• Өнөөдөр 2024-05-14

ОНЫ ТРЭНД ОНЦЛОХ ТАВАН ҮГ: Хаалга аа, Кофи Аннантай уулзаад ирлээ

2021-12-25,   27810

         УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын амнаас санаатай, санамсаргүй "унасан" үгс нийтийн трэнд хэллэг болох нь элбэг. "Би угаасаа хоцордог", "Тавилан юм даа", "Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно" гэх мэтээр цуварна. Тэгвэл 2021 онд улстөрчид чухам ямар үгсийг трэнд болгосон бэ. Бид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хотын дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Э.Батшугар, "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар нарын трэнд үгсийг онцолж байна. Уг нь улстөрчид үг, үйлдэл бүрээ хянаж, үлгэр жишээч, хариуцлагатай байх ёстой. Харамсалтай нь, манай улстөрчид санаатайгаар ч, санамсаргүйгээр ч "трэнд" болох "тэнэгдүү" үгсийг амнаасаа "унагасаар" л байх ажээ.

“Хаалга аа”- "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар

         
          Өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт Нөхөн сонгууль болсон.  Тус сонгуульд Сонгинохайрхан дүүрэг буюу 28 дугаар тойрогт “Үнэн ба Зөв” намын дарга, У.Хүрэлсүхийг огцруулсан “Углааш, халаадтай жагсаал” зэргээрээ зард гарсан А.Отгонбаатар нэр дэвшсэн. Нэр дэвшигч А.Отгонбаатар сурталчилгааны хугацаанд “Нийслэлийн иргэдийн төлөө” гэх агуулгын дор Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хотын дарга Д.Сумъяабазартай уулзахаар шууд дамжуулалттай очсон. Ингэх мөртөө НЗДТГ-ын үүдний дотор хаалганы цонхыг хаалгатай андуурч “Хаалга аа” хэмээн орилж нүдсэн нь энэ оны нэг тренд хэллэг болсон юм. Түүний цонхыг хаалгатай андуурч нүдсэн, хэтийдсэн хийрхэл сонгуульд ялагдах шалтгаануудынх нь нэг болсон ч гэдэг. Ямартай ч сошиал орчинд түүний "Хаалга аа, Амрыг эрээд байх юм байхгүй, Миний машин хаана байна" гэх үгс хэсэгтээ трэнд болж, наргианы сэдэв болсон. 

Тухайн үед “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны үүдний Төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагчтай муудалцсан бөгөөд хүлээлгийн өрөөнөөс цааш нэвтэрч чадаагүй. Хэд хоногийн дараа өөрийн цахим хаягаараа тухайн алба хаагчаас уучлал хүссэн байдаг. Харин “Хаалга аа” гэх үг нь тренд болж эхэлмэгц А.Отгонбаатар “Жирийн иргэдийн хэдэн цагаар ч хүлээгээд уулзаж чаддаггүй дарга нарын хаалгыг очиж нүднэ. “Хаалга аа” гэдэг хөдөлгөөн өрнүүлнэ” хэмээн мэдэгдэж байсан ч тэгсхийгээд мартагдсан билээ. 

 

“Кофи Аннантай уулзаад ирлээ”- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

            Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож үг хэлсэн. Энэ үеэрээ цөлжилтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлэхээ мэдэгдэж, улмаар аравдугаар сарын 4-нд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг албан ёсоор нээсэн. Нээлтийн дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ тэрбээр “Би НҮБ-ын хуралд оролцож үг хэлсэн. Дараа нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай уулзсан” хэмээн ярьсан нь түүнийг элэг доог болгохын сацуу “Кофи Аннантай уулзсан” гэх хэсэг нь тренд үг болсон юм. Учир нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан 2018 оны наймдугаар сард 80 насандаа нас барсан байдаг. Гэтэл гурван жилийн өмнө нас барсан хүнтэй саяхан уулзсан мэтээр ийн ярьсан нь түүнийг элэг доог болгоход хүргэсэн юм. Кофи Аннаны тухайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 1997-2006 он хүртэл ажилласан бөгөөд түүнээс хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр ч удаа солигдож, өдгөө Антонио Гуттериш ажиллаж байгаа билээ. 
 

“Хаалтаа нээгээд, хаагаад...”- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар

         Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор захирамж гаргасан. Энэ захирамжаа танилцуулах үеэрээ “Зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид за хаалт нээгээд хүнс шатахуун, өвс тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам барилга, бүтээн байгуулалт гээд хаалт хаагаад ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу шаардана” гэсэн. Түүний энэ захирамжаас “За хаалт нээгээд..., гээд хаалт хаагаад” хэмээн давтсан хэсэг нь энэ оны тренд үг болсон. Нөгөөтээгүүр, хотын дарга Д.Сумъяабазарыг “Боловсролгүй бөх” гэж нийтээр шүүмжлүүлэх нэг шалтгаан “Хаалт нээгээд, хаагаад” гэдэг үг байсан юм. 
 

“Амны халбага архи”- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

Энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. 
 
Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Баар, ресторан, лоунж зэрэгт архийг шилээр нь зарахыг хориглосон заалтыг хуулийн төсөлд тусгасан. Зөвхөн граммаар зарна. Соёлтой хэрэглээгээр дамжуулж, архидалтыг багасгах зорилготой” гэж мэдэгдсэн. Харин энэ чуулганд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж шөлний халбага “ханцуйлж” ирсэн байсан бөгөөд түүнийгээ гаргаж ирж үзүүлэнгээ, “Архийг шилээр нь биш, “шот”-оор нь зарна гэж байна. Тэр нь 30 грамм буюу амны халбага архи гэсэн үг. Монгол улсын хүн ам цөөн, ажиллах хүчин бага. Ийм хууль баталбал баар, ресторанд ажиллах залуусын тоо л нэмэгдэнэ” гэж хуулийн төслийг эрс эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн. Тэдний энэ тайлбар, няцаалтаас үүдэж, нийгэмд “Амны халбага архи” гэх үг тренд болж, ялангуяа залуусын дунд хэсэгтээ л хэрэглэгдсэн билээ. 
 

"Энэ цар тахал гэдэг өвчин бол үнэхээр том халдварт өвчин юм аа"- УИХ-ын гишүүн Э.Батшугар

            Өнгөрсөн аравдугаар сард болсон УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар өрсөлдсөн. Сурталчилгааны хугацаанд сэтгүүлч түүнээс “Нэр дэвшигчид таныг мэтгэлцээнд дуудсан байна, та оролцох уу” гэж асуухад тэрбээр “...Энэ цар тахал гэдэг өвчин бол үнэхээр том халдварт өвчин юм аа, нэгт. Хоёрт, ямар нэг улс орон энэ асуудлыг шийдсэн практик байхгүй, харин манай Монгол Улсын Засгийн газар сайн шийдэж байна гэж харж байгаа. Ялангуяа вакцинжуулалтын асуудал 65 хувьд хүрсэн байна...” гэх зэргээр ярьсан нь олон нийтийг инээлгэж, бас уурлуулсан. Учир нь “Та нэр дэвшигчидтэй өрсөлдөх үү” гэж асуухад “Энэ цар тахал гэдэг өвчин бол үнэхээр том халдварт өвчин юм аа” гэж хариулсан нь тренд үг болохын сацуу “УИХ-ын гишүүн болохоор нэр дэвшиж байж асуултад шууд, шулуун хариулж чадахгүй” гэж шүүмжлүүлах шалтгаан болсон юм. Түүний энэ ярилцлагаас хойш залуус өөрөөс нь хариулахыг хүсээгүй асуултыг нь асуух үед "Энэ цар тахал гэдэг өвчин бол үнэхээр том халдварт өвчин юм аа" гэж хариулдаг "моод" дэлгэрсэн билээ. 
 

ОНЫ ТРЭНД ОНЦЛОХ ТАВАН ҮГ: Хаалга аа, Кофи Аннантай уулзаад ирлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-04 15:58:01
    Нямдорж : 250 л сүү гардаг үнээ байна Би судлаж зээл өгсөн. Н батшугар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 18:40:46
    Иргэн: Хүн болох багаасаа хүүхэд болох унаганаасаа. Гэж нэг нөхөр хэллүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 16:40:33
    Mgl: Batsugar 280 l syy gardah ynee yenen top. Ter ynee syygee aldaad ,thus aldana gedeg shig yxex bxaa kk
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 12:28:09
    Ман: Брежнёвтай уулзаад ирлээ гэж яриагүй нь их юм хахх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 09:30:38
    kkk: arai stalintai uulzaad irsiin bish biz hahaha
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 08:47:17
    Е: Нөгөө УХҮРЭЛСҮХИЙН ЕРӨНХИЙЛЭГЧИЙН тангараг өргөх еслол дээр УИХын дарга ЗАНДАНШАТАРЫН БУДЛИУЛСАН үгнүүд яасан бэ Гэтэл өөр дэмий үгээр хөөцөлдөөд......
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 00:10:05
    Зочин: Саваадаг илжигнүүд шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 19:53:52
    Baast : Khurelsukh saya orost ochood Arai Brejnovtoi uulzaad irsen wm bish biz
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 19:53:34
    Baast : Khurelsukh saya orost ochood Arai Brejnovtoi uulzaad irsen wm bish biz
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 19:18:20
    разабхас: Хүлэг болох багаасаа хүүхэд болох унаганаасаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 10:34:30
    Энх: УИХ-ын дарга Занданшатарын чуулганы хуралдаанд хэлсэн "хүүхэд унаганаасаа" гэсэн үг орох байхдаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188