• Өнөөдөр 2024-04-26

Хассуурийн Ганхуяг: Шинээр олгох ипотекийн зээлийн хүүг зургаан хувьд хүргэх боломж бүрдсэн

2020-09-30,   1071

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

- Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбоотой хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулахаар болжээ. Хэлэлцэх асуудлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулахаар УИХ-д хүсэлт гаргасан. Үүнтэй уялдуулан гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор уг формыг зохион байгуулж байгаа юм. Гаднаас хөрөнгө оруулагчид ирэх боломжгүй байгаа учраас эхний ээлжинд Монголд хөрөнгө оруулалт хийчихсэн гаднын компаниудын төлөөллийг хүлээн авч уулзана. Ингэхдээ хөрөнгө оруулагчдад тулгарч байгаа асуудал, тэднийг хэрхэн дэмжих, цаашид яаж хамтран ажиллах вэ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Эндээс бид дандаа зээлдэгч байх уу хамтарч ажиллах уу гэсэн шийдлийг гаргах юм. Хоёрдугаарт, гадаад худалдааг дэмжих арга зам, гарц гаргалгаа олно.

-Гаднаас хөрөнгө оруулалт авахаас гадна экспортын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгаа солонгоруулах чиглэлээр хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Бид энэ асуудлыг байнга ярьдаг ч гадаад худалдааны бодлогогүй арав гаруй жил явлаа. Гадаад худалдааг бид яагаад чухалчлах хэрэгтэй вэ гэх асуулт гарч ирнэ. Манайхан үйлдвэр эрхлэгчдээ олон төрлийн зээл олгодог. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл, экспортыг дэмжих гэх мэт.

Гэхдээ дотоодын үйлдвэрлэгч нарт зах зээлийг нь нээж өгөх шаардлагатай байна. Жишээлбэл, бид дан ганц Япон Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр хийчхээд боллоо гээд санаа амарч болохгүй. АНУ руу ноос ноолууран бүтээгдэхүүн экспортод гаргах хэлэлцээр хийж байгаа ч мөн л хангалттай гэж харж болохгүй. Хоёр хөрштэй хийж буй гадаад худалдааны татвар өндөр учраас бид алдагдалтай ажиллаж байна. Хэдий манай экспортынхоо ихэнх хувийг урд хөрш рүү гаргаж байгаа ч түүхий эд, ашигт малтмалын импортын татвар дөрвөн хувь бусад төрлийн бүтээгдэхүүний татвар маш өндөр байгаа юм.

Тухайлбал, мах, хүнс, ноос ноолуур, эцсийн бүтээгдэхүүнүүд 20-30 хувийн татвартай. Харин хойд хөрш рүү ноос, ноолууран бүтээгдэхүүн гаргах гэхээр 38 хувийн татвар төлнө. Тэгэхээр энэ асуудлыг хоёр хөрштэйгөө ярилцах хэрэгтэй. Цаашид урт хугацааны хэлэлцээр хийх, бизнес эрхлэгчид төлөвлөгөө гаргах боломж өгөх шаардлагатай байна.

-Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулагдах нь ямар ач холбогдолтой вэ?
-Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг хариуцсан төрийн институци бий болгох юм. Ингээд тухайн байгууллага нь өнөөдөр Японтой хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг судлах, БНХАУ болон ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр хийвэл ямар нөхцөлөөр, яаж хийж болохоор байна вэ. Ингэснээр хэчнээн ажлын байр бий болох вэ гэх мэт судалгаа хийгээд, үүнийгээ бодит ажил болгох юм. Жишээлбэл, хойд хөрш рүү гаргах зарим бараа бүтээгдэхүүн дээрээ татварын хөнгөлөлт авах зэрэг асуудлыг шийдэх ёстой. Бид Дархан-Уул аймагт арьс, шир боловсруулах үйлдвэр барих гэж байна. Ажлаа эхлүүлж, цэвэршүүлэх байгууламж барих ажилдаа орсон.

Тэнд бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэхэд зах зээл нь байхгүй. Тиймээс бид ОХУ-тай энэ чиглэлээр хэлэлцээр хийх хэрэгтэй. Урьд нь манай Дархан нэхий үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд Сибирь рүү маш их гардаг байлаа. Одоо байхгүй болчихсон. Тийм ч учраас энэ чиглэлийн ажлаа эхлүүлэх цаг болсон. Гаднын хөрөнгө оруулалт хийх гэхээр эхнээсээ шат дамжлага ихтэй байна. Нэгдүгээрт, 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийх ёстой гэх мэтчилэн. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэгчид гаднын хөрөнгө оруулалт авах боломжгүй байна. Хоёрдугаарт, хяналт, шалгалтаа нэг стандарттай болгох хэрэгтэй байна. Төрийн өмчит компани нь нэг өөр, хувийн компани нь өөрөөр шалгаад байгаа юм.

-Та кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэх лобби бүлэгт орсон. Энэ ажлынхаа явцаас танилцуулахгүй юу?
-УИХ-аас боловсролын салбарт шинэчлэл хийх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэх лобби бүлгээс гурван хүн, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам гишүүн багтаж байгаа. Ингээд судалгаанд үндэслэсэн эрүүл мэтгэлцээн явуулж, хуулийн төслөө боловсруулах юм. Бидний гол зорилго нь үндэсний хөтөлбөрийг олон улсын хөтөлбөртэй дүйцэхүйц хэмжээнд аваачих. Манайд 152 хувийн сургууль байна. Гэтэл энэ сургуулиудын нэг нь ч улсад татвар төлж байгаагүй. Ихэнх нь ТББ-ын нэр дээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.

2013 онд шинэчлэн баталсан Боловсролын тухай хуулиар эдгээр сургуулийн хувьсах зардлыг их хэмжээгээр нэмсэн байгаа юм. Жилд ойролцоогоор 10 сая төгрөгөөс 20 тэрбум төгрөгийн хувьсах зардал өгдөг байна. Дөрвөн жилээр тооцоход 80 тэрбум төгрөг болж байгаа юм. Тэгэхээр энэ нь үндэсний боловсролын хөтөлбөрийг сайжруулж, кембриджийн буюу олон улсын хөтөлбөртэй сургуулиудын тоог нэмэхэд хангалттай санхүүжилт болох хөрөнгө байгаа юм. Тиймээс хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй.

-Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлбэл боловсролын тэгш бус байдал үүсэх юм биш үү?
-Боломжтой айлын хүүхдүүдийн олонх нь хувийн сургуульд сурдаг. Хувийн сургуулиуд олон улсын хөтөлбөрийг санал болгож, төлбөр авч л байгаа бол үүнтэйгээ дүйцэх олон улсын хөтөлбөрийг төрийн үйлчилгээгээр санал болгох ёстой. Гэр хороолол, хөдөө орон нутагт буй хүүхдүүд ч олон улсын хөтөлбөртэй сургуульд суралцах эрхтэй шүү дээ.  

Кембриджийн гэдэг нэрэнд нь хүмүүс ач холбогдол өгөөд байна. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал, шинжлэх ухааны 4-5 төрлийн хичээлийг энэ хөтөлбөрөөр заана гэсэн үг. Үүнийг бид үндэсний хөтөлбөртэй хослуулна. Ингэхдээ тухайн хичээлийг англи, монгол хэлээр аль алинаар нь үзэж болох юм. Кембриджийн хөтөлбөр хэрэгжсэн ч монгол хэл, уран зохиол зэрэг үндэсний агуулгатай хичээлүүд ордгоороо орно.

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүллээ гэхэд багшлах боловсон хүчнээс эхлээд асуудал их бий шүү дээ. Энэ бүхнийг хэрхэн тооцсон бол?
-Багш нараа бэлдэх асуудал бий. Өмнө нь Багш хөгжлийн төв гэж байгуулсан. Анх энэ төвийг байгуулахдаа кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан. Гэтэл 2012-2016 оноос үүнийг байхгүй болгочихсон. Одоо энд лаборатори сургуулийн багш нарыг бэлддэг. Гэтэл лаборатори сургуульд зааж буй хичээлийн агуулга хөтөлбөр энгийн ерөнхий боловсролын хөтөлбөртэй яг адилхан.

Харин багш нарын цалин нь өөр. Уг нь лаборатори сургуулийг анх кембридж рүү дөхүүлэх олон улсын хөтөлбөртэй болгох шатлал бий үүсгэх зорилготой байсан гэтэл дунд нь замхруулчихсан. Хөтөлбөрийг нь замхруулсан хүмүүс нь өөрсдөө кембриджийн хөтөлбөртэй сургууль байгуулчихсан байна.

-Өнгөрсөн долоо хоногт та нэр бүхий гишүүдийн хамт Барилга хот байгуулалтын яаманд ажилласан. Энэ үеэр ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох асуудлыг албаныхан танилцуулсан байсан. Иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн энэ асуудалд мэдээлэл өгөхгүй юү?
-Шинээр олгох ипотекийн зээлийн хүүг зургаан хувьд хүргэх боломж бүрдсэн. Зээл олгох байгууллагуудтай хэлэлцээрт хүрчихсэн гэсэн үг. Гол нь найман хувиар зээл авчихсан хүмүүсийн зээлийн хүүний зөрүүг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал яригдаж байна. 350 тэрбум орчим төгрөгийн зөрүү гарсан. Үүний санхүүжилтийг хаанаас гаргах вэ гэдэг асуудал үүссэн. Зургаан хувийн зээлийг олгоод эхэлбэл найм хувиар зээл авсан иргэдэд тэгш бус асуудал үүснэ.

-Ипотекийн зээлийг зургаан хувьд болгохоор арилжааны банкуудад хүндрэл үүсэхгүй юү?
-Ажлын хэсэгт Монголбанк, Монголын ипотекийн корпорац, Барилга хот байгуулалтын яам, ЗГХЭГ, Засгийн газраас төлөөллүүд орсон. Гол нь эх үүсвэрийн асуудал байсан. Манайх БНСУ-аас хөнгөлөлттэй зээл авч, ипотекийн зээлийн эх үүсвэрээ бүрдүүлсэн. Найман хувиар зээл авсан иргэдийн зээлийг зургаан хувьд шилжүүлчихвэл зээл гарахад бэлэн.

-Намрын чуулганаар 112 хуулийн төсөл хэлэлцэнэ. Эдгээрээс та аль хуулийн төсөлд анхаарч байна вэ?
-Улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хуулийн төсөлд анхаарч байна. Мөн Гадаад худалдаа, гаднын хөрөнгө оруулалттай хуулийн төсөл, Төрийн хяналт, шалгалттай холбоотой хуулийн төсөлд илүүтэй анхаарал хандуулна. Зөрчлийн тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж эхэлсэн. Энэ хуульд анхаарал хандуулахгүй бол болохгүй. Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн, торгуулсан энгийн иргэд олон байна. Тиймээс үүнийг засаж залруулах шаардлагатай байна.

-Та твиттер хуудсаараа дамжуулан иргэдээс санал авч буйгаа мэдэгдсэн. Гэвч төрийн ажлыг цалгардуулж байна гэх шүүмжлэлүүд гарч байсан. Төрийн ажлыг цахимаар явуулж болдог юм уу?
-Би үүнийг харин ч зөв гэж бодож байгаа. УИХ-д Инновац, цахим бодлогын байнгын хороо шинээр байгуулсан. Үүний хүрээнд e-mongolia төсөл дээр Мэдээлэл  технологийн газартай хамтран ажиллаж байна. Нийт 181 төрлийн үйлчилгээг e-mongolia платформоор авах боломжтой болно. Үүнтэй уялдуулан хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэнэ. Тухайлбал, цахим гарын үсгийг баталгаажуулах, цахим засаглалын асуудал орно.


Хассуурийн Ганхуяг: Шинээр олгох ипотекийн зээлийн хүүг зургаан хувьд хүргэх боломж бүрдсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188