Дүн өвлийн хүйтэнд халуун галаас амьд гарах гэж хөр цасан дээр хөл нүцгэн гүйхдээ, зун нь усан бороонд үйх шахан, аврал эрэн тэмцэхдээ, нүүр нүдгүй цасан шуурганд хөөгдөн, амь гарах гэж ядарсан иргэд тэмтчин тэмцэж, байхад төр эзэнгүй байлаа.
Төрд эзэн байсан бол гэх харууслаар хайран амиа үдэж байна монголчууд. Угтаа бол Үндсэн хуулиндаа хар дээр цагаанаар биччихсэн “Амьд явах, аюулгүй орчинд амьдрах” эрх өдрөөс өдөрт зөрчигдсөөр байгаа нь хэдхэн хоногийн харамсалтай үйл явдлаас бэлэхнээ харагдана.
Өчигдөрхөн “Аавдаа очиж золгоно доо” гээд утсаар ярьж байсан цэл залуухан хүү, энгэртээ бяцхан үрээ тэвэрсэн эхнэрээ үнсээд гарсан халамжит хань, хайртай аав, болзоондоо яаран хос тасалбар халаасандаа хадгалчихсан байсан залуухан хархүү тэд өргөсөн тангарагтаа үнэн ч зүтгэсээр хорвоогоос хальчихлаа. Халуун галаас амь тэмцэн гарч, эмнэлгийн орон дээр үхэл амьдралтай тэмцэлдэж, хөхөө өвлийн хүйтэнд орох оронгүй болсон иргэд өмссөн хувцаснаасаа өөр эд зүйлгүй, хүүхдүүдээ тэврээд хоног төөрүүлж байна. Хэрвээ хотод стандарт, дүрэм журам, хууль дүрэм мөрдөгддөг байсан бол ийм ноцтой осол гарах ч билүү.
Хэрэв хууль дүрмийн дагуу газар олгож, дүрэм журмыг мөрддөг байсан бол үерийн усанд хотоороо үйхгүй байх байлаа. Ачааны машинд чөлөөтэй зорчих зориулалтын зам байсан бол, аюултай ачаа тээврийг стандартын дагуу тээвэрлэх техник хэрэгсэлтэй бол, адаглаад галын аюулын гарц орцыг нээчихсэн орон сууцны хорооллууд байсан бол эсвэл гал унтраах орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдчихсон бол гурван сайхан залуу амиа алдахгүй байсан ч юм билүү.
Хэдий байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн осол гэмтэл тулгарсан ч хариуцлагатай, дүрэм журмаа ягштал биелүүлдэг бол алтан амь эрсдээ ч билүү гэх гомдол гол зурна.

Гэнэтийн осол аюул дэлхийн нийтийн өмнө тулгамдаж байгаа ч аюулын өмнө сөрж зогсох эзэнтэй, төртэй байна дэлхий нийт. Тухайлбал, саяхан болсон Японы нисэх онгоцны буудалд 350 зорчигчтой онгоц осолдоход нэг ч хүний амь насанд аюул учруулалгүй авран хамгаалсан жишээ дэлхий нийтийг гайхшруулж байлаа.
Гэтэл манайд галын орц, гарцыг хаагаад дураараа байшин барьчихдаг байшингаа хувийн эрх ашгийн төлөө өргөтгөж, сунгаад өөрчилчихдөг түүнийх нь гороор иргэдийн авран хамгаалах боломжгүй болдог байдал удаа дараа давтагдаж байна. Газрын наймаа цэцэглүүлж, хууль бус газар олголт гаарсны гороор нийслэл даяар усанд үйдэг, ган зудтай үед иргэдийг аврах техник хэрэгсэл ч хангалттай байдаггүй гэх шалтгаанаар олон хүн амиа алдсан. Төр буух эзэнгүй буцах хаяггүйн гороор эрсдлийг давж гарч чадахгүй гэнэтийн ослын өмнө ард түмэн бөхийж байна гээд хэлчихэд санал зөрөх хүн байхгүй биз ээ.
Гэтэл төрийн томчууд ард түмнээ доромжилж байгаа аятай сонгуульдаа бэлдэж, хэдэн төгрөг тарааж, нүд хуурах ажил өрнүүлдэг нь ч нууц биш. Ард түмэнд бэлэн тараасан мөнгөөрөө адаглаад онцгой байдлын алба хаагчдаа техник хэрэгслээр бүрэн хангаж, аюулгүй байдлыг нь бүрдүүлчихсэн бол өдийд ийм олон алба хаагч цэл залуугаараа хорвоогоос одоо ч уу, үгүй ч үү.
Гуравхан сая хүн амтай Монгол Улсын тэн хагас нь оршин суугаа Улаанбаатар хотод өдөр бүр хүний эрх зөрчигдөж, цаг зуураар амиа алдах иргэдийн тоо өссөөр байна. Өвөлдөө утаанд “угаартаж”, зундаа усанд үйж байхад төр үүргээ гүйцэтгэсэнгүй.
Эргээд харахад төрд эзэн алга. Эзэнгүй төрийн эмгэнэлийг иргэд нь амиараа төлдөгийг ч бид үзлээ, дэндүү харамсалтай байна.
Эмнэлгийн ороор өвчинтэйгөө тэмцэж байгаа иргэдийн өмнө төр хэрээс хэтэрсэн хулгай луйвраа ярьж, иргэдийг тохуурхаж байгаа нь дэндүү харамсалтай. Өнөөдрийг хүртэл төрд төлөөлөл болгож илгээсэн түшээд нар Төрийн ордонд Хөгжлийн банкны зээлийг хуйгаар нь хамсан, нийтийн тээврээсээ мөнгө завчиж, хуучин автобус оруулж ирсэн, эдийн засгийг эргэлтэд оруулах экспортын бүтээгдэхүүн нүүрсээ хулгайгаар зарж хагартлаа баяжсан түүхээ ярьж, хоорондоо хэрэлдснээс биш ард түмний амьдралд дэм болох шийдвэр гаргасан уу гээд үзвэл тун ховорхон байна.
Эргээд харахад төрд эзэн алга. Эзэнгүй төрийн эмгэнэлийг иргэд нь амиараа төлдөгийг ч бид үзлээ, дэндүү харамсалтай байна.
| ТӨР ЭЗЭНГҮЙ БАЙНА |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |