• Өнөөдөр 2024-03-29

Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал хоёрыг МАН мөн ч өндөрт “кранд”-лаа даа

2022-01-07,   1244

-Төрийн албанд насаараа зүтгэсэн хууччуул нь яам, тамгын газарт хэлтсийн даргаас хэтэрдэггүй атал нам дагаж, даргын цүнх барьсан залуус нь албан тушаалд хүрч, төрийн албаар даажигнах болов-

       “Цахим үндэстэн” гэх нэрээр олонд танигдсан залуу хадагтай Б.Болор-Эрдэнэ МАН-ын залуу ноёдоор крандуулсаар байгаад дээшээ гараад ирлээ.
 
      Засгийн газар өчигдөр ээлжит бус хуралдаан зарлаж, хоёр яам байгуулах ажилдаа ханцуй шамлан оров. Ингэхдээ хоёр яамыг удирдах албан тушаалтнуудыг томилж, олны амыг ангайлгав. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан,  Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцахаар болж, тус яамдын Төрийн нарийн бичгийн даргын түр орлогчоор Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилохоор болов. Дээрх томилгоог хийхийн тулд хоёр агентлагийг татан буулгаж, дарга нарыг нь дэвшүүлэн томилж байгаа нь олны анхаарал татаад байна. Угтаа бол Ерөнхий сайд болон түүний тойрон хүрээлэгч нарт төрийн хууль үйлчилдэггүй гэж андуурав уу, төрийн хуулийг уландаа гишигсэн үү бүү мэд ямартай ч хууль зөрчин байж томилгоо хийж орхив. Намд элссэн, дарга нарт ойрхон байвал албан тушаалд хүрэх нь цаг хугацааны л асуудал байдаг бололтой.
 
       Өөрөөр хэлбэл, Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нар нь Төрийн албаны хуулийг зөрчин байж албан тушаалд хүрэв. МАН-ынхан Төрийн нарийн бичгээр томилох боловсон хүчингүй болтлоо доошоо орчихсон гэлтэй төрд ажиллаад хоёрхон жил болж байгаа залуу хадагтайг крандсаар байгаад дээш гаргаад ирсэн нь олны дургүйцлийг түрүүлээд байна. Угтаа бол Төрийн албанд насаараа зүтгэсэн хууччуул нь яам, тамгын газарт хэлтсийн даргаас хэтэрдэггүй атал нам дагаж, даргын цүнх барьсан залуус нь албан тушаалд хүрч, төрийн албаар даажигнах болов. 
 
     Өчигдөрхөн л “Төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилогдсон нэр бүхий хүмүүсийг албан тушаалаас нь буулгана” гэсэн сүржин мэдэгдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байсан эрх баригчидын шүлс нь хатаагүй байхад хууль зөрчиж, төрийн албанд сонгон шалгаруулалтгүй очсон хүмүүсийн тэргүүн эгнээнд бичигдсэн хоёрыг нь түүнээс ч илүү эрх мэдлээр шагначихлаа. Цаашид ч энэ мэт ард түмнийг тохуурахсан үйлдлүүд нь үргэлжлэх нь тодорхой биз ээ.
 

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ ТНБД Х.БОЛОР-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ

     Х.Болор-Эрдэнэ нь 2007-2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын харилцааны бакалавр, 2011-2014 онд БНСУ-ын Хандон Глобал их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, 2017 онд Оксфордын их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.  
 
    Улмаар 2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн, 2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн, 2013 онд Дэлхийн банкны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, 2017 онд Их британийн Нэгдсэн Вант улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газарт судлаач, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гэрээт зөвлөх, 2018 онд Дэлхийн банкны Австрали улс дахь салбарт гэрээт зөвлөх, 2019 онд Засгийн газар, Английн Оксфордын их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн ерөнхий зохицуулагч, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх, 2020 онд ЗГХЭГ-ын Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны дарга, 2020 оны долдугаар сараас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байгаа юм.
 

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ТНБД Х.БАТЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ

     Х.Батжаргал нь 1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 2002 онд МУИС-ийн Мэдээлэл, технологийн сургууль, 2010 онд Лондон хотын Кенсингтон бизнесийн коллеж, 2012 онд Их Британийн Уэльсийн их сургуулийг төгссөн.
 
      Ингээд 2003 онд Үнэт цаасны хороонд мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, 2006 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал, 2012-2014 онд "Инвенто" компанийн гүйцэтгэх захирал, 2014 онд БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал, 2016 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2018 онд мөн яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажилласан байна. Түүнчлэн  Монгол Улсыг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлийн суурь конвенцын хүрээнд Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдэх ажлыг удирдаж байсан. Улмаар 2020 оны арванхоёрдугаар сард Үндэсний хөгжлийн газрын даргаар томилогдсон юм.
 

Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал хоёрыг МАН мөн ч өндөрт “кранд”-лаа даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188