• Өнөөдөр 2024-04-26

Хэвлэлийн эрх чөлөөг улам бүр хумьсаар буй Монгол Улс

2021-05-07,   906

-ХУУЛЬ, ХЯНАЛТЫНХАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ШУДАРГА ҮНЭНИЙГ ТОГТООХ ЁСТОЙ АТАЛ ӨСТӨН ДАЙСАН МЭТ ХАРИЛЦДАГ БОЛСОН НЬ НУУЦ БИШ-
 
Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний тухай тусдаа хуультай, ардчилсан орон. Гэвч сүүлийн үед энэ эрхийг ил далдаар хязгаарлах, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах үйлдэл удаа дараа гарах боллоо. Сүүлдээ энэ байдал даамжирч, сэтгүүлч, хэвлэлийн ажилтны биед халдах явдал ч цөөнгүй гарав. Үүнийг нэг тод жишээ нь, өчигдөрхөн ажил үүргээ гүйцэтгэж байсан NTV телевизийн сэтгүүлч бүсгүйн биед цагдаагийн алба хаагч халдаж, түлхэн унагааж, хүч хэрэглэсэн үйлдэл байв. Тодруулбал, Сүхбаатарын талбайд суулт зарласан УИХ-ын нэр бүхий гишүүдээс мэдээлэл авахаар очсон хэвлэлийн ажилтнуудыг цагдаагийн алба хаагчид бүсэлж, дотогш нэвтрүүлэхгүй хэмээн хөөж, заримыг нь түлхэж унагаасан билээ.
 
Тухайн үед сэтгүүлч мэдээлэх эрхийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж явсан бөгөөд цагдаагийн алба хаагч “Дээрээс өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна” хэмээн бие нь халдаж, эд зүйлсийг нь хураах гэж оролдсон нь камерын бичлэгт тодоос тод бичигдэн үлджээ. Энэ нь Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөс ердөө гуравхан хоногийн дараа болсон үйл явдал. 
Энэ мэт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрхийг хааж боох, иргэдийн мэдэх эрхэнд халдсан олон жишээ бий. Саяхан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж, мөн л хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээ сурвалжилга бэлдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн удаатай. 
Цар тахлын нөхцөл байдлаар далимдуулж, хууль хяналт, төр захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээ нийтлэл бэлтгэхийг хязгаарлах явдал улам бүр гаарч буй. Тухайлбал, УИХ-ын чуулганы хуралдаанаар цар тахлын хууль баталж, Саарал ордонд сэтгүүлчдийн хөлийг хориод жил гаруйн хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, гишүүдэд зориулсан мэдээллийн цэгийг  жилийн өмнө байгуулж, энэ цэгт гишүүд  хүссэн үедээ мэдээлэл хийж, хүсээгүй бол хаалга түгжээд амар жимэр суудаг болсон. 

Угтаа бол мэдээллийн ил тод тэнцвэртэй, хараат бус байдал алдагдаж, иргэдийн мэдэх эрх хязгаарлагдсан гэхэд хилсдэхгүй. Энэ байдал зөвхөн Саарал ордноор хязгаарлагдахгүй төрийн аль ч шатны байгууллагад очсон дарга нь хүсээгүй, өөрсдийг нь магтахгүй бол мэдээлэл авахад хүндрэлтэй болсон гэдгийг ч хэвлэлийнхэн удаа дараа хөндөж байв. Харамсалтай нь, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, иргэдийн мэдэх эрхийг эрх мэдэлтнүүд хууль хүчнийхэнтэй хамтарч хязгаарлах, хуулиар далайлгах айлган сүрдүүлдэг байдал улам бүр хүчээ авч байна. Энэ нь олон жишээ баримтаар нотлогдож буй. Түүгээр ч зогсохгүй хуулийн зүйл заалтаар хэвлэн нийтлэх эрх чөлөөнд цензур тогтоох, сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх явдал ч гарах болсон.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д иргэн "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, ...эрх чөлөөтэй.” 19 дүгээр зүйлийн 1-д "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг. Гэвч Монгол Улс хэвлэн нийтлэх эрхийнхээ индексээр сүүл мушгидаг орнуудын нэг. Угтаа бол хэвлэн нийтлэх хагас эрх чөлөөтэй улс. Харамсалтай нь, сүүлийн үед энэ багахан эрх чөлөө нь улам хумигдаж байгааг нуух юун.
 
Гэвч иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаа эдгээр үйлдлийг олон нийт байдаг л үйлдэл мэтээр хүлээж авч, төр, хуулийн байгууллагынхан дураараа авирлах нь энгийн үзэгдэл болтлоо дасал болжээ. Уг нь хууль, хяналтынхан хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, шударга үнэнийг тогтоох ёстой атал өстөн дайсан мэт харилцдаг болсон нь нууц биш юм.
 

Хэвлэлийн эрх чөлөөг улам бүр хумьсаар буй Монгол Улс
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188