• Өнөөдөр 2025-05-12

Эргэлтийн тойм: Сонгуулийн сурталчилгаа эхэлж, шагналын хур буусан долоо хоног

2021-05-29,   624

       Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, дэлхий дахинд болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон медаль гардуулав. Түүнчлэн Засгийн газар хуралдаж зарим шийдвэр гаргалаа. Эдгээр үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Сонгуулийн сурталчилгаа эхэлж, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулав

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн санал авах өдрөөс 16 хоногийн өмнө сурталчилгааны ажлыг эхлүүлж, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах учиртай. Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардан авч, албан ёсны сурталчилгааны ажлаа эхлүүлэв.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд парламентад суудалтай гурван намаас нэр дэвшиж байгаа билээ. Тодруулбал, МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нар дэвшиж буй. 
 
МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Баялагтаа эзэн монгол” уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Тэрбээр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсны дараа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Надад итгэл, хариуцлага үүрүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж олгосон журмын нөхөд болон ард иргэддээ талархаж буйгаа илэрхийлье. Энэ удаагийн ээлжит сонгууль маш нэр хүндтэй хариуцлагатай. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн монголчууд гэлтгүй дэлхий дахинаа анхаарлаа хандуулж байна. Төрийн тэргүүний сонгуулийг хэрхэн зохион байгуулах вэ, ямар үр дүнтэй гарах вэ гэдгийг ард иргэд болон олон улс ажиглаж байгаа. Энэ бол УИХ, орон нутгийн сонгууль биш. Улс төрийн намын сонгууль ч биш.
 
Төрийн тэргүүний сонгууль учраас ил тод, нээлттэй, хуулийн хүрээнд явуулах зайлшгүй шаардлагатай. Ямар нэгэн маргаан, будилаан гарч болохгүй. Сонгуульд өрсөлдөж байгаа болон сонгуулийн компанит ажилд ажиллаж байгаа бүх хүмүүст ил тод, шударга, нээлттэй байхыг уриалмаар байна” хэмээн мэдэгдсэн. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол-Ардчилсан Монгол” гэх уриатай оролцож байгаа юм. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат “Монгол чадна” уриаг дэвшүүлээд буй. Ийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид кампанит ажилдаа орж, тойргуудад ажлаа эхэлжээ.

Шагналын хур буусан долоо хоног

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, салбар салбарын тэргүүний ажилчдад төрийн дээд орон медаль хүртээлээ. Түүнчлэн Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээсэн юм. 
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр “Ойн хишиг” төвийн захирал, Байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадууз, Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Жаалдүүгийн Тогтохсүрэн, “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр нарыг шагнасан билээ.
 
Харин Монголын жүдо бөхийн Гавьяат дасгалжуулагч Дамирангийн Баатаржав, Гавьяат тамирчин Дашгомбын Баттулга нарт Ардын багш цол, гавьяат эмч Дамбын Сэржээд Ардын эмч цолыг хүртээв. Энэ мэт салбар салбарын шилдгүүдэд  төрийн дээд одон медель хүртээж, шагналын хур буулаа.

Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг Пфайзер вакцинд хамруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг Пфайзер вакцинд хамруулах шийдвэр гаргалаа. Монгол Улс нийт 4.7 сая тун вакцин татан авсан бөгөөд урьд шөнө КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 100,620 мянган тун Файзер вакцин хүлээн авчээ.
Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр, эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн иргэдийг Пфайзер вакцинд хамруулахаар шийдвэрлэлээ.  Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл олон улсын судалгаа, мэдээлэлд үндэслэн “жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин тарих боломжтой” гэсэн зөвлөмж гаргасан байна. Мөн халдвар авах өндөр эрсдэлтэй жирэмсэн, хавсарсан эмгэгтэй жирэмсэн хүнд эмчлэгч эмч, эрүүл мэндийн ажилтны заавраар вакцин хийж болно гэж ДЭМБ зөвлөдөг юм.
 
Хөхүүл эмэгтэйчүүдийг үйлдвэрлэгчийн өгсөн заавар, зөвлөмжийн дагуу Синофарм үйлдвэрийн Вероселл вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа.
 

Эргэлтийн тойм: Сонгуулийн сурталчилгаа эхэлж, шагналын хур буусан долоо хоног
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188