• Өнөөдөр 2024-03-29

ХЭН НЬ ГОЛ ДҮР ЮМ БЭ

2022-12-31,   1074

 
        Аль ч нам Засгийн эрхийг барьсан  нөлөө бүхий улстөрчөөр далдаас удирдуулж, түүнийг залуус нь дагаж, тэр нь улс төрд гол дүр бүтээдэг бичигдээгүй хууль манайд үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, Н.Багабандийн, Н.Энхбаярын, Ц.Нямдоржийн, М.Энхболдын гэгчлэнгээр фракц үүсгэж, түүгээрээ намаа базаж, Засгаа толгойлдог жишиг үйлчилсээр ирсэн. Яг ийм л байдлаар төрд суусан томчуудыг дагаж, фракцад нь харьяалагдаж, эрх мэдлээ томруулдаг нь манайхны төрд шургалах гол зарчим юм
 
         Тэгвэл “Өнөөдрийн улс төрд хэн нь гол дүр болж, улс төрийн тайзыг эзэгнэж байгаа вэ” гэдэг таамаг олны дунд байна. Мэдээж одоогийн эрх баригч намын томчууд буюу  төрийн өндөрлөгүүд хэн нь хүү, хэн нь ноён болохоо батлах гэж нам дотроо томоохон өрсөлдөөн эхлүүлсэн нь тодорхой. Өөрөөр хэлбэл, М.Энхболдын фракцыг У.Хүрэлсүх тэргүүтэй одоогийн Засгийн эрх баригчид татан буулгаснаас хойш энэ багийнхан талбайн гол тоглогчид болсон. Эхэндээ тэд нэг баг болж, нэг чигээр, нэг үзлээр бэлтгэгдсэн цэргүүд шиг ажиллаж байсан бол одоо харин задарч, гол дүр нь чухам хэн бэ гэдгээ үзэхээр эхний нүүдлээ хийцгээлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЙР СУУРЬ НАМ ДОТРОО ТОМ ХЭВЭЭР ҮҮ

        Мэдээж одоогийн төрийн эрхэнд хамгийн өндөр суудалд буюу Ерөнхийлөгчийн сэнтийд У.Хүрэлсүх сууж байгаа. Түүний тухайд М.Энхболдын фракцыг Засгаас буулгаснаасаа хойш том хэвээр байна. Өнгөрсөн хэд хэдэн удаагийн сонгуульд намаа толгойлон оролцож, түүнийхээ шидийг ч үзээд амжсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн суудалд бэлэг тэмдгийн шинжтэй сууж байгаадаа бухимдангуй байгаа нь саяхны томилгоо сэлтэд хүчтэй оролцож байгаагаас нь тодорно. 
 
      Шинэ Засгийн газрын бүтцийг харахад түүний ойрын хүмүүсээс сайдын албанд цөөнгүй нь томилогдож, төрийн албанд түүний нөлөө байсаар байгааг харуулаад авсан. Гэхдээ тэр дүү нараасаа нэгэнт зайгаа авч, дараагийн фракцаа "босгосон" гэх яриа Саарал ордонд хүчтэй өрнөж байна.  
 

НАМЫН ДАРГА, ЗАСГИЙН ГАЗРЫГ ТЭРГҮҮЛЭГЧИД ЯМАР ЭРХ ОЛГОВ

       Үе үеийн улс төрд Ерөнхий сайд нь намынхаа хамгийн эрх мэдэлтэй дүр байсаар ирсэн. Харин энэ удаагийн Ерөнхий сайд намдаа дарга нь уу, цэрэг нь үү гэдэг өнөөдрийг хүртэл эргэлзээтэй байна. Угтаа бол залуухан сайдын хувьд нам дотроо хүрээлэл багатай, өмнөх даргынхаа дэмжлэгээр өнөөдрийн суудалд хүрсэн тул гол дүр болж чадаж байна уу гэдэг нь асуулт хэвээрээ байна. Нөгөө талаараа залуухан удирдагч, Засгийн газрын тэргүүн гэдэг утгаараа төрд гол дүр байхыг хүсэх нь тодорхой. 
 
     Тиймдээ ч энэ удаад Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрдүүлэхдээ намын даалгавраар хөдөлж, томилгоо, халаа сэлгээнд төдийлөн ач холбогдол өгөөгүй гэх бор шувуу олны дунд нисэж байгаа. Нөгөөтэйгүүр түүнийх байж болох байсан бүх боловсон хүчнийг нэгэн анд нөхөр нь өөрийнхийгөө болгоод, Засагт нь ороод ирсэн байгаа. Ирэх өдрүүд тэдний хувьд найз нөхдөөрөө үлдэх үү, намын ах нарынхаа жишгээр нуруугаа харуулах уу гэдгээ шийдэх чухал цаг хугацаа байх болно. 
 

МАН-ЫН ГАЛ ТОГОО БАРИГЧААС УЛСЫНХ РУУ ШИЛЖИГЧ

         Сүүлийн найман жилийн хугацаанд МАН-ын "гал тогоо"-г барьж, эрх баригч нам болоход гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь МАН-ын генсек Д.Амарбаясгалан гэдэг. Өнгөрсөн хугацаанд тэрбээр арын албанд чимээгүй байсаар ирсэн ч гэнэтхэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон. Нэг талаар нам дундаа нөлөө бүхий улстөрчийн хувьд энэ удаагийн суудал нь тун даруухан томилгоо гэж хэлж болохоор. Гэвч 41 жил намдаа зүтгэж, Монголын төрд өөрийн байр сууриа тогтоож чадсан Ц.Нямдоржийн байр сууринд очсон нь түүний хувьд том даваа ч байж мэднэ. 
 
         Сая давхар дээлтэй сайд нарын тоог нэмэхэд түүний оролцоо нэлээд байсны дээр дан ганц намаа гэлтгүй Монголын улс төрийн томоохон намууд түүний халаасанд багтсан гэх цуу яриа олны дунд гараад байна. Ямартай ч Д.Амарбаясгалангийн тухайд зөвхөн намдаа бус, улсын улс төрд гол тоглогч болох алхмаа эхлүүлж байгаа бололтой.

МАН-ЫН НУУЦ ЭЗЭН СҮ. БАТБОЛД ХЭВЭЭРЭЭ ЮҮ

      Сүүлийн хэдэн жил төрд сул гишүүний үүрэг гүйцэтгэж, чимээгүй суугаа түүнийг МАН-ын жинхэнэ эзэн, Монгол төрийн толгой гэх яриа олны дунд байдаг. Ямар сайндаа л У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Сү.Батболдын бүлэглэл төрийн эргэлт хийлээ” хэмээн мэдэгдэж, түнжин муудсан удаатай. 
 
       Энэ мэтчлэнгээр түүнийг өнөөгийн улс төрд далд мөртлөө хүчтэй оролцоотой хэмээдэг. Өөрөөр хэлбэл, Сү Батболдын бүлэглэл нам дотроо нэлээд хүчтэй бөгөөд түүнийг  улсын улс төрийн гол дүр гэж үзэх нь ч бий. 
 
      Хамгийн гол нь хөрөнгө чинээгээрээ МАН-ынхан дотроо толгой цохидог том хандивлагч нь тэр бөгөөд оффшор бүс дэх их хэмжээний хөрөнгө нь Монголын улстөрчдийг хангалттай “удирддаг” гэх яриа ч бий. 
Төгсгөлд нь, Монголын улс төр одоохондоо дээрх дөрвөн эрхмийн аяар өрнөж байгаа гэх элдэв таамаг, эрээвэр хураавар баримт олон. Гэхдээ хэн нь гол дүр юм бол..
 

ХЭН НЬ ГОЛ ДҮР ЮМ БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 19:44:46
    Go: Bugd hulgaich
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 10:25:27
    кк: энэ Амарбаясшалан татвар нэмнэ үндсэн хуульд засвар хийнэ гээд л их олон юм донгосох юм төриын ажил хийж үзээгүй намын ажил хийсэн хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 10:25:26
    кк: энэ Амарбаясшалан татвар нэмнэ үндсэн хуульд засвар хийнэ гээд л их олон юм донгосох юм төриын ажил хийж үзээгүй намын ажил хийсэн хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-27 18:04:51
    Иргэн: Хулгайч Сү гарцаагүй нууц эзэн нь.Хүүк мэт нь хүүхэлдэй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188