• Өнөөдөр 2024-10-15

МАН-ААС НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ ХАСУУЛАХ “МУУ” НЭРТҮҮД

2024-03-01,   1727

         МАН-д муу нэрт олон бий. Ёс зүйгүй түшээдээс эхлээд улс төрийн гэмт хэрэгт нэр холбогдогсдоор одоогийн парламент дүүрчихсэн гэхэд ч хилсдэхгүй. Гагцхүү ирэх сонгуулиар үүнийгээ нэг мөр цэгцлэж, шинэ баг бүрдүүлж чадахгүй бол сонгуульд ялагдал хүлээж мэднэ. Нэг ёсондоо МАН-д шинэ нэр дэвшигчид, нэр цэвэр улстөрчид үгүйлэгдэж байна.


       Одоогийн Их хурлын гишүүдээс хэрэгт холбогдоогүй гишүүн тун ховор. 2020 оны сонгуулиас хойш улс төрд хэчнээн дуулиант хэргүүд мандав. Тэр тусмаа УИХ-ын гишүүд, төрийн түшээд нарын холбогдсон том хэргүүд өнөөдрийг хүртэл  олны анхааралд байсаар байна. Тодруулбал, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сан, “ногоон” автобусны дуулиан зэрэгт одоогийн парламентад сууж буй гишүүдийн олонх холбогдсон. Цаашлаад ирэх хавар нийслэлийг тойрсон газар олголттой холбоотой асуудлыг ч сөхнө. Мэдээж улстөрчдийн бүхэл бүтэн бүлэглэл энд ил болох нь гарцаагүй.

      Ингээд харахаар хэрэгт холбогдсон улстөрчид ирэх сонгуулиар намаасаа нэр дэвших эрхээ өртөлж чадахгүй ч байж мэднэ. Угтаа бол одоогийн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болсон даруйдаа “Манай нам авлига, албан тушаалын элдэв хэрэгт орооцолдсон гишүүдээ намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авч, цэвэрлэнэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнтэй хэзээ ч эвлэрэхгүй” хэмээн ам өгч байлаа.

     Ийн Л.Оюун-Эрдэнэ амалсандаа хүрсэн бол олон гишүүнийг намаасаа хөөх байсан. Намаасаа хөөж чаддаггүй юм аа гэхэд гэмт хэрэгт нэр холбогдсон, ёс зүйн алдаа гаргасан гишүүдээ нэр дэвшүүлэхгүй байхад л намдаа том шинэчлэл хийхээр байна. Гэвч өнөөдөр нүүрсний хулгайн хэргээр шүүхээс  ял сонссон гишүүддээ ч хариуцлага тооцож чадахгүй харсан ч хараагүй мэтээр явж байгаа нь нууц биш. Тэр байтугай намын дүрэмдээ  “МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол намын гишүүнээс түдгэлзэнэ. Авлига албан тушаалын хэрэгт холбогдоод шүүхийн шийдвэрээр ял авсан бол намын гишүүнээс хасагдсанд тооцно" гэх заалт оруулж байлаа. 

      Тэгвэл ирэх сонгуулиар намынхаа чихнээс “хонх” уяж, хэрэгт холбогдсон цаашлаад нэр дэвших эрхээ хасуулах УИХ-ын гишүүдийг танилцуулж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР

      УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүртэл орж байсан. Улмаар МАН, АН гэлтгүй түүнийг “хамгаалж” бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн авч үлдэж байлаа.

            Өмнөговь аймгийн Засаг даргаас УИх-ын гишүүн болж дэвшсэн тэрбээр 2020 оны сонгуулиар намынхаа санхүүжилтэд багагүй дэмжлэг үзүүлсэн гэгддэг. Тиймдээ ч нүүрсний хулгайд нэр холбогдоход нь намынх нь гишүүд авч үлдсэн гэх яриа ч олны дунд бий. Н.Наранбаатар гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж яллагдагчаар татсан хэмээн Улсын ерөнхий прокурор мэдэгдэж байлаа. Хэдийгээр нэг удаа бүрэн эрхээ дуустал суух эрх өвөртөлсөн ч дараагийн удаа дэвших эрхээ хязгаарлуулсан гэх. Энэ парламентад чимээгүй кнопны эрхийг гүйцэтгэсээр бүрэн эрхээ дуусгах нь бололтой.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН

Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулж, шүх дээр хэрэг нь “гацсан” Б.Энх-Амгалан ирэх сонгуулиар нэр дэвших эрхээ хасуулах нь бололтой.

         УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нар нүүрсний хэргээр шүүхэд дуудагдсан ч удаа дараа шүүх хурал нь хойшилж буй.

    Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр буруутган, яллагдагчаар татан Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан юм. Улмаар хэрэг нь прокурор руу шилжиж, шүүхэд шилжсэн.

      УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР

       Нүүрсний хулгайн хэргийг АТГ-аас зарлахад УИХ-ын нэр бүхий долоон гишүүний зарлаж байсны тав нь эрх баригч намынх байв. Түүн дотор УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гэх хэргээр шалгагдаж байсан юм. Ёс зүйн асуудлаар шүүх, цагдаад дээр шалгагдаж байсан ч хэргээсээ “мултарч” чадсан ч нүүрсний хулгайн хэрэг дахин дуулиан дэгдсэн.

       Хэдийгээр тэрбээр өөрөө УИХ-д дахин нэр дэвшихээ илэрхийлсэн ч дэвшүүлэхгүй байх магадлалтай. Монголын толгой баячуудын нэг гэгдэх тэрбээр намынхаа гол санхүүжүүлэгчдийн нэг гэдгээрээ дахин горилж байх магадлалтай. Нүүрсний дуулианаас чимээгүй мултарч амжсан тэрбээр ирэх хавар газрын асуудлаар УИХ-д дууда магадлалтай. Тодруулбал,  Ц.Анандбазар Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн амыг баячуудын “бяцхан” хот болгож, их наяд төгрөг давсан асар их ашиг олсон.

       Тооцож үзвэл, Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд тансаг зэрэглэлийн 160 айлын амины хаус барьж, нэг бүрийг нь 4-5 тэрбум төгрөгөөр буюу нийт 720 тэрбум төгрөгөөр худалдсан. Нэмээд 172 айлын гурван орон сууц барьсан гэхээр, нийлүүлж тооцвол олсон ашиг нь их наяд төгрөг давсан гэсэн үг. Өдгөө Бага тэнгэрийн ам Ц.Анандбазарын “хаант улс” мэт болж, цэрэг эрээн хувцастай хамгаалагч нар хаусны эздээс бусад хэнийг ч оруулахгүй, хавьтсан, ойртсон болгоныг хөөж туудаг болсон. Бага тэнгэрийг амыг ийн эзэгнэхийн сацуу “Сод монгол” компаниараа төрийн байгууллагуудад шатахуун “шахаж”, тэрбум давсан өртөгтэй тендерүүдийг тэр л ганцаараа шахуу түүдэг болсон. Тэр байтугай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 38 тэрбум төгрөгийн тендерт шалгарахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт ч холбогдож амжсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.СЭРГЭЛЭН

     Насаараа цэргийн хүчний байгууллагад зүтгэж явсан генерал “тэтгэвэртээ” ирэх жилээс гарах бололтой. УИХ-ын гишүүд дотроо хамгийн чимээгүй гэмгүй нь мэт боловч АТГ-аас анхны нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гишүүдийг зарлахад анхны тавд багтаж амжсан нэгэн.

      УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн намтрыг сөхвөл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний багын найз “Хар” хочит Б.Отгонбаатар хоёрын “гар, хөл”-ийн үзүүрт гүйж, хүчин зүтгэснийхээ хариуд ХХЕГ-ын даргаар хоёр ч удаа томилогдож, Хошууч генерал болтлоо цол нэмж, эцэст нь УИХ-ын гишүүн болсон нэгэн. Хувийн бизнес нь ч “Хар” хочит Б.Отгонбаатарын компаниудтай шууд холбоотой. Товчхондоо, Ц.Элбэгдорж, Ц.Сэргэлэн, Б.Отгонбаатар гурав газрын тос, алт, нүүрсний аль ашигтай орд болгонд эзэн сууцгаасан гэхэд болно. Ингэхдээ “Хар” хочит Б.Отгонбаатар нь ухах, олборлох ажлыг хариуцах үүрэгтэйгээр, харин Ц.Элбэгдорж, Ц.Сэргэлэн хоёр төрийн талаас хамгаалах үүрэгтэйгээр хамтын бизнесээ явуулж, ашгаа адил тэнцүү хуваадаг байсан гэх баримт ч бий.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД

       Нүүрсний хулгайн хэрэгт мөн л нэр холбогдож амжсан тэрбээр ирэх сонгуулиар томгосон тойрогт буултаа өгөхөөр шийдсэн нь илт байна.  АТГ-ынхан Ш.Раднаасэдийг “нүүрсний хулгай”-н хэрэгт нэр цохсон олсны үзүүрийг хөвөрдвөл “ЭТТ”-н гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд дээр хөтөлж очдог. Ш.Раднаасэд, Д.Ариунболдыг “ЭТТ”-н гүйцэтгэх захирал байх үед нь Говь-алтайгаар дагуулан явж, тойргийнхоо сонгогчдод автомашин, мотоцикл, төрийн одон медаль, мөнгөн шагнал, өвс тэжээл, гарын бэлэг баруун солгойгүй цацаж байсан нь баримт болж үлдсэн. Өөрөөр бол, Ш.Раднаасэд Д.Ариунболдыг “ЭТТ”-н гүйцэтгэх захирал байх үед “нүүрсний хулгай”-н хэрэгт нэлээд гүнзгий холбогдсон, “хор хутгах” хамтрагч нь байж, хариуд нь халаасаа ч овоо түнтийлгэсэн гэгдээд байгаа. Нэмээд, Ш.Раднаасэдийн хадам аав, хүргэн ах нь Арцатын аманд тансаг зэрэглэлийн хороолол босгож байгаа баримт ч бий.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР

        Банк санхүүгийн асуудал ярихаараа Б.Баттөмөрийг МАН урдаа барьдаг байлаа. Банкны хүн гэсэндээ “санхүүгийн аргаар” нүүрсний хэрэгт холбогдсон гэх нь ч бий. АТГ-аас нүүрсний хэргийг зарлахад тэргүүн эгнээнд бичигдсэн гишүүдийн нэг нь Б.Баттөмөр. Гэвч тэрбээр “Би нүүрс хулгайлах нь битгий хэл нүүрс гэж юу байдгийг мэдэхгүй” хэмээн мэлзсэн ч удаатай.

Тэгвэл нүүрсний хулгайд хутгалдсан муу нэр дуулсан тэрбээр залуу дарг нартаа зайгаа тавьж өгөх нь бололтой.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ж.МӨНХБАТ

       Нүүрсний хулгайн дуулиан газар авч, МАН ганц нэг гишүүдээрээ туг тахих дээрээ тулахад хамгийн дуулгавартай хэр нь, овжноор гарсан нь УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах сургаар Солонгос явж ээжийгээ эмчлүүлнэ хэмээн бүрэн эрхээсээ өөрөө чөлөөлөгдсөн зальтай нэгэн. Нүүрсний хэрэг дээр яллагдагчаар татагдан шалгуулж байгаа ч хэрэг нь хойшилсоор байгаа. Харин ирэх сонгуулиар намаасаа дэвших эрх өвөртөлж чадахгүй нь бололтой. Тиймдээ ч түнжин хагараад байсан М.Энхболдын бүлэглэлдээ “наалдаж” эхэлсэн гэх яриа ч олны дунд мэр сэр гарах болжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ

      Хөгжлийн банкны хэрэгт МАН-ын олон гишүүн нэр холбогдсон ч Ё.Баатарбилэг ганцаараа ял авч, туг тахиулсан. Хөгжлийн банкны хэргээр зургаан жилийн ял сонссон тэрбээр бүрэн эрхээрээ хамгаалуулж, “аавын” хаалга татчихаагүй сууж буй. Хэдийгээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч өнөөдрийг хүртэл шүүх хурал нь товлогдоогүй байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН

Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон ч нэр цэвэр мултарч үлдсэн Г.Амартүвшинг эрх сонгуулиар намаас нь дэвшүүлэх эсэх нь тодорхой байгаа гэх нь бий. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Г.Амартүвшин нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр болсон талаар мэдээллээд байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН

       ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны ЖДҮ-гийн дуулиан дарагдаагүй хэвээр байна. Дорнодын гурил ХХК-иараа дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэгдэг ч өдгөө салбарын сайдаар нь томилогдох хүртлээ намдаа нөлөөлж чадсан. Хэдийгээрээ түүнийг давхар дээлтэй сайдын суудлаар шагнасан ч дахин сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх яриа бий.

      Тэрбээр боодол өвс, ууттай хэвэг тараахын тулд зудтай цагт бүхэл бүтэн яамаар, том машин хөлөглөн малчдад төвөг удсан гэх дуулианы гол бай болоод байна.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ

     УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хамаарал бүхий “Вестерн Холд” ХХК нь Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан ч төлөөгүй гэх асуудал хөндөгдөж байлаа. Үүнд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хөгжлийн банкнаас “Вестерн Холд” ХХК-ийн авсан зээл зориулалтын дагуу ашиглагдаж байгаа. Мөн 2019 онд авсан, хугацаа хэтрээгүй зээл юм билээ.

      Гэтэл үүнийг надтай холбож, хууль бусаар авсан юм шиг, зээлээ төлөхгүй зугтаад байгаа мэт ярьж байна. Ийм зүйл байхгүй. Өнгөрсөн 2012 онд авсан зээлүүд төлөгдөөгүй явж байна. Нийт 66 төслөөс 50 орчим нь төлөөгүй, хугацаа хэтэрсэн гэх асуудал яригдаж байна. Хийж, бүтээж байгаа орлогыг нухчин дарж, гүжирдээд байвал үйлдвэрлэл явуулах хүн байхгүй. Томхон төслөө дэмжих ёстой. Харин авсан зээлээ төлөхгүй, хугацаа хэтэрчихсэн, зориулалтын бусаар ашиглаж байгаа нөхдөд хариуцлага тооцох ёстой” гэх тайлбар өгсөн удаатай.  Түүний Хөшөөтийн уурхайтай холбоотой асуудал ч олны анхааралд бий. Угтаа бол тэрбээр нэр цэвэр гишүүдийн шаардлагад тэнцэхгүй нь бололтой.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН БУДЛИАНТАЙ ГИШҮҮД

       Боловсролын зээлийн сангаас эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зээл авсан гишүүдийн тэргүүнд эгнээнд МАН-ын хууччуул гэгдэх Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар бичигдэж байлаа.

       БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү Лувсанцэрэнгийн Ганбаатар 2004 онд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академид удирдлагын менежерийн чиглэлээр хоёр жил суралцахаар Боловсролын зээлийн сан буюу тухайн үеийн Сургалтын төрийн сангаас 12 мянган ам.долларын зээл авсан.

      Зээлийн нөхцөлд "Гэрээнд заасан байгууллагад таваас доошгүй жил ажилласан тохиолдолд чөлөөлөх асуудлыг Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ. Гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гурван жилийн дотор зээлийг төлж барагдуулна" гэж заасан. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар зээлээ өрийн үлдэгдэлгүй болсон.

      Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн охидууд болох Чинзоригийн Дэлгэрмаа Чинзоригийн Норовдэлгэр нар Боловсролын зээлийн сангаас тус бүр 32 мянган ам.доллар, нийт 64 мянган ам.долларын зээл авсан. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар тус бүр 32 мянган ам.долларын зээлийн өрийн үлдэгдэлтэй байжээ.

    Чинзоригийн Дэлгэрмаа 2010 онд АНУ-ын Виржинийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр 1.5 жил суралцахаар Сургалтын төрийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР

      АТГ-ын мөрдөгчид “хулхи ногоон”-уудын хэргийг мөрдөн шалгасны эцэст шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон. Өнгөрсөн хугацаанд АТГ-аас 141 хүнийг “хулхи ногоон”-ы хэрэгт гэрчээр дуудаж байцаасан. Эцэст нь, “хулхи ногоон”-ы хуйвалдаанд Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар тэргүүтэй 27 албан тушаалтан оролцсон нь хөдөлшгүй баримтаар тогтоогдож, улмаар шүүхэд шилжүүлж буй аж. Мөн хулхи ногоон”-ы хэргээс болж 134,5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 11.9 тэрбум төгрөгийн бэлнээр төлүүлсэн, бусдаасаа арай дөнгүүр гэж үзсэн 46.1 тэрбум төгрөгийн автобуснуудыг нийслэлийн өмчид хүлээж авсан гэх. “Хулхи ногоон” автобусны нэг бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй гэхээр 46 тэрбум төгрөг нь 115 ширхэг автобус гэсэн үг юм. Харин үлдсэн 74.5 тэрбум төгрөгийг төлүүлэхийн тулд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн өмчлөлийн барилга, байгууламж, автобус, агуулах баазыг лацадаад байна. Энэ хэргийн “гол буруутан” нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар болоод байна. Тэр сайдын суудлаасаа бууж, гишүүний суудлаасаа зууран барин шалгуулж байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ

       Ёс зүйн хариуцлага хүлээж нэр дэвших эрхээ хасуулах гишүүдийн эгнээнд УИХ-ын гишүүн Ч.Ундрам бичигдэж байгаа гэх. Угтаа бол цахим сүлжээнд түүний хүүхдүүдтэйгээ харилцаж буй бичлэг цацагдсан нь ийн түүний улс төрийн карьераас хойш чангаах болсон гэнэ.

     Ерөнхий сайд хэлсэндээ хүрч гишүүддээ ёс зүйн хариуцлага тооцвол намаасаа хатуу сануулга авах гишүүдийн нэг гэгддэг. Түүний аав МАН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг гэдгээрээ улс төрд удаан суух эрхээ өвөртлөж мэдэх юм.

         Тун удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Мөнөөх л нэр цэвэр, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, туршлагатай гишүүдээ Их хуралд нэр дэвшүүлнэ гэх хуучин амлалтаа шинээр өгөх нь гарцаагүй. Харин хэн нь хөшигний ард үлдэж, хэн нь сонгуульд горилохыг харах цаг тун ойртож байна.

 


МАН-ААС НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ ХАСУУЛАХ “МУУ” НЭРТҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 18:57:07
    Би: Хүрэлбаатар бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 18:24:09
    зочин: Нөгөө муухай ботокстой шул*м хаачсын. Арай...ккк, үгүй байлгүй тээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 15:42:16
    Зочин: концесс, ЖДҮ, хөгжлийн банк, авилга, газрын наймаа, нүүрс, лиценз боловсролын зээл зэрэгтэй нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлбэл МАН АН-ын араас баяртай болно. Энэ жагсаал дөгөж эхлэл төдий л байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 14:13:11
    1: яасан богинохон жагсаалт вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 10:12:20
    л: даваасүрэн хаачсийн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 09:50:55
    Zochin: Yu ve ingeed l boloo yu. Busad nyyrsnii jinkhene khulgaichuud n' yasiin. Jishee n' nyyrschdiin zagalmailsan etseg Amarbayasgalan yasiin. Ene khymyysiin dotor zarlagdaagyi khynyyseesee arai deer khymyys ch gsn bna shyy.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 08:18:22
    иргэн: Энэ жагсаалтад Сумьяабузарыг нэмэх нь зүйтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 07:37:26
    S: SEXSDI80955877AX NART
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 07:29:45
    Иргэн: Өө за за бүгд чадарцан гарууд байна ш дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188