• Өнөөдөр 2024-04-24

ДАРГА ДАГАСАН ТӨСВӨӨ ДАЛДУУР ХУВААЧИХ ВИЙ ДЭЭ

2022-09-29,   568

          Ирэх оны төсвийн төсөл дээр МАН-ынхан нэлээд маргаж, хуулийн хугацаа нь тулсан учир нүдээ аниад зүтгүүлэхээс аргагүйд хүрэв бололтой. МАН-ын бүлэг  Их тэнгэрийн аманд хуралдахдаа төсвийн төслөөс болж түнжин хагарсан. Улмаар томчууд хоорондоо сөргөлдөж эхэлсэн нь сүүлчийн үеийн улс төрийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж буй. Ямар сайндаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 20-хон хоносон шинэ сайдаа биш, “цахимаар яллаж” огцруулж байх билээ дээ. Төсвөө парламентаар хэлэлцээд эхлэхээр үүнээс ч том бужигнаан үүсэхийг үгүйсгэхээргүй эмзэг байна өнөөдрийн төр.

         Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Ингэхдээ Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар валютын нөөц багасаж, эдийн засаг амаргүй нөхцөлд байгааг ээлжлэн сануулж байгаа харагдана лээ.

              Нэг талдаа Сангийн яамны боловсруулсан төсөв байж болох хамгийн дээд хэмжээндээ зардлаа өсгөсөн байж мэдэх. Одоогийн боловсруулсан төслөөр 2023 онд төсвийн алдагдлыг 1.5 их наяд төгрөг буюу өмнөх оноос даруй 900 тэрбум төгрөгөөр бууруулж, ДНБ-д эзлэх хувийг 2.8 хувь болгож байгаа  гэх. Улмаар нүүрсний экспортыг 2019 оны мөн үед хүргэж, 36 сая тонн нүүрс экспортлох тооцоололтой. Ингээд энэ жил 14 болтлоо өссөн инфляцын түвшинг бууруулж, нэг оронтой тоонд оруулах зорилт тавьсан гэж мэдэгдсэн. Тэгэхээр өмнөх жилүүдэд алдагдалтай хэт өөдрөг төсөв танилцуулж байсан эрх баригч намынхан эргээд төсвөө хумьж эхэллээ. Сонгуулийн өмнөх жилийн төсөв учир энэ жилийн төсөвт нэлээд ач холбогдол өгөх нь тодорхой байв. Эндээс хамгийн анхаарал татаж буй нь шинэ хөрөнгө оруулалт, шаардлагагүй төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийхгүй гэх мэдэгдэл хийсэн нь намын гишүүдээ бухимдуулж, талцалд хүргээд байгаа бололтой. Мэдээж дэлхийд тархсан цар тахлын нөлөө харьцангуй буурч, Орос, Укрианы асуудал намжмал байдалд байвал манай эдийн засаг ирэх жил өсөх магадлал өндөр бий. Тэгэхээр одоогийн өргөн барих хэмнэлтийн төсөвт тодотгол хийж, сонгуульдаа бэлдэнэ гэсэн тооцоололтой орж байгааг үгүйсгэхгүй юм.

ХҮҮХДИЙН МӨНГӨНӨӨС ТАНАХ БОЛОМЖГҮЙ УЧИР ТАТВАРЫН БОДЛОГООР ИРГЭДИЙН “БҮСИЙГ ЧАНГАЛАХ УУ”

       Сайд нарынх нь тайлбарлаж буйгаар харин сахилга баттай, хэмнэлтийн төсөв болсон гэдгийг ам уралдан хэлж байгаа. Гэхдээ одоогийн нөхцөлд үүнээс ч их хэмнэх шаардлага байгаа нь тодорхой.

Үндсэндээ өнгөрсөн жилүүдэд хэт өөдрөг төсөв баталж, түүндээ хүрэхгүй алдагдалд орсоор өнөөдөр валютын нөөцөө барчихсан, эдийн засаг “амь” нэхэж байгаа нь нууц биш юм аа.   Хүүхдийн мөнгөө хүртэл танаж, төсвөө хэмнэх гаргалаа хайж байгаагаас л харахад эрх баригч намынхан аргагүй ацан шалаанд орсон нь харагдаж байна. Тиймдээ эхний ээлжид цахим орчинд иргэдийн хандлагыг харж, “Хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт хүргэнэ” гэсэн бор шувуу нисгээд олны хандлагыг харж байгаад л дараагийн шийдвэрээ гаргачих шиг боллоо. Ингэхдээ цахим орчинд аль идэвхтэй байдаг том инфлюсер гэгдэх олны танилуудаар дамжуулан хүүхдийн мөнгөнөөс татгалзах уриалга гаргаад ч бүтэлгүйтэв.

         Мэдээж хүүхдийн мөнгийг ялгавартай олгож эхэлбэл том эсэргүүцэлтэй тулгарна. Өөрөөр хэлбэл, үнийн хэт хөөргөдөл иргэдийн амьдралд хүнд тусаж, хүүхдийн мөнгөөр хоногийн хоолоо залгуулдаг өрх олон болсон. Яг энэ асуудлыг Эдийн засгийн хөгжлийн сайд цоо шинээр үүссэн асуудал мэт хүлээж авч, “Иргэд хадгаламжаасаа хэрэглээндээ зарцуулж эхэлсэн байна” гэх мэдээллийг хийж харагдана лээ. Ингээд Засгийн газраас хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үлдээх шийдвэр гаргаж, улсын хэмжээнд нийт хүүхдийн 91 хувьд олгох тооцоо гаргасан байна. Улмаар  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Статистикийн хорооны тоон мэдээллийг үндэслэн 3.7 сая төгрөгөөс доош орлоготой өрхийн хүүхдүүдэд 100 мянган төгрөг олгоно гэх судалгааг гаргачихлаа.

              Мэдээж хүүхдийн 100 мянган төгрөг олгож эхлэхээр мөнөөх улсын төсвийн орлогоос зарцуулдаг 1.5 тэрбум төгрөгийг хэрхэн нөхөх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж дарга нар, УИХ-ын гишүүд цалингаа “май” гээд өгөхгүй нь тодорхой учир татварын бодлогоор бүсээ чангалах тооцоолол гаргажээ. Ингэхдээ татварын шаталсан загвараар нэмэх тооцоотой байгаа. Энэ талаар Сангийн сайд “Одоо шатлалгүй, 10 хувийн татварыг авч байгаа. Тэгвэл 0-10 сая төгрөгийн сарын орлогод 10 хувь хэвээрээ, 10 саяас давсан эсэхэд 15 хувь. Өөрөөр хэлбэл, сарын 12 сая төгрөгийн орлоготой бол 10 саяас 10 хувь буюу нэг сая төгрөг, хоёр саяас 15 хувь буюу 300 мянган төгрөгийн татвар төлнө. Харин 15 сая төгрөгийн орлогоос дээш давсан хэсэгт 20 хувийн татвар авна” гэсэн. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдийн цахилгааны тарифыг нэмэх тооцоо гаргаснаа танилцуулаад буй.

420 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУУРУУЛЖ ЧАДААГҮЙ НИЙСЛЭЛИЙН ТҮГЖРЭЛД ДАХИАД 339 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

           Сүүлийн жилүүдэд эрх баригч намынхан Улаанбаатар хотод их хэмжээний төсөв хуваарилж, үргүй зардалд зарцуулах болсон. Өнгөрсөн жил гэхэд 420 тэрбум төгрөгийг зөвхөн нийслэлийн авто замын түгжрэлд зарцуулсан бол энэ жил авто замын ачаалал буурсан зүйлгүй бахь байдгаараа өвөлтэй золгох гэж байна. Ингээд ирэх оны төсөвт дахиад л 318 тэрбум төгрөгийг авто замын түгжрэлд зарцуулахаар болжээ. Ингэхдээ нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж,  384 автобус шинээр оруулж ирэхээр болсон гэх. Ингэснээр ирэх он гэхэд парк шинэчлэлийг бүрэн хийж 134 чиглэлд 1432 автобус явуулах тооцоотой. Автобус баазын шинэчлэлд 318 тэрбум, автопаркын шинэчлэлд 21.7 тэрбум нийт 339 тэрбум төгрөгийг түгжрэлд зарцуулна гэсэн үг.

Хилээр орж ирж байгаа 24-ээс дээш суудалтай автобус 2024 оныг дуустал гааль НӨАТ-с чөлөөлөх, автобусны тоо нэмэхээс гадна авто баазуудыгн тоог нэмэх талаар төсөвт тусгасан гэдгийг Нийслэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар танилцуулаад буй. Нөгөө талдаа түгжрэлийг бууруулахад нийслэлийн хүн амын нягтаршлыг сааруулах талаар төсөвт тусгасан байна. Ингэхдээ хөдөө орон нутагт шилжин ажиллах иргэдийн цалинг нэмэх бодлогоор дэмжих асуудлыг төсөвт тусгаад байгаа аж.

ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТГҮЙ ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ

        Жил бүр төсөв батлахад хэн гэдэг даргын тойрог хамгийн их төсөвтэй байх вэ гэдэг өрсөлдөөн жил болгон өрнөдөг. Өөрөөр хэлбэл, төрд хамгийн нөлөө бүхий улстөрч тойрогтоо хамгийн их төсвийг хуваарилж, улс төрийн нөлөөллөө нэмдэг гэсэн үг.

       Мэдээж төрийн гурван өндөрлөг, Сангийн сайдтай тойрог, төрөлх нутаг нь хамгийн өндөр төсвийг авч, хүрээгээ тэлдэг уламжлалт тогтолцоо манайд бий. Жил болгоны төсөв хэлэлцэхэд хамгийн их хөрөнгө оруулалттай аймгаар Увс, Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөл аймгууд тодордог. Тэгвэл ирэх жилийн төсөвт шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэдгийг Сангийн сайд албан ёсоор мэдэгдсэн. Нөгөө талаараа дарга нарын дайн далдуур өрнөнө гэсэн үг. Сангийн сайдын өгсөн мэдээллээс харахад ханшийн зөрүүнээс болж өмнө жилүүдийн хөрөнгө оруулалтууд гацаанд орсон. Тиймээс дуусгаагүй хөрөнгө оруулалтуудаа дуусгаж, дараагийн ажилдаа орно гэх мэдээлэл өгсөн. Эндээс харахад шинэ хөрөнгө оруулалтад хөрөнгө зарцуулахгүй ч өмнөх жилүүдэд хөрөнгө оруулалтаараа тэргүүлсэн аймгууд нэмж хөрөнгө оруулалт авах нь. Тэгэхээр дарга дагасан төсөв далдуур өрнөх нь дээ


ДАРГА ДАГАСАН ТӨСВӨӨ ДАЛДУУР ХУВААЧИХ ВИЙ ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188