• Өнөөдөр 2024-05-15

ДЭЛГЭР САЙХАН НААДААРАЙ

2023-07-11,   669

      Дэлхийд ганцхан дээлтэй наадам, дэлгэр сайхан эхэлж байна. Туурга, тусгаар улсын бэлэгдэл болсон Үндэсний их баяр наадмын өнгөөрөө бид улс орныхоо тэр жилийн хэтийн зорилгыг тольддог бичигдээгүй хууль үйлчилж эхэлсэн. Тиймдээ жил жилийн наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

      Хэдийгээр хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг донсолгосон цар тахлын улмаас улсын баяр наадмыг өргөн цар хүрээнд тэмдэглэж чадаагүй ч хүнд цаг үеийг даван туулж, өнөөдөр Төрийн их баяр цэнгэл наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж буй. Монгол Улсын хувьд цар тахлын хүнд үеийг даван туулж, ирээүйн хөгжил рүү хурацтайгаар тэмүүлж байгаагийн илрэл яах аргагүй Үндэсний баяр цэнгэл наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн эхлүүлж байгаагаас илэрхий байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын дараах эдийн засгаа тогтворжуулж, цаашлаад эдийн засгийн өсөлтөө улам бүр тэлэх бодлого ажиллаж байгаа нь хэд хэдэн томоохон үйл явдлаар нотлогдож байна. Энэ онд гэхэд хасах үзүүлэлттэй байсан эдийн засаг дахин сэргэж, зургаан хувьд хүрч өссөн. Улмаар жилийн орлого хагас жилийн байдлаар нэг их наяд төгрөгөөр давуулан биелэсэн сайн мэдээ бидэнд бий. Түүнчлэн дэлхий нийт Монгол Улсын эдийн засагт анхаарал хандуулж эхэлсэн нь хэд хэдэн томоохон үйл явдлын үр дүнгээр илэрч байна.

      Тухайлбал, энэ  оны долдугаар сарын  9, 10-нд манай улс “Монголын эдийн засгийн форум”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус форумд дэлхийн томоохон хөрөнгө оруулагч компанийн төлөөллүүд хүрэлцэн ирж, Монгол Улс моодонд орж байгааг цаашлаад дэлхийн томоохон компаниудтай хамтарч ажиллах боломжтой болсныг зарлан тунхаглав. Энэ  бол манай улсын хувьд үүр гэгээрч байгаа эдийн засгийн том алхам билээ. Тус форумын үеэр дэлхийн томоохон хөрөнгө оруулагч Рио Тинто компанийн төлөөллүүд хүрэлцэн  ирж, зэсийн хэрэглээ дэлхий дахинд нэн эрэлттэй ашигт малтмал болсон талаар онцлон тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл, үүнтэй зэрэгцэн Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор манай улс зэсийн нийлүүлэлтээрэй эдийн засгийн том ахиц авч ирж байгааг хөрөнгө оруулагчид онцлож байлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн нөөц бололцоог 10, 20 жилээр бус 30,40 жилийн том зургаар харах боломжтой болсон гэдгийг энэ үеэр мэдэгдэв.

Энэ бол монголчуудын хувьд эдийн засгаа сэргээх чухал алхам. Хэдийгээр манай улс төрд үүрлэсэн авлига, хээл хахуультай тэмцэх тэмцлээ эхлүүлэх олон шийдэл гарч, гаргалгааг ярьсан ч, энэ асуудлаа шийдэж болох арга замыг олсон эдийн засгаа сэргээх, хэтийн зорилготой ажиллах зайлшгүй шаардлага үүсээд байв. Харин энэ удаагийн “Монгол Улсын эдийн засгийн форум-2023”-ийг хийж, дэлхийн хөрөнгө оруулагчид хаалгаа нээснээр эдийн засагт шинэчлэл хийх том хувь нэмэр болж байна.. Тиймдээ ч энэ удаад Монголын эдийн засагт шинэ салхий сэвэлзлээ.

    Монгол Улсын эдийн засагт шинэчлэл хийхээс гадна өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид олон жил төрд бугшсан авлига, хээл хахуультай тэмцэх шинэ алхамыг эхлүүлэв. Тухайлбал, өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нарыг олон нийтэд нээлттэй зарлаж, тус банканд үүрлэсэн булхай, луйврыг илчлэх том эхлэлийг тавьлаа. Цаашлаад Хөгжлийн банкны зээлдэгч нарын дунд нийтийн нээлттэй сонсгол зохион байгуулж, олон нийтэд нээлттэй шүүх боломж олгов. Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон найдваргүй зээлдэгч нарыг өнгөрсөн гурван сар гаруй хугацаанд нээлтэй шүүж, улсын баяр цэнгэл наадмаас хэдхэн хоногийн өмнө шүүх хурлын шийдвэрийг танилцууллаа.

      Авлигатай тэмцэх, улс төрд үүрлэсэн том гэмт хэргийг илчлэх дараагийн том алхам нь Нүүрсний хулгайн хэргийг олны дунд илчилж, улс төрд үүрлэсэн том хэрэгт бөмбөг тэслэв. Улсын эдийн засгийг цөөн хэдхэн хүн зашиж байсан том хэргийг илрүүлэх эхлэлийг тавьсан нь нүүрсний хулгай гэх тодотголтой шинэ хэрэг байв. Уг асуудлыг олон нитйин дунд нээлттэй сонсгол байдлаар танилцуулж, нууцын зэрэглэлд байсан оффтейк гэрээнүүдийг ч ил болгох. Нүүрсний хулгайн хэрэг илчлэгдснээр эдийн засагт экпортын хэмжээ нэмэгдэх, эдийн засаг сэргэхэд чухал нөлөө үзүүлсэн билээ. Нүүрсний хулгайн хэргийг шалгах том ажил эхэлсэн ч улс төрд үүрлэсэн эдийн засгийн гэмт хэргийг илчлэх хамгийн том алхам энэ байв.

Монголын төрд авлига албан тушаалын хэрэгт эргэлт хийж, тогтолцооны шинэчлэлд ч шинэ хуудас нээв. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт хийж, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулсан нь 30 жилийн хугацаанд жилийн хугацаанд улс төрийн тогтолцоонд хийсэн том алхам байв.

      Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Ингэснээр олон жил шүүмжлэлд өртсөн төрийн эрхийг баригч хоёр том нам улс төрийн шинэ тоглолтоор тоглох нь тодорхой болсон юм.

      Дан ганц улс төрийн шийдвэр гэлтгүй, нийгэм эдийн засагт ч шинэчлэл хийсэн, ололтой он цаг хугацаа өнгөрч байна. Тодруулбал, Монгол жүжиг анх удаа дэлхийн тайзнаа олон улсын хэлээр орчуулагдан тоглогдсон баяр үйл явдал тохиолоо. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Улмаар УДЭТ-ын тайзнаа нийт 117 удаа тоглож, орлого, үзэгчдийн тоогоороо Монголын соёл урлагийн түүхэн дэх дээд амжилтуудыг тогтоосон билээ. Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Тамгагүй төр” жүжгийг 2023 онд тохиох Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Английн Лондон хотноо найруулан тавьсан юм.

    Ийн улс төр, эдийн засаг, урлаг соёл, нийгмийн хувьд ололт амжилттай цаг үеийг туулж байна, Монгол Улс. Ололт амжилт дүүрэн энэ цаг хугацаанд ард олон минь дэлгэр сайхан наадаарай

 


ДЭЛГЭР САЙХАН НААДААРАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188