• Өнөөдөр 2025-05-13

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Шинэ гишүүд тангаргаа өргөж, Д.Хаянхярвааг хорьсон долоо хоног

2021-10-23,   451

      Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улс төр, нийгэм, эдийн засаг, дэлхий дахинд болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт улс төрийн дуулиантай үйл явдлууд өрнөж, УИХ шинэ гишүүдээ хүлээж авлаа. Түүнчлэн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэр гаргав. “Эрдэнэс Монгол” ХХК-ын  захирал Д.Хаянхярвааг АТГ-аас шалгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Эдгээр үйл явдлыг тоймлон хүргэж байна.
 
ОРХОН, ДАРХАН-УУЛ, ӨМНӨГОВЬД АЙМАГТ МУИС, ШУТИС, ХААИС-ИЙН САЛБАР СУРГУУЛИЙГ БАЙГУУЛНА
      Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн лхагва гарагт болж хэд хэдэн чухал шийдвэр гаргасан. Тодруулбал, орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахтай холбогдуулан зарим шийдвэрийг гаргасан. 
 
      Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт хот, Дархан-Уул, Өмнөговь аймагт сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулах шийдвэр гарлаа. Ингэснээр орон нутагт ч Улаанбаатарт сурч болох боловсролыг хоцрогдолгүй эзэмших боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар Дархан-Уул аймаг, Эрдэнэт хотын их, дээд сургуульд 3500 орчим оюутан суралцаж байгаа.
 
Нийт ачааллынхаа гуравны нэгээр ажиллаж байгаа юм. Үүнд Өмнөговь аймагт байгуулах сургуулийг нэмэгдүүлж, Эрдэнэт хот, Дархан-Уул, Өмнөговь аймагт нийт 15 мянган оюутан сурах боломжийг хангана. Ингэхдээ шинэ газар сургууль байгуулах бус, орон нутгийн сургуульд их засвар хийж, өргөтгөн цогцолбор сургууль байгуулна. Их засвар, өргөтгөлийн ажлын зардлыг 2022 оны төсөв тусгаж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ.

Дархан-Уул, Эрдэнэт, Өмнөговь аймагт хөдөө, аж ахуй, уул уурхайн сургууль байгуулагдахаар Улаанбаатар хотод давхацсан сургууль байхгүй болно.  Орон нутагт их, дээд сургуулийн багш нар бага байдаг. Тиймээс орон нутаг руу сайн дураараа явж ажиллах болон сургууль нь орон нутагт шилжин ажиллаж байгаа багш нарт хөдөөгийн нэмэгдэл цалин олгож, ипотекийн 30 хувийн зээлд хамрагдах боломж олгоно гэж харж байгаа” хэмээсэн юм.

Түүнчлэн “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгасан. Улмаар төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт багтаж зарлахаа салбар яамнаас мэдэгдсэн билээ.
 
Э.БАТШУГАР, Ц.ИДЭРБАТ НАР ТАНГАРГАА ӨРГӨЖ, ПАРЛАМЕНТ 76-УУЛАА БОЛЛОО
 
       УИХ-ын ээлжит сонгуулиар Их хуралд Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос сонгогдсон Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсоноор парламентад хоёр суудал эзгүйрсэн.
     Иймд УИХ-аас нөхөн сонгуулийн товыг зарлаж, энэ сарын 10-нд санал хураалт явуулсан ч хоёр тойрогт сонгогчдын санал ирцийн босгодоо хүрэлгүй нэмэлт саналт хураалт явуулсан. Нөхөн сонгуулийн нийт үр дүнгээр Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар, Хэнтий аймагт нэр дэвшигч Ц.Идэрбат нар олонхын санал авч МАН Их хуралд 63 суудлаа эргүүлэн авсан юм.
Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нөхөн сонгуульд ялалт байгуулсан хоёр гишүүн УИХ-ын гишүүний тангаргаа өргөснөөр гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж эхлэв. 
      УИХ-ын гишүүн Э.Батшугарын тухайд аавынхаа нөөлгөөр төрд орж ирсэн хэмээн иргэдээс багагүй шүүмжлэл хүртээд буй. Түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү гэдгээр нь олон нийт илүү мэднэ. Харин УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймгийн Засаг даргаас Их хуралд орж ирж буй залуу улстөрч юм.
 
АТГ-ААС “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ЫН  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.ХЯНХЯРВААГ ШАЛГАЖ, ЦАГДАН ХОРИВ
 
        УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” гүйцэтгэх захирал Д.Хянхярваагийн хувийн албан өрөөнд энэ сарын 18-нд  АТГ-аас шалгалтын ажиллагаа явуулж, түүний өрөөнөөс их хэмжээний мөнгөн дэвсгэрт хураан авсан.
      Улмаар цагдаагийн байгууллага түүнийг 48 цаг саатуулах шийдвэр гаргасан билээ. Д.Хаянхярвааг “Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгосон, ямар ч тендергүйгээр даатгалын компанитай гэрээ хийж, хамтарч ажилласан гэх үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Улмаар Д.Хаянхярваагийн цагдан хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал өнгөрсөн пүрэв гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хурлаар Д.Хаянхярвааг  прокурорын байгууллагаас хүргүүлсэн хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн байдаг. 
 
     Д.Хаянхярваа өөрийгөө АТГ-аас 30 хоног цагдан хорих нь хууль бус хэмээн үзэж, Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд “Миний эрхэд халдсан хууль бус ажиллагаагаа хаацайлахын тулд ямар ч хамаагүй хэрэг хүлээлгэх, олон нийтэд гэмт хэрэгтэн болж харагдуулах хуулийн гэхээс улс төрийн агуулгатай үйл ажиллагаа болж, хохирогч боллоо. Мөн эхнэр, хүүхэд, найз нөхөд, худ ургийг нь байцааж, 2016 болон түүнээс  өмнөх байдлыг шалгаж байна"  хэмээн хүсэлтээ хүргүүлсэн байна.
 

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Шинэ гишүүд тангаргаа өргөж, Д.Хаянхярвааг хорьсон долоо хоног
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 21:11:02
    Зочин: Хувийн их дээд сургуулийг бүгдийг нь хөдөө гаргах хэрэгтэй.Аль аймагт хэн ямар сургууль байгуулах хүсэлтэйг нь дэмж.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188