• Өнөөдөр 2024-05-05

Цар тахлаар 30 автобус хүн үхчихлээ, С.Амарсайхан сайд аа

2021-10-13,   1414

         1392...Энэ бол Монгол Улсын хэмжээнд цар тахлын халдвараар, цаг бусаар хорвоогоос одсон иргэдийн тоо. Энэ тоо өнөөдөр дахиад 10-15, магад 20-иор нэмэгдэнэ, маргааш ч ялгаагүй. Хот хоорондын автобусаар тооцвол, 30 автобус дүүрэн хүн цар тахлын халдвараар нартаас буцчихжээ гэсэн үг. Энэ хүмүүсийн буяны ажлыг нэг өдөр хийсэн бол ар гэрийнхнийг нь гашуудлын цуваа Улаанбаатараас Төв аймаг хүртэл, магад тэрнээс цааш ч үргэлжилнэ. 
 
Өдөрт 20 хүн шатаах зууханд шатаагдаад, 20 гэр бүл шар модон хайрцагтай чандар тэврээд хоцорч байгаа нь харамсалтай биш байна уу, С.Амарсайхан сайд аа. 
 
            Алив тэр, танай Засгийн газрын аюулт тахалтай тэмцэнэ, ард түмнээ хамгаална гэж цээжээ дэлдээд байсан амлалтууд, хаана байна тэр, Төрийн ордноос дэвшүүлээд байсан цар тахлын эсрэг том том зорилтууд. Өвлөөр эхлүүлсэн өвчинтэй тэмцэх тэмцэл чинь, цастайд эхлүүлсэн цар тахлын эсрэг тэмцэл чинь үр дүнгүй байсаар буцаад өвөлтэйгөө, цастайгаа золголоо. Будилж, бойтоглож суусаар бүтэн жилийг ардаа хийх гэж байна гэсэн үг. Гэтэл бүтэн жил юу хийв, хэдэн удаа хөл хорилоо, хоолны газруудын ажиллах цагийг урагшлуулж, хойшлууллаа, хааж, нээлээ. 
 
         Дөнгүүр ганц ажил нь дархлаажуулалтыг нийт хүн амын 65 хувьд хүргэсэн явдал гэх. Гэвч хойд, урд хоёр хөршөөсөө, хаа байсан Энэтхэгээс гуйж тайж авчирсан вакцинаа зорьсон үр дүндээ хүргэлгүй цар тахлаа нийтэд алдчихсан. “Дэлхийд дээгүүрт бичигдэх хэмжээний дархлаажуулалт хийгдсэн” гэж дээгүүрээ “попрох” мөртөө доогуур нь хоногт 2000 шинэ халдвар, 20 нас баралт бүртгэгдсэн хэвээрээ. 
 

Үр дүнд нь аав, ээжийгээ цар тахлаар алдсан бүтэн өнчин хүүхдүүд, үр хүүхдээ алдаж, үргэлжлэлгүй болсондоо гашуудсан эцэг эхчүүд, ерөөс хайртай бүхнээ алдаж, хагацлын далайд живсэн иргэд л үлдлээ, энэ улсад. 

 
             Шадар сайд С.Амарсайханаас бид хоногт нас барж байгаа 20 хүний өмнөөс хариуцлага нэхэх ёстой.  Гэтэл Шадар сайд С.Амарсайхан хоёр хоногийн өмнө “Аль болох зохицож, дээрээс нь сөрж амьдрахаас өөр сонголт байхгүй. Цаашид энэ вирус хэдэн хувилбарт орох нь тодорхойгүй байна. Ойрын хэдэн жил дуусахгүй, арилахгүй гэдэг нь тодорхой болсон учраас бид дасан зохицож, сөрж, амьдрал ахуйгаа үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээн хэвлэлээр ярьж зогсоно лээ. Яг ингэж хэлсэн шүү. Хар ухаанаар ойлгоход цаашид халдварын тархалт, үхэлтэй ямар нэг байдлаар нийтээр тэмцэхгүй юм байна. Халдвар авбал, үхэх нь үхээд, амьд үлдэх нь үлдээд, хайртай хүмүүсээ алдсан хүмүүс нь хагацал, зовлонтойгоо үргэлжлүүлээд амьдрах юм байна гэж шууд ойлгогдож байгаа биз. Юу гэсэн юм бэ, Засгийн газрын салан задгай, хариуцлагагүй байдал, цар тахалтай тэмцэх нэгдсэн, тууштай бодлогогүйн балгаар 1392 хүн амь насаа алдчихаад, ар гэрийнхнийг нь нулимс ч хатаагүй байхад "Одоо дасан зохиж, сөрж амьдар, өөр арга байхгүй" гээд хэлээд сууж байх нь хүн ёсонд нийцэх юм уу. 
 
             Ард түмэн бурхан болоочийн шарил ачсан буяны хөсөгтэй таарахдаа цэрвэхээ ч больж байна, бараг. Түгжрэл дунд яг зэрэгцэж зогсоод, яах ч аргагүй хэсэгтээ тэндээ гацчихвал л “Нэг нь бурхан болж дээ, хөөрхий” гэж зурвас бодоод, бурхны зургаан үсгийг бувтнасан болоод, тэрнээс цааш хэтрэхээ больцгоож байна. Ийм болтол л үхэлтэй дасгалаа, энэ төр засаг. Хөөрхий хэдэн хөгшид нь цар тахлын халдвараар өдөрт 10, 15-аараа “өнхрөөд” өгч байна. Архаг хууч өвчтэй, ахмадуудаа бүгдийг нь нас барахаас нь өмнө ямар нэг арга хэмжээ авахгүй юм уу. Айж, аргаа барсан иргэд өөрсдөө “Хоёр хөгшиндөө халдвар аваад оччихвол төвөг, мэнд л сууцгааж байвал” гэцгээж, аав, ээждээ очихоо ч больцгоосон байна. Утсаар ярьж мэнд мэдээд, унд хоолтой л бол гэрээсээ бүү гар гэж аминчлан захидаг л болж. Үр ач нь эргэж тойрч бужигнахаа байчихаар үр хүүхэдгүй, эсвэл амьдын хагацал үзсэн аятай л сууцгаадаг болсон байна.
          Хөөрхий ахмадууд, энэнээс өөрөөр өөрсдийгөө яаж хамгаалах юм бэ. Цар тахал хөгшдийг ч биш хорь шүргэж яваа залуусыг ч хайргүй авч одож байна. Өнгөрсөн жилийн өдийд их сургуулийн оюутан болчихсон гээд их л додигор хөөрч явсан залуу энэ жил хичээлдээ очоогүй, хэзээ ч очихгүй. Халдвар авсан, хавьтлуудтайгаа тусгаарлагдсан, хүндэрсэн, хэд хоногийн дараа амьсгал хураасан. Хорь нас хүрэх гэж явсан залуу ингэж амьдралынхаа сүүлийн өдрүүдийг халуурч, ханиалгаж өнгөрүүлсэн. Хайран, бас хэтэрхий харамсалтай биш гэж үү. Дундаж насныханд ч ялгаагүй, явсан газар, татсан бариул бүрд халдвар байгаа гэж бодохоор ямар байдаг гэж бодно. Гэрээс гарахгүй, гэдэс алдахгүй суугаад байх санхүүгийн эрх чөлөө бидэнд бий бил үү, гарч, орж, ажиллаж л таарна. Амны хаалтаа давхарлаж зүүгээд, аюул холуур гэж залбираад байхаас сонголтгүй. Гай болж, халдвар авчихвал салан задгай, замбараагүй бөөгнөрдөг иргэдийн өөрсдийнх нь буруу гэнэ. 
 
           Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайд нь иргэдээ тоохгүй, үнсэнд хаясан шалз шиг хөсөр хаячихсан, сүүлдээ Эрүүл мэндийн яам нь хүртэл “Хууч өвчтэй байсан, халдвартай хавсарсан юм гэнэ лээ” гэх маягтай, үхсэн хүмүүсээ тоохоо ч байлаа. Шадар сайд С.Амарсайханаас дахиад асууя, Өдөрт 20 хүн шатаах зууханд шатаагдаад, 20 гэр бүл шар модон хайрцагтай чандар тэврээд хоцорч байгаа нь харамсалтай биш байна уу.

 


Цар тахлаар 30 автобус хүн үхчихлээ, С.Амарсайхан сайд аа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-14 22:48:17
    Сүрэн: Төр засаг хийх ёстойгоо бүгдийг нь хийж байгаа. Хаана, хэн, хэзээ,юу хийж явааг нь бүртгэж маскийг нь зүүж, гарыг нь угааж босох суухыг нь иргэн бүрт зааж өгөхийг Амарсайханаас хүсэхүү, хаахаар хаалаа гэж орилно, хаахгүй болохоор хаасангүй гэж орилно. Хувь хүн, иргэний ухамсар хариуцлана гэж хаана байна? Албатай юм шиг айл хэсч, найр наадам зугаа цэнгэл хөөж явчихаал бусдыг буруутгаданаа боль
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-13 20:16:22
    Цар тахал сөнө: Амарсайхан энэ хүмүүсийг алаад бгаам уу,Амарсайхан байтугай аз жаргалтай даган дууриадаг АНУ,европ дэлхий тэр чигээрээ аргаа бараад бна.Хүн бүр хувийн ариун цэврээ сахиад яв,ингэ тэг гээд хангалттай л хэлж сануулж байна,Үглэж шүүмжлэх биш үмхий амаа угааж,цэвэрлээд,амандаа зүүсэн маскаа үргэлж сольж чадахгүй бол үрж угаагаад хэрэглэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-13 18:10:34
    Зочин: Та өөрөө шадар сайд байсан бол яах вэ гэсэн хүн, шүүмжлэлийнхээ араас арга зам санал болго гэсэн хүмүүст хэлэхэд: юун түрүүнд тэр Амарсайхан гэгч би чадна, хийнэ гэж тэр албан тушаалыг авсан, хийх үүрэгтэй гэдгийг нь сана. Хоёрдугаарт та өөрөө тийм санал, санаачлагатай бол түүнээ хэлэхгүй яагаав. Гуравдугаарт та нарын өмөөрч хамгаалаад байгаа тэр хүн чинь эгэл ардын үгийг сосдог бил үү? Тэр хүн чинь түмний төлөө биш, түрийвчээ зузаатгахаар албан тушаалын төлөө зүгэсэн юм биш биз?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-13 16:46:08
    Zochin: Ta uuruu shadar said baisan bol yah baisan be???Sanalaa hel dee ???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-13 14:42:08
    Сэтгүүлч ээ: Шүүмжлэлийнхээ араас арга зам санал болго. Яг яалгамаар байна, тэрийгээ хэл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-13 14:40:13
    Дасан зохицохоос өөр замгүй: Хөл хоривол өлсөж үхнэ шүү дээ. Дор дороо хичээх, халдвар авахаас сэргийлэх, вакцинаа хийлгэх хэрэгтэй. Ганц Монголд тохиолдсон зовлон биш. Мөд арилах ч эд биш. Мөнгө тараахаар юмны үнэ өсөөд байна. Өөрөөр төр засгийн хийж чадах юм ховор доо. Вакцин хийлгэж дархлаатай болох, бүгдээрээ тусаж байж дархлаатай болох л зам байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-13 12:16:56
    zochin: mongogui ucheched oirchon bna , olsood ,daaraad boon zovlon
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-13 12:06:27
    Зочин: Танай намыг сонгож та нарыг эрх мэдэлд хүрэгдэг тэр л хүмүүс чин хорвоогын мөнх бусыг үзүүлж байна ядаж та нар тэднийгээ хамгаалж үлдэхийг бодооч ахмадууд үгүй болчихвол та нарыг төрд гаргах хүмүүсгүй болно шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-13 11:04:15
    шаабар: Эмчилж хамгаалж чадахгүй юм бол ядаж цалин тэтгэвэрийг нь олигтойхон нэмээд өгчихвөл өөрсдийгөө хамгаалахад нь, өег тэжээлтэй хүнс хоол хэрэглэж дархлаагаа дэмжихэд нь нэмэр болно доо. Хоосон лозун, хямдхан амны хаалт хоёроор цар тахлыг хүчрэхгүй нь тодорхой болчихсон гэдгээ мэдэж байгаа бол нөхөн олговор өгөх талаар хэлэлцээч сайд нараа, УИХ-ын эрхэм гишүүд ээ. Эм тариагаа худалдаж авч хүчрэхээ болилоо шүү. Улсаа харийнханаар дүүргэх бодлого хэлэлцэж суухаар иргэдээ бодооч
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188