• Өнөөдөр 2024-03-29

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдэж, хууль бус томилгооны маргаантай ДОЛОО ХОНОГ

2022-01-08,   396

          Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоногт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт улс төрд шинэ томилгоо хийж, коронавирусийн омикрон хувилбар Монголд бүртгэгдсэн зэрэг мэдээллийг онцлон хүргэж байна.

 

ЕРӨНХИЙ САЙДЫН ХУУЛЬ БУС ШИНЭ ТОМИЛГОО

          Засгийн газар оны ээлжит бус хуралдаанаа өнгөрсөн пүрэв гарагт хуралдуулж, шинээр байгуулах хоёр яамны бүтцийг батлав. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байхаар тогтоожээ.

          Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87  орон тоотой байх аж.

          Хоёр яамны бүтэц орон тоог баталсантай холбоотой яамдыг удирдах  шинэ албан тушаалтнууд анхаарал татаж байна. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан,  Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болсон байна.

          Мөн яамдын төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилох шийдвэр гаргасан байна. Тэгвэл хоёр яамны Төрийн нарийн бичгийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нар дээрх албан тушаалыг хашихад хуулийн шаардлагад нийцэж байгаа юу гэдэг нь маргаан дагуулж байна.

 

Монгол Улсад омикрон хувилбарын 12 тохиолдол бүртгэгдэв

          Коронавирусийн омикрон хувилбар дэлхийн 140 гаруй оронд бүртгэгдэж, Монгол Улсад албан ёсоор бүртгэгдэв. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өгсөн юм.

          Тэрбээр “Манай улс хилийн тандалтын үйл ажиллагаа 40 хоногийн турш авч хэрэгжүүлсэн байна.  Дэлхий нийтэд омикрон тархсан цагаас хойш манай улсад 109 удаагийн нислэгээр 10777 иргэн ирсэн. Гадаадаас ирсэн 232 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Гадаадаас ирж буй хоёр нислэг тутмын нэгт нь коронавирусийн халдвар илэрсэн гэсэн үг.  Улсын хэмжээн 15 тусгаарлах байранд 3492 хүн тусгаарлагдаж байна.  ДЭМБ-аас омикроныг сэжигтэй, магадлалтай, батлагдсан хэмээн ангилж байгаа.  Манай улсад гадаадаас ирсэн 12 хүний сорьцод омикрон хувилбар батлагдсан. Үүнээс  Тайланд, Туркээс хоёр, энхийг сахиулагч 10 иргэнээс омикрон илэрсэн байна" гэв.

 

Ипотекийн зээл хойшлуулах хүсэлтийг хүлээн авна

          УИХ-ын 2021  оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сарын хугацаагаар сунгасан. Үүнтэй холбоотойгоор Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран дахин зургаан сарын хугацаагаар буюу 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

          Ингэхдээ  төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө өнгөрсөн оныг дуустал хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн хуулийн хугацаатай уялдуулан сунгах, ипотекийн хөтөлбөрийн зээлийн  төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны  зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм.

          Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах иргэд хүсэлтээ 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр(банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтой талаар Монголбанкнаас мэдээлсэн юм.

 

Далан давхрын оршуулгын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

          Самбалхүндэвийн оршуулгын газар буюу Далан давхрын оршуулгын газрыг шинэчлэн тохижуулж, “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар болжээ.

          Тодруулбал, Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, нийслэл хотын гол хүнсний захтай зэрэгцэн оршиж байгаа тул иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 109 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 дугаар захирамжаар Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн байна.

          Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Нью семетри" ХХК болон “Улаанбаатар буян” ХХК хамтран тус төслийг хэрэгжүүлэх аж.

 

Монгол Улсын иргэн иргэн бүр 12 оронтой бүртгэлийн дугаартай болно

Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Иргэн бүр 12 оронтой бүртгэлийн дугаартай болох” талаар албан ёсны мэдэгдэл хийсэн.

          УБЕГ-аас "Регистрийн дугаар нь тухайн иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулсан тул мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ. Регистрийн дугаарыг халахгүй. Иргэний бүртгэлийн дугаар нь дахин давтагдахгүй, өөрчлөгдөхгүй, хувь хүний талаар ямар нэг мэдээлэл илэрхийлдэггүй бөгөөд төрийн болон бусад байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл солилцохдоо иргэний бүртгэлийн дугаарыг ашиглана. Монгол Улсын нийт иргэдэд бүртгэлийн дугаар олгогдсон бөгөөд та иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой" гэсэн юм.

 

“Таван толгой түлш” ХХК-д гал гарч, гурван барилга шатаж байна

          Өнгөрсөн пүрэв гарагийн 05:00 цаг орчимд “Таван толгой түлш” ХХК-ийн 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр гурван барилгад гал гарсан. “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт гарсан галыг Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид цаг алдалгүй ажиллаж, бүрэн унтаасан.

          Гал түймэрт үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын хоёр, гуравдугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн нэгдүгээр цех, савлагааны цех өртжээ. Гал түймрээс залгаа байрлах үйлдвэрийн хоёрдугаар цех, бутлуурын цех зэргийг авран хамгаалсан байна. Үйлдвэрийн 10 шугамаас гурван шугам гал түймэрт өртөж, одоогоор долоон шугам хэвийн ажиллаж байна. Зүүн бүсийн нэмэлтээр нөөц хоёр шугам ажиллуулж байгаа аж.

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хоёр яамны бүтцийг батлав

          Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан.

          Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байна.

          Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87  орон тоотой байна. Мөн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгав.

 

18-аас дээш насны иргэдийг дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн

          Коронавирусийн халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаал гарсан. Уг тушаалаар Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины дөрөвдүгээр тунд хамруулж эхлэв.

          Дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш  насны иргэд вакцины дөрөвдүгээр тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах юм. Мөн нэмэлт гурав дахь тунд хамрагдаад өвдсөн иргэн эдгэснээс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол нэмэлт тунд хамрагдах боломжтой. Дээрх шалгуурт нийцсэн иргэд “Пфайзер” үйлдвэрийн комирнэти, “Синофарм” үйлдвэрийн corv вакцинаас сонголт хийх боломжтой аж.

 


ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдэж, хууль бус томилгооны маргаантай ДОЛОО ХОНОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188