• Өнөөдөр 2024-05-15

АРДЫН НАМЫНХАН ХУЛГАЙД ГАРШИЖ, ХЭРГЭЭС МУЛТРАХДАА ГАРГУУД БОЛСНОО ДАХИАД Л БАТАЛЛАА

2023-07-25,   2230

     Ардын намынхан хулгайд гаршихын хэрээр хэргээс мултрахдаа ч гаргууд болж байна. Анхны хулгай буюу ЖДҮХС-гийн хэргийг Ардын намын 49 гишүүн бүлэглэж үйлдсэн ч гурав нь ял авч, нэг нь торгуулаад өнгөрсөн. Хоёр дахь хулгай буюу Хөгжлийн банкны хэрэгт Ардын намаас 17 улстөрч нэр холбогдсон. Гэтэл ганц нь ял авч, бусад нь ялгүй мултарч, ямбатайгаа үлдэв. Гурав дахь хулгай буюу Нүүрсний хэрэгт Ардын намынхан намаараа бүлэглэж оролцсон гэх боловч хоёр нь гишүүнээсээ чөлөөлөгдсөнөөс өөрөөр хэн нь ч ял авах янзгүй болчихлоо. Ардын намынхны хулгайн хэргийн улсад учруулсан хохирол хэдэн саяас хэдэн их наяд болж нэмэгдээд байх атлаа хариуцлага хүлээх хүн нь ганц, нэг болж цөөрөөд л байх юм...  
   Ардын намынхны анхны хулгай 2018 онд ЖДҮХС-гаар ил болж байв. Тухайн үед Ардын намын 49 гишүүн ард түмний, аж ахуйн нэгжүүдийн боломжийг хулгайлж, ЖДҮХС-г хувааж халаасалсан нь хөдөлшгүй баримтаар илчлэгдсэн. Гэвч Ардын намынхан хоёр жилийн турш хариуцлагаас мултрах хор хутгаж, заль зохиосны эцэст 2020 оны сонгуулийн дүйвээнийг далимдуулан намдаа нэр, нөлөө муутай Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан гурваараа туг тахисан. Хоржоонтой нь, дарга нарынхаа даалгавраар намынхандаа ЖДҮХС-гийн мөнгийг хуваарилж, хувь тэнцүү тараасан ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг 40 сая төгрөгөөр торгуулснаар төрийг тоносон дуулиант хэрэг буюу ЖДҮ-ийн гэх хэрэг хаагдаж байв. Ардын намынхан ийнхүү анхны хулгайгаасаа амь нэгтэй мултарцгаасан. Одоогийн УИХ-д ЖДҮХС-гаас хувь хүртэж, халаасаа түнтийлгэсэн ч хариуцлагаас мултарч дөнгөсөн 30 гишүүн сууж буй. 
 
  Харин тэдний хоёр дахь хулгай нь өнгөрсөн онд Хөгжлийн банкаар ил болсон. Хөгжлийн банкны хулгайд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ч.Ундрам, С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, А.Сүхбат, Б.Элдэв-Очир, Ц.Гарамжав, Б.Ундармаа, Б.Эрдэнэбат, Ё.Отгонбаяр, БХБЯ-ны дэд сайд асан Ш.Лхамсүрэн, НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат тэргүүтэй Ардын намын угшилтай 17 улстөрч нэр холбогдсон буюу хамаарал бүхий компани нь Хөгжлийн банкнаас зээл авсан. Харамсалтай нь, анхны хулгайгаасаа амь нэгтэй мултарцгаасан шигээ хоёр дахь хулгайгаасаа ч хариуцлагагүй мултарч чадлаа, Ардын намынхан. 
 
Тодруулбал, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн нэрийг нийтэд зарлаж, хамаарал бүхий эздийг нь хууль хяналтын байгууллагад шалгаж эхэлснээс нэг жил, хоёр сарын хойно буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард Ардын намаас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг гурвыг, Ардчилсан намаас Н.Алтанхуягийг яллагдагчаар татсан. Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан нийт 80 хүнийг яллагдагчаар татсан гэх боловч үнэндээ Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг дөрвийг эс тооцвол бусад 76 нь Хөгжлийн банкны газар, хэлтсийн дарга, нэр бүхий компаниудын нярав, нягтлан, туслах, зөвлөхүүд зэрэг “жараахай”-нууд байсан. Шалгагдах, шүүгдэх ёстой жинхэнэ “акул”-ууд нь үлдчихсэн гэсэн үг. Улмаар Хөгжлийн банкны хэргийг шүүх хурлыг Улаанбаатар чуулгын тайзан дээр сүр дуулиантай эхлүүлж, 47 өдөр үргэлжлүүлсний эцэст Ё.Баатарбилэгт зургаан жилийн ял оноож, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг гурвыг хариуцлагаас мулталсан. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хувьд, түүний төрд хөтөлж орсон, төдийгөөс өдий хүртэл дагаж ирсэн, төрснөөс өөрцгүй ах Т.Бадамжунай нь өөрөө “Шувуу” ажиллагаагаар баригдаж ирээд, цагдан хоригдож байгаа. Тэгэхээр тэр Хөгжлийн банкны шүүх хуралд хамгаалах, хаацайлах хүнгүй орж ирсэн гэсэн үг. Хэрвээ Т.Бадамжунай сул чөлөөтэй, түүний ардах М.Энхболд нэр нөлөөтэй хэвээрээ байсан бол Ё.Баатарбилэгийг торгосон болоод тавьж явуулах байсан биз. 
 
Цаашилбал, Ё.Баатарбилэгээс гадна 31 хүнийг гэм буруутайд тооцсон гэх боловч нийтийн албан томилогдох эрхийг тэдэн жилээр хасах, төдөн төгрөгөөр торгох гэх хариуцлага л ногдуулсан. Наад захын жишээ нь, “Пирамид орд” ХХК-ийг Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авахад зориулж, МоАХ-ны газрыг Х.Баттулгын хуурамч гарын үсгээр барьцаанд тавьж өгсөн Х.Баттулгын зөвлөх асан Г.Байгалмаад гурван сая төгрөгөөр торгох, зорчих эрхийг зургаан сар хасах ял оноосон. Хуурамч гарын үсэгтэй газрын бичиг барьцаалж 15 тэрбум төгрөгийн зээл авсан хүнд зургаан сарын зорчих эрх хязгаарлах ял бол ял биш харин ч шагнал биз. Тэгмэгцээ өршөөлийн хуулиар гурван сая төгрөгөөр торгох ялыг нь өршөөчихсөн байгаа юм. Цаашилбал, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын багийн найз, Хөгжлийн банканд газрын даргаар ажиллаж байхдаа хугацаандаа Богдхан уулын Жаргалантын аманд 46 хаус барьж худалдсан Б.Чойжилжалбууд хоёр жил хорих, зургаан сая төгрөгөөр хорих ял оноосон. Хоёр жил хоригдоод гарч ирэхэд түүнд хаус хороолол байгаа гэсэн үг. Мөн өөр нэг онцлох хүн бол, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Даажамба бөгөөд түүнд 30 сая төгрөгөөр ял ногдуулжээ. Энэ мэтээр Хөгжлийн банкны хэргийг шалгаж байна гэж бүтэн жил хагас шуугиулж, шүүх хурал үргэлжилж байна гэж 47 хоног шоудсаны эцэст торгох, төрд томилогдох эрхийг хасах, зорчих эрх хязгаарлах төдийхнөөр ял завшицгаав. Угаас шүүхийн шийдвэрийг улсын наадмын өмнөхөн танилцуулсан нь ч Ардын намынхны хулгайд гаршиж, хэргээс мултрахдаа төгсөрсний тод илрэл гэлтэй. 
 
     Уг нь Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Төрд нүүрлэсэн хулгайтай тэмцэж эхэллээ. Ардын нам ахиж авлигатай, хулгайтай эвлэрэхгүй. Хатуу хариуцлага тооцно” гэхэд нь ард түмэн түүнд итгэсэн, алгаа хорстол алга ташицгаасан. Харамсалтай нь, ард түмний хүлээлт талаар болж, Ардын намын хулгайд гаршиж, хэргээс мултрахдаа гаргууд болсноо дахин нэг удаа батлан харууллаа. Хөгжлийн банкны хэрэг ийнхүү ЖДҮ-ийн түүхийг давтсанаар нүүрсний хэрэгт ч нийгмийн итгэл алдарчихлаа. Тэр эхлүүлснээ төгсгөж чаддаггүй бололтой, эсвэл ах нарынхаа атганаас одоо ч гараагүй байж мэдэх..
 

АРДЫН НАМЫНХАН ХУЛГАЙД ГАРШИЖ, ХЭРГЭЭС МУЛТРАХДАА ГАРГУУД БОЛСНОО ДАХИАД Л БАТАЛЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-27 14:01:08
    Зочин.: Ер нь улс орныг сүйрүүлсэн Ждү, 60 тэрбум,ХБны болон нүүрсний хулгайн хэрэгт ардын намынхан ихэнх нь орлцсон нь төр барьж бгаа энэ нам нь цаашид төрийн эрх йг барих ёс суртахууны эрхгүй гэж үзэж бна. Иймээс Ардын намыгтатан буулгах нь зүйтэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188