• Өнөөдөр 2024-05-15

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Антонио Гутерреш, Ван И нарын айлчлал ойртож, эдийн засагт “хүлээлт” үүссэн ДОЛОО ХОНОГ

2022-08-06,   816

Бага насны гурван хүүхэд гэртэйгээ шатаж, амиа алдсан эмгэнэлт мэдээнээс эхлүүлээд өнгөрсөн долоо хоногт “чих халууцуулсан” нь олон байлаа. Харин шинэ долоо хоног гарснаас хойш Монголын эдийн засаг, бүтээн байгуулалтад томоохон нөлөө үзүүлэх айлчлалуудын тов гарч, Азийн аваргыг зорьсон тамирчид маань ч баяртай мэдээ дуулгав.

 

Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоногт бүр өнгөрөгч долоо хоногт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Монгол Улсад айлчлалаар болсон болон Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа 3х3 сагсаг бөмбөгийн дэлхийн гранпри цуврал тэмцээнийг онцлон тоймлон хүргэж байна.

 

 

“ХУДАЛДАГЧ ОХИН” КИНО НЬЮ-ЙОРК АЗИЙН КИНО ФЕСТИВАЛИЙН ШИЛДЭГ БОЛОВ

Ж.Сэнгэдорж найруулагчийн бүтээл “Худалдагч охин” уран сайхны кино Нью-Йорк  Азийн кино фестивалийн шилдэг кино шагналыг хүртжээ. Олон улсын кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг Нью-Йоркийн Азийн кино фестивалийг холбогдох сангаас 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Мөн ”Худалдагч охин” уран сайхны кино өмнө нь Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарч, тус киноны гол дүр, залуу жүжигчин Р.Баярцэцэг шилдэг эмэгтэй дүрээр шалгарч байв.

 

2022 ОН ГАРСНААС ХОЙШ МОНГОЛ УЛСАД 73.7 МЯНГАН ЖУУЛЧИН ИРЖЭЭ

Монголбанкны шинэ судалгаагаар Монголд ирсэн жуулчид ирсэн улс орноосоо хамаарч зардал нь харилцан адилгүй дунджаар есөн хоногт 1463 ам.доллар зарцуулдаг талаар онцолжээ. Энэ оны эхний хагасын байдлаар Монгол Улсад нийт 73.7 мянган жуулчин ирсэн байна. Жуулчдын 56 хувь нь жуулчны компаниар үйлчлүүлдэг бол 44 хувь нь хувиараа аяллаа зохион байгуулдаг аж.

Мөн “Даншиг наадам-Хүрээ цам 2022”-ыг үзэхээр нийт 150 жуулчин захиалга өгсөн байна.

 

ГАДААДААС ИРЭХ ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДҮҮЛЭГ БӨГЛӨНӨ

ДЭМБ-ын мэдээллээр коронавирусийн мутацилагдсан хувилбар омикрон В.А4, В.А5-ын тархалт нэмэгдэж, хоруу чанар нь буурахгүй байна.

Түүнчлэн Африкийн орнуудад нутагшмал хэлбэрээр бүртгэгдэж байсан сармагчны цэцэг өвчин таван бүсийн 69 улс, оронд лабораториор батлагдсан тохиолдол 13340 бүртгэгдэж, уг өвчнийг ДЭМБ-аас 2022 оны долдугаар сарын 23-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарласантай холбогдуулан 2022 оны наймдугаар сарын 4-нөөс эхлэн гадаад орноос ирэх зорчигчид “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөхөөр болжээ.

 

ДЭЛХИЙН ГРАНПРИ ФИБА 3Х3 МОНГОЛ УЛСАД БОЛЖ БАЙНА

Нийслэл Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд ФИБА 3х3 эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал гранпри тэмцээн өчигдөр эхэлсэн. Дэлхийн цуврал тэмцээн өчигдрөөс эхлэн энэ амралтын өдрүүдийг дуустал "Сүхбаатар дэлхийн гранпри" нэртэй болох юм.

        Тус дэлхийн цуврал гранпри тэмцээнд 2019 оны дэлхийн аварга, 2020 оны Токиогийн олимпын хүрэл, 2022 оны дэлхийн аваргын хүрэл медальт БНХАУ-ын эмэгтэй баг болон Герман, Польш, Румын, Монгол Улсын шилдэг багууд тоглоно. Мөн эрэгтэй дэлхийн шилдэг Серби, Литав, Япон, АНУ, Монгол Улсын багууд өрсөлдөх аж

 

БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хоёр өдрийн албан айлчлал хийнэ. Ван Игийн энэ удаагийн айлчлалаар хоёр талын Гадаад харилцааны сайд нар өргөн хүрээний хэлэлцээ хийхээс гадна хоёр ч том станцын хөрөнгө оруулалтыг шийдэх чухал уулзалтууд болох юм. Монгол Улсын Засгийн газраас мэдээлснээр,

  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэх,
  • Багануур цахилгаан станцыг байгуулах асуудлыг эцэслэх,
  • Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын үеэр БНХАУ-ын талтай ярьсан хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар, ложистикийн асуудлаар албан ёсны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, баталгаажуулахаараа Ван Игийн айлчлал онцлог болох аж.

 

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕШ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИЛГААР МАНАЙД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны наймдугаар сарын 8-11-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

                           Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийнэ. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 1949 оны дөрөвдүгээр сарын 30-нд Португал Улсын Лиссабон хотноо төржээ. Тэрбээр Португал Улсын Парламентын гишүүн, Европын Зөвлөл дэх Португал Улсын төлөөлөгч, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист Интернационалын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал Улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын албыг хашиж явсан туршлагатай улс төрч, дипломатч юм.

А.Гутерреш нь 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НҮБ-ын ес дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа ба хүний эрх, эрх чөлөөг хангах, энхийн зуучлагч болж, шинэчлэл, инновацыг хөхиүлэн дэмжихийг үйл ажиллагааныхаа гол зорилт болгон ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад дөрвөн удаа айлчилж байснаас хамгийн сүүлд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2009 онд айлчилсан.

 


ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Антонио Гутерреш, Ван И нарын айлчлал ойртож, эдийн засагт “хүлээлт” үүссэн ДОЛОО ХОНОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188