• Өнөөдөр 2024-09-18

XI ТОЙРОГ: “СОНГИНО”-ЫГ ШОХООРХОХ МАН, АН-ЫН “СОЛГОЙ” БАЯЧУУД

2024-06-26,   372

    Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Энэ удаад Сонгинохайрхан дүүрэг буюу XI тойрогт МАН, АН-аас нэр дэвшигчдийг танилцуулж байна.

     УИХ-ын сонгуулийн XI тойрогт МАН-ын намаас Ч.Номин, Н.Батшугар, П.Сайнзориг, Н.Хүрэлбаатар нар нэр дэвшиж байна. Харин АН-аас Н.Алтанхуяг, Н.Амаржин, Ч.Уянга, П.Галиндэв, Ж.Отгонбаяр нар нэр дэвшиж буй.

ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ Ч ТӨРИЙН СЭНТИЙД ЗҮТГЭГЧ

    Соёлын сайд Чинбатын Номин- 2003 оноос хойш аав Л.Чинбатынхаа “Гацуурт” ХХК-ийн Гадаад харилцаа хариуцсан захирал, “Тэрэлж” зочид буудлын гүйцэтгэх захирал, “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад 2021 онд Соёлын сайдаар томилогдсон.  

    Онцлог нь, Ч.Номин одоогийн Засгийн газрын хамгийн хөрөнгөлөг сайд гэх тодотголтой. Соёлын сайд Ч.Номингийн хөрөнгийг жагсааж үзвэл, 11.4 тэрбум төгрөгийн найман орон сууцтай, 1.1 тэрбум төгрөгийн зургаан автомашинтай, дотоодын дансандаа 1.9 тэрбум, гадаад дахь дансандаа 887 сая төгрөгийн хадгаламжтай, бусдаас 23.7 тэрбум төгрөгийн авлагатай, 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 24 компанид хувь, хувьцаа эзэмшдэг дүн гарч байна.  

      Хэрхэн ингэж хөлжсөн түүхийг нь товч сөхье. Ч.Номингийн аав Л.Чинбат, хадам аав Т.Ганхуяг хоёр нь 1993 онд “Гурвангол” ХХК-ийг хамтран байгуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг байх Гацууртын амны алтны шороон ордыг ухаж эхэлсэн. Ингээд 1998 онд Л.Чинбат “Гурвангол” ХХК-иасаа “Гацуурт” ХХК-ийг салбарлуулан байгуулж, харин Т.Ганхуяг “Гурван гол” ХХК-иа хариуцаж эхэлсэн түүхтэй. Одоо Л.Чинбатын “Гацуурт” ХХК нь алтны уурхай, нүүрсний уурхай, газар тариалан, телевиз, хүнсний ногоо, барилга, мал аж ахуй гээд бүх салбарт ноёлж буй. Харин Т.Ганхуяг “Гурвангол” ХХК-ийгаа “Гурвангол холдинг” ХХК болгосон. “Гурвангол холдинг” ХХК нь “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Баян-Айраг эксплорэйшн” ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байх “Баян айраг” гэх алтны асар том уурхай ажиллуулдаг. “Баян-Айраг эксплорэйшн” ХХК нь зургаан удаа цианид алдаж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын хүн амыг хордуулж, байгаль орчин ноцтой хохирол учруулсан гэгдэж хэвлэлээр гарч, хууль шүүхийн хаалга татахдаа тулж байсан ч үйл ажиллагаа явуулсаар буй.

ТӨСВИЙН МӨНГӨӨР СУРЧ, САЙДЫН ТУСЛАХААС ХОТЫН ОРЛОГЧ БОЛСОН П.САЙНЗОРИГ

    Хотын орлогч Пүрэвжавын Сайнзориг- Ааваараа Завхан, ээжээрээ Ховдынх. Отгонтэнгэр их сургуулийг 2005 онд төгссөн, хуульч мэргэжилтэй. 2006-2008 онд Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарын цув, цунхийг барьдаг туслахаар нь хоёр жил ажилласан. И.Эрдэнэбаатарын тухайд, П.Сайнзоригийн ээжтэй нь нэг нутаг буюу Ховдын уугуул, мөн Д.Загджавын нагац ах, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын Эх-орон намын генсек гэдгээрээ төр, түмэнд эчнээ танигдсан нэгэн. Улмаар П.Сайнзориг 2008 онд Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авч, Австралийн Нью Соүф Вэйлсийн их сургуульд хууль зүйн магистр хамгаалахаар явсан. Төрийн сайдын туслах байсан түүнд Боловсролын сангийн зээл хялбар олдсон биз.  

      П.Сайнзориг 2012 онд Австралиас буцаж ирээд Байгаль орчны яамандаа нэг жил ажиллаад, 2013 он Хууль зүйн яам руу шилжиж, тус яамны Хууль зүйн бодлогын газарт хоёр жил мэргэжилтнээр ажилласан. Ингээд 2016 онд Хууль зүйн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга, 2022 онд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшсэн. Улмаар өнгөрөгч 2023 онд Х.Нямбаатар Хотын дарга болмогцоо П.Сайнзоригийг орлогчоороо дэргэдээ авсан. Х.Нямбаатар өөрөө ирэх сонгуульд дэвшихгүй учраас өөрийнхөө тойрог Сонгинохайрхандаа П.Сайнзоригийг сойж буй.  

      Хотын орлогч П.Сайнзориг нэр дээрээ компанигүй. Гэхдээ ноцтой нэг баримт байна. Намтарт нь дурдсанчлан, П.Сайнзориг 2006-2008 онд Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарын туслах байсан. Тэгвэл Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар 2007 онд “Хөгжил хайрхан” ХХК-д Дархан цаазат Богдхан уулын Шажин хурхын аманд 9.0 га газар олгож байсан гэх. Ноцтой нь, “Хөгжил хайрхан” ХХК-ийг 2006 онд П.Сайнзоригийн аав Нацагийн Пүрэвжав, төрсөн дүү Пүрэвжавын Дагвасүмбэрэл хоёр үүсгэн байгуулж, эзэмшиж байгаад өнгөрсөн онд татан буулгасан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, П.Сайнзориг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарын туслах байхдаа аав, дүү хоёрыгоо Богд уулын аманд 9.0 га газартай болгож, хожим худалдаж хөлжүүлсэн байж болзошгүй ажээ. 

ЦАГААН НӨМРӨГТЭЙ ХАР ТҮҮХТЭЙ Н.ХҮРЭЛБААТАР

        Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа л авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, иргэдийн чихийг “мялааж” явсан Н.Хүрэлбаатар Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж байна. Тун ч хачирхалтай, халагламаар зүйл гэдэг энэ байх. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа түүнд орооцолдоогүй хэрэг бараг л байхгүй. Үүний дараа Н.Хүрэлбаатар Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Харин сүүлд АШУҮИС-ийн захирлаар томилогдон ажиллаж байсан билээ.

     Засгийн газар тарсны дараахан Эрүүл мэндийн сайд болсон Н.Хүрэлбаатар нууц хүү Н.Энхбатынхаа гэрт сейфтэй мөнгө хадгалуулсан нь тогтоогдож бөөн шуугиан дэгдээж байлаа.

      Тодруулбал, Н.Хүрэлбаатарын хүү Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны орон сууцнаас 2011 оны хавар төмөр шүүгээтэй 600 сая орчим төгрөгтэй тэнцэх хэмжээний валют алдагдсан хэрэг гарсан байдаг. Тухайн үед Энхбатын найз бүсгүй гэх Б.Болортуяаг цагдан хорьж, шалгасан бөгөөд хулгай хийсэн этгээдүүд “Наад эмэгтэй чинь энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэсэн мессеж Н.Хүрэлбаатарын хүүгийн гар утас руу илгээж, улмаар төмөр шүүгээг нь онгойлгож чадалгүй, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаяснаа мэдээлсэн байсан гэх. Хууль хяналтын байгууллагынхан мессеж илгээсэн дугаараар хөөж шалгахад утас эзэмшигч иргэн “Миний утсыг гуйж нэг залуу мессеж бичээд 5000 төгрөг өгсөн. Тэр хүн “Ахынх нь утас цэнэггүй болчихлоо” хэмээсэн” гэж тайлбарласан гэдэг. Хуулийн байгууллагынхан төмөр шүүгээг онгойлгоход дотор нь хоёр сая 245 мянган юань болон 6000 ам.доллар гарч байжээ. Тэр үед хүү Х.Энхбат нь “Миний аав болох Н.Хүрэлбаатар надад энэ сейфтэй мөнгийг хадгалуулсан. Энэ байрыг ч мөн аав маань 2011 оны хоёрдугаар сард худалдан авч өгөөд, хананд нь сейф суурилуулсан” гэж тайлбарлаж байжээ.

         Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хүүгийн гэрээс алдагдсан их хэмжээний мөнгө нь бусдаас хахуульд авсан, мөнгө угаасан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй хэмээн түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж, АТГ-аас шалгаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Н.Хүрэлбаатар “нууц” хүүтэй, “нууц” хүү нь байртай, байрныхаа хананд сейфтэй, сейфэндээ их хэмжээний мөнгөтэй, тэр мөнгө нь экс сайдынх байсан гэх яриа тухайн үед гарч байжээ. 

        Түүнийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй хэмээн Олон улсын интерполоор эрэн сурвалжилж байсан. Гэвч уг мөнгийг ямар замаар олсныг хуулийнхан тодорхой болгоогүй гэх. Н.Хүрэлбаатар 2012 оны нэгдүгээр сард Эрүүл мэндийн  сайдаар томилогдож, 2013 оны зургаадугаар сарын 7-нд Сөүлээс ирэхэд нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилж байжээ.

УЛС ТӨР АХАДСАН “ЭЛИЙРЭГЧ” Ц.УЯНГА

       Цахим сүлжээнд “Элийрэгч” нэрээрээ танигдсан Ц.Уянга Ардчилсан намд элсээд удаагүй хэр нь нэр дэвших эрхээ авсан ч голж шилж, намынхаа удирдлагуудыг шүүмжилж цахим сүлжээнд чамгүй дуулиан дэгдээв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүргийг усалсан ч Сонгинохайрханд хуваарилагдсандаа шаралхаж, намынхаа нөхдийг цахим сүлжээгээр хангалттай булли хийлээ. Цахим сүлжээнд “од”, улс төрийн шүүмжлэгч хэдий ч түүнд улс төрд ажилласан туршлага байхгүй. Тэр байтугай улс төрд тэнцэх эсэх нь ч эргэлзээтэй нэгэн. Өөрөөр хэлбэл, Банкокт хувийн бизнесээ бойжуулсан хэмээн томордог тэрбээр ядуучуудын дүүрэгт хоол зардаг, жирийн нэг “тогооч” гэдгийг нь хуульч Д.Үүрцайх хувийн видео бичлэгээрээ зарласан байдаг.

       Тэрбээр Улаанбаатар хотод төрж өссөн. Орос гуравдугаар сургуульд суралцаж, хувиараа бизнес эрхэлсэн гэх намтартай. 2008 оны долдугаар сарын 1-ний жагсаалыг эхүүлсэн 40-өөд хүний нэг гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрбээр 2016 онд НИТХ-д Иргэний хөдөлгөөн намаас нэр дэвшиж байлаа. "M.A.D MONGOLIA" компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг гэх нимгэн намтартай. Хэдийгээр сонгох, сонгогдох эрх хүн бүхэнд байгаа ч улс төрд бэлтгэгдсэн, ард түмнийг төлөөлж чадах хүн байх эсэх нь эргэлзээтэй. Түүний нэг жишээ нь жилийн өмнө одонтой ээжүүдийг ёс бусаар хэлсэн жиргээ нь олны шүүмжлэлд өртөж байлаа.

С.ЭРДЭНЭД “АД ҮЗЭГДЭЖ” СОНГИНОХАЙРХАНД ХУВААРИЛАГДСАН П.ГАЛИНДЭВ

      Ардчилсан намаас урдаа барьдаг боловсон хүчнүүдийн нэг гэгдэх П.Галиндэв Баянголоос жийгдэж, Сонгинохайрханд дэвшихээр нэр нь зарлагдсан. Гэвч тэрбээр тойргоо голж, нэрээ татахаа мэдэгдлээ. Тэр байтугай цахим сүлжээгээр П.Галиндэвийг Баянголд зүтгүүлсэн бол гэх өмөөрөлт сүүлийн хэд хоног хөврөх болов. Гэвч начир дээрээ уулын бугыг хараад унасан морио голов гэгч болов. П.Галиндэвийн хувьд Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдож байсан удаатай. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын фракцын хүн учир АН-ын дарга асан С.Эрдэнийг шалгуулах хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд гаргаж байсан гэдэг. Тэрбээр Намтар судлалын хүрээлэнд гүйцэтгэх захирал, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албаны дарга, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын дэд захирал, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга, Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний Тэргүүнээр ажиллаж байсан нэгэн. П.Галиндэв дансандаа 3.0 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 650 толгой малтай, бусдаас 100 сая төгрөгийн авлагатай.  

П.Галиндэв УИХ-ын гишүүн асан Л.Эрхэмбаяртай “Агро селезшнпарк” ХХК-ийг, төрсөн хоёр ахтайгаа “Насан далай” ХХК-ийг тус тус эзэмшиж ирсэн. Гэхдээ энэ компаниуд нь ямар үйл ажиллагаа явуулж байсан нь тодорхойгүй. Угтаа бол эрхэлдэг бизнес нь тодорхойгүй ч тэрбумтан болсон нь анхаарал татаж байна.

АН-ААС “НОГООН ГЭРЛЭЭР ТАТУУЛСАН” Н.АМАРЖИН

         Н.Амаржин комедиан гэдгээрээ олонд танигдсан. Түүнийг төрж байхад ардчилсан хувьсгал ид өрнөж байлаа. Ардчилалтай нас чацуу 90-ээд оны төлөөлөл улс төрд хөл тавьж, ингэхдээ бүр Ардчилсан намын даргын зөвлөх гэх албан тушаалтай 30 жил ардчиллын төлөө зүтгэсэн гишүүдийнх нь урдуур “ногоон гэрлээр” орж ирсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түүнийг АН-ын дарга Л.Гантөмөр Сонгинохайрханд Н.Алтанхуягийг бараадуулан сойж байгаа юм.

       Аавынхаа удам угсаагаар Өвөрхангайн гаралтай. Өөрөө Улаанбаатар хотод төрж, 2003 оноос хош гэр бүлээрээ АНУ-д амьдарсан. Улмаар баруунд боловсрол эзэмшиж, улс төр судлалаар мэргэжил эзэмшсэн. Улмаар Монголд ирсэн даруйдаа "Юниверсал" англи хэлний төвийг үүсгэн байгуулж, комеди урлаг Монголд дэлгэрч байх үед комедиан хэмээн олонд танигдсан.

      Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч, комедиа” Н.Амаржин оффис, орон сууц, хувийн хаус, зуслангийн байшин, машин унаа, мал ахуй ёстой юу ч байхгүй, харин 200 саяын үнэт эдлэлтэй гэжээ. Тэр таван жилийн өмнө сошиал ертөнцийг доргиосон нүсэр хурим хийсэн. Магад, хуримаар нь цугласан мөнгө, аяга сэлтийг 200 саяын үнэт эдлэл гэж мэдүүлсэн биз. Гэхдээ хөлгүй хурим хийчихээд амьдрах байраа, ядаж хашаа байшинтай ч болж чадаагүй бололтой юм. Гол нь, Н.Амаржин данс, хэтэвчиндээ 100 төгрөг ч үгүй атлаа 350 мянган хүн амтай, хотын хамгийн том дүүрэг Сонгинохайрханд сурталчилгаагаа хэрхэн явуулж буй нь сонин байна. 

“СОНГИНО”-Д ДААГАА НЭХЭХ Ж.ОТГОНБАЯР

       XI тойрогт АН-аас нэр дэвшигч Ж.Отгонбаяр олон улсын тээврийн удирдлагаар суралцаж төгссөн ч сэтгүүл зүйн салбарт хүч үзэж яваа. Тэрбээр “Эх орон”, “Парламент” телевизийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. 2020 оны сонгуулиар “Зөв хүн Электрот эвсэл”-ээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн ч өвдөг шороодож байсан. Энэ удаад АН-аас нэр дэвшиж даагаа нэхэж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй “халаас нэгтэй” хамтрагчид.

      Тодруулбал, 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй тэрбээр “Монголиан контент девелопмент фактори” ХХК, “Бидний цөөхөн монголчууд” ХХК, “Вондер воркс” ХХК-нд хувь эзэмшдэг хэмээн мэдүүлсэн. “Монголиан контент девелопмент фактори” ХХК нь “Эм Ди энтертайнмент” ХХК-ны харьяанд байсан. Улмаар “Эм Ди энтертайнмент” ХХК-ийг Бадамгаравын Цэнд-Аюуш, Бадамгаравын Нинжбадгар нар эзэмшдэг. Б.Нинжбадгар нь С.Эрдэнийн эхнэр юм.

 


XI ТОЙРОГ: “СОНГИНО”-ЫГ ШОХООРХОХ МАН, АН-ЫН “СОЛГОЙ” БАЯЧУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-26 19:58:54
    Зочин: SAWI80955877TANILTSI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-26 19:55:04
    Зочин: SEKSEER ANUSDI80955877 TSAGN44 DSH
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-26 19:53:35
    Зочин: XUCHINDUULI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-26 18:07:12
    Нэргүй: Алтанхуяг, Батшугар хоёроос мөнгө аваа юу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-26 12:39:37
    1: Алтанхуяг, галиндэв, Отгонбаяр 3 гарна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-26 08:36:14
    Зочин: МАН -аа сонгоод бай, улам ядуурна!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188