• Өнөөдөр 2025-03-14

Горилогсод гараанаас гарлаа

2021-05-03,   892

     Сар гаруйхны дараа монголчууд шинэ Ерөнхийлөгчтэй болно. Шинээр сонгогдох Ерөнхийлөгч зургаан жил Монгол Улсын нүүр царай болж, монголчууд эв нэгдлийг хангах төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх учиртай. 
 
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа энэ жилээр дуусгавар болж байгаа гэсэн үг. Дөрвөн жил төрийн эрх барьсан түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үү, үгүй юү гэдэг маргаан жил орчмын хугацаанд үргэлжилсэн. Улмаар Үндсэн хуулийн шинэчлэлээр түүнийг дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэж үзсэн билээ. Иймдээ ч парламентад суудалтай намууд хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ тодруулахаар өнгөрсөн долоо хоногт дээр дооргүй бужигналаа. 
Сонгуульд өрсөлдөх боломжтой гурван намын төлөөлөл Ерөнхийлөгчид нэр дэвших нам доторх лидер гэгдэх улстөрчдөө өөр өөрийнхөө дүрмээр тодруулж, өчигдөр олон нийтэд зарласан юм. 
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай хоёр нам, хоёр эвслээс нэр дэвшигч өрсөлдөх байсан ч “Та бидний эвсэл”-ээс УИХ-д сонгогдсон С.Ганбаатар намаасаа гарч, МАХН МАН-тай хамтран сонгуульд оролцохоор болсон. Ингэснээр МАН, АН, "Зөв ХҮН электорат" эвслийн төлөөлөл ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой болсон. 

Цар тахлын амаргүй цаг үе гэгдэж байгаа ч хурал цуглаан, намын дотоод үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж, нэр дэвшүүлэх үйл ажиллагааг хуулийн хугацаанд вуулж дууслаа. Техник технологийн дэвшлийг ашиглан хурдан шуурхай зохион байгуулсан сайн талтай ч нам доторх дотоод ардчилал, гишүүдийн оролцоо, идэвхийг хангаж чадсан эсэх нь аль ч намын хувьд эргэлзээтэй асуулт болж буй. 

 
Нөгөө талаараа улс төрийн хүчнүүд нэр дэвшигчдээ хэдийнэ тодорхойлчихсон байсан. Намууд дотроо нэр дэвшүүлэх, дотоод сонгуулийг зохион байгуулсан ч нэр дэвшигчид өмнө нь тодорсон, “тавилттай”  үйл ажиллагаа байсан гэх маргаан ч гараад амжив. Угтаа бол тусгайлан бэлдсэн зохиолын дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явж байна гэх хардлага ч олны дунд  байсаар байна.
Эрх баригч намын тухайд өрсөлдөгчгүй сонгууль буюу нэрлэсэн нэг нэр дэвшигчийг тодрууллаа. Хэдийгээр тэд намын анхан шатны нэгж байгууллагын дунд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой таван хүний нэр цохож, санал асуулга явуулсан гэж байгаа ч хэн нэр дэвших вэ гэдэг нь тодорхой болчихсон байсан гэхэд хилсдэхгүй. Эрх баригч намынхан 100 жилийн ойн баяраараа Ерөнхийлөгчийн суудалтай болно хэмээн эртнээс намын дарга У.Хүрэлсүхийг сойсон иймдээ ч ард түмний дунд баатар болгох, зохион байгуулалттай кампанит ажлыг тасралтгүй явуулж байгаа харагдсан. Тэгвэл өчигдөр намын Удирдах зөвлөл болон Бага хуралдаанаар түүнийг 100 хувийн саналаар Ерөнхийлөгчид  нэр дэвшүүлэхээр болов.
Сөрөг хүчин гэгдэх Ардчилсан намын тухайд намынхаа нэр хүндийг шороотой хутгаад бүтэн жилийг үдэж буй. Хоёр хуваагдсан тус намынхан эцсээ хүртэл эвлэлдэн нэгдэж чадалгүй мөн л хоёр нэр дэвшигч тодруулав. О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх сунгаанд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар өрсөлдсөн бол М.Тулгат даргатай Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай УИХ-ын гишүүн Д.Ганбат нар өрсөлдсөн билээ. Ардчилсан намын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшүүлэх дотоод сонгуулийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур үлдсэн гишүүд ч цөөнгүй харагдана лээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ хүргүүлээд байсан УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Дүрмийн бус сонгуулиас нэрээ татлаа” хэмээн мэдэгдсэн. М.Тулгат даргатай Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нар мөн л сонгуулийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн.
 
Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлнэ гэдгийн үлгэрээр О.Цогтгэрэлийн талаас Н.Алтанхуяг, М.Тулгатын талаас С.Эрдэнэ нар Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлж өрсөлдөхөөр болсон. Гэвч тэдний нэгийг нь Сонгуулийн ерөнхий хороо бүртгэх учиртай. Улсын дээд шүүхийн шийдвэрлэж чадаагүй маргааныг Сонгуулийн Ерөнхий хороо эцэслэж бараг чадахгүй. Тэгэхээр энэ нь МАН-ынхантай аль эрт “ураг барилдсан” С.Эрдэнийн Ерөнхийлөгчид дэвшиж байгаа нэрээр У.Хүрэлсүхэд давуу тал үүсгэх эртнээс бэлдсэн зүйл гэдэг нь тодорхой болж байна.
Харин "Зөв ХҮН электорат" эвсэл буюу ХҮН-ынхан "Ерөнхийлөгчөө захиалъя" цахим санал асуулгыг багагүй хугацаанд явуулж, хамгийн олон санал авсан таван хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал тавиад байсан юм. Тодруулбал, олон нийтээс нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар, эдийн засагч Д.Жаргалсайхан, эмч Б.Болдсайхан, Датаком компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар хамгийн олон санал авсан учраас  ХҮН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавьсан гэдгээ мэдэгдсэн. Эдгээрээс эдийн засагч Д.Жаргалсайхан нэр дэвшихгүйгээ албан ёсоор илэрхийлээд байсан юм. Харин өчигдөр тус намын Удирдах зөвлөл хуралдаж, Хөдөлмөрийн Үндэсний намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбатыг нэр дэвшүүлэхээр болсон.
 
Ийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодрууллаа. Харин тэдний хэнд нь ирэх зургаан жилийн амьдралаа даатгахыг сонгогч түмний мэргэн сонголт мэдэх үлдлээ. 
 
 
 
 

Горилогсод гараанаас гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188