• Өнөөдөр 2024-05-14

ТӨР ДЭХ ТЭГШ ЭРХИЙН ТӨЛӨӨ ДУУГАРСАН ТҮҮНД ЭМЭГТЭЙЧҮҮД АЛГА ТАШИЖ БАЙНА

2023-06-12,   965

      Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Тус төсөлд “Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх”-аар тусгасныг Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Ж.Сүхбаатар тэргүүтэй гишүүд “40-өөс доошгүй” болгож нэмэх санал гаргаж, улмаар УИХ-аас дэмжсэн. Удахгүй болох эцсийн хэлэлцүүлэгээр ч дэмжигдэх хүлээлттэй байна. Ингэснээр төрд тэгш эрх хангагдаж, эмэгтэйчүүд илүү олноор төрийн түшээгээр сонгогдох, тэр чинээгээр нийгмийн “чимхлүүр” асуудлууд шийдэгдэх боломжтой болно гэж ард түмэн ам сайтай байна. 
   
    УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэх асуудлаар  анхлан дуугарсан, дэмжүүлсэн гол хүн нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар байв. Түүнийг ийн онцлохыг учир нь, тэр анх удаа эмэгтэйчүүдийн квотыг нэмэх тухай ярьж байгаа юм биш, аль 2011 онд л энэ тухай ярьж явсан. Энэ төрд эмэгтэйчүүдийн оролцоо эрчүүдтэй эн тэнцүү байх ёстойг, төрд тэгш эрхийг хангах ёстойг тэр 2011 онд анх ярьж, улмаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгож өөрчлөлт оруулахад гол үүргийг гардан гүйцэтгэжээ. Хэдий 20 хувь болгож нэмэгдүүлж чадсан ч хангалтгүй гэж үзэж, үе үеийн УИХ-д уламжилж явсаар 12 жилийн дараа 40 хувьд хүргэж, дахин нэмэгдүүлэх санал гаргаж, түүнийгээ ч анхны хэлэлцүүлгээр амжилттай дэмжүүлж чадлаа. Иймд иргэд, ялангуяа эмэгтэйчүүд түүнд алга ташиж байна. 
    Эмэгтэйчүүдийн квотын асуудлыг эргэн санавал, хамгийн анх 2005 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 8.2-т “Нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэй байх” гэсэн заалтыг оруулж баталснаар түүхэн дэх хамгийн өндөр хувь гэгдэж байлаа. Гэвч “30-аас доошгүй хувь байх” заалтыг 2007 онд цуцалж, улмаар 2008 оны УИХ-ын сонгуульд гурван эмэгтэй л сонгогдож байв. Улмаар 2011 онд УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Нийгмийн ардчилал бол шударга ёс, эв нэгдэл, тэгш эрх дээр суурилдаг. Манай намын философи ч үүн дээр суурилдаг. Монголын хүн амын 51.7 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд нийгэм, улс төрийн амьдралд тэгш оролцоогоор хангагдсан байх учиртай. УИХ-ын сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20-иос доошгүй хувь болгох ёстой. Цаашлаад 2015 онд 30-аас доошгүй хувь болгож нэмэх ёстой” хэмээж байв. Мөн ондоо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.2-т “Сонгуульд оролцож байгаа нэм, эвслээс нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна” гэсэн заалт оруулж баталсан. Үр дүнд нь 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй УИХ-д сонгогдож байв. Дараа нь 2015 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар заасан ч 2016 оны тавдугаар сард эргээд 20 хувь болгож бууруулсан. Хамгийн сүүлд 2020 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-т “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж хуульчилсан байдаг. 
 
   Харин сая Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ыг 126 гишүүнтэй байхаар баталсантай холбогдуулан шинээр боловсруулсан УИХ-ын сонгуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квотыг “30-аас доошгүй” гэж тусгасан байсныг Ж.Сүхбаатар нарын гишүүд “40-өөс доошгүй” гэж өөрчлүүлэх санал гаргаж, уг саналаа УИХ-ын анхны хэлэлцүүлэгээр дэмжүүлж чадлаа. УИХ-ын нэгдсэн хуралдаанаар уг саналыг хэлэлцэх үеэр Ж.Сүхбаатар “Би 12 жилийн өмнө эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгох дээр ажилласан. Тухайн үед элдвээр л хэлүүлж байлаа. Юун сүрхий эмэгтэй хүн дэмждэг болчихсон юм бэ, гэх зэргээр хэлж байсан хүмүүс бий. Одоо бол хандлага өөр болсон байна. Манай нам социал демократ үзэл баримтлалтай. Намын дүрэмд маань ч эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх заалт байгаа. Эмэгтэйчүүдийн квотыг 40-өөс доошгүй хувь болгох ёстой. УИХ-д 126 гишүүн байлаа гэхэд 52-оос доошгүй нь эмэгтэй байна гэдэг нь тэгш эрхийн асуудал гэхээсээ хөгжлийн стратегитай холбоотой асуудал юм. Эмэгтэйчүүд төр барилцаж чадна, чадахгүй гэдэг яриа бол хоцорсон, хуучирсан үзэл гэж хэлэх гээд байгаа юм” гэсэн юм. 
 
     УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотын асуудлаас гадна Засгийн газар дахь эмэгтэйчүүдийн квотын асуудлыг ч Ардын намынхнаас анхлан ярьсан нэгэн. Хамгийн сүүлд л гэхэд, 2021 оны нэгдүгээр сарын 27-нд УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг 32 дахь Ерөнхий сайдаар томилох эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр хэлэлцэж байх үед Ж.Сүхбаатар “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай асуудлыг анхаарах хэрэгтэй. Засгийн газрын гишүүүдийн 15-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх квот бий. Үүнийг шинэ Ерөнхий сайд маань анхаарач, нэмэх ч талаар ажиллах байх. Жендерийн мэдрэмжтэй Засгийн газгийн газар байгуулагдана гэж найдаж байна” хэмээн хэлж байв. 
 
     Статистик судалгаа танилцуулахад, УИХ-ын 33 жилийн түүхэнд найман удаагийн сонгуульд нийт 43 эмэгтэй давхардсан тоогоор 68 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Анх УИХ-ын гишүүдийн 3.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан бол сүүлийн хоёр УИХ-д нийт гишүүдийн 17.1 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Гэтэл парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь дэлхийн түвшинд 25 хувь, Ази тивд 21.5 хувьтай байгаа юм. Харин УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь хүргэснээр төр дэх тэгш эрх буюу эмэгтэйчүүдийн эрх барих оролцоо дэлхийн түвшинд хүрэх ажээ. 
 

ТӨР ДЭХ ТЭГШ ЭРХИЙН ТӨЛӨӨ ДУУГАРСАН ТҮҮНД ЭМЭГТЭЙЧҮҮД АЛГА ТАШИЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-13 11:43:17
    Дэмжигч: Тэгш эрх маш чухал .Үр хүүхдээ эцэг эх хоёр эн тэнцүү өсөгдөг эх орноо хөгжүүлэхэд тэгш оролцох нь зөв. Монгол эмэгтэйчүүдийн манлай болсон Н.Янжмаа С.Удвал сүүлд Мөнхөө гуай гээд мөн сайхан түшигтэй төрийн эхчүүд байсан даа. Тэд лав л Эд хөрөнгө мөнгө төгрөгний асуудал ороогүй Харин сүүлийн үeд эрчүүдээ дуурайгаад ганц нэг бүсгүйчүүд шуналтай болчихсон юм уудаа .Тэгэхдээ эрчүүдийг бодвол цөөхөн байхаа. 30 гаоуй хувь сонгогдож чадвал эх хүний хатан ухаанаар хандах байх шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 10:23:13
    Иргэн: Түгжрэлээ ярьж дуугараач бязда минь … юу донгосоод байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 09:52:35
    zochin: Эмэгтэйчүүд үр хүүхдээ л түүх соёл, өв уламжлалаа мэддэг, ёс суртахуунтай, боловсрол мэдлэгтэй, сайн хүн болгож өсгөх хэрэгтэй. Тэгж өсгөж хүмүүжүүлснээр бүх талын өв тэгш иргэд бий болж улс орон минь хөгжинө, түүнчлэн хоёр том улсын дундах Монгол Улс минь өн удаан оршин тогтнох юмаа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188