• Өнөөдөр 2024-04-25

С.БАЯСГАЛАН: МАНАЙД ГАДНЫН УЛСУУДААС УЛС ТӨРИЙН МАШ ӨНДӨР ШАЛГУУР ТАВЬЖ БАЙНА

2022-09-21,   627

-Манай гадаад бодлого хамгийн дээд хэмжээндээ нээлттэй байх ёстой-

              Монгол Улсын гадаад бодлого, хамтын ажиллагааны талаар Олон улсын харилцаа судлаач С.Баясгалантай ярилцлаа.

           -Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гадаад айлчлал зогсонги байдалтай байсан. Энэ жил гаднын улсуудад манайх айлчлал хийж, төрийн өндөрлөгүүд өндөр хөгжилтэй орнуудын төлөөлөгч нартай биечлэн уулзаж, хамтын ажиллагаагаа сайжруулах чиглэлд анхаарал хандуулж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л манай төрийн өндөрлөгүүд хоёр том уулзалтад урилгаар оролцлоо. Эдгээр уулзалт манайд хэр ашигтай байв?

        -Манай гадаад бодлогын үйл ажиллагаа урьдын адил хэвээр явж байгаа. Залгамж чанартай байдаг. Яг үүгээрээ явж байна. Харин олон улсын харилцааны нөхцөл байдлын хувьд нэлээн өөрчлөлт гарч байна. Өнгөрсөн хугацаанд “Ковид-19”-ийн нөхцөл байдалтай холбоотой хэсэг хугацаанд биечлэн айлчлах үйл ажиллагаа зогсчихсон байсан. Одоо хэвийн болж байна. Хамгийн гол нь ковидын дараа ОХУ, Укрианы байдал олон улсын харилцаанд хуваагдал бий болгочихлоо. Нэг талдаа ОХУ, нөгөө талдаа дайныг дэмждэггүй орон, мөн дайн дэмжиж байгаагаа илэрхийлээгүй, төвийг сахиж байгаа орон  гэдэг байдлаар хуваагдчихаад байна.

           НҮБ-ын гишүүн, Тусгаар тогтносон улс руу ОХУ-аас дайралт үзүүллээ, Оросын эсрэг хоригт  нэгдэх хэрэгтэй гэдэг байр суурьтай ч улс бий. Энэ хүрээнд Оросын хоригт нэгдэхгүй бол дэлхийн хамтын нийгэмлэгийн эсрэг байр суурьтай байна гэж үзэх эрсдэл бий болчихсон. Дан ганц Монгол Улсыг биш Энэтхэг зэрэг улсуудыг. Тэгэхээр Укрианы дайны эсэргүүцэж байгаа талд орох уу, дэмжиж байгаа талд орох уу гэдэг тулгат гарч ирээд буй. Энэ манай улсын гадаад орчинд төвөгтэй байдал бий болгож байна. Учир нь манай хойд хөрш дайн явуулж, өмнөд хөрш төвийг сахисан байдалтай байгаа. БНХАУ-ын зүгээс төвийг сахиж байгаач ОХУ-тай дайсагнаад байх бодолгүй байгаа.  

           Гэтэл барууны орнууд манайхыг энэ дайныг дэмжиж болохгүй, дэмжих нь хамтын нийгэмлэгт харш гэсэн үзэлтэй. Тэгэхээр манайх үүнээс үүдэлтэй энд тохирсон аядуу, зөөлөн гадаад бодлого явуулах хэрэгтэй байна. Иймд манайх гадаад бодлогын баримт бичсэнчлэн энхийг эрхмэлсэн бодлого явуулна. Мөн олон талд дипломат бодлого явуулах шаардлагатай.

         -Тэгэхээр сая ШХАБ-ын уулзалтад манай хоёр хөршийн төрийн тэргүүнүүд ирсэн. Магадгүй Укрианы нөхцөл байдалтай холбоотой хөрш орнууд манайхыг ШХАБ-д элсүүлэх сонирхол байсан байх. Харин Ерөнхийлөгчийн зүгээс цаашид тус байгууллагад ажиглагч орон хэвээр байна гэдгээ албаг ёсоор илэрхийлсэн. Энэ нь хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байхад саад учруулахгүй юү?

         -ШХАБ бол зөвхөн БНХАУ, ОХУ гэсэн үг биш. Энэтхэг, Пакистан, Иран зэрэг олон улс энэ байгууллагат элссэн. Харин Монгол Улс 2004 оноос хойш энд ажиглагч орон байгаа. Ажиглагч хэвээрээ байна гэхээр манай гадаад бодлогын чиг шугам хэвээрээ л байгаа гэсэн үг. Цаашид ч энэ хэмжээгээрээ байх нь. Бид ажиглагч гишүүн байх нь зөв гэдэг нь улам тодорхой болж байна. Ажиглагч гишүүн байхад бид ШХАБ-ын орнуудтай харилцаа тогтоож болно. Тэгэхээр ШХАБ бидэнд хэрэгтэй юү гэвэл, хэрэгтэй. Энэ нь одоогийн нөхцөлд манайд төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалт маш чухал байна. Монгол Улсаас хоёр хөрш оронд гурван талт уулзалтыг Монголд хийж байя гэсэн санал тавьж байсан. Үүнд хоёр хөршийг зүгээс төдийлөн нааштай хариу өгч байгаагүй. Хоёуланг нь урьсан ч заавал нэг, хоёр өдрийн зөрүүтэй ирдэг гэдэг ч юм уу. Хоёр талаасаа шууд ирэхгүй байна гэсэн үг. Тиймээс ШХАБ-ын уулзалт дээр тэрийн тэргүүнүүд очдог учраас гурван талт уулзалтыг хийх боломжтой. Үндсэндээ хоёр хөршийг нэг дор барьж авч байна гэсэн үг шүү дээ.

       Энэ хоёр улс манай улсыг оролцуулахгүйгээр хоорондоо хэлцэл хийнэ, манай улсын талаар ч хэлэлцээр хийнэ. Гэхдээ манайхыг оролцуулахгүйгээр ч хийж байгаа. Жишээлбэл, Байгалийн хийн хоолой тавихдаа Монголын талаар дайруулъя гэдэг ч юм уу. Үүнийгээ манайхыг оролцуулахгүй шийдчихээд биднийг санал тавихад хүлээж авдаг байдлаар шийддэг гэсэн үг. Гурван улсын төрийн тэргүүнүүд ШХАБ дээр уулзах боломжтой болж байна.

         Бид Орос болон Хятад Улстай уулзаад эдийн засаг, гадаад бодлого хамтын ажиллагааны талаар ярилцаж болно. Гэхдээ гурван талт уулзалт манайд чухал.

 БИДНИЙ АШИГ СОНИРХЛЫГ ХӨНДӨӨГҮЙ АЛИВАА ЗҮЙЛД МАНАЙХ МЭДЭГДЭЛ ХИЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ

         -Яг ШХАБ-ын уулзалттай зэрэгцээд Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд Ерөнхий сайд уригдлаа. Тэгэхээр Укрианы асуудалтай холбоотой дэлхийн олон орон манайд анхаарал хандуулж байна гэсэн үг үү?

       -Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэсний дараа Ш.Абэгийнх болно. Тэгэхээр төрийн дээд ёсны ийм арга хэмжээнд уригдаж байна гэдэг нь дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамт байгааг илтгэж байгаа гэсэн үг.  II Элизабеттын дээрх ёслолд Орос, Укриан, Хойд Солонгос, Мьянмар гэсэн дөрвөн улс орж чадаагүй. Дайныг дэмжигч улсууд багтаж чадаагүй. Тэгэхээр дэлхий ертөнц Монгол Улсын газар нутгийн онцлогийг ойлгож байна. Мөн бид Орос Улсыг дэмжиж байна гэсэн байр суурь огт илэрхийлээгүй. Бидний ашиг сонирхлыг хөндөөгүй аливаа зүйлд манайх мэдэгдэл хийх шаардлага байхгүй. Шаардлага гарвал бидэнд маш харамсалтай байна. Аливаа гадаад харилцааг дипломат харилцаагаар шийдэх ёстой гэсэн байр суурьтай байх хэрэгтэй. Бидний олон талт харилцаатай байна гэдэг нь эндээс харагдаж байна.

          Япон, Англи Улсын аль нь ч дайны талыг баримтлагч гэж харахгүй байгаа юм.

        -Монгол Улс дайныг дэмжихгүй байя гэхээр ОХУ-аас хараат нөхцөлд байгаа гэсэн ойлголт олны дунд байдаг. Наанадаж бид шатахууны хэрэгцээгээ хангадаг, эрчим хүчээ импортолдог гэдэг ч юм уу. Ийм үед ОХУ манайд шахалт үзүүлэх эрсдэл бий юү?

        -Оросоос бид хамааралтай байж болох уу гэдэг асуудал байж болохгүй. Бид хүссэн хүсээгүй хоёр хөршөөсөө хамааралтай байна. Их үү, бага уу гэдэг л асуудал. Хэр их хамааралтай байх вэ гэдэг нь бидний хэр арчаатай байх вэ гэдгээс хамаарна. Бидний хамаарал бага байх тусам гадаад бодлого төдий чинээ хүчтэй байна. Хамаарал ихтэй байх тусам тэр чинээгээр гадаад бодлого аядуу байх нь. Манайх ОХУ-тай харилцахдаа аль ч талыг барихгүй байх нь зөв. Укрианы эсрэг явуулж байгаа цэргийн үйл ажиллагааг дэмжихгүй байсан ч бид Оростой нөхөрсөг бус орнуудын тоонд орж болохгүй. Гэхдээ нөхөрсөг бус орны тоонд орохгүй байлаа гээд ОХУ-аас айсан гэсэн үг бас биш.

          Ердөөсөө бидэнд тийм шаардлага байхгүй л гэсэн үг. Ямар нэгэн зүйлд хурдан шийдвэр гаргах нь бидэнд ашиггүй.

         -Дээр яриандаа та БНХАУ дайны байдлыг төвийг сахисан байдалтай ажиглаж байгаа. Гэхдээ далдаар дэмжиж байна гэсэн санааг илэрхийлсэн. Тэгэхээр мөнхийн гэгдэх хөрш улсууд маань биднийг гуравдагч хөрштэй харилцаа үүсгэх сонирхол бага байгаа гэж ойлгож болох уу. Ерөнхий сайдын одоогийн айлчлалуудыг гуравдагч хөршийн харилцаагаа сайжруулахад чиглэсэн гэж харах нэгэн ч байна. Энэ тухайд?

         -Хоёр хөрш гуравдагч хөршийн бодлогыг эсэргүүцдэггүй ойлгодог. Хоёр хөрштэйгөө харилцаж байгаа Монгол Улсын харилцааг гуравдагч хөрш мөн ойлгодог. Бид харин үүнийг юугаар эсрэгцүүлдэг вэ гэвэл, ШХАБ-д элсэх асуудал, гуравдагч хөршийн асуудлыг эсрэгцүүлдэг. Тиймээс бид ШХАБ-д орох нь одоогоор ямар ч ашиггүй. Бидэнд хөрөнгө оруулалт, эдийн засгийн дэмжлэг, техник технологийн ололтыг харж байна. Эдгээрийг ШХАБ санал болгож чадвал манайх элсэхийг үгүйсгэхгүй.

       НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ ХӨНДӨГДСӨН АСУУДАЛД МАНАЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД АВТАЖ БОЛОХГҮЙ.

         -Манай гадаад айлчлалуудын гол үр дүн юу байна вэ?

       -Манайд гаднын улсуудаас улс төрийн маш өндөр шалгуур тавьж байна.. Дэлхийн орнууд манайхыг Укрианы дайныг дэмжиж байгаа эсвэл дэмжихгүй байна гэсэн байдлаар тулгалт хийж байгаа. Гэхдээ наймдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга айлчлал хийхдээ манайхыг "Энх тайвныг эрхмэлдэг, найрсаг харилцаатай оронд ирж байгаадаа баяртай байна" гэчихсэн. Олон улсын байдал хэцүү байлаа ч бид хэн нэгнийг дагахгүй гэдгээ харуулж байна.

          -Сүүлийн үед цахим орчинд иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл маш их гарч байна. Тухайлбал, Монгол Улс дайныг дэмжиж, цэргээ бэлдэж байна гэдэг ч мэдээллүүд сошиалд гарч байгаа. Ийм мэдээлэл манай гадаад бодлогот саад учруулж байна уу?

          -Үүний эсрэг авах ганц л арга хэмжээ бий. Манай гадаад бодлого хамгийн дээд хэмжээндээ нээлттэй байх ёстой. Гадаад бодлогын үзэл баримтлал дээрээ нээлттэй, олон тулгуурт гээд биччихсэн. Нээлттэй байна гэдэг чинь хардлага үүсгэхгүй байх гол арга.

        Хардлага үүсгэх нь түгээмэл шинж болчихжээ. Үндсэндээ нийгмийн сүлжээнд илт худал мэдээлэл түгээх, турхирах үзэгдэл гарч, байдаг зүйл гэдэг ойлголт бий болж эхэлж байна. Үүний эсрэг бид байж болох хамгийн дээд хэмжээндээ нээлттэй байх нь зүйтэй. Ямар нэг асуудал гараад хоёр хөрш хардах явдал гарлаа гэхэд бид нээлттэй харилцаатай шалгаж болно гэдэг няцаалт өгч болно. Нийгмийн сүлжээний үндэсний эрх ашиг хөндөгдсөн асуудалд манай төрийн байгууллагууд автаж болохгүй.

 

 


С.БАЯСГАЛАН: МАНАЙД ГАДНЫН УЛСУУДААС УЛС ТӨРИЙН МАШ ӨНДӨР ШАЛГУУР ТАВЬЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188