• Өнөөдөр 2024-04-23

И.МӨНХЖАРГАЛ: Намын даргад өрсөлдөгчдийн дунд дэнчингийн мөнгө гэж зарлаагүй, намын даргын сонгуулийн зардлаа олох үүрэг өгсөн

2021-03-09,   787

АН-ын дотоод сонгуулийн хороо намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэж, нэр дэвшигчдээ баталгаажуулах ажлыг эхлүүлээд буй. Улмаар намын даргыг сонгох сонгуулийг гуравдугаар сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Намын даргын сунгааг зохион байгуулах ажилд нийт 1.1 их наяд төгрөг зарцуулах тооцоо гаргаж, нэр дэвшигчид дээрх мөнгийг өөрсдөө бүрдүүлэх шаардлага тавьсан. Энэ нь сүүлийн үед нам олон нийтийн дунд маргаан дагуулаад буй. Энэ талаар бид АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалаас тодрууллаа.
 
-Ардчилсан нам даргын сунгаандаа нийт 1.1 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Үүнийгээ нэр дэвшигчдээсээ авч байгаа гэсэн. Нэг хүн 93 сая төгрөг  олох даалгавар өгсөн байна лээ. Намын дүрмэндээ ингэж заасан байдаг юм уу?
 
-Намын даргын сунгаанд өрсөлдөхөөр 16 хүн бүртгүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн хяналт, тусгай шаардлагын хүрээнд бид намын даргад нэр дэвшигчдийн дунд тодорхой үүрэг өгсөн. Үүний биелэлтийн дагуу нэр дэвшигчид сүүлчийн байдлаар тодорхой болох юм. Намын даргад өрсөлдөгчдийн дунд дэнчингийн мөнгө гэж зарлаагүй. Харин намын даргын сонгуулийн зардлаа ол гэсэн үүрэг өгсөн. Ямар ч сонгуульд нэр дэвшсэн тухайн нэр дэвшигч сонгуулийн зардлаа өөрөө гаргадаг зарчимтай. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн аль аль нь ийм зарчмаар л явдаг шүү дээ.
 
-Энэ мөнгийг юунд зарцуулж байгаа гэсэн үг вэ?
 
-Энэ нь намын даргын сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн зохион байгуулах бүх үйл ажиллагаанд зарцуулна гэж ойлгож болно. Монгол Улсын 21 аймаг, бүх сум, дүүрэг хороонд санал авах байр ажиллана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай адилхан хэлбэрээр явдаг гэсэн үг. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нэгээс нь найман тэрбум төгрөг авна гэж тооцсонтой адил. Бид харин ч энэ том сонгуулийг бага зардалд багтаана гээд зориг шулуудчихсан. Нийт 200 мянган хүн санал өгнө гэж тооцохоор нэг хүнд 5000 төгрөг зарцуулна гэсэн тооцоо гаргасан.
 
-Их хэмжээний мөнгө шаардсан учраас зарим нэр дэвшигч нэр дэвшихээс татгалзсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?
 
-Одоогоор нэрээ татсан гэсэн албан ёсны хүсэлт ирээгүй байна. Өнөөдөр 17:00 цагт тодорхой болох юм. Сонгуулийн зардлаа олох үйл ажиллагаа явуулж байгаагаас нэр дэвшигчид босго тавьж байгаа хэрэг биш.
 
-Анх нэг нэр дэвшигчээс 74 сая төгрөг гэж тооцоолсон ч сүүлд 93 сая болж нэмэгдсэн байна. Энэ ямар учиртай юм бэ?
-16 нэр дэвшигчийн хоёр нь нэрээ татсан гэсэн албан бус мэдээ байгаа. Тодруулбал, хоёр нь сонгуулийн зардал босгох ажилд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн.  Тэгэхээр 14 хүнд хуваахаар өссөн дүнтэй харагдаж байгаа юм.
-Нэрээ татсан  хоёр нэр дэвшигч зардлын мөнгөө өгөөгүй гэдэг шалтгаанаар намын даргын сунгаанаас хасах уу?
 
-Өөрийн хүсэлтэй илэрхийлж байгаа хэрэг. Намын даргын сунгааг анх долдугаар сард зарласан. Үүнээс хойш хойшилж явсаар одоо болох гэж байгаа юм.
 
-Нэр дэвшигчдээс цуглуулсан энэ мөнгөө нээлттэй ил тодоор зарцуулж чадах уу гэх асуудал бий. АН УИХ-ын ээлжит сонгуулиар мөн л нэр дэвшигчээсээ 100 сая төгрөгийн дэнчин авсан. Гэтэл одоо энэ мөнгө хаашаа зарцуулагдсан нь тодорхой байна гэх маргаан хүртэл гарсаар байгаа. Ийм маргаан үүсэхгүй гэх баталгаа байна уу?
 
-Үүнийг дундын хяналтаар зохицуулна. Нэр дэвшигч бүр өөрийн төлөөлөгчөө оролцуулна гэсэн үг. Хувь хүн дарга зарцуулахгүй. Намын даргын сонгуульд оролцож байгаа хүн тус бүр нэг төлөөлөгч гаргаад энэ  төлөөлөл нь мөнгийг юунд зарцуулахаа тооцоолж, хамтын удирдлагын системээр удирдаж явна.
 
-Бусад нам даргаа сонгохдоо тодорхой хэмжээний хөрөнгө шаарддаг уу. Эсвэл танайх сонгууль явуулж байгаагаараа?

-Бусад намыг ямар зохион байгуулалтаар яаж явуулдгыг нь хэлж мэдэхгүй байна намын даргаа сонгоход ялгаагүй тодорхой хэмжээний зардал гардаг л байж таараа. Гэхдээ нийтэд зарладаггүй. Нуух тусмаа хардлага түрүүлдэг. Энэ намын дотоод асуудал учраас гишүүддээ нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа юм. Намаас гарч байгаа зардлыг гишүүд мэдэж байх үүрэгтэй. Мөн намын даргад өрсөлдөгчид хаанаас мөнгөө олж байгаа вэ гэдгийг нь мэдэх эрхтэй. Нийгмийн хяналт дор зохион байгуулж байгаа юм.  Маргааш сонгуулийн зардлыг задаргааг тодорхой болгоно. Жишээлбэл, сурталчилгааны зардалд хэдэн төгрөг, саналын хуудас, сурталчилгааны хуудас хэвлэхэд хэдэн төгрөг зарцуулахаа нээлттэй болгоно. Тэгэхгүй бол энэ мөнгийг хаанаас хэн гарсан бэ. Мөнгөтэй хүн намыг нь худалдаад авчихсан юм биш үү гэдэг хардлага нийгэмд гарахаар байна. Цаашлаад улс төрийн намууд бүх зардлаа шилэн болгохыг уриалж байна.

-Сонгуулийн зардлыг намын Дотоод сонгуулийн хороо эцэслэн баталсан гэж ойлгож болох уу?
 
-Тэгнэ. Гэхдээ шийдэхээсээ өмнө аймаг, нийслэл, сум, дүүргээс судалгаа авна. Санал авахад байрны түрээ хэд гарах вэ, хэчнээн хүн оролцох вэ, хоол унааны зардал, цар тахал гарсантай халдвар хамгааллын хэрэглэл зэргийг тооцож гаргасан гэсэн үг.
 
-Ардчилсан нам хоёр зохион байгуулалттай яваад байна. Та бүхэн намын даргын сунгаан явуулахаар зардал мөнгөө тооцоолж, хандив авчихдаг. Дараа нь сонгогдсон даргыг нь хүлээн зөвшөөрөхгүй маргаан үүсвэл яах вэ?
 
-Маргаан гарахыг би мэдэхгүй. Дотоод сонгуулийн хороо нь С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрын аль нэгнийх нь томилдог байгууллага биш. Энэ нь Сонгуулийн ерөнхий хороотой адилхан хэн нэгэн удирдаж болохгүй намын Их хурлаар томилсон хараат бус байгууллага. Хоёр хүн маргасан ч эцсийн шийдвэрийг Дээд шүүх гаргана. Намын 200 мянган гишүүн сонгочихсон хүнийг бид Дээд шүүхэд өргөн барьж, зөвшөөрүүлэх үүрэг хүлээнэ.
 
 

И.МӨНХЖАРГАЛ: Намын даргад өрсөлдөгчдийн дунд дэнчингийн мөнгө гэж зарлаагүй, намын даргын сонгуулийн зардлаа олох үүрэг өгсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188