Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн сурталчилгааны ажил хэдийн эхэлж, ээлжит Ерөнхийлөгч тодроход хэдхэн хоногийн хугацаа үлджээ. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө сонгогчдод танилцуулж, 21 аймгаар тойрч байгаа харагдана. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинээр сонгогдох Ерөнхийлөгч зургаан жил төрийн эрхийг барина гэдгээрээ энэ удаагийн сонгууль нэлээд онцлогтой болж буй.
Төрийн бодлого тодорхойлж, ард түмний эв нэгдлийн хангах үүрэг хүлээсэн хүнд зургаан жил гэдэг багагүй хугацаа юм. Иймдээ ч сонгогчдод хариуцлагатай үе ирж, хэн ямар бодлогоор хэрхэн төрийн жолоог атгах вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд парламентад суудал бүхий гурван намын төлөөлөл өрсөлдөж байгаа. Тодруулбал, МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар дэвшиж байгаа бол Зөв хүн электорат” эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат дэвшиж байгаа билээ.
Тэд өөр өөрийн гэсэн үзэл баримтлал бүхий мөрийн хөтөлбөр боловсруулсан бөгөөд нэр дэвшигчдийн сонгуульд ялалт байгуулах гол бодлого нь мөрийн хөтөлбөр болж буй. Хэдийгээр нэр дэвшигч тус Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хэрэгжүүлэх шинэ санаачилга, шинэ бодлогоо тодорхойлчихсон ч төрийн залгамж халаа улсын хөгжилд юу юунаас илүүтэй чухал гэдгийг сануулах нь зүйтэй биз ээ. Өөрөөр хэлбэл, шинээр сонгогдох Ерөнхийлөгч хуучин Ерөнхийлөгчийн хийж дуусгаагүй ажлыг үргэлжлүүлж, хийх чадаагүйг нь эхлүүлэх хариуцлагатай хугацаа ирж байна.
Монгол Улс хэдийгээр парламентын засаглалтай ч Ерөнхийлөгчийн байр суурь төрийн бодлогод багагүй үүрэг гүйцэтгэдэг. Тэр тусмаа гадаад бодлого, хамтын ажиллагаа, Зэвсэгт хүчний салбарт онцгой үүрэг хүлээдэг нэгэн билээ. Одоогийн Ерөнхийлөгчийн хийж амжаагүй, эхлүүлсэн ажлуудаас цааш үргэлжлүүлэх хэд хэдэн онцлох ажил бий. Угтаа бол энэ ажлын дунд ирээдүйн Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд нөлөөлж, эдийн засагт өөрчлөлт авчрах чухал төслүүд ч байгаа юм.
Төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх нь хамгийн оновчтой бодлого
Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн хамгийн том төсөл нь төмөр замын бүтээн байгуулалтын ажил. Үндэсний хэмжээний томоохон төслийг хоёр жилийн өмнөөс эхлүүлж, төслийн ажил үндсэндээ дуусах шатандаа ороод буй. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсийг дэлхийн зах зээлд гаргахад том түлхэц болох Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг цааш үргэлжлүүлэх нь эдийн засагт хамгийн оновчтой бодлого болох нь. Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замын төслийг дуусгасны дараа Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбож, улмаар Сүхбаатар, Дорнод аймгаар дамжуулан Бичигтийн боомттой холбох төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах шаардлагатай.
Төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг Бичигтийн боомт хүртэл барьж 8байгуулснаар төмөр замын дагуу байрлах 37 орд газрын баялгийг эргэлтэд оруулах, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, транзит тээврийн маршрутыг хөгжүүлэх замаар эдийн засгийг тэлэх, нэг зах зээлээс хараат бус байдлыг бий болгох ач холбогдолтой хэмээн үзэж буй.
Монголоор дайруулах хийн хоолойн төсөл
Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хөршийн найрсаг харилцаа гадаад харилцааны хамтын ажиллагаанд ач холбогдол өгч, монголын талд ашигтай байх томоохон ажил эхлүүлсэн нь Байгалийн хийн хоолойг Монголын газар нутгаар дайруулах болсон явдал юм. 20 гаруй жил ярьж, тодорхой үр дүнд хүрээгүй байсан төслийг 2019 онд Ерөнхийлөгч ОХУ-д айлчлал хийх үеэрээ ярилцаж, хэлэлцээрт хүргэсэн билээ. Тус төсөл хэрэгжсэнээр манайд жилд нэг тэрбумын ашиг өгөх өгөөжтэй төсөл хэмээн тодорхойлоод буй. Иймд хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгчийн гадаад бодлого, хамтын ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэнэ.
Гуравдагч хөршийн харилцааг бэхжүүлж, экспортлогч орон болох
Монгол Улс дэлхийн хоёр том их гүрний дунд оршдог гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай улс гэгддэг. Иймдээ ч Ерөнхийлөгчийн хамгийн чухал ажлын нэг нь гуравдагч хөрш улстай найрсаг харилцаа хамтын ажиллагааг эхлүүлж, эдийн засгийн үр өгөөжийн нэмэгдүүлэх юм. Угтаа бол Монгол Улсад үйлдвэрлэсэн дотоодын бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргаж, үйлдвэрлэгч орон болоход гуравдагч хөрш орны нөлөө нэлээд бий. Иймд гуравдагч хөрштэй харилцах гадаад бодлогын залгамж чанарыг үргэлжлүүлэх нь хамгийн гол ажил юм.
Шударга шүүх, эрх, тэгш хууль зүйн тогтолцоо
Манай улсыг ардчилсан, чөлөөт нийгмийн тогтолцоотой хэмээдэг ч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эсэх нь эргэлзээтэй. Хэдийгээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд монгол хүний эрх, эрх чөлөөг хангах талаар хууль зүйн олон шинэчлэл хийж эрх зүйн орчныг боловсронгуй болгосон ч хууль, шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл бага байдаг гэх тоон үзүүлэлт байдаг. Иймдээ ч ард түмний эв нэгдлийг хангах чиг үүрэг хүлээж буй Ерөнхийлөгчийн хийх ёстой ажлын нэг нь хүн бүрийн эрхийг тэгш хангаж, шударга шүүхийн тогтолцоог бий болгох.
Х.Баттулгаас өвлөгдөж шинэ Ерөнхийлөгчийн үргэлжлүүлэх чухал ажлууд |
|