• Өнөөдөр 2024-05-18

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Монгол охин зургаан цаг хүчирхийлүүлсэн хэрэг ил болж, Д.Хаянхярваа 40 сая төгрөгөөр торгуулаад суллагдсан ДОЛОО ХОНОГ

2021-12-04,   537

    Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Тэгвэл өнгөрсөн одоо хоногт болсон үйл явдлуудаас Монгол охин Солонгос охидод зургаан цагийн турш тамлуулсан, ОХУ-ын ЗХЖШ-ын дарга манай улсад айлчилсан, "Эрдэнэс Монгол" компанийн Д.Хаянхярваад 40 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан зэрэг үйл явдлуудыг онцолж байна. 


Монгол охин Солонгос охидод зургаан цагийн турш тамлуулсан ноцтой хэрэг илчлэгдлээ

            БНСУ-ын дунд сургуульд сурдаг 13 настай Монгол охиныг дөрвөн Солонгос охин зургаан  цагийн турш тамлаж, хүчирхийлсэн ноцтой хэргийг тус улсын хэвлэлүүд нийтэд цацсан нь өнгөрөгч долоо хоногийн хамгийн ноцтой дуулиан байлаа. Хохирогч охины хөл, гарыг нь хүлж, зургаан цагийн турш дотоожийг нь толгойд нь углах, угаадасны хувин толгойд нь хөмрөх, татсан тамхиныхаа ишийг идүүлэх, ам руу нь архи цутгах зэргээр тамласан нь зураг, бичлэг, бусад баримтуудаар нотлогдсон. Энэ хэрэг өнгөрсөн долдугаар сард үйлдэгдсэн бөгөөд одоогоор хүчирхийлэл үйлдсэн дөрвөн Солонгос охины хоёр нь хоригдож байгаа бол хоёр нь 14 нас хүрээгүй шалтгаанаар ялаас мултраад байгаа.

Үүнтэй холбоотойгоор манай улсын иргэний нийгмийн байгууллагууд, хүчирхийллийн эсрэг тэмцэгчид дуу хоолойгоо нэгтгэж, хүчирхийлэл үйлдсэн охидын нэр, зургийг нийтэд зарлах, манай улсаас болон хохирогч охиноос уучлал гуйхыг шаардан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, тус улсын Ерөнхийлөгчийн санал, гомдол хүлээж авах албан ёсны сайтад өргөдөл хүргүүлж, гарын үсэг цуглуулж байгаа юм. 

 
Харгис хүчирхийллийн золиос болсон 13 настай хохирогч охины ээж БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагаар дамжуулан үйлдэгдсэн хүчирхийллийн тухай бодит үнэнийг нийтэд дэлгэсэн. 
 
Тодруулбал, “Охин маань өнгөрсөн долдугаар сард энд дунд сургуульд орсон. Тэгтэл сургуулийнхаа дээд үеийн дөрвөн эгчдээ зургаан цагийн турш зодуулсан хэрэг гарлаа. Бүр зодож байгаа бичлэгээ хүртэл хийж, түүнийгээ зарж байгаа гэсэн болохоор охин маань одоог хүртэл сэтгэл зүйн дарамтанд байна.
 
Хэрэг гарахаас өмнө би цагдаад “Охин маань алга болчихлоо” гээд мэдүүлэг өгсөн. Охин маань зодуулсан эгч нарынхаа гэрт байсан юм билээ. Охиноо олохоос хоёр хоногийн өмнө би тэр айлд нь очиход охиныг маань “Битгий гар” гээд тагтан дээрээ нуусан байсан. Дараа нь нөгөө хүчирхийлсэн охидууд нь таньдаг цагдаагаа дуудаж өгсөн. Тэгсэн цагдаа нь “Охиныг чинь бороонд норчихсон аймшигтай юм байхаар нь олж авлаа” гээд мэдэгдсэн. Би ч очиж авахдаа орой байсан болохоор анзааралгүй явсаар амны хаалтаа тайлахад нь л нүүр, хацар нь хавдсан байгааг мэдсэн. Охиныг маань хүчирхийлсэн охидууд нь дөнгөж 14-16 настай охидууд. Тэр үед охиныг маань татаж байсан тамхины цогоороо түлж, ишийг нь хүчээр идүүлж, согтууруулах ундаа хүчээр уулгасан байсан. Хөөрхий охин маань “Би хүмүүст мэдэгдэхгүй. Намайг гэр рүү маань л явуулаад өгчих” гэхэд зургаан цагийн турш зодчихоод хүчээр хорьсон. Тэгээд дараа нь “Чи цаашаа хүнд мэдэгдэх юм бол чамайг алсан ч чадна шүү” гэж сүрдүүлсэн байна.
 
Түүнээс хойшоо охин маань нэг хэсэг тайвшрахгүй байсан. Харин нэг өдөр л хүчирхийлүүлсэн талаараа хэлсэн. Тэгээд би “Хоёулаа цагдаа, сэргийлэхэд нь мэдэгдье” гэхэд “Үгүй ээ, ээж. Тэд нар намайг яачих ч юм билээ. Намайг хаашаа ч хамаагүй явуулаад өг” гэсэн. Охиноо аргадаж аргадаж бид нар цагдаагийн байгууллагад хандсан.  Гэтэл цагдаа нар хүртэл тоохгүй, бүр охин маань хүчирхийлүүлж байгаа бичлэгийг үзүүлтэл авч хэлэлцэлгүй “Нотлох баримтгүй байж яах гээд байгаа юм” гэж уурласан. Хэргийн дараа хүртэл охиныг маань сургуулийн дээвэр дээрээ дуудсан байна лээ. Энэ талаар цагдаад хэлж, шалгаад өгөөч, хэргийг үнэн мөнийг шийдээд өгөөч гэхээр “Мэдүүлэг авна” гэж хэлээд л орхичихдог.  Одоо охинтой хамт нийлдэг найзууд нь хүртэл тоохоо байж охиныг маань дээрэлхдэг болсон. Түүнээс болоод охин маань сургуульдаа явахаа ч больсон” хэмээн ярьсан нь нийгмийг эмзэглүүлсэн юм. 
 
          Монгол охин хүний нутагт бусдын гарт харгисаар хүчирхийлүүлсэн энэ хэрэгтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас тайлбар хийхдээ “БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайдтай уулзсан. Энэ хэргийн тухай мэдээлэл солилцож, хамгийн чухал нь хохирогч охинд чадвартай, сайн өмгөөлөгч авч өгөхийг хүссэн” гэх тайлбар хийгээд байна. Харин хүүхдийн эрхийн хамгаалах чиглэлийн төрийн байгууллагуудаас ямар нэг тайлбар хийгээгүй байна. Гол нь ийм ноцтой хэрэг гараад байхад таван сар гаруй хугацаа өнгөрч байхад БНСУ-д суугаа Элчин сайдын яам энэ хэргийн тухай мэдээгүй, харь оронд амьдарч байгаа иргэдээ хөсөр хаяж, эрх нь ноцтой зөрчигдөж байгааг ч анзаардаггүй төрийг буруутгах иргэд олон байна.

ОХУ-ын ЗХЖШ-ын дарга В.В.Герасимов манай улсад айлчиллаа

          Өнгөрөгч мягмар гарагт ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, ОХУ-ын баатар, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов манай улсад албан ёсны айлчлал хийлээ. 
 
Айлчлалын бүрэлдэхүүн эхлээд ЗХЖШ-т зочилсон бөгөөд энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимовтой хэлэлцээ хийсэн. Үүний дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ОХУ-ын ЗХЖШ-ын дарга В.В.Герасимовыг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцсэн.
 
Түүнчлэн ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд бараалхсан.  Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  “Монгол, Оросын ард түмэн дайны хүнд үе, энх цагийн бүтээн байгуулалтад хамтдаа байж ирсэн. Жанжин штабын даргын айлчлал хоёр орны батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон. 
 
Харин ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов “Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг. Ялангуяа Монгол Улсын цэргийн алба хаагчдыг цэргийн академи, их, дээд сургуульд сургаж бэлтгэхийн зэрэгцээ жил бүр “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургууль зохион байгуулдаг нь хоёр орны батлан хамгаалахын салбарын харилцаа холбоог өргөжүүлдэг. Цаашид ч энэ харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөжүүлэх хүсэлтэй байна” гэсэн. 
 
Үргэлжлүүлэн тэд хоёр орны цэрэг, цэрэг техникийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм. 
 

Д.Хаянхярваад 40 сая төгрөгийн торгууль ногдууллаа

       “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийг өнгөрөгч пүрэв гарагт шүүхээр хянан хэлэлцсэн. Ингээд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Хаянхярваагийн нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хасаж, зорчих эрхийг таван сар хязгаарлан, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. 
 
Д.Хаянхярваад эрүүгийн хэрэг үүсгэсэн заалтууд болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дэлгэрэнгүй танилцуулъя. 
 
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваад:
 
  • Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,
  • Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж, зохион байгуулж оролцсон
  • Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлсэн. 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг судалж үзээд шүүгдэгч Д.Хаянхярваа нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, дараах байдлаар шийдвэрээ гаргасан.

Тодруулбал,
 
  • Шүүгдэгч Д.Хаянхярвааг гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
  • Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулж,
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Хаянхярваад 40.000.000 төгрөгөөр торгох ял, нийтийн албанд томилогдох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, Зорчих эрхийг таван сараар хязгаарласан юм. 
 

Замын-Үүд-Эрээний боомтоор чингэлгээр ачаа татах ажлыг ням гарагт эхлүүлнэ

"КОВИД-19" цар тахлын шинэ хувилбартай холбоотойгоор Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор чингэлгээр ачаа бараа татан авах, гаргах бэлтгэл ажил хангагдаж байна.
       
       Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч мягмар гарагт мэдээлэл хийхдээ "Гурав хоногийн дараа БНХАУ-ын Эрээн хилийн боомтод хуримтлагдсан бараа ачаа, тоног төхөөрөмжүүд чингэлэгт тээврийн хэлбэрээр Монгол Улсын Замын Үүд боомтоор нэвтэрч эхэлнэ" гэсэн. Тэгвэл энэ ажлыг хэрэгжүүлэхээр хил дээрх үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. 
 
Тодруулбал, манай улсын хил боомтоор гарах болон орж ирэх бүх ачаа барааг чингэлэгт тээврээр дамжуулан авах Хятад улсын хүсэлтийн дагуу Замын-Үүд боомтод чингэлэг ачиж буулгах талбай бэлтгэн, чингэлэг ачигч калмарыг туршилтанд оруулж эхэллээ. Хятад улсын Эрээн боомтын талаас ачаа барааг чингэлгээр татан авах бэлтгэл ажлаа хангах, харилцан туршилт тохиргоо явуулсны дараа ачаа барааг илгээх, татан авах байнгын ажлыг эхлэх юм. Дээрх нөхцөл байдлын улмаас хоёр улсын хилээр ачаа бараа илгээх, татан авах үйл ажиллагаа 2-3 хоногоор хойшилж, арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс буюу ням гарагаас эхлэхээр болоод байна.
 

ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлнэ

          Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс хуралдсан. Тус хуралдаанаас хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулах хоёр үндсэн шийдвэр гаргаж, салбар яамд болон хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгосон.
 
Улсын онцгой комиссын зөвлөмжийн дагуу, коронавируст цар тахлаас урьдчилсан сэргийлэх болон томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлэх шийдвэр гаргасан. Үргэлжлүүлэн, энэ сарын 18-наас сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг эхлүүлж, нийт 45 хоног амраахаар тогтсон юм. 

 


ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Монгол охин зургаан цаг хүчирхийлүүлсэн хэрэг ил болж, Д.Хаянхярваа 40 сая төгрөгөөр торгуулаад суллагдсан ДОЛОО ХОНОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188