• Өнөөдөр 2024-04-19

Ж.БАТ-ЭРДЭНЭ: 10 их наядаас зарцуулах зарим зээлийг ЖДҮХС-аар дамжуулж, хэрэгтэй хүмүүст нь шуурхай хүргэе гэсэн санал тавьсан

2021-02-22,   1229

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн  Эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих 10 их наядын төлөвлөгөө болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

НООЛУУРЫН ҮНИЙГ 100 МЯНГАН ТӨГРӨГТ БАРИХ БАЙР СУУРЬТАЙ БАЙГАА

-Намрын ээлжит чуулган завсарласнаас  хойш та тойрогтоо ажиллаж амжсан уу. Цар тахал орон нутгийн иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
 
-Цар тахлын нөлөөгөөр улс даяар хатуу хөл хорио тогтоож, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Тиймээс хөл хорионы дэглэмээ сахиад орон нутагтаа ажиллаж чадсангүй. Бид ийм хүнд цаг үед ногоон бүсээ аль болох эрүүл чигээр нь хадгалах хэрэгтэй байна. Улаанбаатар хот халдварын голомт болсон гэдэг утгаараа иргэд орон нутаг руу аль болох зорчихгүй байх нь зүйтэй.
 
Цар тахал дэлхийн бүх улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Монгол Улсын нийслэл, хөдөө орон нутагт ч эдийн засгийн хүндрэл бий боллоо. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үйл ажиллагаа явуулахад боломжгүй болж, орлогогүй боллоо. Хөдөөгийн малчдын гол зах зээл  Улаанбаатар хот руу чиглэдэг. Гэтэл нийслэлд зах зээл зогсонги байдалд орчихоор хөдөөгийн иргэд ч ялгаагүй эдийн засгийн асуудалд нэрвэгдчихлээ. 
 
-Төрөөс цар тахлын үед иргэн аж ахуйн нэгжийг дэмжих бодлого явуулж байгаа. Гэхдээ энэ дэмжлэг зөвхөн төвлөрсөн хот суурин, тэр тусмаа Улаанбаатар хотын иргэдэд чиглээд орон нутгийн иргэдэд хүрэхгүй байна гэх шүүмжлэл бий. Зудын эрсдэлтэй аймгуудад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлж байгаагаас өөр дэмжлэг төдийлөн харагдахгүй байна. Энэ тухайд?
 
-Өмнөх жилүүдийг бодоход нийт нутгаар өвөлжилт гайгүй байгаа ч хаваржилт ямар байхаас их юм шалтгаална. Малчдын орлогыг жилд нэг удаа бүрдүүлдэг ноолуурын үе эхлэх гэж байна. Энэ жил ноолуур ямар үнэтэй байх вэ гэдэг нь монгочуудын анхаарлыг татаж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 10 их наядын төлөвлөгөөнд ноолуурыг дэмжих талаар дурдсан байна лээ. Би Ноос, ноолуурын холбооны тэргүүнээр ажилладаг хүний хувьд үүнд илүүтэй анхаарч байна.Өнгөрсөн жил ноолуурын ханшийг унагаахгүй байхад Засгийн газраас анхаарч, тусгай хөтөлбөр хэрэгжүүлээд, эхний үнийг 100 мянган төгрөгөөр тогтоосон.
 
Гэтэл зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад үнэ нь уначихсан. Тиймээс Ноос ноолуурын холбооноос төрөөс дэмжлэг хүсэж, малчдад 20 мянган төгрөгийн татаас олгосон. Энэ жилийн тухайд ноолуурын үнийг 100 мянган төгрөг дээрээ барих, доош буулгахгүй байх байр суурьтай байгаа. Энэ талаар Ноос, ноолуурын холбоон дээр бодлогын баримт боловсруулж байна. Бид дэлхийн ноолуурын  45 орчим хувийг хангадаг. Энэ утгаараа нэлээд сайн бодлого барьж, ноолуурын үнийг тогтвортой барих, энэ хувиа нэмэх шаардлага байна.
 
-Өнгөрсөн жилийн тухайд нэг килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Гэхдээ энэ нь зорилтот бүлэгт чиглэсэн эсэх нь эргэлзээтэй байгаа. Маргаан их гарсан шүү дээ?
 
-Энэ тухайд “Сүргийн бүтэц дотроо төдөн ямаатай байх ёстой гэдэг” нэг өрхийн ямааны тооны хязгаар бий. Энэ бүртгэлээр ноолуурын урамшуулал олгосон.
-Төрөөс бодлогоор дэмжээд ноолуурыг нь өндөр үнээр худалдаад авчихдаг. Харин дотоодын үйлдвэрүүд нь энэ хэмжээнд ажиллах боломжтой бий юү. Ноос ноолуурын томоохон компаниуд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, ажлын байраа цомхотгож эхэлсэн. Хамгийн сүүлд манай урдаа барьдаг “Говь” ХХК ажилчдаа цомхотгосон шүү дээ?
 
-“Говь” компани 2000 орчим ажилтнаа цомхтгосон гэх мэдээлэл бий. Нөхцөл байдал хүнд байгаа. Тиймээс бид гадаад зах зээлээ тэлэх шаардлагатай. Бид цаашид үйлдвэрлэлээ нэмж, боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох хэрэгтэй. Одоо бид ноолуураа угаагаад л гаргаж байна. Түүхий ноолуур гаргаж байгаагаас ялгаагүй. Тэгэхээр боловсруулсан, самнасан ноолуур зах зээлд гаргах шаардлагатай.
Ноолуур бол алт. Зах зээлд эрэлттэй хэвээр байгаа. Гагцхүү бид үнэд оруулахын тулд дараагийн шатны технологи руу орох хэрэгтэй.
Боловсруулж байж үйлдвэрүүд нь ашигтай ажиллаж, малчдын орлогыг нэмэх боломжтой.
 
-Хөдөө орон нутгийн иргэд гэхээр зөвхөн малчид гэсэн өрөөсгөл ойлголт бий. Аймаг, суманд амьдардаг, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг олон өрх бий. Тэдэнд ямар дэмжлэг үзүүлж болох вэ?
 
-Тийм ээ. Сум, аймгийн төвд амьдардаг орлого багатай иргэдэд эдийн засгийн хүндрэл хамгийн их нөлөөлж байгаа. Ажлын байр хадгалах бодлого явуулахдаа зөвхөн Улаанбаатар хотод гэлтгүй хөдөөгийн иргэд рүү чиглүүлэх шаардлага бий. Тиймээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх 10 их наядын төлөвлөгөөг зөвхөн нийслэлд бус аймаг, орон нутагт хүргэх нь зүйтэй гэсэн санал тавьж байна.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУДААР ДАМЖУУЛНА

-Засгийн газраас эдийн засгийг дэмжих хэд хэдэн арга хэмжээ авлаа. Хамгийн сүүлд Эрүүл мэнд, эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө батлаад байна. Эхний үр хэзээнээс гарч эхлэх вэ?
 
-Засгийн газраас шийдвэр гаргаад долоо хоноогүй байна. Арилжааны банкуудад хадгалагдаж байгаа, зах зээлийн эргэлтэд орж чадахгүй байгаа хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэж үзээд есөн хувийн хүүтэй зээлийн зургаан хувийг улсаас татаас хэлбэрээр олгож, гурван хувьд нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл олгоно гэж байгаа юм. Энэ бол маш зөв санал. 
 
Одоо ганцхан хөрсөн дээрээ яаж буулгах вэ гэдэг л асуудал байна. Энэ зээлийг арилжааны банкаар дамжуулна гэж байгаа. Нэг талдаа зөв. Гэхдээ арилжааны банкуудын шалгуурыг давах аж ахуйн нэгж хэд байгаа бол. Банк мөнгөө алдчихгүйн тулд барьцаа хөрөнгө шаардана. Тэд эдийн засаг, иргэдээ дэмжих талаар гаргаж байгаа зээл шүү гэж хандахгүй нь ойлгомжтой. Тиймээс зарим зээлээ ХХААХҮЯ-аар дамжуулж, ЖДҮХС-аар зохих ёстой хүмүүст нь хүргэх хэрэгтэй гэсэн санал бид тавиад байгаа юм.
 
-ЖДҮХС-аар дамжуулж болох ч бидэнд гашуун туршлага бий. Урьд нь энэ сангаар олгосон хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд авчихсан удаатай. Ийм эрсдэл үүсэхгүй гэх баталгаа байна уу?
 
-ЖДҮХС-тай холбоотой асуудал гарсан ч буруутай хүмүүс нь хариуцлагаа хүлээгээд Эрүүгийн хуулиар шийтгүүлсэн нь ч байгаа. Энэ асуудал дахин давтагдахгүй гэж бодож байна. Дээр нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл олгох журамд Засгийн газраас томоохон өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтийн талаар Баялаг бүтээгчдийн холбоогоор дамжуулж, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийсэн.
 
Журам өөрчлөгдсөнөөр иргэд, үйлдвэрлэгчид бүх шалгаруулалт нээлттэй, ил тод болсон. Засгийн газраас боловсруулсан энэ журамд ЖДҮХС-аас зээл хүссэн аж ахуйн нэгжийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулдаг болсон. Тухайлбал, 2019 онд нийт 47 тэрбум төгрөг төсөвлөж, 21 аймагт тус бүр нэг тэрбум төгрөг хуваарилж, үлдсэнийг нь нийслэлд хуваарилсан. Үүнээс хойш ЖДҮХС-тай холбоотой ямар ч маргаан гараагүй. Дээр нь Сонгон шалгаруулалтын баг олон нийтийн оролцоотой болсноороо онцлог.
 
-Засгийн газар 10 их наядын хөтөлбөрөө УИХ-аар хэлэлцүүлэлгүй шууд баталчихсан. УИХ-аар хэлэлцэх шаардлага байгаагүй юу?
 
-“Ковид-19”-ын хүнд нөхцөл байдалд байгаа гэдэг утгаараа Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч, ажиллах боломж бололцоог нь хангаж байгаа юм. Ер нь бүх бодлого, тэр тусмаа мөнгө, санхүүтэй холбоотой асуудал УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. УИХ-аар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг баталчихсан. Цаашлаад, мөнгөний бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баталсан. Үүнтэй уялдуулан дээрх бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж байгаа. Уг нь УИХ-аар танилцуулах зарчимтай. Гэхдээ бид бүлгээрээ хэлэлцэж, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр саналаа илэрхийлээд явсан. 

ТӨМӨР ЗАМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

-Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлд 500 тэрбум төгрөг зарцуулна гэж төлөвлөсөн байна. Манай улс эдийн засгаа солонгоруулна гэдэг ч өнөөдрийг хүртэл уул уурхайгаас хамааралтай хэвээр байна. Энэ удаад тодорхой дэмжлэг үзүүлж байгаа учир үр дүнд хүргэх хэрэгтэй байх. Аль чиглэлд боломж олговол үр дүнгээ  илүү өгөх боломжтой вэ. Эргээд хөл хорио тогтоочих вий, үүнээс болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болох вий гэсэн болгоомжлол байна. Энэ тухайд?
 
-Үүнээс сэргийлж Зээлийн батлан даалтын санг татан оролцуулж, энэ сангийн хөрөнгийг хоёр дахин нэмэх юм. Ингэснээр зээл хүсэгчдэд боломж нээж өгч байна. Өөрөөр хэлбэл, зээлийн батлан даах хөрөнгө нь хүрэлцээгүй байгаа нөхцөлд үүнийг нь батлан даах боломж байгаа юм билээ. Хоёрдугаарт, миний бодлоор эдийн засгийн тодорхой зохицуулалт хийж өгмөөр байгаа юм. 
 
Тухайлбал, импортын барааг нөхөх бүтээгдэхүүн дээр түлхүү санхүүжилт олгох, импортоор орж байгаа бараа бүтээгдэхүүнийг нь татвараар зохицуулах зэргээр үндэсний үйлдвэрлэлийн эдийн засгийн эргэлт бий болгох зохицуулалт хийх хэрэгтэй. Засгийн газрын танилцуулж байгаагаар зээл энэ сарын 23-наас эхэлнэ гэсэн. Нэн тэргүүнд хөдөө аж ахуйн чиглэлд дэмжлэг үзүүлэх нь зөв. Хаврын тариалалт эхлэх гэж байгаа учир газар тариалангийн чиглэлд дэмжлэг үзүүлж, намар гэхэд хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангадаг болох хэрэгтэй.
 
-Ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн ямар чухал төслүүд байгаа вэ. Та ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?
 
-Би хэд хэдэн хуулийн төслийн ажлын хэсэг ахалж байна. Нэгдүгээрт, Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байна. Энэ хуульд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх заалт орсон. Гэхдээ энэ нь цаг үеэ олсон заалт мөн үү гэх маргаантай асуудал бий.
 
Хоёрдугаарт, Төмөр замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Урьд нь бид Улаанбаатар төмөр зам гээд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ганцхан төмөр замтай байлаа. Одоо шинэ төмөр зам баригдаж, хувийн хэвшлийн төмөр замыг ашиглалтад оруулах боломж бололцоог хангах ёстой. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн. 
 
Гуравдугаарт, Хот төлөвлөлтийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулж байгаа.
 
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. 
 

Ж.БАТ-ЭРДЭНЭ: 10 их наядаас зарцуулах зарим зээлийг ЖДҮХС-аар дамжуулж, хэрэгтэй хүмүүст нь шуурхай хүргэе гэсэн санал тавьсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188