• Өнөөдөр 2025-05-13

МАН-ын Бага хурал буюу нөхөн сонгуульд горилогчдын хүлээлт

2021-09-01,   821

       УИХ-д 61 суудалтай МАН нөхөн сонгуульд өөрсдийн суудлаа алдчихгүй гэж хэрэндээ хичээж буй. Гэвч УИХ-д олонх болохдоо ч Ерөнхийлөгчийн эрх мэдлийг авахдаа ч нэлээд амлалт өгч, “өр” тавьсан нь энэ удаагийн нөхөн сонгуульд багагүй хүлээс болох нь. Тэд өнөөдөр намын Бага хурлаа хуралдуулж, нөхөн сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ хүргүүлсэн гишүүдээс хоёрыг нь сонгох учиртай. Саяхныг хүртэл эв найртай, бие биенээ өмөөрч, хамгаалж явсан “Ах” намынхны хагарал нөхөн сонгууль болохтой зэрэгцэж дахин эхлээд, намын томчууд өөрсдийн хүнээ эрх мэдэлд хүргэх гэж “хөнжил дотроо хөлөө жийлцэж” байгаа нь олны нүдэнд бэлхнээ харагдаж буй.  
 
       Нөхөн сонгуульд намаасаа нэр дэвших хүсэлтээ өгсөн эрхмүүд “Намынхаа томчуудаас дэмжлэг авчихна, өмнөх сонгуулиудад “дарга нараа” эрх мэдэлд хүрэхэд нь багагүй дэмжлэг үзүүлсэн” хэмээн томчуудынхаа амыг харж, хүлээлттэй байгаа гэх. Томчууд нь ч дор бүрнээ “Манай хүнийг дэмжээрэй” хэмээн нөлөө бүхий намын гишүүдтэйгээ сэм уулзаж, тал засаж байгаа гэх цуу яриа МАН-ын байраар нисэх болжээ. Энэ удаад УИХ-ын хоёр тойрогт сонгууль явах нь улс төрчдийн “хорхойг” мөн ч хөдөлгөж буй. 
 
    Өнгөрсөн сарын 5-нд МАН Бага хурлаа хуралдуулж, нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэх, санал хураах журмыг баталсан удаатай. Улмаар нэр дэвшигчдийг наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1 хүртэл бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар нөхөн сонгуульд тус намаас долоон хүн нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн гэх мэдээлэл буй. УИХ-ын нөхөн сонгуульд тус намынхан ёс зүйтэй, өндөр боловсролтой, нийгэмд хийж бүтээсэн зүйлтэй, олонд танигдсан нэгнийг нэр дэвшүүлнэ гэсэн шаардлага тавиад байгаагаа мэдэгдсэн. Нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн гишүүд дор бүрнээ улс төрийн тохироотой, намын нөлөө бүхий эрхмүүдийн нөөлөг дотор “бойжсон” улстөрчид бий. 
УИХ-ын нөхөн сонгуульд тус намынхан ёс зүйтэй, өндөр боловсролтой, нийгэмд хийж бүтээсэн зүйлтэй, олонд танигдсан нэгнийг нэр дэвшүүлнэ гэсэн шаардлага тавиад байгаагаа мэдэгдсэн.
      Хэдий өнөөдөр Бага хурлаараа долоон нэр дэвшигчээс хоёрыг нь сонгуульд сойхоор санал хураалт явуулах ч, энэ хоёр хүний нэр Удирдах зөвлөлийн хурлаар тодорхой болсон гэх мэдээлэл ч байна. Одоогоор тухайн хоёр хүний нэрийг ихэд нууцалж байгаа бололтой. 
 
Ямартай ч УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд  тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нар дэвших хүсэлтээ хүргүүлсэн бол Хэнтий аймгийн нөхөн сонгуульд тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба, Д.Гантулга тус намын гишүүн Н.Энхбаатар нар нэр дэвших хүсэлтэй байгаа аж. МАН-аас Хэнтий аймагт нэр дэвшинэ хэмээн хүсэлтэй хүргүүлсэн өмгөөлөгч Л.Батжав сонгуулийн кампанит ажлаа ил далдаар явуулж эхэлсэн ч тохироонд хүрч, нэр дэвшихээс татгалзаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Сонгинохайрхан дүүрэг МАН-ынхны хувьд нэлээд өрсөлдөөнтэй, нэр дэвшигчдийн дунд багагүй маргаан дагуулсан тойрог байгаа нь сүүлийн үед тодорхой харагдаж байгаа. Тус дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон цагаас л тус тойрогт горилогчид бэлтгэлээ базааж эхэлсэн. Хэдий Д.Сумъяабазар чамлахааргүй том албан тушаалд томилогдсон ч өөрийн тойргоо ойрын хүндээ өгчих сонирхол хэзээнээс байсан. Ингэхдээ өөрийн баруун гарын хүн гэгдэх Ж.Сандагсүрэнг хэзээнээс сойж, нэрийг нь сэвтээчихгүй гэсэндээ нийслэлийн нэгдүгээр орлогч даргынх нь албан тушаалыг ч бууруулсан удаатай. Ж.Сандагсүрэн ч УИХ-д нэр дэвших бэлтгэлээ хэдийн базааж, өнгөрсөн хугацаанд тойрогтоо мэр сэр бүтээн байгуулалт хийж, тойргоо усалж байсан гэдэг. Одоо харин тэрбээр намынхнаасаа дэмжлэг авч чадах уу гэдэг нь хэдхэн цагийн дараа шийдэгдэх гэж байна.

      Тус тойрогт нэр дэвшихээр бэлтгэлээ эрт базааж, тойргоо усалсан гишүүдийн нэг нь Э.Батшугар. Тэрбээр аавыгаа, аавынхаа байгуулсан намыг “золиосонд” гаргаж, Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжүүлснийхээ хариуд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гэдэг тохироотой байсан. Гэвч МАН-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, нөхөн сонгуульд нэр дэвшиж чадах эсэх нь эргэлзээтэй болчихсон гэнэ.
 
      Тиймээс МАХН-аа МАН-тай нэгтгэсэн Н.Энхбаяр сүүлийн үед бухимдаж, өөрт нь санал болгосон албан тушаал татгалзсан гэдэг мэдээлэл ч бий. Э.Батшугарын тухайд өнгөрсөн оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт чамгүй олон санал авч, хамраараа таслуулсан нь нөхөн сонгуульд өрсөлдөж, даагаа нэхэх нэг шалтгаан болж байгаа нь гарцаагүй.
 
     НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшиж,  өвдөг шороодсоноор буцаад намаа түших болсон. Нөхөн сонгуульд нэр дэвших амбиц түүнд байгаа ч намаасаа дэмжлэг авч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа. Ийн Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид намынхаа гишүүдээс дэмжлэг авах гэж чамгүй хичээж, өрсөлдөөнтэй байгаа гэнэ. 
 
МАН өнөөдөр 17:00 цагт Бага хурлаа цахимаар хуралдуулж, Сонгинохайрхан дүүрэг болон нөхөн сонгуульд нэр дэвших гишүүдээ тодруулна.
 

МАН-ын Бага хурал буюу нөхөн сонгуульд горилогчдын хүлээлт
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-01 15:57:49
    Ах нь: Сумъяабазарыг базчихсан Сандагсүрэн гэж хэн бэ. Засгийн газар халчихад буцаагаад орлогч дарга яагаад болгов Сумъяабазар түүний төлөө үхэхээс буцахаа байжээ. Яагаад....?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-01 14:10:05
    Зочин: Хэнтийд хэн ч байсан гарах биз. Горилогчдоос арай дөнгүүр нь гарцаагүй Ганбямба л байна. СХД- д Бат- Үүлээс давж гарах хүн л хэрэгтэй. Намын нэрээр л гэхээс хувь хүн талаасаа Үүлийн дээр дараад ойчих горилогч харагдахгүй л байна. Яг үнэндээ энэ тойрогт арай илүү байж чадах нь Мөнхчулуун л даа. Энэ тойргийг энэ цагийн атмосферээс харахад гуравдагч хүчинд алдах магадлал бий. Олны сонголт ончтой байх болтугай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188