Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ардчилсан намаас өрх тусгаарлаж, шинэ нам байгуулах бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон бололтой. Ингэхдээ ардчилсан хувьсгалыг анх эхлүүлсэн МоАХ-ны туган дор шинэ баг бүрдүүлж эхэлсэн нь түүний хийж буй үйлдэл, хэлж байгаа үгсээс улам бүр тодорхой болж байна.
Магадгүй энэ Х.Баттулга ба түүний багийнхны сүүлчийн хөзөр ч байж мэдэх. Ухаандаа нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон тэрбээр өнгөрсөн хэдэн сарын хугацаанд хууль хяналтын байгууллагын үүд сахиж, буруу хөдөлвөл “ачигдаж” ч мэдэх цаг хугацааг өнгөрөөсөн. Харин одоо хэсэгтээ амьсгаа авах тэнхээтэй болж, даруй өөрийгөө, хамгийн ойрын гишүүдээ хамгаалах сүүлчийн сумаа тавьж байгаа нь энэ байв.
Хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээж, хоёр дарга, хоёр тамгатай болтлоо хагарсан Ардчилсан намыг хөл дээр нь босохдоо гишүүд нь Ардын намыг түшиж гарч ирсэн нь нууц биш. Тийм дээ ч тэд ирэх сонгуульд ялалт байгуулах нь битгий хэл сөрөг хүчнийхээ үүргийг ч гүйцэтгэж чадахгүй байж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын хөл дээр нь босгохдоо Ардын намынхан тохироонд хүрч, ирэх сонгуулиар цөөн хэдэн суудал өгөх яриа хийсэн гэх нь ч бий. Нэгэнт амь тавьж буй АН-д экс Ерөнхийлөгч орсон ч, байсан ч хувь заяа нь нэгэнт тодорхой болсон.
Нэгэнт Ардчилсан нам МАН-ын онгуулын “штаб” болох дээрээ тулчихсан учраас одоо Ерөнхийлөгч асан Х.Баттулгад энэ нам сонин байхаа больсон нь тодорхой байна. Тиймдээ ч тэрбээр дараагийн нүүдлээ хийж, хөг туганы дор хуучин гишүүдээ, нэгтгэж, улс төрийн шинэ өргөө өрж эхлэв. Мэдээж энэ удаад Х.Баттулга тэргүүтнүүдэд ингээд ч болов улс төрийн хайчнаас амьд үлдэх нь юу юунаас илүү чухал байгаа биз.
Тиймдээ ч МоАХ-ны туган доор гишүүдээ нэгтгэх том агуулга тээж яваа болж таарлаа. Ухаандаа Х.Баттулга нам байгуулаад эхэлбэл, ардчилсан намын гишүүд дэмжигчдээ цөөнгүй нь түүний туганд нэгдэж, цагтаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, Засгийн эрхийг атгалцаж явсан Ардчилсан нам дахин хуваагдах дээрээ тулах нь. Магадгүй Ардын намынхны гол зорилго энэ байж ч мэдэх юм. Тиймдээ ч “сахал” хочит Д.Эрдэнэбилэг тэргүүтэй улс төрийн дуулиант эздийг шүүхээс цагдан хорих шийд гаргахтай зэрэгцээд түүний улс төрийн компанит ажил эхэлчихсэн гэж хардах үндэслэл ч байна. С.Баярцогт, Л.Гантөмөр нар Ардчилсан намыг Ардын намд “өргөн барьсны” хариуг тэр төв хийтэл барьж ч байж мэднэ. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаас хэлтэрхийг нь ч болох нь аваад үлдэх хамгийн боломжит хувилбар нь МоАХ-г түших юм.
Ямартай ч өчигдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, А.Адъяасүрэн нартай дөрөө хоршиж, намынхаа гишүүд дэмжигч нартай уулзах уулзалтаа Баянхонгороос эхлүүлсэн. Цаашлаад Төв аймгаас Ц.Туваан нарын гишүүд ч түүний талд зогсохыг үгүйсгэхгүй юм. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 17 нэрсийг хууль хяналтын байгууллагаас зарлахад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр хамгийн дээгүүр бичигдэж байсан тэрбээр улс төрд тэсэж үлдэх боломжит хувилбар нь МоАХ байж мэдэх нь.
Тэртээх 30 жилийн өмнө дүрэлзсэн хүсэл, мөрөөдөлтэй хэсэг залуус Монголчуудыг ийн эрх, эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж, өнөөдрийн ардчилсан Монгол Улсыг бүтээсэн. Харин тэд 30 жилийн дараа энэ байр сууриа “Ах” намынхандаа тавьж өгөөд, өөрсдөө улс төрийн давцангаас бүр мөсөн бууж байгаа бололтой. Цагтаа төрийн эрхийг барьж, Ардын намын өөдөөс арсалдаж байсан Ардчилсан нам ийн цагаа тугаа өргөөд улс төрөөс зодог тайлах дээрээ тулаад байна.
Саяхан л хүний эрх, шударга үнэнийг уриа лоозонгоо болгож байсан тэд өнөөдөр олон нийтийн эрх ашгийн төлөө тэмцэж, ард түмний дуу хоолой болох нь битгий хэл нам дотроо толхилцож, эв зүгээ олохгүй явсаар намынхаа хүчийг тарамдаж орхилоо. Хоёр дарга, хоёр тамгатай болчихсон Ардчилсан намынхныг захын хүн шоолж, доог тохуу хийж байхад Ардын намынхан байр сууриа улам бүр баталгаажуулж, төрийн эрхэнд дураараа дургиж байгаа нь нууц биш юм.
Өөрөөр хэлбэл, Ардчилсан намынхан эрх мэдэл, албан тушаалын төлөө өнгөрсөн 30 жилийн түүхээ, ор тас үгүй хийж, намынхаа үнэт зүйл, үзэл баримтлалыг тэр чигт нь худалдчихсан бололтой. Нам доторх дайсагнал, “хонзон” тэднийг улс төрийн сөрөг хүчин гэдэг том орон зайгаас арчин хаялаа.
Харин Ардчилсан намыг хагалган бутаргаж, дахин сэхэхэд ч хүндхэн байдалд хүргэсэн Ардын намынхан сөрөг хүчнийхээ уриаг өөрсдийнхөө лоозон болгоод ард түмний ивээлд багтах бодлогодоо шуурхайлан оров. Тодруулбал, өнгөрсөн хоёр хоногт эрх баригч намынхан Их хурлаа хуралдуулж, намын даргаа жинхэлсэн. Ингэхдээ тэд намынхаа хэтийн зорилго, цаашдын ирээдүйн талаар томоохон бодлого боловсруулан ойрын 20-30 жил төрийн эрхийг дангаараа барих санаа агуулж байгаагаа илэрхийлэв.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ШИНЭ НҮҮДЭЛ |
|
2025-05-11 14:40:00
2025-05-11 14:30:56
2025-05-11 12:02:49
2025-05-11 11:31:44
2025-05-11 10:56:17
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |