• Өнөөдөр 2024-04-25

Таван сайдаа авч үлдээд, давхар дээлтэй сайдаар танхимаа дүүргэх Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОХИРОО

2021-12-27,   4917

     УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа, Т.Доржханд нар эрх баригч намынханд боломж олгож, “Засгийн газрын сайд нараа давхар дээлтэй болгоод өгөөч ээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх боломжийг нь бид олгоод өгье” гээд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Өнөөдөр Цэцийн дунд суудлын хуралдаанаар тэдний гомдлыг хэлэлцэнэ. Хэрвээ Цэц тэдний гомдлыг үндэслэлтэй буюу  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх  хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан нь  Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг  зөрчсөн гэж үзвэл МАН-ынханд давхар дээлтэй сайд нарынхаа тоо нэмэх сайхан боломж олдоно гэсэн үг. Мэдээж эрх баригч намынхан аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхгүй нь тодорхой. Гол агуулгаараа олны хэл амнаас өөрсдийгөө бултуулж, АН, ХҮН хоёртой гар нийлээд Цэцэд гомдол гаргуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжоо нээж байгаа юм.  
   МАН, АН, ХҮН гурвын тохироо өнөөдөр биеллээ олж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүчээ нэмэх нь тодорхой биз ээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хэд хэдэн гишүүн давхар дээл өмсөхөөр бэлтгэлээ базааж, тохироогоо хийсэн сурагтай. Харин парламентад хүчгүй болсон АН-ынхан МАН-д буултаа өгч, толгой хорогдох тохироо хийсэн бололтой.
 
    Одоогийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулиараа Ерөнхий сайдыг оролцуулаад дөрвөөс дээш УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохгүй. Иймдээ ч УИХ дахь гурван хүчин хамтарч Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахаар болсон нь энэ.  Л.Оюун-Эрдэнийн танхимд Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, С.Амарсайхан нар давхар дээл өмссөн. Харин Засгийн газраа чадамжтай болгохын тулд УИХ-аас нөлөө бүхий гишүүдийг танхимдаа оруулахгүй бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төрийн эрхийг барихад дэндүү жижигдэж байгаа гэх. 
 
    Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ одоогийн давхар дээлтэй сайд нараасаа хэнийг нь явуулах вэ гэдэг дээрээ шийдэлд хүрч чадахгүй байгаа учир Үндсэн хуульд гар хүрэхээр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа хоёр намтайгаа тохиролцсон байна. 
Гурван гишүүний өргөн мэдүүлсэн гомдол тэдний талд шийдэгдчихвэл оны дараа эрх баригч намынхан Үндсэн хуульд дахин гар хүрч, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах нь. Үндсэндээ 2022 оны эхэнд улс төр бужигнаж, төрийн эргэлт гарч мэдэхээр байна.
 
БУЦАХ САЙД НАРЫН СУРАГ
 
     Намынхаа Их хурлаар дэмжлэг авч, намын жинхэнэ дарга болохын тулд Л.Оюун-Эрдэнэ Тэрэлжид арга хэмжээ зохиож, гишүүдтэйгээ нэг өдөр зад “шоудсан”. Энэ үеэрээ тэрбээр гишүүддээ “Би чамайг сайд болгоно, чамайг дарга болгоно, таны хүүг, таны охиныг тийм албанд томилно, тийм тендерт оролцуулна” гэдэг яриагаа ярьж, өөртөө оноо цуглуулсан гэдэг. Үүнээс хамгийн чухал нь сайдын суудал байв. Давхар дээлтэй сайд нарын тоог нэмнэ гэдэг санаагаар УИХ-ын гишүүдээс дэмжлэг авч, фракцуудынхаа гишүүдийн амыг барьсан сурагтай.
 
      Мэдээж одоогийн сайд нараа гомдоочихгүйн тулд асуудалд нямбай хандаж, тэднийгээ эвтэйхэн аргалсан нь тодорхой. Гэвч энэ удаад төр барилцаж байгаа сайд нараасаа цөөн хэдийг нь авч үлдээд, бусдыг нь явуулах сонирхолтой байгаа гэнэ. Буцах сайд нарын тоонд одоо хамгийн их хэл аманд орж, Ерөнхий сайдынхаа чихнээс хонх уяж байгаа сайд нар багтсан нь ойлгомжтой. Шинэ сайд нар томилогдох сургаар хуучин сайд нарынх нь булхай илчлэгдэж, хийж байсан ажил нь урагшгүй болоод, хийсэн ажил нь үнэлэгдэхээ байсан жишээнүүд ээлж дараалан гарах болсон.
 
     Наад захын жишээгээр санахад л Зам тээврийн сайд Л.Халтар энэ Засгийн газарт хамгийн бүтэлгүй, хамгийн урагшгүй хүнээр нэрлэгдэж, ажлаа хийж чаддаггүй хэр нь авлига албан тушаалын хэрэгт ч нэр холбогдож, Засгийн газарт ажиллахад огт тохирохгүй хүнээр нэрлэгдэх болов. Цаад агуулгаараа хамгийн “муу” хүн гэх ойлголтыг нийгэмд тултал нь гаргаж, өөрийг нь “Би сайдын суудлаа хүлээлгэж өгье” гэж хэлэх хүртэл нь шахаанд оруулж байгаа харагдана лээ. Түүнчлэн төрхөмдөө буцах сайд нарын жагсаалтад Шадар сайд С.Амарсайхан, УУХҮ-ийн сайд Л.Ёндон, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Батлан хамгаалахын сайд Б.Сайханбаяр нар орсон гэдэг бор шувуу олны дунд нисэх болсон.
 
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТАНХИМД ШИНЭЭР ОРЖ ИРЭХЭЭР ЯРИГДАЖ БУЙ САЙД НАР
 
    Одоогийн УИХ-д сайд болох сонирхолтой “амбиц” нь дийлдэхгүй гишүүн олон бий. Ялангуяа залуу гишүүдээс давхар дээл өмсөж, даналзах хүсэлтэй олон гишүүн байгаа гэнэ. Тиймдээ ч сүүлийн үед Ерөнхий сайдын өрөөнөөс салахаа больж, нүхээ малтаж эхэлсэн сурагтай.
 
     Ирэх онд Засгийн газарт хоёр яам шинээр байгуулна. Энэ хоёр яамыг толгойлох сайд нарын аль аль нь давхар дээлтэй байх яриа хийгдэж байгаа бөгөөд МАН дотроо чамгүй өрсөлдөөн гарч байгаа гэх. 
 
     Анх хоёр яам байгуулах асуудлыг хэлэлцэж эхлэхэд л Эдийн засгийн хөгжлийн яамны сайдыг давхар дээлтэй байх нь зүйтэй гэсэн дээр гишүүд санал нэгдэж байсан. Ингэж байж, илүү чадвартай, мэргэжлийн яам болно гэдэг санал удаа дараа гарч байв. Тиймдээ ч сайд болох сонирхолтой гишүүд Эдийн засгийн хөгжлийн яаманд ихэд анхаарал хандуулж байгаа сурагтай. Шинээр байгуулах гэж байгаа тус яамыг туршлагатай  хүнээр удирдуулах сонирхол байгаа гэдэг бор шувуу нисэх болсон. Иймд энэ яамны сайдад УИХ-ын гишүүн Ж.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар, Ч.Хүрэлбаатар нарын нэр яригдаж байна. Ч.Хүрэлбаатарын хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрынхантай таарамж муутай байгаа нь илэрхий байгаа. Тиймдээ ч энэ удаад тэрбээр сайдын суудлаас өнжихийг үгүйсгэхгүй юм. 
 
    Инновац, цахим бодлогын яамны сайдад хамгийн их найдлага тавьж байгаа гишүүн бол Н.Учрал. Тэрбээр өнгөрсөн парламентад байхаасаа л Цахим бодлогын яамтай болох санааг хөндөж, МАн-ын мөрийн хөтөлбөрт энэ санаагаа тусгуулж амжсан. Харин Л.Оюун-Эрдэнэ тус яаманд өөрийн талынхнаас томилох сонирхолтой байгаа нь Н.Учралын хувьд толгойны өвчин болсон гэдэг. 
 

     Батлан хамгаалахын сайд Б.Сайханбаяр хоёр Засгийн газрын үед үүрэг гүйцэтгэсэн. Иймд Л.Оюун-Эрдэнэ түүний оронд шинэ сайд томилж магадгүй байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Засгийн газрын давхар дээлтэй сайдаар томилж магадгүй бөгөөд Батлан хамгаалахын сайдад зүтгүүлэх сонирхолтой байгаа гэнэ. Харин БОАЖ-ын яам болон Эрүүл мэндийн яамыг Н.Энхбаярын хүмүүст өгөх тохироотой байгаа бол Эрчим хүчний яамыг Ц.Даваасүрэн дахин удирдаж магадгүй юм байна. Төрийн түшээд нараас сайдын суудалд горилж байгаа гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат багтаад буй. М.Энхболдын фракцаас У.Хүрэлсүхийн талд урвахаасаа л сайдын суудалд горилсон тэрбээр энэ удаад нэлээд найдлага тавьж байгаа сурагтай. 

 
Г.МӨНХЦЭЦЭГ СОЁЛЫН САЙД БОЛОХ ХҮСЭЛТЭЙ Ч Ч.НОМИН СУУДЛАА ТАВЬЖ ӨГӨХГҮЙ
 
     Соёлын яамны сайд Ч.Номинг олон хүн сайдын суудлаа хүлээлгэж өгнө гэх таамаг дэвшүүлж байгаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт үлдэх сайдын жагсаалтад багтаад байгаа гэнэ. Хэдий энэ Засгийн газарт сул сайд нарын тоонд зүй ёсоор багтаж байгаа ч түүний хувьд том ар талтай, Л.Оюун-Эрдэнэтэй хамгийн ойр ажилладаг хүний нэг. Тиймдээ ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ч.Номинд Соёлын яамаа хариуцуулан үлдээх сонирхол их байгаа гэнэ. Харин намын гишүүдээс Соёлын сайдад хэд хэдэн гишүүн горилж байгаа бөгөөд хамгийн найдлага тавьж хүлээлттэй суугаа нь УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг аж. Тэрбээр энэ онд Соёлын тухай хуулийг батлуулахад нэлээд чухал үүрэгтэй гүйцэтгэж, ажлын хэсгийг нь ахалж байсан. Тиймдээ ч Соёлын сайдын суудалд ихэд найдлага тавьж, пи-араа хүртэл хийгээд эхэлсэн сурагтай. 
 
    Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайдаар үлдэх гарын таван хуруунд багтах цөөн хэдэн хүн бий. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарыг танхимдаа үлдээх нь тодорхой болоод байгаа гэнэ.
 
Ийн МАН-ынхан Үндсэн хуулиа өөр ашигтайгаар дахин өөрчилж, төрийн сэнтийд давхраараа даналзах, Их хурлын гишүүдийг бэлдэж эхлэх нь тодорхой болов.
 

Таван сайдаа авч үлдээд, давхар дээлтэй сайдаар танхимаа дүүргэх Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОХИРОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 23
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-28 10:41:29
    Zochin: Zovoo demjij bn chadalgui ix zantai saiduud ix bn shu ajiln shalgaval shuud unaxaar said naraA chadaltai yxaantI xashgardaggui xumuuseer solioroi xo eronxii saida
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-28 08:21:00
    зочин: Юу ч мэдэхгүй Номингоо соль… зарлага мөнгий нь шалга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-28 01:50:05
    Иргэн: ЗГ тогтвортой ажиллаж байж л үр дүнд хүрнэ. Намын дарга ЕС бас дээр нь 24 оны сонгуулийн квот олгох эрхтэй хүн УИХ ын өмнө ЗГ аа хамгаалж чадахгүй бол ёстой хохь нь гэхээс өөр юу хэлэх вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-28 01:22:59
    зочин: ЗГ -н сайдууд тогтвортой ажиллаж байж үр дүн гарна үхсэн ингэж ойр ойрхон солигдоод ямар ажил урагшаа явахвээдээ заа тэгээд одоогийн зг-н ганц авууштай нь дийлэнх нь салбарын хүмүүс нь сайд байлоо тиймдээ ч мэддэг ажлаа хийцгээж илүү харсан гишүүдэд ад үзэгдсэн бхдоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-28 01:10:18
    иргэн: хмн голцуу яг мэргэжлийн сайд нараа унагааж хэдэн үл бүтэх гишүүдээр солиод монгол улсаа элгээр нь таг хэвтүүлэхнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-28 00:04:40
    Зочин: Тавинбэх сайд ажилчидын төлөө зөв хүн байгаа юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 23:49:31
    Хүн: Эрүүл мэндийн бодлогыг шалан дээр унаж олон хүний амь насыг Ковидоор алдсан сайдад хамгийн түрүүнд хариуцлага тооцох хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 20:56:21
    Zochin: Эргүүлэн татдаг байвал зүгээр байна. Төрөөр 4 жил тоглоол ард түмэны амьдралыг дуусгаж байна. Яан даа ард түмэн минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 20:54:53
    Zochin: 3 guilagchin tsaraitai ym bas tohirson uu. Dorjhand gej hoshnogo hooloitoi ym bolioch
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 20:52:36
    Зочин: Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед 2 яам бол арай шүү бөөн төсөв цалин дэндэж байна та нар эх орноо ард түмнээ боддог хүн нэг ч алга танай нам тохироо хурдан баяжих арай дэндүү юм. Халтар чинь воганыг эхнэртэйгээ өмчлөөд өндөр үнэнд хүргэсэн хүн халаад л болоо юу. Халтарыг чинь шалгуулмаар ба. Энэ бол наад зах нь ард түмэн чинь гуйлагчин болж байна. Та нарын буянаар та нар тамд очих бхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 20:48:26
    Зочин: Танай нам ардчилсан нам байхад л төр данхайлаа гээд байсан өөрсдөө данхар болголоо доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 20:27:21
    Zochin: Byambatsogt Shadar said hiih chadamjtai hun
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 18:13:11
    Зочин: Сайханбаяр сайд мэргэжлийн хүн маш сайн ажиллаж байгаа шүү. Батлан хамгаалахын салбар мэргэжлийн сайдтайгаа байх нь зүйтэй шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 17:28:46
    зочин: Хотгор шанагын хулгайч Ч.Хүрэлбаатар л биш шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 15:17:46
    иргэн: Ж Мөнхбат арай ч дээ, ёстой хэрэггүй хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 14:28:56
    зочин : ГАДААД ВДЛЫН ДЭД САЙД Б.МӨНХЖИН ҮНЭХЭЭР МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНГИЙН МУНДАГ ЗАЛУУ БАЙНА. ӨНӨӨДРИЙН ЯРИЛЦЛАГА МАШ САЙХАН БОЛЖ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 14:23:11
    Иргэн: Зайлсан юм аа, 8 жил дахиж өөрчилж болохгүй хуультай, эрх ашгийн төлөө Үндсэн хуулиа дахин өөрчлөнө гэдэг байэ болошгүй зүйл, даварсан гарууд вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 13:18:25
    ZOCHIN: UNEHEER BUZAR
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 13:17:40
    ZOCHIN: ULS TURIIN BUZAR NAIMAACHID
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 13:02:17
    бодлын хулгайч: номин явуулах хэрэгтэй. чинбатаас юм авчихсан юм уу оюука......
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 11:58:59
    зочин: Болж байна болж байна Барилгын сайд хэн болох билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 11:50:53
    иргэн: Хууль тогтоох, Гүцэтгэх засглал хоёр хольж хутгалдаж байсныгаа сэргээх юм бол үндсэн хуулийн гол шинэчилсэн үзэл санаа үгүйсгэгдэж байхшив. Мэргэжлийн хүнээр аж ахуйн яамдыг удирдуулахдаа мерит зарчмаа хатуу барьж, хүнээ зөв шилж сонго л доо. Хэн нэгний лобигоор биш жинхэнэ мерит зарчмаас гадна хүн удирдах чадвар, өөрийн үзэл бодлоо тууштай хамгаалж чаддаг амбицтай байх зарчмыг орхигдуулж болохгүй. Ер нь УИХ-ын гишүүн болмогцоо сайд болох хүсэлтэй олон хүний хүслийг хангах гэж, үндсэн хуульд гар хүргэж болохгүйээ. УИХ-ын гишүүд ч өөрсдөө сайд болохын тулд Гүйцэтгэх Засаглалын тогтвортой ажиллахад саад бэрхшээл болж болохгүйээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 11:24:45
    Zochin: Ene zasgiin gazriig taivan ajliig niilgej mongolchuuddaa ekh orondoo tusalz uz.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188