Эргэлт.мн мэдээллийн сайт улс төр, нийгэм, эдийн засагт болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг дахин сунгаж, Боловсрол шинжлэх ухааны яамнаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар мэдээлэв. Түүнчлэн “Андлалын өргөө” цогцолборын ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсноо мэдэгдэж, буулгасан зэрэг онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХУГАЦААГ ОН ДУУСТАЛ СУНГАВ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг дахин сунгах асуудлыг хэлэлцсэн. Улмаар коронавирусийн халдвар цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны арвандугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.
Үүнтэй холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын “Чингис хаан” боомтоос бусад боомтод 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан юм. Түүнчлэн хуралдаанаар иргэдийг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулах тухай хэлэлцсэн. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Засгийн газрын хуралдаанаар бүх иргэнээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах асуудлыг дэмжиж, бэлтгэл ажил хангахыг даалгасан. Нийт хүн амын урьдчилан сэргийлэх шинжилгээг хэрэгжүүлэхээр ярьж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгээр Монгол Улсад тэргүүлэх өвчлөлийн таван чиглэлийг авч үзнэ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх ажлыг хийх ажлын хэсэг гарсан. Энэ багц шинжилгээ нь 13-45 мянган төгрөгийн хэмжээтэй. Насны багцын нэр төрлийг олшруулж, хөдөө орон нутгийн дэд бүтэц, чадавхыг эрчимжүүлнэ. Гэхдээ энэ шинжилгээнд хамрагдах идэвх сул байна. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна" хэмээсэн юм.
Ирэх долоо хоногт 2021 оны хичээлийн шинэ жил эхэлнэ. Үүнтэй холбоотой ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Тэгвэл хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Оюутан залууст тэтгэлэг, сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл, тусламж олгодог Боловсролын зээлийн сан цар тахал гарснаас хойш алдагдалтай ажиллаж байгаа. Тус байгууллага нь манай улсын 147 мянган оюутны ердөө 11 хувьд нь хүртээмжтэй байдаг. Бид ирэх хавраас Боловсролын зээлийн сан нийт оюутны 30 хувьд хүрч ажилладаг болгохоор ажиллаж байна. Сургалтын төлбөрийн санхүүжилт нь 10202 оюутан хамардаг дотоод зээл, 323 оюутан хамардаг гадаад зээл, 18 мянган оюутан хамруулдаг буцалтгүй тусламж гэсэн гурван хэлбэртэй байдаг. Манай Боловсролын зээлийн сангаас хүүхдийн мөнгөнд нэлээд их хөрөнгө татагдаж байгаа. Гэвч бид өмнөх шигээ сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно. Өнөөдөр буцалтгүй тусламж авдаг 6146 оюутан байдаг. Залууст шаардлагатай байгаа төлбөрийг нь бүрэн бүтэн өгнө. Мөн өндөр оноотой, багш мэргэжлээр суралцдаг 1500 оюутны төлбөрийг урьдын ажил үргэлжлэн төлнө. Үүнээс гадна Засгийн газар хоорондын гэрээгээр буюу гадаадад суралцдаг оюутнуудын төлбөр хэвийн үргэлжилнэ. Хамгийн их санаа зовж буй зүйл бол дэлхийн топ 100 сургуульд суралцдаг оюутнууд.
Цөөхөн хэр нь Боловсролын зээлийн сангийн нийт зардлын 50 хувийг эдгээр оюутны төлбөрт зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, 323 оюутанд 20 тэрбум төгрөг төсөвлөдөг. Үүнийг шударга бус явдал гэж би харж байгаа. Цаашид гадаадын их, дээд сургуульд магистр, доктор зэрэг ахисан шатны түвшинд суралцаж буй оюутнуудад боломж олгох ёстой гэсэн байр суурьтай байна. Үүнд аль нэг дарга, хөрөнгө чинээтэй хүний хүүхдүүд багтдаг гэсэн хардлага нийгэмд байдаг. Иймээс бид бүх мэдээллийг нийтэд ил тод дэлгэж байгаа. Та бүгд хэний хүүхэд, аль сургуульд, ямар нөхцөлөөр зээлийн санд хамрагдсаныг орж хараарай” гэсэн юм.
"АНДЛАЛЫН ӨРГӨӨ"-Г НУРААЖ, 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЗОГСООВ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн Батноров суманд “Хүлэг боорчи-Андлалын өргөө” цогцолбор барьж эхэлсэн. Тус цогцолбор нь Эзэн Чингис хааны төрсөн нутаг, Хэнтий аймагт хийж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг юм. Харин 400 сая жуулчин хүлээж авах "том" зорилготой, улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгөөр барьсан тус цогцолборыг нурааж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, чанарын шаардлага хангаагүй, загвар хийц муу, оюуны өмчийн маргааны улмаас тус барилгыг нурааж эхэлжээ. Тус цогцолборын зураг, төслийг зураач, талийгаач Д.Эрдэмбилэг бүтээсэн юм. Харин талийгаачийн ар гэрийнхэн цахим сүлжээнд шүүмжлэл дагуулж, талийгаачийн нэр хүндэд халдаж байгаа учир оюуны өмчөө ашиглуулахаас татгалзаж, уг цогцолборыг нураах шийдвэр гарсан байна.
Энэ талаар Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Д.Жамбаагаас тодруулахад “Хос санаа” компанийн ажилтнууд “Андлалын хөшөө”-г өчигдрөөс буулгаж эхэлсэн. Буулгах шийдвэр гарсан тухайгаа бидэнд мэдэгдэж, ажлаа эхлүүлээд байна. Нэгэнт ийм шийдвэр гарсан учраас нураахаас өөр арга үлдээгүй” гэсэн тайлбар өгсөн.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "Андлалын өргөө" бүтээн байгуулалтын барилгын ажлыг зогсоож, холбогдох арга хэмжээг авч, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүссэн. Эдгээрийг судалж, гурван талт гэрээний дагуу уулзсан. Сангийн яамнаас өнөөдөр чиглэл ирүүлэхэд гүйцэтгэлээр олгосон 1.9 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлэх чиглэлийг ирүүлж, нэхэмжлэх явуулснаар гүйцэтгэлээр олгосон төсвийн мөнгийг "Хос санаа" компани буцаан төвлөрүүллээ. Цогцолбор нураах зардлыг улсын төсвөөс гаргаагүй” гэсэн юм.
МОНГОЛ ТАМИРЧИД ПАРАЛИМПЫГ ЗОРИЛОО
Монголын паралимпын баг, тамирчид тэмцээндээ оролцохоор Япон Улсын нийслэл Токио хотыг өнгөрсөн долоо хоногт зориод буй. 16 дахь удаагийн зуны паралимпын наадмыг наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулна. Ээлжит паралимпын наадамд нийт 4400 орчим тамирчин 22 спортын 540 төрөлд оролцох бөгөөд Монгол Улсыг төлөөлж, 11 тамирчин оролцох юм.
Үүнд:
Х. Энхтуяа (Пара тэеквондо)
Г. Болор-Эрдэнэ (Пара тэеквондо)
Э. Содномпилжээ (Пара поуэрлифтинг)
Н. Мөнхбаатар (Пара байт харваа)
З. Ганбаатар (Пара буудлага)
Д.Саруултөгс (Хөнгөн атлетик)
П.Энх-Манлай (Хөнгөн атлетик)
А.Мөнхбат (Жүдо) нар оролцоно.
ЭРГЭЛТИЙН ТОЙМ: 1.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг зогсоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг сунгасан долоо хоног |
|