Биндэргарав “Булган аймгаас гараад 60 км орчим яваад Дондогийн булаг гэх газарт хүрсэн. Хонь, ямаа явж байхаар нь хурдаа хасаж гаргачихаад явж байтал зүүн гар талаас мотоциклтэй эрэгтэй хүн зогсолшгүй шууд урдуур ороод ирсэн. Би машинаа зогсоох гээд замаас гарахад жолооч нь машины урд хэсгийг мөргөж шидэгдээд, мотоцикл нь машин доогуур орчихсон.

            Гэрч Т.Батдорж “Осолд орсон хүнийг ЭХО-гоор үзэхэд хэвлийн хөндий цус алдалттай, хаанаас цус алдаж байгаа нь тогтоогдохгүй байсан учир яаралтай мэс засал хийсэн. Мэс заслын эмч  Олзмөнх, мэдээгүйжүүлэлтийн эмч Амартүвшин, миний бие хагалгааг удирдаж хийсэн. Хагалгаагаар С.Чулуунхүүгийн хэвлийг нээж, алдсан цусыг соруулж, хэвлийг угааж, гуурс тавьсан. Анх эмнэлэгт ирэхдээ ямар ч ухаангүй, орчиндоо харьцаа байхгүй, шокын байдалтай байсан. Мэс заслын тасгаас Эрчим эмчилгээний тасаг руу шилжүүлж, эмчилгээ хийх явцад биеийн байдал тогтворжсон. Гэхдээ хөдөлгөөн ихтэй, дэмий ярьсан байдалтай байсан. Эмчилгээний явцад буюу 2017 оны есдүгээр сарын 29-ний өглөө 05:00 цагийн үед ухаан орсон. Өглөө нь рентгенд харахад аарцагны яс гурван газар хугарсан, баруун талын эгэм, баруун талын гарын шуу хугарсан байсан. Эмч нарын шийдвэрээр тархи болон бусад эрхтний гэмтэл байгаа эсэхийг тогтоохоор С.Чулуунхүүг Орхон аймгийн эмнэлэг рүү тээвэрлэхээр болсон. Машин руу тээвэрлэх явцад амьсгал болон зүрхний үйл ажиллагаа доголдож, Эрчим эмчилгээний тасаг руу буцаасан. Эмчилгээний явцад зүрхний үйл ажиллагаа зургаан удаа зогсож, сэргээх эмчилгээ хийсэн боловч 19:00 цагийн үед нас барсан” гэжээ.

-Н.НОМТОЙБАЯРТАЙ ХАМТ ЯВСАН ХОЁР ЖОЛООЧ ТАЛИЙГААЧААС АРХИ ҮНЭРТЭЖ БАЙСАН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-

            Гэрч Э.Гантогтох “Түлүүгийн даваа уруудаж явсан. Хамгийн урд талд жолооч А.Биндэргарав 7077 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Ард талын машинд Э.Энхтайван ганцаараа, түүний ард талд би ганцаараа машин жолоодож явсан. Цуваа тасраагүй, ойрхон явж байсан. Хонь, ямаа замаар гаргачихаад явж байтал хамгийн урд талын машин мотоциклтэй хүн мөргөсөн. Яваад очтол мөргөсөн хүн нь ухаангүй байхаар нь осол гаргасан машинаа үлдээгээд, миний машинаар С.Чулуунхүүг тээвэрлэж, Булган аймгийн эмнэлэгт очсон. Тухайн хүнээс архи маш их үнэртэж байсан бөгөөд замдаа юу ч яриагүй, ухаангүй байсан.

            Гэрч Э.Энхтайван “Цуваанд явсан гурван машины эхнийх нь тасраад алга болсон. Тэгээд гэнэт тоос манараад явчихсан. Яваад очтол хүн мөргөчихсөн байсан. Осолд орсон эрэгтэйг Булган руу тээвэрлэсэн. Тэр хүн маш их архи үнэртэж байсан” гэжээ.

-Н.НОМТОЙБАЯРТАЙ ХАМТ ЯВСАН ДУУЧИН П.АЛТАНЦЭЦЭГИЙН МЭДҮҮЛЭГ-

            Гэрч П.Алтанцэцэг “Орхон аймагт хоол идээд, Булган аймгийн төвөөс машиндаа шатахуун хийгээд хөдөлсөн. Бидний араас хоёр машин дагаад явж байсан. Би Булганаас хөдлөх үед нь унтсан. Машин гэнэт зогсохоор нь сэрээд хартал “Машины урдуур мотоциклтэй хүн орчихлоо” гэсэн. Тэгээд осолд орсон хүнийг Булган аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Миний зорчиж явсан машиныг хөдөлгөөгүй, жолоочтой нь хамт үлдээсэн.

-ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТЭЭР ТАЛИЙГААЧААС СПИРТ ИЛЭРЧ, ОСОЛ ГАРГАСАН ЖОЛООЧ А.БИНДЭРГАРАВ ЭРҮҮЛ БАЙСАН ГЭЖЭЭ-

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас “С.Чулуунхүүгийн цусанд элитийн спирт 3.6 промиль процент илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Харин жолооч А.Биндэргаравын цусанд спиртийн агууламж илэрсэнгүй” гэсэн дүгнэлт гарчээ.

-БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ШИНЖЭЭЧ ТАЛИЙГААЧ С.ЧУЛУУНХҮҮ СОГТУУ, ХАМГААЛАЛТЫН МАЛГАЙГҮЙ, ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХГҮЙ МОТОЦИКЛ БАРЬЖ, ОСОЛ ГАРГАСАН БУРУУТАЙ ГЭЖ ҮЗЖЭЭ-

Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч “Жолооч А.Биндэргарав нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Талийгаач, жолооч С.Чулуунхүү нь мотоцикл жолоодох эрхгүй, хамгаалалтын малгайгүй, согтуурсан үед жолоо барьсан, туслах замаар зорчихдоо гол замаар явсан машинд зам тавьж өгөөгүй учраас зам тээврийн осол гарсан байна” гэсэн дүгнэлт гарчээ.

Талийгаач С.Чулуунхүү нь “Тархины хоёр тал бөмбөлгийн зулай дэлбэнгийн ар, чимархай, дагзны дэлбэнг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, үнхэлцэг хальсан дахь цус хуралт, гялтангийн арын зай, сэмжийг нэлэнхүйд нь хамарсан цус хуралттай. Аарцаг, ясны цагираг тасарсан хугарал, баруун шуу, эгэм гурван хавирга хугарсанаас үүдэлтэйгээр амиа алдсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

-С.ЧУЛУУНХҮҮГИЙН БУРУУ ХЭМЭЭН ПРОКУРОР ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ-

         Талийгаач С.Чулуунхүү нь согтуурсан үедээ жолооны үнэмлэхгүй, хамгаалалтын малгайгүй мотоцикл жолоодсон нь зам тээврийн осол гарах болсон, үүний улмаас амиа алдсан нь тогтоогдож байна” хэмээн прокурор хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 


Талийгаач С.Чулуунхүүгийн дүү С.Чулуунбат: Н.Номтойбаярын машинд мөргүүлсэн ахын минь буруу болоод хэрэг нь хаагдсанд гомдолтой байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 27
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-22 10:20:58
    Номтойбаяр одоо болно: БАС УИХ д нэр дэвших санаатай. АВЛИГАЧИД түүнийг ялаас мулталсан. ОДОО болно. ХҮН алсан хүн УИХ д сууж болохгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-21 16:41:11
    W: Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-21 14:40:56
    Зочин: Энэ номгүйтэнэг чинь алуурчин завхай танхай шуналтан хулгайч гээд зүсэн бүрийн муу ёр шингэсэн сүнс байжээ юун сонгуульд нэр дэвших вэ шорондоо суу халтар мөнгөнөөс өөр юуч алга энэ босоо ороолонд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-21 13:42:16
    S: DYYDLGN SEXSYG XALYYTSMR80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-21 12:54:27
    зочин: номтойбаярыг гарна гэхэд юундаа айна вэ зүгээр л хамт үзээч дээ ичиж үхлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-20 19:40:23
    Зочин: Сонгууль болохоор их л айж байна эрх баригчид, хийж бүтээсэн юмгүй, тасралтгүй 8 жил төр барьчихсан байдаг, нүүрсийг хуваагаад идчихсэн, ковидын үеэр хэмжээ хязгааргүй төсөв мөнгө идчихсэн байдаг, 7 жил 200 км дархан хүрэх замтай ноцолдсоноос өөр юу ч хийж чадсангүй, дахиад 4 жил нийт 12 жил тасралтгүй төрийн эрх барих санаатай юу. Ёстой шаана биз, тэгж давраана гэж юу байхав. Худлаа гэвэл нүүрсний, бас эмний сонсголыг л харчих.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-20 17:41:13
    Шаардагч: Одоо ярихгүй хэзээ ярих юм. Төрд алуурчин байх ёсгүй. Хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх хэрэгтэй. Тэр булганы цагдаа прокурор нарыг дахиж шалгааж. Арай байнадаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-20 17:41:12
    Шаардагч: Одоо ярихгүй хэзээ ярих юм. Төрд алуурчин байх ёсгүй. Хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх хэрэгтэй. Тэр булганы цагдаа прокурор нарыг дахиж шалгааж. Арай байнадаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-20 16:27:20
    S: ANYSDI80955877XUSNG
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-20 15:05:20
    Zochin.: BOLOR,MUNKH 2 PYLDAGIAD YAY DAA GEED USTEI TOLGOIGOO ******** TSAG HOLGUI BNA GEDEGT ITGELTRI BNS. Ter TSAGT ALUURCHIN ,HUCHIRHIILEGCH, OHID EMEGTEICHUUDIIG TSONHKOOR TULHEED ALDAG ALUURCHIN 2 HOSHNOGO FOLOOGCHID TUSLAJ HARAGDAARSI.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-20 10:47:28
    666: Бүгдээрээ алуурчид!!! Хэргийг дахиж задлах хэрэгтэй. Архи цутгасан нь үнэн байх. Тэр жолооч машин бариагүй номтой ыаяр барьж явсөн гэж тухайн үёд яригдаж байсан. Номтойбөяр 2 хүн нухчихаад их хуралд дэвшинэ гээд явж байгаа нь дэндэжээ. Үйлээ эдэлнээ тун удахгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-20 09:57:33
    Зочин : Юу үнэн Номтойбаярын ёс зүйгүй хүмүүжилгүй, зэрлэг эд мөнгө, эрх дархын төлөө юу ч хийх зүрх зоригтой байх боломж нөхцөл нь бүрдсэн гэдэгтээ итгэлт үнэмшилтэй болчихсон нийгмийн давхрагын хүмүүсийн төлөөлөл..Сонгууль болох үeд мэдээлэлийг дахин сөхөхөд буруутгах зүйл юу байгаа юм дээ.мэдээлэл сөхөгдөөгүй ч ийм зүйл болоод өнгөрсөн нь тодорхой л байсан шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-20 08:43:42
    Уншигч: Ажил хийж мөнгө олж амьдарцгаа!!! Ийм юмаар хүн нээнтэглэж мөнгө олж амьдрагсад их бх юм! Үүгээр хооллодог нь ч их бололтой!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-20 08:41:57
    За яршигоо: Энэ олон жил болж бхад ярихгүй хаана бсийм??? Одоо сонгууль болохоор л гэнэт ярьж гэнэ! Нэг бол Номтойбаярыг дэвшүүлүүлэхгүй гэж өрсөлдөгч нь сэтгүүлч нэртэй авилгачдад мөнгө өгч бичүүлэх эсбэл энэ хүн өөрөө мөнгө олчих гээл бичүүлж бгаа доо! Би хардах эрхтэй!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-19 14:41:04
    Эрдэнэт: За миний бодлоор талийгаач согтуу нь ч согтуу байсан нь үнэн байх. Зүгээр номтой баяр хүн чанар гаргаад хэдэн төгрөг өгөөд уучлаарай гээд хэлчихгүй хогийн шаар юм даа. Манай Булганаар архины хамааралтай хүн амьтанд багахан хөлсөөр зарагдаад өөрийн дураар бодож санах юмгүй архиа уугаад явж байдаг хүмүүс байж л байдаг. Тэглээ гээд муу архичин гэсэн үг биш шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 21:48:47
    Зочин: Киви хамтлагын дуучин Алтанцэцэг мөн биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-17 11:36:45
    з: хонь ямөаг зогсож өнгөрөөгөөд мотоциклтой хүнийг бол дайраад явдаг жолооч уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-17 11:36:25
    Зочин: Bolor, Мөнх та 2 шиг пялдагууд хол явдаггүй жамтай байдаг юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-17 08:47:36
    Del: Юу л үнэн ядарсан хүн хохирдог нь үнэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 23:30:09
    Зочин: Алуурчинд хариу нь очих болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 23:29:19
    Bolor : Tegeed odoo yah geed bdiim be ungursun hereg bizdee ??!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 22:24:25
    Иргэн: Тэр үед Агий нь машиныг нь барьж явсан бсан гэсэн.Номтойбаяр нь өөрөө согтуу.Хугацаа хожиж,жолоочоо дуудсан.Гэрийнхэнд нь гайгүй гэж худал хэлээд.Энэ бол үнэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 20:37:38
    Зочин: Бүгд ам нийлж (их хэмжээний )согтолттой байсан гэж мэдүүлсэн нь ингэж хэлнэ шүү гэсэн тохироотой нь ил харагдаж байна ш дээ.Хурд хэтрүүлж хүн дайрчихаад амиа хоохойлсон ёрийн хүмүүс тэнгэрийн гэсгээл хүртэх бизээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 20:35:51
    Мөнх: Иймэрхүүгээр нэгнийгээ доош нь хийхээ болио Мөнгөнд явагчидыг ашиглан бичиж амьдрагсад хэцүү еэ Сонгууль болохоор л сенсаац үүсгэж хожих гэсэн арчаагүй арга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 19:10:39
    иргэн: машиныг нь жолооч барьж явсан гээ биздээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 19:10:14
    иргэн: машиныг нь жолооч барьж явсан гээ биздээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 15:42:30
    Иргэн : Талийгаачийг согтуу байсан гээд л бсын ш дээ, но той л юм байна даа. Эвий дээ , ум маани бад ми хум. Ядарсан хүмүүсийг дээрэлхэж болохгүй дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188