• Өнөөдөр 2024-05-14

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: МАН Цар тахлын хуулиа сунгахаар болж, АН даргагүй хоцорсон долоо хоног

2021-12-25,   396

            Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоногт болж өрнөсөн улс төр, нийгэм эдийн засаг, соёл урлагийн үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг Цар тахлын хуулийг сунгахаар намын бүлгээсээ дэмжлэг авч, УИХ-ын чуулганаар хуулийн төслийг хэлэлцүүлж эхлэв. Түүнчлэн Улсын дээд шүүх Ардчилсан намын даргыг батламжлах асуудлыг хэлэлцлээ. Мөн яруу найрагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг Болор цом уралдааны ялагчид тодорч, боксын спортын тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тэмцээндээ ялалт байгуулав. Эдгээр үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ЦАР ТАХЛЫН ХУУЛЬ БУЮУ МАН-ЫН НОЁРХОЛ

         
          МАН өнгөрсөн долоо хоногт Бүлгийн хуралдаанаараа Цар тахлын эсрэг хуулийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжжээ. Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдварын тархалтыг бууруулах зорилгоор 2020 онд УИХ-аар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж байв. 
       
       Үндсэндээ иргэдийн сайн мэдэж байгаагаар дээрх хуулийг баталснаар  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоох, халдвартай иргэдийг тусгаарлах, иргэдийн ипотекийн зээлийг хойшлуулах, цахим болон теле хичээл явуулах зэргийг зохицуулсан гэсэн үг. Анх “Ковид-19”-ийн халдвар гарах үед ямар ч бэлтгэлгүй байсан эрх баригчдын хувьд нийгэмд замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, ийм хууль боловсруулах шаардлагатай болсон. Ингэхдээ аль болох хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд шууд оролцохгүй байх нөхцөлийг бүрдүүлээд, хязгаарлалт тогтоож эхлэв. Сүүлдээ хуулийн үйлчлэлийн хугацааг удаа дараа сунгаж, эрх баригч нар өөрт ашигтай заалтуудыг оруулж эхэлсээр төрийн эрхэд МАН дархлагдах болов. Өөрөөр хэлбэл, цар тахлын нөхцөл байдал МАН-д ашигтайгаар эргэж, хуулийн хуудуугаар төрийн эрхийг гартаа авах боломжийг тэр чигт нь бүрдүүлсэн гэсэн үг.
 
       Дээрх хуулийн үйлчлэл энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Гэвч эрх баригч намынхан энэ хуулийг дахин сунгана гэдэг дээр санал нэгдэж, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хэдийнээ хангасан сурагтай. Арга ч үгүй биз ээ. Үндсэн хуулиас “давсан” эрх мэдлийг энэ хуулиар хэрэгжүүлж, МАН төрд ноёрхлоо тогтооход боломж олгосон хууль хойно тэд энэ хуулийн дахин сунгах дээр санал нэгдэх нь гарцаагүй.

ДАРГА Ч ҮГҮЙ ТАМГА Ч ҮГҮЙ АН ЛИДЕРҮҮДЭЭ ХҮРТЭЛ АЛДЛАА

           
           Хоёр дарга, хоёр тамганыхаа учрыг олон гэж мунгисан АН ирэх дөрвөн жилдээ МАН-д дарлуулсан хэвээр улс төрийн тоглоомооноос гарах бололтой. Тэд аравдугаар сард 2000 мянга орчим гишүүнээ хуралдуулж, намын даргаар О.Цогтгэрэлийн сонгож, намынхаа Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулаад Улсын дээд шүүхэд асуудлаа цэцлэх хүсэлтэй өгсөн. Харамсалтай нь, С.Эрдэнэ талынхан энэ хурлыг мөн л хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарлан дотоод тэмцлээ үргэлжлүүлсэн. Харин өнгөрсөн долоо хоног Улсын дээд шүүх АН-ын даргыг батламжлах асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэв.
 
         Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны дөрөвдүгээр сарын  27-ны өдрийн 12, 2021 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байх тул 2021 оны гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан  намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй  гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэжээ.
         

“БОЛОР ЦОМ-39” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД Б.БОЛОРЦЭРЭН ТҮРҮҮЛЛЭЭ

            Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-39” яруу найргийн наадам өнөөдөр болж, дүнгээ танилцууллаа.
 
Энэ удаагийн “Болор цом” яруу найргийн наадамд МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлэв. Тэрбээр “Орчлон миний ширээний ном”, “Цагаан бүжиг”, “Хүүхнүүддээ хүргэх шүлгүүд”, “Амьдралыг үзэх хос тасалбар”, “Хайрыг минь зураад өгөөч” яруу найргийн түүврээ хэвлүүлсэн билээ.
 
         “Болор цом-39” наадмын эхний даваанд Улаанбаатар хот, орон нутгаас 144 шүлэг ирсэн бөгөөд тэндээс шалгарсан 25 яруу найрагч “Болор цом”-ын төлөө өрсөлдсөн юм.

Э.ЦЭНДБААТАР АЗИЙН АВАРГЫН БҮСИЙН ТӨЛӨӨХ ТУЛААНД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

     
      Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр мэргэжлийн боксын анхны тулаанаа хийж, WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөөх тулаанд ялалт байгууллаа. Тэрбээр мэргэжлийн боксын замналдаа зургаан ялж, ялагдалгүй яваа ОХУ-ын боксчин Сослан Баевтай тулалдсан.
 
Тулааны дүнг зарлаж, ялагчийн гарыг өргөхөөсөө өмнө шүүгч “Ялалт хэнийх нь тодорхой шүүлт байлаа” хэмээн онцлон хэлж байлаа. Гавьяат Э.Цэндбаатар 2018 оны Жакартагийн Азийн наадмаас алтан медаль, 2019 онд сонирхогчдын боксын дэлхийн аваргаас хүрэл медаль, 2019, 2021 онуудын Азийн аваргаас дараалан алтан медаль хүртэж байв.
 

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: МАН Цар тахлын хуулиа сунгахаар болж, АН даргагүй хоцорсон долоо хоног
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188