• Өнөөдөр 2024-05-15

БИЧЛЭГ ЦАЦАХ БОХИР ТЕХНОЛОГИ БУЮУ ХЭРЭГТНЭЭ ЦАХИМААР ЭХЭЛЖ ЯЛЛАДАГ ХУУЛИЙНХНЫ ЭМГЭНЭЛ

2023-02-16,   950

       Сонгууль дөхөхөөр бичлэг цацдаг, өрсөлдөгчөө намнадаг муу арга улс төрийн хүрээлэлд бий болоод удаж байгаа. Хэдэн жилийн өмнө УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүний Төрийн ордонд архи ууж, агсамнаж, ёс бус зүйлс ярьж байгаа бичлэг сонгуулийн  үеэр задарснаас хойш мөнөөх гишүүн дахин сонгогдох нь битгий хэл олны өмнө гарч ирэхээ ч больсон. Одоо харин хааяа нэг хэвлэлээр бизнесийг нь сурталчилсан зураг хөрөг л үзэгдэнэ үү, гэхээс тийм эмэгтэй гишүүн байж билээ гэж дурсагдахаа ч больсон байна. Энэ мэтээр сонгуульд өрсөлдөгч нар, улстөрчид цахим сүлжээнд өрсөлдөгчөө замаасаа гаргахдаа, нэгнээ намнахдаа бичлэг цацах бохир технологийг биенийхээ эсрэг гаргадаг байлаа.
 
       Үндсэндээ цахим сүлжээг сонгуулийн өрсөлдөөн, өрсөлдөгчөө намнах талбар болгож байсан бол одоо хууль хяналтын байгууллагынхан бичлэг цацах технологийг гарамгай гүйцэтгэх боллоо. Угтаа бол улстөрчдийн увайгүй үйлдэл нь бичлэг цацах технологи байсан юм. Харамсалтай нь, сүүлийн үед манай хууль тогтоох байгууллагынхан хийсэн ажлаа батлах гэдэг дээ ч тэр үү, улстөрчдийн хийсэн хэргийг нь олноор шүүлгэх хүртлээ үйл ажиллагаа нь доройтсон юм уу, эсвэл улстөрчид нэгнээ намнахдаа хууль, хяналтын байгууллагаар түрий барьдаг болчихсон уу бүү мэд ямартай ч, улс төрийн холбогдолтой гэмт хэрэг гарвал бушуухан олон нийтийн сүлжээнд бичлэг байршуулж, мөнөөх хэрэгт холбогдуулан шалгуулж байгаа хүнийг цахим сүлжээний бай болгож, шүүхээр  хэргийн үнэн мөнийг эцэслэхээс өмнө цахим сүлжээний ялтан болгодог нь нууц биш юм.
 
        Нэг ёсондоо улстөрчдийн хэргийг хууль хяналтынхан биш цахим орчныхон хэргийг нь шүүдэг болчихжээ. Нэр хаяг нь тодорхойгүй цахим сүлжээний нууц бүлэглэлүүд хэрэгт холбогдогчийг тэр чигт цахим орчинд яллаж, олон нийтийн өмнө байж боломгүй муу муухай мэтээр харагдуулах болсон нь хүний эрхийг дээдлэгч, ардчилсан гэх тодотголтой манай улсад байж болохгүй үйлдэл баймаар. Харамсалтай нь, манайд хүний эрхийг дээдлэх, хувь хүний нууц мэдээлэл гэх соёл тэр чигтэй алга болж, хуулийнхан нь ч үүнийг хамтран хийдэг гаж тогтолцоо бий болоод удаж байна. 
 
     Хамгийн наад захын жишээг дурдахад л цар тахлын үед шүүгч,өмгөөлөгч нар нэгнийдээ очиж, хөл хорионы дэглэм зөрчиж, олноороо цугласан тухай бичлэг цахим сүлжээнд газар авч байлаа. Тухайн үед өмгөөлөгч, шүүгч нар нэр бүхий хотхоны лифтэнд ёс бус үйлдэл гаргасан талаарх бичлэгийг цахим сүлжээнд хууль хяналтын байгууллагынхан цацсан, цагдаагийн энгэрийн камерын дүрс бичлэгийг мөн ил болгосноор цахим сүлжээн дэх олон нийт тэдний хэргийг шүүн хэлэлцүүлсэн билээ.
 
      Саяхан гэхэд  УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас шалгаж, хойшлуулшгүй ажиллагаагаар цагдан хорьсон. Улмаар түүнийг шалгах явцад эх үүсвэр нь тодорхойгүй 7.3 тэрбум төгрөг гэрээс нь олж илрүүлсэн талаар хууль хяналтын байгууллагынхан мэдээлж байв. 
 

     Түүнийг гэр болон ажлын байранд нэгжлэг хийх явцдаа хуулийн байгууллагынхан баримтжуулж бичлэг хийсэн дүрсээ олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй мэдээлж, дүрс бичлэгийг нь задалсан байдаг. 

 
       Шүүх хурлын үеэр С.Батдөл "Шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг цахимаар ялладаг процесс Монголд үүссэн байна. Надад үүсээд байгаа энэ хэрэг дээр цагдан хорих шаардлагагүй гэж би ойлгосон. Хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Заавал цагдан хорих шаардлагагүй. Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй байдалд оруулж, цахим орчинд зохион байгуулалттайгаар маш их сэвж, шүүх рүү хүртэл дайрч байгаа. Миний бие эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ хотод амьдардаг. Ээж, аав маань хөдөө байдаг. Би УБТЗ-д 14 жил ажилласан. Намайг оргон зайлж, нисэх дээр явж байна гэсэн яриа гарсан байна лээ. Оргон зайлах асуудал байхгүй. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл, шүүхийн шийдвэр гарах хүртэл хүсэлтээ өгөх болно. Би залуу хүн, цаашдаа ч энэ асуудлыг шийдэхийн төлөө явна. Би дөрвөн хүүхэдтэй. Миний том охин 13 настай, бага маань гурван настай. Дөрвөн хүүхэд маань дөрвүүлээ хатгаа, ханиад туссан байна. Цахим орчин дахь мэдээллийг хараад охин маань сүүлийн 2-3 хоног нүдээ бүлцийтэл уйллаа. Эхнэр маань эмнэлэгт хэвтсэн” хэмээн өөрийгөө өмгөөлж байлаа.
     Хамгийн сүүлд гэхэд  Крипто зах зээлд IHC койныг гаргасан О.Мөнхжин, Б.Гантиг, Н.Эрхэмбаяр, Б.Идэр-Од нарыг мөнгө угаасан хэргээр шалгаж, 30 хоног цагдан хоригдоод буй О.Мөнхжингийн хамтрагч нартайгаа ярилцсан харилцан яриаг хуулийн байгууллагаас ил болгоод буй. О.Мөнхжин "Тэр Биднийг гурвууланг нь гадагшаа гараад явчихсан байна. Хэзээ ч гадагшаа явдаггүй Б.Эрхэмбаяр нь хүртэл явчихсан байна гэвэл хүмүүсийн итгэлийг алдах байх. Хэдүүлэнд ер нь айх юм юу байгаа билээ. Хүмүүстэй хэрүүл хийхгүйгээр нээлттэй байдлаар харилцаж, явбал яадаг юм бэ. Мэдээллүүдээ өгөөд, ярилцаад явбал зүгээр биш үү. Надад ийм санал байна. Гурвуулаа гадагшаа явахаар  хамгийн үнэ цэнтэй гээд байгаа хүмүүсийнхээ итгэлийг алдчихвал дараа нь хэцүү цаг ирэхэд биднийг өмөөрөх хүн байхгүй болох вий дээ гэж санаа зовж байна” ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа юм.
 
 
     Хэдийгээр тэд  гэм буруутай үйлдэл хийж, хуулийн байгууллагад шалгуулж байгаа ч, олон нийтийн өмнө хэрэг тогтоохоос урьтаж, цахим орчинд бичлэг тарааж, ялалдаг, харгис нийгэм байж яавч боломгүй. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэгтэн шүүхийн өмнө гэм буруугаа тогтоолгохоос өмнө цахим сүлжээний ялтан болж, түүнээсээ болж, хувь хүний эрх эрх чөлөө хязгаарлагдаж байгааг хуулийн байгууллагынхан хамгийн түрүүнд анхаарах нь зүйн хэрэг биз ээ. 
 

           Нэг ёсондоо хуулийн байгууллагаас хэрэгтнээ цахимд яллаж байгаа нь, хуулийг хэрэгжүүлэгч хүчний байгууллагууд ямар ч хүчгүй, унж дорой болсныг илтгэх эмгэнэлтэй дүр зураг бэлхнээ харагдаж байна. 

 
      Сайн цагт “Үндсэн хуулийн цэцийн дээр мөнх хөх тэнгэр л байна. Өөрөөр хэлбэл, тэдний шийдвэр, хараат бус байдал бол эцсийнх” гэх сайхан үг Монголд мөрдөгдөж байлаа. Харин одоо бол “Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын аль алиных нь дээр МАН “сандайлчихаад” буухгүй байна” хэмээн учир мэдэх томчууд, хуульчид, улс төрийн хүрээнийхэн ярьж байна
 

БИЧЛЭГ ЦАЦАХ БОХИР ТЕХНОЛОГИ БУЮУ ХЭРЭГТНЭЭ ЦАХИМААР ЭХЭЛЖ ЯЛЛАДАГ ХУУЛИЙНХНЫ ЭМГЭНЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-24 17:38:47
    zochin: Hiisen hergiig ni bur sain uzuuleh heregtei. eniig bichsen hun gemt heregtnuudiin hamsaatan baig taarna. Barij shalgah heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-16 18:11:51
    гэнэ: монголын шүүх үнэнч шударгаар шийддэг байсансан бол ийм зүйл хийхгүй шүүдээ. хүмүүс минь улам сайн бичих хэрэгтэй. харин доромжилох худал зүйлийг бол болохгүй байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-16 12:57:27
    зочин: 14 жилийн дотор ийм их мөнгөтэй болдог байх нээ. Сэвх юу ч бишээ. Үйлийн лай гэж үе дамжсан айхтар юм байдагийг мартаж болохгүй. Заавал эрт орой аль нэг цагт ирдэг түрүүчээс нь анхааруулж байна. Үүнийг илрүүлсэн хүмүүст олон түмэн бахархах л болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-16 11:21:04
    zzzz: хэрэг хийсэн бол ялаа хүлээх хэрэгтэй ард түмэнд үзэн ядуулах хэрэгтэй дахиж ийм хогийн юм хийхгүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188