• Өнөөдөр 2024-04-23

ӨНӨӨДӨР СОНГОГЧ ТА “ЕРӨНХИЙЛӨГЧ”

2021-06-09,   826

          Өнөөдөр иргэн таны саналаа өгч, нэг хором төр барих чухал өдөр. Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан буй. Иргэн та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс сонгож, саналаа өгч байх тэр хоромдоо Монгол Улсын Ерөнхийлөгч байна гэсэн үг. Нөгөөтээгүүр таны сонгосон нэр дэвшигч олонхийн санал авч Ерөнхийлөгч болсон тохиолдолд та ирэх зургаан жил төрийн тэргүүнийг ажлаа хийхийг, ард түмний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шахаж, шаардах эрхтэй болно гэсэн үг юм. 
 

Яг одоо бидний эмээ, өвөө нар авдартаа эвхэж хадгалсан гоёлын дээлээ гаргаж өмсөөд, одон, медалиа энгэртээ зүүгээд саналаа өгөхөөр гарч байгаа. Хэн нь хэн бэ, хэнийг нь сонговол ирэх зургаан жил ард түмний “аав” байж чадах вэ гэдгийг ч аль эрт дотроо хэрсгүүгээр тунгаагаад, сонголтоо хийчихсэн гарч яваа. Харин залуу, бүсгүй та сонголтоо хийсэн үү, саналаа өгөх гэж байна уу. 

 
Бид 1993 оны зургадугаар сарын 6-ны өдрөөс хойш найм дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гэж байна байна. Тухай бүрд ахмадуудын ирц хамгийн өндөр, 25-34 насны залуучуудын ирц хамгийн бага байж ирсэн учраас ийн онцгойлон асууж байгаа юм. 
 
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар сонгох гэж буй энэ чухал өдөр сонгогчдын ирц болон “цагаан сонголт”-той холбоотой зарим нэг тоо баримтыг танилцуулъя. 
 

1993 оноос хойш сонгуулийн насны иргэдийн тоо 75 хувиар өссөн ч Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа өгсөн сонгогчдын тоо ердөө 17 хувиар өсчээ

 
         Өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэл хийж, “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 26 тэрбум төгрөг зарцуулж байгаа, хэрвээ иргэдийн ирц хүрэхгүй, дахин сонгууль явуулах шаардлагатай болбол нэмж найман тэрбум төгрөг зарцуулна. Иймд заавал саналаа өгөөрэй” хэмээн уриалсан. Сонгууль бүрд сонгогчдын ирц буурсаар байгаа учраас ийн уриалах нь арга ч үгүй юм. 
 
Тухайлбал, 1993-2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг нь анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан байдаг. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын ирц муу байсантай холбоотойгоор анх удаа хоёр дахь шатны санал хураалт явагдсан. Тус сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар, М.Энхболд, Х.Баттулга нарын хэн нь ч сонгуульд оролцсон сонгогчдын олонхийн саналыг авч чадаагүй тул УИХ дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэж, анхан шатны сонгуулиас 11 хоногийн дараа дахин санал хураалт явуулсныг санаж буй байх. Тус сонгуульд нийт 1 990 797 иргэн саналаа өгөх ёстой байсан. Гэтэл хоёр дахь шатны санал хураалт явагдахад 1 207 787 иргэн буюу 60.67 хувийн ирцтэйгээр саналаа өгсөн. Ирц тийм ч хангалттай байгаагүй ч Х.Баттулгад өгсөн саналын тоо “50 нэмэх” болсон учраас хүчинтэйд тооцогдсон. Уг нь 1993 оныг 2017 онтой харьцуулахад сонгуулийн насны иргэдийн тоо 75 хувиар өссөн байсан. Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдын тоо 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад ердөө 17 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Улсын бүртгэлийн статистик дээр хүн амын тоо, Сонгуулийн ерөнхий хорооны статистик дээр саналаа идэвхитэй өгдөг иргэдийн тоо илт зөрүүтэй гарсан гэсэн үг шүү дээ. Эндээс Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчид идэвх муутай оролцдог буюу дөрвөн жил тутамд оролцоо нь буурсаар байгааг харж болох юм. 
 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгогчдын 8.24 хувь нь буюу 99 494 иргэн “цагаан сонголт” хийсэн

 
          Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 55.10-т “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно” гэж заасан. 1993, 1997, 2001, 2005, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “цагаан сонголт”-ын асуудал яригддаггүй шахуу байсан. Харин 2013, 2017 оны сонгуулиар сонгогчид “цагаан сонголт” хийх нь огцом нэмэгдсэн. Тухайлбал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 13 688 иргэн буюу нийт сонгогчдын 1.1 хувь нь цагаан сонголт хийсэн бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 99 494 иргэн буюу нийт сонгогчдын 8.24 хувь нь “цагаан сонголт” хийсэн байна. Өөрөөр хэлбэл, цагаан сонголт хийсэн сонгогчдын сүүлийн хоёр сонгууль дараалан илт өссөн байгаа юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч сонгогчдын нэг хэсэг нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нарын хэнийг ч сонгохгүй буюу “цагаан сонголт” хийхийг цахим орчноор дамжуулан уриалж харагдсан. Гэхдээ нэг зүйлийг санах ёстой. “Цагаан сонголт” хийх нь хүчинтэй саналд тооцогдож боловч хэн нэг нэр дэвшигч нь олонхийн санал авч чадахгүй, дахин санал хураалт явагдах магадлалыг нэмэгдүүлэх болно. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн санал хураалтаар У.Хүрэлсүх, Д.Энхбат, С.Эрдэнэ нарын хэн нэгэн нь Ерөнхийлөгч болж чадахгүй, дахин санал хураалт явагдаж, наадам хүртэл сонгуультайгаа зууралдаж, тэр хэрээр төрийн ажил ч саатах эрсдэл үүснэ гэсэн үг. Тиймээс “цагаан сонголт” хийхээс татгалзаж, гурвуулаа “хүсэмжит” нэр дэвшигч биш ч гэлээ хэн нь арай дөнгүүр байж чадах вэ гэдгийг хэрсүүгээр тунгааж, заавал сонголтоо хийхийг уриалж байна. 
 
          Иймд иргэн та өнөөдөр сонгох эрхээ бардам эдэлж, ирэх зургаан жил олон улсад хэнээр өөрийгөө төлөөлүүлмээр байгаагаа сайтар тунгааж, хэрсүү ухаанаар заавал сонголтоо хийж, саналаа өгөөрэй. Монгол Улсын Ерөнхийлөгч бол эв нэгдэл, аюулгүй байдлын хамгийн чухал институт. Энэ утгаараа иргэн та маш хариуцлагатайгаар сонголтоо хийх шаардлагатайг санаарай. 
 

ӨНӨӨДӨР СОНГОГЧ ТА “ЕРӨНХИЙЛӨГЧ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188