• Өнөөдөр 2024-05-16

Дархан аварга А.Сүхбат хоёр дахь удаагаа зүлэг ногоон дэвжээгээ нулимстай орхин гарлаа

2022-07-12,   1148

-Монголын Үндэсний бөхийн холбоо дархан аварга Г.Өсөхбаярыг зүүний тэргүүн магнайд эрэмбэлж дархан аварга А.Сүхбатаас өш хонзонгоо авлаа-


            Допингтой хэдэн бөхчүүдийнхээ учрыг олж чаддаггүй Монголын Үндэсний бөхийн холбоонд ёс жудаг гэж ч байхаа больж. Тэд цагийг эзэлсэн их аваргуудаа эн тэнцүү хүндлэхийн оронд зарим нэгийг нь хорхойтой араандаа зууж, өс зангилан суугаа бололтой. Учир нь нэгэн цагт уран мэх, дайчин чанар, хурд хүчээрээ түмэн олноо шагшигдаж явсан Дархан аварга А.Сүхбатыг тэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнд оруулахгүйгээр “хөөж” гаргалаа. Муухай ч юм даа.

А.СҮХБАТ АВАРГААР “АМЬСГАЛЖ” БАЙСАН ОН ЖИЛҮҮД

    Бөхөд хорхойтой, наадамд дуртай монголын ард түмний жилийн жилд барилдааныг нь амьсгал даран хүлээдэг байсан бөхчүүдийн нэг бол Дархан аварга Агваансамдангийн Сүхбат яахын аргагүй мөн. Шавилхан биетэй ч уран хурц барилдаан, даацтай мэх, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, өөрөөсөө хэчнээн том биетэй бөхийг ч хэнэг ч үгүй шидчихээд есөн хөлт цагаан тугаа тойрон эр бор харцага шиг дэвж, начин шонхор шиг дэрвэж явсан цаг үе түүнд бий. Мөн ч сайхан барилддаг байлаа. Түүний барилдааныг шимтэн үзэж, хөл гарных нь хөдөлгөөн бүрийг ахин, дахин анзаарч харж байсан залуусаас өдгөө улсын цолонд хүрсэн байгаа нь ч бий. Наадамчин олон одоо хэр нь зургаан залуу зааны эрин үеийг санаж буй биз ээ. Нэгэн цаг үед зэрэгцэн тодорсон эдгээр залуу заанаас анх удаа улсын наадамд түрүүлж Монгол Улсын арслан цолны болзол хангаж байсан нь А.Сүхбат юм.

Жил бүрийн наадмаар түүнийг үзэж, дэмждэг хүмүүс нэмэгдэж, үүнийхээ хэрээр залуу арслангийн бяр тэнхээ, хурц хараа, уран мэх, мэхээ даацтай, гүйцэтгэл сайтай хийх чадвар зэрэг нь өсөн нэмэгдэж байсны илрэл бол 2001 оны наадам. А.Сүхбат тэр жилийн наадамд 12 удаа төрийн баяр наадамд түрүүлж байсан Б.Бат-Эрдэнэ аваргаар арав даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн байдаг.  Төрийн их баяр наадамд нийтдээ 11 удаа шөвгөрч байсан тэрбээр 2004 оны Үндэсний баяр цэнгэл наадамд мөн түрүүлж байв. Үүний дараагаар 2014 оны наадамд Г.Өсөхбаяр аваргатай "Зүүний магнай" булаацалдан улмаар маргаан үүсэж эцэст нь зүүний магнайд гарч байв. Тухайн наадмын гурвын даваанд А.Сүхбат аварга Г.Өсөхбаяр аваргыг амласан явдал нь дархан аварга, дархан аварга цолтноо амласан анхны тохиолдол болж байлаа. Тус барилдаанд тэрбээр барилдалгүй тахимаа тайлж өгсөн юм. Хөлсөө бурзайтал өдөржин бэлтгэл хийж, шуу нь цуцсан гараараа зодог, шуудагтай цүнхээ дааж ядан харьдаг байсан түүний амьдрал үндэсний бөхийн спорттой салшгүй холбоотой.  Чухам түүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, байнгын бэлтгэл сургуулилтыг нь андахгүй мэдэх хэд хэдэн дэмжигч нь түүнтэй хамт үндэсний бөхийн спортоос зодог тайлж буйгаа тухайн үед илэрхийлж байлаа.

ТҮҮНИЙ ЗОДОГ ТАЙЛАХДАА ХЭЛСЭН ҮГИЙГ ЭРГЭН САНАХУЙ

Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадамд Говь-Алтай аймгийн уугуул Төв аймгийн харьяат Улсын заан Амгаланбаатарт тахимаа өгч, их спортоосоо зодог тайлж байлаа. Түмний нүдэн дээр элэг бүсээ тайлан өгч, есөн хөлт цагаан туг сүлдэндээ сүсэглэн залбираад асрын зүг явахдаа түүнийг ямархан царай гаргаж байсныг тэр жилийн наадамчид өдгөө ч дурсан байдаг. Асгартлаа уйлмаар санагдсан ч зүлэг ногоон дэвжээ, эрийн жудаг, бөх хүний эрэмгий зан чанараа бодоод тэр дусал ч нулимс унагаж чадаагүй байх. Харин өөрийн багш, хадам аав Х.Баянмөнх аваргын өмнө очиж, өвдгийг нь тэврэн суухдаа тэсгэл алдан уйлж, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс нулимстай гарч явж байлаа. 2006 онд болсон энэ үйл явдал тухайн үедээ шуугиан тарьж байв.

        Тэрбээр зодог тайлсныхаа дараа “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт орох үеэрээ “Анх 1986 онд бөхийн дугуйланд элсэн орж байлаа. Тэр цагаас эхлээд бөхийн спортод хоёргүй сэтгэлээр хандаж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн хүн. Миний багш Монгол Улсын зууны манлай бөх Х.Баянмөнх гэдэг хүн байдаг. Би энэ хүний буянаар удирдлагад олон жил бэлтгэл сургуулилт хийж, тэр хүний буян надад шингэж дархан аварга болсон гэж хэлж, ярьж, бодож явдаг. Х.Баянмөнх аварга гэдэг хүний хүргэн болсон цагаас эхлээд надад маш олон эсэргүүцэл тулгарсан. Энэ асуудлыг ярих нь дэмий л юм байгаа юм. Гэхдээ яах вэ. Би өнөөдрийг хүртэл шахалт, дарамт, хавчлагад явж байна. Бөх мэддэг хүн бүр үүнийг мэдэж байгаа. 2001 оны Улс хувьсгалын 80 жилийн ойгоор түрүүлээд ес даваад аварга болчихлоо гэж зарласан. Гэтэл 10-ын даваа үнэлгээгүй явж байсан. Тэгэхээр хүний авах ёстой цолыг өгөхгүй, гаргасан амжилтыг үнэлэхгүй байх гэдэг хэцүү. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэгтэй л адил юм болсон.Зодог тайлах шалтгаан бол ерөөсөө л тэр. Цол өгөхгүй, дарамтад байгаа юм чинь яаж барилдах билээ. 2004 онд би гурав дахь удаагаа түрүүлсэн. Д.Сумъяабазар 2006 оны наадамд түрүүлсэн. Баяр наадмаар аварга өг гэж байгаад Д.Сумъяабазар маань аварга болоод Д.Азжаргал арслан болсон. Энэ наадмаар 10 давсан бөхөд цолыг нь өгч явъя гэсэн шийдвэр гараад тэр өвөл нь миний Даян аварга цолыг олгосон. 

Түүнээс хойш би барилдаагүй зодог тайлсан. Харин 2014 онд Дархан аварга боллоо, цолныхоо үнэмлэхийг Төрийн ордонд ирж аваарай гэсэн. Ингээд л Дархан аварга болчихдог юм байна. Тэгвэл А.Сүхбат гэдэг хүн барилдалгүй хоёр цол авчихлаа. Барилдаад халуун хөлсөн дээрээ цол тэмдгээрээ шагнуулаад, найз нөхдийнхөө мөрөн дээр явж байсан бол ямар сайхан байх вэ. Тэр үеийн баяр жаргал гэдэг чинь үгээр хэлэхийн аргагүй зүйл байдаг. 

 Цол өгөхгүй, дарамтад байгаа юм чинь яаж барилдах билээ. Анх баяр наадамд түрүүлчхээд гүйж байхад ямар сайхан байсан билээ. Үзэгчдийн уухайн түрлэг ямар байдаг билээ. Би чадлаа гэж бодоод л миний хөлс хатаагүй байхад тэр цолыг өгсөн бол би хэчнээн их баярлах байсан бол. Тиймээс өгөх л байсан юм тухайн цаг үедээ өгчихгүй яасан юм бэ. 2004 оны амжилтыг 2014 онд үнэлж байна. Хэрвээ цаг тухайд нь миний цолыг өгч байсан бол өнөөдөр барилдаж л байх байсан. 

Одоо ч барилдах боломж надад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн зарлиг уншиж танилцуулахдаа А.Сүхбатын 2004 оны амжилтыг үндэслэж Монгол Улсын Дархан аварга цолыг олгож байна. Г.Өсөхбаяр аваргын 2009 оны амжилтыг үнэлж Монгол Улсын Дархан аварга цолыг олгож байна гэж уншсан.

Өнгөрсөн жил баяр наадмын хуульд өөрчлөлт ороод Далай аварга цолыг хассан учир бид хоёр Дархан аварга болсон юм. УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гээд бас л асуудал шийдэж, ажиллаж байгаа хүмүүс буруу шийдвэр гаргаагүй байлгүй гэж би бодож байна. Тэгэхээр эрэмбийн асуудал дээр бас л нэг хэлмэгдүүлэлт яваад л байна. Хэцүү болжээ. Ер нь бол бөхийн хөгжлийг боомилж байгаа хүмүүс л энэ асуудлыг гаргаад байна” гэсэн байдаг. Энэ үгээрээ тэр ердөө л “Монгол бөхийн үнэлэмж дээшилж, эрэмбэлэх журам зөв хувилбараа олж, бусдын хөдөлмөрийг үнэлдэг болсон цагт би дахин барилдана аа” гэсэн санааг хэлж байсан байх нь. Үүнийг нь гэрчлэх хэд хэдэн ярилцлага тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ар араасаа гарч байлаа.

 

ХАРАЛГАН НҮД УРАН МЭХТЭЙ БӨХ, УЛС ТӨРЧ ХОЁРЫГ ЯЛГАДАГГҮЙ БОЛОЛТОЙ

            Монголын улс төр зүлэг ногоон дэвжээ шиг зөөлөн байгаагүй учир А.Сүхбат аваргад хатуудсан гэвэл хилсдэхгүй. Дархан аварга 2016 оны Улсын их хурлын сонгуульд өөрийн төрж өссөн Төв аймгаас нэр дэвшин ялалт байгуулсан байдаг. Энэ цагаас эхлэн “Зодог тайлсан шиг тайлж чаддаггүй” гэх шүүмжлэлийн араас “Муу улс төрч” гэх хатуу үг түүнийг хаа явсан газар нь дагах болов. Учир нь аварга улс төрд орсныхоо дараа ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэгтэй нэр холбогдож, түнийг үндэсний бөхийн аваргаар нь хүндэлж байсан олон хүний итгэлийг алдсан юм. Хайран сайхан нэр хүндээ улс төрийн тогоонд хөөтэй хутгасан нь мөн л түүний өөрийнх нь сонгосон сонголт, амьдралынх нь зураг төөрөг биз. Гэхдээ бидэнд дархан аваргаа бөхийн дэвжээнд бөхөөр нь, төрийн ордонд улс төрчөөр нь харах ухамсарт нүд байсангүй. Үнэхээр харалган нүд гэдэг уран мэхтэй бөх, улс төрч хоёрыг ялгаж, салгаж хардаггүй бололтой. Тэрбээр улс төрийг орхисон ч тухайн үед хүртсэн түүний албан бус гуншин түүнээс салсангүй. Түүнийг өмгөөлж, хамгаалах гэсэнгүй. Тэр тусмаа ЖДҮ-гээс заал авсныг нь өмөөрөхгүй. Хэнд ч ойлгомжтой буруу зүйл. Гэхдээ л улстөрч, бөх хоёрыг нь ялгаж салгаж харах хэрэгтэй баймаар юм. Түүнийг лавтай аатай, бяртай явсан аваарга чигээр нь үлдээсэнгүй.  

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫХОН  А.СҮХБАТ АВАРГААС ӨШӨӨГӨӨ АВЧ, БАХ НЬ ХАНАВ УУ

          Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зодоглоё гэсэн хүсэл мөрөөдөл ногттой гутал жийж, зодог шуудаг хэдэрсэн хэний ч санаанд орох л хүсэл байлтай. Гэвч эр бяртай, нэр төртэй явсан цагаа эргэн дурсаж, Ардын хувьсгалын 100 жилийн тэгш, 101 жилийн өндөр ойд барилдаж, олон түмнээ дахин нэг цэнгүүлж, уран мэх уралдуулах эрх дархан аварга А.Сүхбатад олдсонгүй. Монголын Үндэсний бөхийн холбоо дархан аварга Г.Өсөхбаярыг зүүний тэргүүн магнайд эрэмбэлж дархан аварга А.Сүхбатаас өш хонзонгоо авлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын түүхэнд анх удаа бөхийн холбоо дархан аваргуудаа амжилтаар нь эрэмбэллээ. Өнөө жил ийм шийдвэр гаргасан нь өмнө нь яагаад А.Сүхбат аваргыг хүлээн зөвшөөрч, зүүний магнайд дуудаж байсан нь эргэлзээтэй асуулт хэвээрээ үлдэнэ. Ердөө л үзэл бодлын зөрүү, өс хонзонгийн үзүүрт аварга адлагдаж яваа нь бөх мэддэг хэний ч нүдэнд илт. Аргаа барсан аварга Төв аймгийнхаа баяр наадамд хүүтэйгээ хамт зодоглосон. Тус наадмын үеэр хоёрын даваанд дархан аваргад унасан бөх чи, би дээрээ тулан хэрэлдэж зогссон сурагтай. Учир мэдэх хүмүүс энэ үйлдлийг А.Сүхбатыг ганцаардуулах гэсэн санаатай үйлдэл хэмээн олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо хуваалцсан байв. Үнэхээр монгол бөхөд цолны эрэмбээр нэгнийг дээдэлж, хүндлэх ухамсар, жудаг гэж байхаа больсон гэж үү. Олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж, цагийг эзэлсэн аваргуудаа хүндэлдэг тэнүүн ёстой монгол бөхийн ёс зүй үнэхээр зүлгэн дундаа гээгдээгүй байлтай. Хэрэв тогтолцоо энэ хэвээрээ үлдэж Үндэсний бөхийн холбооныхны эсрэг дугарч, үзэл бодол зөрсөн хэдэн бөх хясаж, хавчсан шийдвэр, дэг жаягт “талхлагдаж”, дахин хэдэн аварга эзэгнэж явсан зүлэг ногоон дэвжээндээ эр нулимсаа унагах бол доо.

Үнэхээр монгол бөхөд цолны эрэмбээр нэгнийг дээдэлж, хүндлэх ухамсар, жудаг гэж байхаа больсон гэж үү.

 

 


Дархан аварга А.Сүхбат хоёр дахь удаагаа зүлэг ногоон дэвжээгээ нулимстай орхин гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-13 01:11:31
    eee: yun nugu erin judag mongol buhus unertene ch geh shig awarga bsan hun gehed arai archagui ******** yuma
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-13 01:08:35
    eee: buzarin er yuma ha yawsan gazra herul hij bdag medleg bolowsrol suri humujiö saitai bol yu bolj ingej tumni bulai bolj amidrah we de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-12 14:18:48
    Zochin: Bi Suhbatiig barildahaa bolisnoos goish buh uzeh sonirholgui bolson. Harin ene jil Suhbatiig barildana gedgiig sonsood ih bayrtaigaar buhiin barildaan uzeh gesen ch bas l aalznii tor nevtruulsengui bololtoi. Mongold shudarga ys hun chanar hezee bii boloh bol ?.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-12 09:59:35
    zochin: Ард түмний хайр хүндэтгэлийг дааж амьдрах хэцүү шүү. Дандаа уйлаад, нулимасаа дуслуулаад байна гэдэг асуудал өөртөө нь холбоотой, яагаад гэвэл юу тарина түүнийгээ хураадаг гэдэг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188