• Өнөөдөр 2024-09-18

X ТОЙРОГ: МАН, АН-ЫН ТОМЧУУДЫН ТӨРД ЗҮТГҮҮЛЖ БУЙ “ТАВИУЛ”-УУД

2024-06-25,   240

      Томсгосон тойрог толгой баячуудын олз, тойрогт танигдаж амжаагүй улстөрчдийн гарз болж байна даа. Эрх баригч МАН, сөрөг хүчин АН хоёр томгосон тойрогт хууччуулаа илгээж, түүнийгээ дагуулж, толгой баячуудын өв залгамжлагчид, цаашлаад улс төрд удаан бэлдсэн “шавь” нараа томилон явуулсан. Түүний хамгийн тод жишээ нь УИХ-ын X тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт дэвшигчид юм.

      МАН-аас энэ тойрогт Н.Учралаар ахлуулсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Цогтбаатар, МАН-ын гишүүн Г.Дашням, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл нар нэр дэвшиж байгаа. Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү тэргүүтэй АН-ын гишүүн Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал, Ц.Баатархүү, Л.Бадарсан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар дэвшиж байна. Тэгвэо МАН, АН-ын томчуудын төрд зүтгүүлж буй нэр дэвшигчдийн хэн хэн болохыг дэлгэрэнгүй танилцуулъя.

“М СИ ЭС”-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ Д.ЦОГТБААТАР

      УИХ-ын сонгуулийн Х тойрогт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 1994 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташегаар томилогдож, улс төрд орсноосоо хойш албан тушаал ахисаар УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдож, төрийн албанд тарсалтгүй 30 гаруй жил сууж байгаа юм.

       Түүнийг “М Си Эс” группын “Энержи ресурс”-ийг төр төлөөлж суудаг гишүүдийн нэг гэдгээр нь олон нийт илүүтэй мэднэ. Өөрөөр хэлбэл, Монголын толгой баячуудын бүлэглэлд багтдаг “М Си Эс” группээс угшилтай, тус группыг төрд төлөөлдөг, эрх ашгийг нь хамгаалдаг, хамаарал бүхий гишүүдийн нэг гэсэн үг.

        УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын эхнэр Т.Болормаа нь “М Си Эс” группийн харьяа “Интермед” эмнэлгийн Ерөнхий захирлаар ажилладаг. Товчхондоо, Д.Цогтбаатар “М Си Эс” групптэй хувь, хувьсгалын “хэтэвч” нэгтэй хамтрагчид. Цаашилбал, Д.Цогтбаатар өөрөө ч уул уурхайтай, тэр тусмаа нүүрстэй холбогдож явсан үе бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сү.Батболд нар гадаадад оффшор данстай гэх мэдээлэл 2016 онд задарч байв. Улмаар Д.Цогтбаатар, Сү.Батболд нар зэрэгцэж суугаад, яаран сандран хэвлэлийн хурал хийсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг уул уурхайн ашигт малтмалын, тэр дундаа алт, нүүрсний 187 ширхэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Бату майнинг” ХХК-тай холбоотой гэх мэдээлэл цацагдаж байв. Харин Д.Цогтбаатар “Австрали найз маань Монголд хамтарч бизнес хийе гэж ярьж байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай “Бату майнинг” компани биднийг урьсан. Монголдоо хөрөнгө оруулалт татъя гэж бодсон. Түүнээс биш оффшор данстай нь ямар ч холбоогүй” гэх тайлбар хийгээд өнгөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 187 тусгай зөвшөөрөлтэй “Бату майнинг” ХХК-тай хамтарч, уул уурхайн, тэр тусмаа нүүрсний бизнес эхлүүлэх гэж байв. Өдгөө “Бату майнинг” ХХК-ийг оффшор бүс буюу Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй “Batu Mining Limited” компани эзэмшдэг. Харин гүйцэтгэх захирлаар нь Сазонов Дмитрий Сергеевич гэгч ажилладаг. 2017 оны нэгдсэн бүртгэлээр “Бату майнинг” ХХК Монгол Улсад алт, нүүрс, газрын ховор элементийн 124 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгааг АТГ-ын дарга асан Х.Энхжаргал УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд нэгтгэж танилцуулсан байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ

       Чингэлтэй дүүргээс хоёр ч удаа горилж, олонхын саналаар УИХ-д найман жил сууж буй М.Оюунчимэг гандах буурсангүй, дахин дэвших хүсэлтээ илэрхийлээд байгаа юм байна. Хөвсгөл аймгийн харъяа тэрбээр ОХУ, Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, сэтгүүл зүйн мастер, АНУ, Оклахома мужийн Улсын их сургууль, сэтгүүл зүйн мастер хамгаалсан. Монголын үндэсний телевиз, “ММ” агентлаг редактор, ахлах редактор, тоймч, “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар томилогдсон.

       Улмаар  Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, Монгол ардын намын бүлгийн ажлын албанд зөвлөх, Монгол ардын намын Нарийн бичгийн дарга, “Монголын мэдээ” агентлагийн захирал, Монголын хөгжлийн стратегийн хүрээлэн УЗ-ийн гишүүнээр ажилласан. Улмаар 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж буй. Энэ хугацаанд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажилласан.

Т.АЮУРСАЙХАНЫГ ЗАЛГАМЖЛАХ Н.БАТСҮМБЭРЭЛ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн Батсүмбэрэл- Уугуул нутагт Баянхонгорын Баацагаан ч, суугуул нутагт нь Чингэлтэй дүүрэг. Тэрбээр Т.Аюурсайхантай улс төрд хэлхээтэй мэт хамт явж ирсэн.

     Тодруулбал, 2008 онд Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл хоёр хоёулаа Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болж байлаа. 2012 онд Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл хоёр хоёулаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байв. Улмаар 2012 оны аравдугаар сард Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдож, харин орлогчоор нь Н.Батсүмбэрэл томилогдож байлаа. 2013 онд Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Т.Сайнжаргал нар “Монгол ардын намын шинэчлэл хөгжлийн хороо”-г байгуулж, Тусгаар тогтнолын ордны гадаа гэр барьж, “Шинэчилье” хөдөлгөөнийг өрнүүлж байлаа. Дараа нь, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Т.Сайнжаргал нар дахиад Төрийн ордны баруун талд улаан алаг майхангууд барьж, “Монголоо аваръя” хөдөлгөөнийг өрнүүлж, АН-ын эсрэг акцалж байв. Шагналд нь, 2016 онд Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, Н.Батсүмбэрэл НИТХ-ын төлөөлөгч, харин Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал, Н.Удаанжаргал “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Т.Сайнжаргал “Зүүнбаян төмөр зам” ТӨХК-ийн Дэд захирлаар тус тус томилогдоцгоож байв.

 

Дараа нь, Т.Аюурсайхан 2019 онд Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга болж, улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргээс хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ингээд 2020 оны намар Н.Батсүмбэрэлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад зүтгүүлж, хүссэндээ хүрч байв. Өдгөө Н.Батсүмбэрэл Т.Аюурсайханы орыг залгаж, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж буй. Тэгэхээр Т.Аюурсайхан өөрөө нэр дэвшихгүй ч, өөрийнхөө оронд Н.Батсүмбэрэлийг зүтгүүлж буй гэсэн үг.

“МАГНАЙ ТРЕЙД”-ИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ Г.ДАШНЯМ

“Жи-Мобайл”-ын ТУЗ-ийн дарга Ганзоригийн Дашням- Хэнтийн аймгийн Дадал сумын уугуул. Шатахууны магнат, хот, хөдөөд 300 гаруй салбар ШТС-тай “Магнай трейд”-ын эзэн Р.Ганзоригийн хүү. Мөн сүүлийн хоёр жил Улаанбаатарын гудамжаар “хөглөрч” буй “Jet” скүүтерээрээ залуучуудад танигдаж байгаа. Намтрынх нь тухайд, 1990 онд дөрвөн настайдаа Орос руу нүүж, Москвад бага сургуулиа төгссөн. Тэндээсээ Швейцарь руу нүүж, Женевт ахлах сургуулиа төгссөн. Тэндээсээ Англи руу нүүж, Лондонд их сургуулиа төгссөн. Ингээд 18 жилийн дараа, 2008 онд 22 настай Монголдоо ирсэн. Одоо Г.Дашням аавынхаа “Магнай трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Жи-Мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа. Мөн өнгөрсөн жил бие даасан бизнесээ эхлүүлж, “Жет шаринг монголиа” ХХК-аараа скүүтер түрээслүүлж эхэлсэн. 

     Эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сард Г.Дашням аав Р.Ганзоригтойгоо ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд баривчлагдаж байлаа. Учир нь, “Эрдэнэт”-ийг барьцаалж “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү хэрэг нь илэрмэгц 16 аймагт салбар ШТС-тай “Жаст ойл” ХХК-аа Р.Ганзоригт өгсөн, харин Р.Ганзориг “Жаст ойл” ХХК-ийг нь хүү Г.Дашнямынхаа нэр дээр шилжүүлсэн гэх асуудлаар ийнхүү баривчилж 48 цаг саатуулаад суллаж байлаа.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГ БАРЬЖ АВЧ "ПИ-АР"-АА ХИЙСЭН ГЭГДЭХ О.БАТНАЙРАМДАЛ

      “Боловсролын зээлийн сангийн хулгай” гэх ээлжит “сошиал сценар”-ыг О.Батнайрамдал гэх залуу дэглэж, дэлгэв.

     О.Батнайрамдалын хувьд, 2014 онд Л.Оюун-Эрдэнэтэй Харвардад “учирч”, хожим улс төрийн хамтрагч нь болох эхлэлээ тавьсан. Тухайлбал, АНУ-ын Харвардын Кеннеди Их сургуулийг 2015 онд Л.Оюун-Эрдэнэ Төрийн удирдлагын магистраар, О.Батнайрамдал Бизнесийн удирдлагын магистраар хамт төгсөж байв. Л.Оюун-Эрдэнэ буцаж ирээд УИХ-ын гишүүн болж, харин О.Батнайрамдал АНУ-д үлдэж, ажилласан. Улмаар 2018 онд О.Батнайрамдал Монголд ирээд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Хувьцаа хариуцсан дэд захирлаар, 2019 оноос Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр, 2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар, 2023 оноос МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож байлаа.  

З.ЭНХБОЛДЫН “БОЙЖУУЛСАН” И.МӨНХЖАРГАЛ

         АН-ын дэд дарга Ишжамцын Мөнхжаргал- Өвөрхангай аймгийн уугуул. ШУТИС-ийг төгсөөд, нутагтаа очиж 2004-2014 онд “Арвайхээр чөлөөт суваг” телевизийн гүйцэтгэх захирлаар 10 жил ажилласан. Түүх сөхвөл, З.Энхболд 2004 онд Өвөрхангай аймгаас УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон. Тухайн үед З.Энхболд Өвөрхангайд өөрийгөө сурталчилж байхын тулд “Арвайхээр чөлөөт суваг” телевизийг үүсгэн байгуулж, И.Мөнхжаргалаар ийнхүү 10 жил удирдуулсан байдаг. Харин одоо “Арвайхээр чөлөөт суваг” телевизийг З.Энхболдын “цэрэг”-үүдийн нэг, Өвөрхангайд 2016, 2020 онуудад нэр дэвшээд унасан, ирэх сонгуульд дахин горилж буй О.Алтангэрэлийн ээж Ж.Оюунсайхан эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь О.Алтангэрэлийн 10 жилийн ангийн найз Г.Цогбаяр ажиллаж буй.

     Цаашилбал, И.Мөнхжаргал 2012-2016 онд Өвөхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Өвөрхангай аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан. Улмаар 2016 оны сонгуулын дараа хотод орж ирж, 2017 оноос АН-ын Дотоод сонгуулийн хорооны дэд дарга, даргаар ажиллаж байгаад 2022 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, 2023 онд АН-ын дэд дарга болж дэвшсэн намтартай.

Э.БАТ-ҮҮЛИЙН “БОЙЖУУЛСАН” Ц.БААТАРХҮҮ

НИТХ-ын төлөөлөгч асан Цэндийн Баатархүү- Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүлийн аавтай нэг сумынх. Тиймдээ ч Ц.Баатархүү 2004 онд Хан-Уул дээд сургуулийг төгсөөд, 2005-2006 онд буюу Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж төрд орж ирсэн. Улмаар 2012 онд НИТХ-ы төлөөлөгч болж, Хотын дарга Э.Бат-Үүлийн орлогчоор томилогдон нэг жил ажилласан. 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр томилогдсон. Дараа нь, 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр улиран сонгогдож, АН-ын бүлгийн даргаар ажилласан. Учир нь, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-үүл, харин дэд дарга нь Ц.Баатархүү байв. Улмаар 2020 оны хавар Ц.Баатархүүг АН-ын генсек болгож, УИХ-ын сонгуульд Чингэлтэйд нэр дэвшүүлсэн ч унасан. Өнгөрөгч 2023 онд Нийслэлийн АН-ын даргын сунгаанд Э.Бат-Үүл Ц.Баатархүүг зүтгүүлсэн ч Х.Баттулгын зүтгүүлсэн Т.Батцогт өрссөн. Товчхондоо, Ц.Баатархүү өнгөрсөн 20 жил нутгийн ах Э.Бат-Үүлийнхээ, басхүү түүний найз Ц.Элбэгдоржийн хооронд “тэлээ хурга” шиг явж ирсэн нэгэн.

 

ЛУ.ГАНТӨМӨРИЙН “БОЙЖУУЛСАН” Д.БАДАРСАН

         НИТХ-ын төлөөлөгч Даваасүрэнгийн Бадарсан- Удам судрыг нь хөөвөл, Өвөрхангайн Богдын уугуул, Улаанбаатарт төрж, өссөн. Аав С.Даваасүрэн нь АН-ын анхдагчдын нэг бөгөөд Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дарга, мөн тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Тиймдээ ч Д.Бадарсан 18 настайдаа ааваасаа “хөтлөн” АН-д элсэж, улмаар 2012 НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, СБД-ийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Ингээд 2016, 2020 онуудад НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр улирсан. Д.Бадарсангийн төрсөн дүү Д.Энхтөр нь ч мөн АН-ынх бөгөөд 2016-2020 онд СБД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан.

 

    Улс төрийн дэмжлэгийн тухайд, АН-ын дарга Лу.Гантөмөр 2004 оноос хойш СБД-ээс УИХ-ын гишүүнээр гурав сонгогдсон. Харин Б.Бадарсан дээр дурдсанчлан 2005 оноос хойш СБД-ийн АН-ын хорооны гишүүн, 2009 оноос СБД-ийн АН-ын хорооны дэд даргаар ажиллаж, Лу.Гантөмөртэй хамгийн ойр байсан хүн. Тиймдээ ч 2012 онд төрд ажилласан туршлага, намтар юу ч үгүй Д.Бадарсан СБД-ийн Засаг дарга болж байсан түүхтэй. Мөн Лу.Гантөмөр өөрөө Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт нэр дэвшихээр яригдаж байсан ч өдгөө тус тойрогт горилогчдыг Д.Бадарсан ахалж буй. Тэгэхээр Лу.Гантөмөрийн дэмжлэгтэй нь тодорхой харагдаж буй биз.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 12 ЖИЛ УДИРДАЖ БУЙ ХАМГИЙН БАЯН ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА

         СБД-ийн Засаг дарга Хөххүүгийн Болормаа- Уг нь анх “Улаанбаатар” рестораны зохион байгуулагч байсан. Дараа нь “Гүег” ХХК-ийг байгуулж, бизнест орсон. Улмаар 2012-2016 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсангийн орлогчоор дөрвөн жил ажилласан. Ингээд 2016 оноос хойш СБД-ийн Засаг даргаар найм дахь жилдээ ажиллаж буй.

     Х.Болормаа хөрөнгөөрөө аймаг, дүүргийн Засаг дарга нарыг тэргүүлдэг. Хамгийн сүүлийн буюу 2022 оны ХОМ-тээ 1.8 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууц, 414 сая төгрөгийн хоёр жийп, 580 сая төгрөгийн үнэт эдлэл, 200 сая төгрөгийн хадгаламж, 320 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байдаг. 2012 оноос хойш Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил, Засаг даргаар найман жил, нийт 12 жил тухлахдаа хөлжиж, хөрөнгөжсөн түүх нь өнөөх л тендертэй холбогдоно. Тодруулбал, Х.Болормаагийн “Эй Би Жи Энерго” ХХК нь эрчим хүчний салбарын төрийн тендерүүдэд оролцож шалгардаг бөгөөд томоос нь дурдвал, Дархан-Уул аймагт дэд станц өргөтгөх 4.0 тэрбумын тендер, Нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээг шинэчлэх 24.6 тэрбум төгрөгийн тендерийн 1.2 тэрбум төгрөгийн багц, Баянхошууны дэд станцыг өргөтгөх 1.7 тэрбум төгрөгийн тендерт зэрэгт шалгарсан байсан тендерийн түүхтэй.

Н.ЭНХБАЯРЫН УЛС ТӨРД “БОЙЖУУЛСАН О.БААСАНХҮҮ

МАХН-аас УИХ-д нэг удаа сонгогдсон О.Баасанхүү хууль тогтоох дээд байгууллагад дахин даагаа нэхэхээр Ардчилсан намаас X тойрогт нэр дэвшиж байна. Угтаа бол Ерөнхийлөгч  асан Н.Энхбаярыг дагаж улс төрд хөл тавьсан тэрбээр Орхон аймгаас сонгогдож, УИХ-д сууж байлаа. Харин энэ удаад намаа ч, эзнээ ч, тойргоо ч сэлгэж, хотын тойрогт хүч үзэж явна. МАХН-аас гарахдаа Н.Энхбаяр даргатай муудаагүй гэж удаа дараа мэдэгдэж байсан ч тэдний харилцаа таагүй болсон гэдгийг намынх нь нөхөд жиг жуг гэлцэх болсон. Хожим МАХН МАН-тай нийлж, О.Баасанхүү АН-тай нэгдсэнээр үйл хэрэг, үзэл бодол нь улам бүр холдсон биз. Харин эсрэгээрээ МАХН-д байхдаа хамгийн их тэрсэлддэг байсан С.Ганбаатартай нэг намд орчихсон дөрөө харшуулж явна.

Сонирхуулахад О.Баасанхүү УИХ-ын гишүүнээс бууснаасаа хойш хөрөнгө орлого нь огцом өсөж, 2019 онд жилийн орлого нь 22 сая төгрөг байсан бол 2023 онд 750 сая болж өссөн байна. Мөн гэр бүлийн орлого нь 24 сая байсан бол 2023 онд 47 сая болсон байх. Мөн энэ хугацаанд орон сууцны үнэлгээ нь нэмэгдэж, 642 сая төгрөгийн орон сууцтай болжээ. Ингээд харахаар гишүүнээс буусан хугацаандаа хөрөнгө нь өссөн атал улс төрд орохоор улайрч байгаа нь ямар шалтгаан байгаа вэ гэх асуулт ч урган гарч байна.

 


X ТОЙРОГ: МАН, АН-ЫН ТОМЧУУДЫН ТӨРД ЗҮТГҮҮЛЖ БУЙ “ТАВИУЛ”-УУД
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188