• Өнөөдөр 2025-05-13

Нөхөн сонгуульд өрсөлдөгчид ба НАМУУДЫН ӨНГӨ

2021-09-02,   534

     УИХ дахь олонхын бүлгийн хоёр гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзсэн учир хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон. Тодруулбал, МАН-аас Хэнтий аймагт ялалт байгуулсан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, Сонгинохайрхан дүүрэгт ялалт байгуулсан Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргаар томилогдоод буй. Ийн хоёр суудал парламентад сул гарсан тул нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар товлосон. 
 
     Хуулийн дагуу нам, эвслүүд өчигдөр сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодрууллаа. УИХ-д суудалтай гурван намаас хэн хэн нэр дэвших вэ гэдэг нь олны анхаарал нэлээд татсан. Ийн намууд нэр дэвшигчдээ албан ёсоор зарласнаар сонгуулийн кампанит ажилдаа ханцуй шамлан орцгоох болов.
 
НӨХӨН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨН БА ЭРХ БАРИГЧ НАМЫН ТОХИРОО
 
    Хэдий Их хуралд МАН олонх болсон ч энэ удаагийн сонгуульд хоёр суудлаа хамгаалж үлдэж чадах уу гэдэг нь олны анхаар татсан сэдэв хэвээр байна. Тиймээс МАН-ынхан нөхөн сонгуульд нэлээд ач холбогдол өгч байгаа нь шат шатны хуралдаанаас тодорхой харагдаж буй. Түүнчлэн энэ удаагийн нөхөн сонгуульд намын фракцууд өөр өөрсдийн хүнээ өрсөлдүүлэх гэж хичээж байгаа нь тодорхой байлаа. Өнгөрсөн хоёр удаагийн сонгуульд нэг бодлогод зангидаж, төрийн эрхийг авсан тэд нөхөн сонгуулиар түнжин муудаж, нэр дэвшигчийг сонгохдоо нэлээд талцав бололтой. Гэвч МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн өрөө дарахаас гарцаагүй болж, “Аавын захиас”-ыг биелүүлэхээс аргагүйд хүрэв. Өчигдөр үдээс хойш хуралдсан намын Удирдах зөвлөлийн хуралд долоон хүн өрсөлдөх хүсэлтээ өгснийг хэлэлцэж, хоёр тойрогт өрсөлдөх хоёр нэр дэвшигчийг Бага хуралдаанаар хэлэлцүүлэв.  
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугарыг нэр дэвшүүлэхээр болсон бол Хэнтий аймагт Ц.Идэрбатыг өрсөлдүүлэхээр болсон гэнэ. Харин заалнаас УИХ-ын гишүүн О.Сандаг-Очир Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайг нэр дэвшүүлсэн ч өөрөө татгалзсан гэх мэдээлэл байгаа юм. Ийн Бага хурлаар тус хоёр гишүүнийг батламжлах нууц санал хураалт явуулжээ. Бага хурлын үеэр намын гишүүд хоёр талцаж, Э.Батшугарыг нэр дэвшүүлэхгүй хэмээн зарим гишүүн эсэргүүцлээ илэрхийлсэн гэх мэдээлэл ч бий.
Гэвч  сүүлийн 12 жил Ерөнхийлөгчгүй байсан МАН-ынхан 100 жилийнхээ ойгоор Ерөнхийлөгчтэй болох гэж аргаа барж, МАХН-тай нэгдсэн билээ. Угтаа бол улс төрд чамгүй карьертай болчихсон Н.Энхбаярын намынхан Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулдаггүй юмаа гэхэд санал хувааж мэдэхээр байсан учир У.Хүрэлсүх Н.Энхбаярт татгалзахын аргагүй санал тавьж, хоёр намаа нэгтгэсэн удаатай. Ингэхдээ өөрийн хүү Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд сойж, Засгийн газарт ч хэд хэдэн сайдын суудал авах тохироотой байгаа гэдэг. Ийн У.Хүрэлсүх өчигдөр “өр”-өө дарж, гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч Э.Батшугарыг нөхөн сонгуульд сойх нь тодорхой болов бололтой. Харин нөгөө талаас “хотын” гэгдэх Д.Сумъяабазарын талынхан шүд зуун үлдсэн гэх бор шувуу нисэх болжээ. 
 
М.ТУЛГАТ ХУУЧИН ЛИДЕРҮҮДЭЭ СОЙЖ, МАН-ТАЙ ӨРСӨЛДӨНӨ
 
     Жил гаруй хугацаанд хоёр талцсан Ардчилсан намынхан нөхөн сонгуульд хуучин лидрүүдээ сойхоор болжээ. О.Цогтгэрэл даргатай Ардчилсан нам Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн ч хүлээж аваагүй учир М.Тулгатын талаас нэр дэвшигчид тодров. Нөхөн сонгуульд тус намын хуучин гишүүдээс хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч олонх нь нэрээ татсан гэх мэдээлэл бий. Иймдээ ч өрсөлдөөн багатай нэр дэвшигчдээ тодруулав бололтой.
    Сонгинохайрхан дүүрэгт тус намаас хотын дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүл нэр дэвших бол Хэнтий аймагт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар өрсөлдөхөөр болжээ. Аль аль нь Их хуралд сонгогдож, сөрөг хүчний гишүүний үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай улстөрчид. Хотын дарга асан Э.Бат-Үүл 2020 оны УИХ-д хүч үзсэн ч өвдөг шороодсон удаатай. Түүнчлэн Хотын даргаар ажиллаж байхдаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаад амжсан нь түүний улс төрийн карьерт багагүй нөлөөлж буй. С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын талд орсон нь нөгөө талын гишүүдийн дургүйцлийг төрүүлж, Төв талбайд “үсдүүлсэн” явдал ч гарсан. Гэвч тэрбээр улс төрд хүч үзэж, даагаа нэхэх том амбиц тээж яваа бололтой.
 
ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ НӨХӨН СОНГУУЛЬД Б.НАЙДАЛААГ ДЭВШҮҮЛНЭ
 
       УИХ-д гуравдагч хүчний үүрэг гүйцэтгэж буй Хөдөлмөрийн үндэсний намынхан энэ удаагийн сонгуульд нэг л тойрогт нэр дэвшигчээ сойхоор болжээ. Тодруулбал, тус намын удирдах зөвлөлийн дарга Б.Найдалааг Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдүүлэхээр болсон байна.
Ерөнхийлөгчийн сонгуулиар тус намаас нэр дэвшсэн Д.Энхбат чамгүй олон суудал авч, олны дунд багагүй нэр хүнтэй болсон.
Тус намын дарга Т.Доржханд “Ямар хүнийг дэвшүүлэхээ эвслийн удирдлагууд илэн далангүй, нээллтэйгээр ярилцаж, нууц санал хураалтаар тодруулсан. Олон чадвартай, мэдлэгтэй, ажлын туршлага сайтай нэр дэвшигчид өрсөлдсөн. Үүнээс Сонгинохайрханы тойрогт ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга Б.Найдалаа нэр дэвших шийдвэр гарсан” хэмээсэн удаатай. Б.Найдалаа нь  СЭЗДС-д Эдийн засгийн онолын багшаар ажиллаж байгаад Япон улсад хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. “Анод” банк болон ХААН банкинд Эрсдэлийн удирдлагын газрын захирал, MCS групп, Юнител ХХК-ийн Бизнес хөгжлийн захирал, MCS Холдинг ХХК Хөрөнгө оруулалтын ахлах менежер, МЭЗФ-ийн гүйцэтгэх захирал, 2012 оноос Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
 

Нөхөн сонгуульд өрсөлдөгчид ба НАМУУДЫН ӨНГӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188