• Өнөөдөр 2024-05-05

ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙД НАРЫН ЧАНСААГ ҮЗЭХ НАМРЫН ЧУУЛГАН

2022-09-26,   508

             Намрын ээлжит чуулган ирэх долоо хоногт нээлтээ хийнэ. Эрх баригч намынхны хувьд хамгийн чухал байж болох чуулган энэ намрынх байх нь ээ. Учир нь “дан дээлтэй” сайд нараа эгүүлэн татаж, “давхар дээлтэй” сайд нарын чансааг үзэх цаг нь энэ болох нь. Одоогийн эрх баригч нам дотроос хамгийн дэмжлэг сайтай, “крандуулж” чадсан нэг нь Засгийн газрын давхар дээлтэй сайдад очсон учир энэ удаад Засгийн газарт нэлээд хүч байж болох.
 
          Нөгөө талдаа “давхар дээл” горилж байсан гишүүд одоогийн Засгийн газарт өндөр босго тавьж, МАН-ын талцал эд өрнөх магадлал их байгаа юм. Магадгүй МАН-ын фракцууд сэрж, өмнөх Засгийн газрын түүх давтагдах цаг нь болсон байж мэдэх. Ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар МАН-ын төдийгүй өнөөдөр улсын “гал тогоог”  баригч гэх Д.Амарбаясгалан томилогдсон. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам дотроо өндөр байр суурийг эзэлж байгаа түүнийг ил гарч ирснээр төрийг хэрхэн удирдах бол гэх хүлээлт бий болжээ. Нөгөө талаараа МАН-д том хагарал үүсэх эхлэлийг нь тэр тавьсан байхыг үгүйсгэхгүй юм. Ингэхдээ өнөөдрийг хүртэл чимээгүй байсан М.Энхболдын фракцынхан хөдөлж, одоогийн төрийн томчуудаас ам асуух цаг нэгэнт болсон гэх. Ийн унтаа байсан Их хурал энэ намрын чуулганаар сэрнэ гэх хүлээлт олны дунд үүсжээ.
 
ИРЭХ ЖИЛИЙН ТӨСВӨӨ ХЭТ ӨӨДРӨГ ТӨСӨӨЛЖ, УЛСААРАА УНАЛТАД ОРОХ ВИЙ
 
         Харин хэлэлцэх асуудлын тухайд онцлох хэд хэдэн хуулийн төсөл бий. Үүнээс анхаарал татах гол хуулийн төсөв нь ирэх жилийн төсвийн төсөл, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудал.
 
       Мэдээж энэ намрын чуулганаар анхаарал татах гол хуулийн төсөл нь 2023 оны төсвийн төсөл болж байна Өмнөх жилүүдэд хазаараа сул тавьсан манай төсөв өнөөдөр алдагдалтай байж болох хамгийн дээд хэмжээндээ хүрч, эдийн засаг элгээрээ хэвтчихсэн, амьсгал аргагүй байгаа. Яг ийм эгзэгтэй үед дэлхийн геополитикийн нөхцөл байдал амаргүй болж, манай мөнхийн хөрш орны нэг нь дайны нөхцөлд байгаа нь бидэнд сайнгүй байдал үүсгэх нь. Тэгэхээр ирэх жилийн төсвийн төслийг хэт өөдрөг төсөөлбөл, улсаараа уналтад орж мэдэх аюултай байдал байгаа нь нууц биш юм. Ямар сайндаа л эрх баригч намынхан 2023 оны төсвийн төслөө батлах гэж түнжин хагарсан гэнэ билээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд 2023 оны төсвийн төслийг хэлэлцүүлэхээр Сангийн сайд намын бүлэгтэй танилцуулж, МАН-ынхан Их тэнгэрийн аманд хурал хийсэн. Гэвч энэ хуралдаан үр дүнд хүрэлгүй намын гишүүд түнжин хагараад тарсан гэх. 
 
         Эх сурвалжийн мэдээлж буйгаар Сангийн сайд Б.Жавхлан урьдын адил хийсвэр тоотой, хөөрөгдсөн төсөв намынхандаа танилцуулж, гишүүдийн уурыг хүргэсэн гэнэ лээ. Тэрбээр нүүрсний экспортыг 2019 оны мөн үед хүргэж, 36 сая тонн нүүрс экспортолно гэсэн төсөлтэй оржээ. Харамсалтай нь, урд хөрш хилээ бүрэн нээгээгүй үед манайхаас ийм хэмжээний нүүрс гарна гэдэг тэнгэрийн төсөөлөл болохыг учир мэдэх гишүүд шүүмжилж, шийдэлд хүрэлгүй Бүлгийн хуралдаан өндөрлөсөн байна.

          Нөгөө талдаа ирэх жил сонгуулийн өмнө жил учир төсвөө хумьж, бүсээ чангалах нь эрх баригч намынхны хувьд байж болохгүй асуудал гэдгийг зарим гишүүд хөндсөн гэх. Гишүүд тойргоосоо оноо авах сүүлчийн жил учир хуумгай хандаж, төсвөө танаж болохгүй. Ийн эрх баригч намынхан ацан дэвхэнд орж, шийдэлд хүрэхгүй байсаар 2023 оны төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж чадаагүй л байна. 

 
ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЧ, ГОМДООСОН ГИШҮҮДИЙНХЭЭ ГОМДЛЫГ ТАЙЛАХ УУ
 
           Цэцийн шийдвэрт хэзээ бол хэзээ нөлөөлж, хүссэн шийдвэрээ гаргуулдаг болсон гэхэд хилсдэхгүй эрх баригч намынхан Үндсэн хуульд энэ намар дахин гар хүрэх таамаглал олны дунд бий. Тодруулбал, өнгөрсөн удаагийн ээлжит бус чуулганы хуралдаанаар “давхар дээлтэй” сайд нарын тоог нэмсэн бол одоо сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах асуудал үлдээд байгаа. 
 
            Ингэхдээ сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг УИХ-ын гишүүн Т.Доржхандаар ахлуулсан хэсэг хуульчид Үндсэн хуулийн цэцэд өргөн мэдүүлсэн удаатай. 
 
          Магадгүй энэ эрх баригч намын дараагийн гол асуудал байж мэдэх. Өөрөөр хэлбэл, одоогийн сонгуулийн тогтолцоогоор 2024 онд сонгууль явуулах нь Ах намынханд унах эрсдэлтэй  байж мэднэ. Тиймээс сонгууль болохоос өмнө тогтолцоонд өөрчлөлт оруулж, сайдын суудалд очиж чадаагүй гишүүддээ том амлалт өгч, гомдлыг нь тайлах тохироо МАН-ын генсект байж магадгүй юм. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэ намрын чуулганаар дахин хэлэлцэж магадгүй гэх таамаг олны дунд бий.
 
           Ийн намрын чуулганаар анхаарал татах хоёр асуудал байна. Тэгвэл хаврын чуулган хаахаас өмнө  УИХ-аар хэлэлцүүлэн батласан энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2022 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ
 
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
 
1.Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:
 
1/Автотээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
2/Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /1970 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Гаагийн конвенц/;
 
3/Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
4/Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
5/Боловсролын багц хуулийн төсөл /Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Дээд боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
 
6/"Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
7/Газрын багц хуулийн төсөл /Газрын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Кадастрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
 
8/Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
9/Геодези, зураг зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
10/Даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
11/Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
12/Жолоочийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
13/"Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
14/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
15/""Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
16/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;
 
17/Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
18/Иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
 
19/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
20/Монгол Улсын Засгийн газрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
21/Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
22/Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл;
 
23/Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;
 
24/Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
25/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
26/Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
27/Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл;
 
28/Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
29/Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төсөл;
 
30/Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл;
 
31/Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл;
 
32/Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
 
33/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
34/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
35/Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл;
 
36/"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
37/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
38/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;
 
39/Тээврийн ерөнхий хуулийн төсөл;
 
40/"Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
41/"Улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
42/""Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" Улсын Их Хурлын 1998 оны 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
43/Ургамал хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
44/Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
45/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
 
46/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
47/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
48/"Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
49/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
50/Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл;
 
51/Хөрөнгө оруулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
52/Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
53/Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
54/Хүний генетикийн тухай хуулийн төсөл;
 
55/Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
56/Цусны донорын тухай хуулийн төсөл;
 
57/Шинжлэх ухаан, технологийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
58/Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
59/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай хуулийн төсөл;
 
60/Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухайхуулийн төсөл;
 
61/Эвлэрүүлэн зуучлалын тухайхууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
 
62/Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл;
 
63/Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
64/Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
 
2.Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосугай.
 
3.Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т тус тус үүрэг болгосугай.
 

 


ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙД НАРЫН ЧАНСААГ ҮЗЭХ НАМРЫН ЧУУЛГАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188