• Өнөөдөр 2024-05-06

Х.БУЛГАНТУЯА: Ирэх жил ипотекийн зээлийг үргэлжлүүлбэл шинэ зээлдэгчдийн боломжийг хаах эрсдэлтэй

2022-10-17,   674

      УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай ярилцлаа.

      -2023 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж эхэлсэн. Ирэх оны төсвийн төсөлд төсвийн алдагдлыг бууруулсан ч орлого, зарлагыг өндөр тавьсан байна. Энэ нь эдийн засагт ямар өөрчлөлт үзүүлэх вэ?

         -Үүнийг би Сангийн яамныхнаас асуусан өнгөрсөн жил оруулж ирсэн төсвийн хүрээний мэдэгдлээсээ нэмж оруулж ирсэн байна ямар учиртай юм бэ гэж. Үндсэндээ 1.7 хувиар орлого нэмэгдсэн байсан.  Энэ жилийн сүүлчийн хагас жилээс буюу Үндэсний баяр наадмын дараагаас экспортын хэмжээ эрс нэмэгдсэн. Эдийн засаг өсөлттэй байна. Тэгэхээр эдийн засгийг ирэх жил таван хувьд хүргэнэ гэсэн төсөөлөлтэй байгаа юм билээ. Тиймээс төсвийн орлого тооцоолсон хэмжээндээ бүрдэнэ гэж ойлгосон. Хүн амын өсөлттэй холбоотой тэтгэвэр нэмэх, төрийн алба хаагчийн цалинг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн дийлэнх олонход нь олгох зэргээс шалтгаалж төсвийн зарлага нэмэгдсэн. Урсгал зардлыг хасах ер нь хэцүү. Учир нь дагалдах хуулиудад нь өөрчлөлт оруулж байж хасах болно. Төсвийн хөрөнгө оруулалтыг царцааж болно гээд ганц хоёр жилдээ бариад сууж болно. Харин урсгал зардлыг танахын тулд салбар тус бүрийн хуульд гар хүрэх шаардлага үүсээд байгаа юм.

Жишээлбэл, Соёлын салбарын урсгал зардалд өөрчлөлт орууллаа гэхэд тус салбарын санхүүгийн тогтолцоог бие даалгаж, олсон орлогоо өөрсдөө ав. Үүнээсээ урсгал зардлаа санхүүжүүл ч гэдэг юм уу ийм том хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй бол урсгал зардлыг хасахад хэцүү. Гэхдээ бид Хэмнэлтийн тухай хуулиар нэг их наяд орчим төгрөгийг хэмнэсэн.

       -Хүүхдийн мөнгийг 91 хувьд олгох асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

    -Өмнө нь ярьж байсан асуудал. Энэ нь тусгай талон байдлаар тодорхой нэр төрлийн бараа авдаг хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх үү гэдэг байдлаар ярьж байсан. Зарим улсад хүүхдийн мөнгө олгодог. Жишээлбэл,  Англи Улсад дунд сургуулийн хүүхдүүд сургуулиасаа гарах тохиолдол байдаг. Хүүхэд онц сурах нь чухал биш, явж л байгаа бол хүүхдийн мөнгө олгодог.

       Хүн амын өсөлтөөс шалтгаалж, мөнгийг нь нэмэх зохицуулах явдал ч бий. Манайд УИХ-ын Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг гарч, дэд ажлын хэсэг байгуулсан. Ингэхдээ хүүхдийн мөнгөний олголт, хяналт, зарцуулалт дээр дүгнэлт гаргахаар болсон. Энэ бол улсын мөнгө биш шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгө. 600 мянган төгрөгийн цалин авч байгаа хүн зайсанд таван өрөө байранд амьдарч байгаа хүний хүүхдийн мөнгө өгөх үү гэдэг л асуудал шүү дээ.

     Хүүхдийн мөнгийг бид ковидын үед нэмэхээс аргагүй болсон. Гэхдээ хүүхэд хамгааллын үзүүлэлт тааруу байгаа нь анхаарах асуудал болж байна.

      -Он дууссаны дараа ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжгүй болсон гэж байгаа. Энэ талаар Засгийн газар ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

        -Энэ онд ч гэсэн иргэдээс ипотекийн зээл гарахгүй байна гэсэн шүүмжлэл олноороо ирж байгаа. Ипотекийн хөтөлбөр нь өмнө авсан зээлийн эргэн төлөлтөөр санхүүждэг, мөн улсын төсвийн тодорхой хэмжээгээр санхүүжнэ. Энэ хоёрын дундаас 300 гаруй тэрбум төгрөгөөр зах зээлийн ханш, хөнгөлөлттэй зургаан хувь болон найман хувийн зөрүүг төлдөг гэсэн үг. Гэтэл одоо эргэн төлөлт нь сайн хийгдэхгүй байхаар шинээр гаргаж байгаа ипотекийн зээл тэр хэмжээгээр багасаад байна. Тэгэхээр 50-60 хувь нь багасаад орж ирсэн. Мөн байрны үнэ нэмэгдээд байхаар энэ хоёрын дундах хүүгийн зөрүү бага болсон. Тэгэхээр өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага гарч байна. Үүнийг иргэд ипотекийн зээл гарахгүй байгаа юм биш үү гэж хүлээж аваад бухимдаад байна. Ирэх жил ипотекийн зээлийг үргэлжлүүлбэл шинэ зээлдэгчдийн боломжийг хаах эрсдэлтэй.

       -Ирэх жилийн онд орон нутагт байр худалдаж авах бол гурван хувийн ипотекийн зээл олгоно гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ амлалт худлаа болж таарах нь уу?

      -Энэ бол ирэх онд төсөвт тодорхой хэмжээний санхүүжилт тавьсан гэж ойлгож байгаа. Гэхдээ дан ганц хөдөө орон нутгийн гэлтгүй нийслэлд ч байранд орох хүсэлтэй, ипотекийн зээл авах хэрэгцээ, шаардлагатай залуус байгаа шүү дээ. Ингээд залуус 30 хувийнхаа урьдчилгаа мөнгийг бүрдүүлээд хөдөлмөрлөж байтал үл хөдлөхийн үнэ өсөөд нөгөө мөнгө нь хаанаа ч хүрэхээ байчихсан гэх асуудал их байна.

Харамсалтай нь, санхүүгийн тогтолцоо чинь өөрөө нэг урсгалаас гараад нөгөө рүүгээ явчихдаг учраас иргэдэд очих төрийн үйлчилгээ багасах нь.

       -Ирэх оны төсөв дээр шаталсан татварыг бий болгохоор тусгасан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа бол?

       -Тооцооллоор нийт хөдөлмөр эрхлэгчийн 0.9 хувийн татварыг нэмэх юм билээ. 10 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийн татварыг нэмнэ. Дэлхийн улс орнуудад 10 хувийн татвартай 10-аадхан улс байдаг. Энэ нь бидний эв хамтын систем гэж яриад байгаатай холбоотой. Мөн манайд тэгш бус ялгаатай байдал бий. Татвар бол орлогын хуваарилалт. Тэгэхээр дэлхий даяараа орлого ихтэй нь илүү татвар төлдөг ийм тогтолцоо байдаг. Ийм системээрээ явж байна.

       Манайх хуучин шаталсан татвартай байсан. Эдийн засаг хүнд байсан учраас үүнийг нэг шатлалтай болгосон. Улмаар татварын бааз сууриа нэмэх бодлого явуулж эхэлсэн. Миний харж байгаагаар шаталсан татвар гэхээсээ илүү татвар төлөгчдийнхөө тоог нэмэх хэрэгтэй байна.

      -Ирэх оны төсөвт зарим онцгой албан татварын нэмэх асуудал хөндөгдөж байгаа. Ингэснээр далд эдийн засаг ил гарна гэдэг ч юм уу. Энэ тухайд та ямар байр суурьтай байгаа бол?

     -Далд эдийн засгийг ил гаргах зөв. Хэсэгхэн хүн татвар төлөөд байж болохгүй. Бизнес хийчихээд маш их орлого олчихсон хэр нь манайх татвар төлөхгүй гээд сууж байдаг болон газар байдгийг бид мэднэ. Бид бүгд татвар төлөгч байж чадвал далд эдийн засаг гэж байхгүй. НӨАТ-ын систем жинхэнэ утгаараа хөгжинө.

      -2023 онд гаднаас хөрөнгө оруулалт татаж байж эдийн засгаа өсгөх боломж байна гэж судлаачид үзээд байгаа шүү дээ. Та гишүүдийн хамт өнгөрсөн жил Хөрөнгө оруулалтын тухай хууль өргөн барьж, хуулийн төсөлтэй холбоотой нэлээд шүүмжлэл гарч байсан. Тухайн хуулийн төсөл юу болсон бэ?

      - УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Анужин, Д.Өнөрболор нарын хамт Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн жил өргөн мэдүүлсэн. Гэвч хуулийн зүйл заалттай холбоотой буруу ойлголт үүсэж, иргэдийн шүүмжлэлд өртсөн. Тиймээс хуулийн төслийг буцааж татсан.

       -Манайд хөрөнгө оруулагчид орж ирлээ гэхэд хуулийн заалт, татварын асуудлаас болоод удалгүй төслөө татчихдаг асуудал бий шүү дээ. Хөрөнгө оруулалт авахгүй бол ямар эрсдэл байгаа бол?

      -Хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол ам.доллар орж ирэхгүй төгрөгийн ханш суларна.


Х.БУЛГАНТУЯА: Ирэх жил ипотекийн зээлийг үргэлжлүүлбэл шинэ зээлдэгчдийн боломжийг хаах эрсдэлтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188