• Өнөөдөр 2024-05-18

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилж, допингтой бөхчүүдэд унасан нь цол чимгээ нэхэн гардлаа

2021-11-20,   375

          Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ.
 
          Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томиллоо. Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн тэрбум мод төслийн хүрээнд Ойн үндэсний чуулганыг зохион байгуулав. Засгийн газрын сайд нар өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд  боомтод ажиллаж, гацаанд орсон эдийн засгийн асуудлаар газар дээр нь уулзалт хийгээд ирсэн зэрэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбарт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томиллоо

         УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай  тогтоолын төслийг хэлэлцсэн. 
 
         Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нар оролцсон.
       Нэр дэвшигч Цэвээнсүрэнгийн Давхарбаяр нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, Доржгочоогийн Ариунтуяа нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга, Думбурайн Мягмарцэрэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ахлах референт, Дашзэвэгийн Эрдэнэчулуун нь Монголын олон улсын арбитрт арбитрч, Хашгамбайн Хашбаатар нь Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм.
 
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар нэр дэвшигч Д.Эрдэнэчулууныг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн шүүмжилсэн ч гишүүдийн олонх түүнийг дэмжсэн билээ. Ийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ч дээрх нэр дэвшигчдийг гишүүдийн олонх дэмжиж, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг томилов.
 

Ойн салбарынхан чуулав

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар манай улс Тэрбум мод төслийг эхлүүлж, нээлтийн үйл ажиллагааг энэ намар эхлүүлсэн. Тэгвэл үүний хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор Ойн салбарын үндэсний чуулган өнгөрсөн даваа гарагт Төрийн ордонд болж өндөрлөлөө. Уг чуулганд аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны газрын төлөөлөл, ойн салбарын мэргэжилтэн, алба хаагчид оролцож, цөлжилтийн эсрэг Монгол Улс хэрхэн тэмцэж, Тэрбум мод төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцсон.
 
     “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл нутаг дэвсгэртээ хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, санхүүжилт зэргийг хэлэлцэн батлах бол  УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
 
       Ойн салбарын үндэсний чуулганд оролцогчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжихээ илэрхийлж, чуулганаар хэлэлцсэн илтгэл, салбар хуралдаануудаас дэвшүүлсэн саналыг нэгтгэн зөвлөмж гаргалаа.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Томоохон зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 30 жил орхигдсон салбарыг сэргээж, 2024 он гэхэд чадавхыг нь бүрэн бэхжүүлэх,  мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх, зохион байгуулалт, удирдлагаар хангах, байгаль орчноо хайрлан хамгаалах чиглэлээр иргэдээ соён гэгээрүүлэх гээд олон ажил хүлээгдэж байна” гэлээ. Мөн бүгд нэгдмэл ойлголттой байж, нэг зорилгын төлөө хамтран ажиллахыг уриалсан юм.
 

Допингтой бөхчүүдэд унасан бөхчүүд цол чимгээ нэхэн гардав

    Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг олгох ёслол боллоо. Тодруулбал,
  • Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Улсын аварга Намсрайжавын Батсуурьт “Улсын Даян аварга” цол
  • Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх, Улсын харцага Мягмарын Бадарчид “Улсын гарьд” цол
  • Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Доржийн Анарт “Улсын заан” цол
  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат “Говийн хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Цэдэнбазарын Одбаярт “Улаан заан” цол
  • Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монгол хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Баянзулын Цэдэнсодномд “Улсын харцага” цол
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээний бөх Улсын начин Баярсайханы Орхонбаярт “Улсын харцага” цол
  • Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Даян” дэвжээний бөх аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдад “Улсын харцага” цол
  • Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн арслан Цэдэндоржийн Мөнхбаярт “Улсын харцага” цол
  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Цэрэнбатын Сандагдоржид “Улсын начин” цолыг тус тус олголоо.
      Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор Улсын арслан Б.Содномдоржид “Үлэмж бадрах”, Улсын начин Б.Эрдэнэхүүд “Өсөх идэр”, Улсын начин Н.Мустафад “Өсөх идэр”, Улсын начин Б.Суманчулуунд “Өсөх идэр” чимэг тус тус олгов.
 
 

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилж, допингтой бөхчүүдэд унасан нь цол чимгээ нэхэн гардлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188