• Өнөөдөр 2024-04-25

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Шагналтай, наадмын цахим нээлттэй, үертэй, осолтой ДОЛОО ХОНОГ

2021-07-17,   637

          Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр манай улсын төр, нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбарт болон дэлхий дахинд болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн үйл явдлуудаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эрдэнэт" үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагнасан, цагдаа, тагнуул болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын удирдлагуудад Генерал цол олгосон, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан 850 сая төгрөгийн өртөгтэй цахим нээлтийг нийтэд үзүүлсэн, Засгийн газар Авлигын эсрэг комисс байгуулсан, Архангай аймагт их хэмжээний үер бууж  хохирол учруулсан зэргийг онцолж байна.


 БЯМБА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээлээ

       Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, цагдаа, тагнуул болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчдад генерал цол олголоо.


          Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 07, 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар зарлигийг тус тус үндэслэн:

Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Пэлжээгийн Одонбаатар,

Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа Жамсранжавын Болд нарт Хошууч генерал цол,

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Пүрэвжавын Батаад Бригадын генерал цолыг тус тус хүртээсэн юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Та бүхэн төрийн тусгай албанд олон жил үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, цолныхоо шаардлагад нийцсэн хүмүүс гэж үзэж байна. Генерал цол бол нэн хүндтэй цол бөгөөд энэ цолоор дамжин үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Цолыг даган ирж байгаа хүндэтгэл, итгэл хариуцлагыг дааж, цолондоо тэнцэхүйц ёс зүйтэй, хичээл зүтгэл, эрч хүчтэй ажиллах даалгавар Та бүхний мөрөн дээр энэ мөрдөстэй хамт ирж байгааг үргэлж санаж яваарай” хэмээсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт” үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа

      Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа.


        “Эрдэнэт” үйлдвэрт Монгол Улсын Баатар цол хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын хөгжил цэцэглэлт, эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт хөгжил, салбарын боловсон хүчний бэхжилт, улсын төсвийн төвлөрөлт, “Ковид-19” цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлж байгаа дэмжлэг, хүчин чармайлт, XX дугаар зууны түүхэн бүтээн байгуулалт- “Эрдэнэт үйлдвэр”-ийн улс орныхоо хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж, “Монгол Улсын Баатар” цолоор шагнаж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил дэвшил, улсын эдийн засагт оруулах үр ашгийг дээшлүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, нийт уурхайчдын гавьяа зүтгэлийг цохон тэмдэглэн алдаршуулж байна” хэмээн онцолсон.

        Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг 1973-1978 онд барьж ашиглалтад оруулснаар манай улсын эдийн засаг, төсөвт тогтмол өгөөжөө өгч ирсэн. Тухайлбал, сүүлийн 10 жилд улсын төсвийн орлогын 7.5 хувийг дангаараа бүрдүүлсэн бөгөөд зөвхөн 2020 онд л гэхэд нэг их наяд төгрөгийн татвар, шимтгэл, ногдол ашгийг орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн юм. Мөн цар тахлын хүнд цаг үеийг хохирол багатай даван туулах зорилгоор “Эрдэнэт” үйлдвэр 2020 оны арванхоёрдугаар 1-нээс 2021 оныг дуустал айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны эрчим хүч, уур, цэвэр бохир ус болон хог хаягдлын төлбөрийг даахаар болсон нь ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болсон. Энэ бүхэн нь тус үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагнал бодит үндэслэл хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цолыг нь гардуулах үеэрээ онцолж байсан юм.

НЯМ

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Би Монгол Хүн” баярын цахим хөтөлбөр цацлаа

        “Ковид-19” цар тахлын тархалт эрс нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 140 мянга, нас барсан хүний тоо 700 давсантай холбоотойгоор Засгийн газар энэ жилийн Үндэсний их баяр наадмыг бүтэн жилээр хойшлуулах шийдвэр гаргасан. Гэсэн хэдий Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Төрийн Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлж, дараа нь “Би Монгол Хүн” баярын цахим хөтөлбөрийг нийтэд үзүүлсэн.


      “Би Монгол Хүн” баярын цахим хөтөлбөрийг “Херо” энтертайнментын найруулагч Б.Баатар найруулж, УДЭТ, УДБЭЧ, Үндэсний Урлагийн Их Театр, ХЦДБЧ зэрэг урлагийн байгууллагууд, орон нутгийн театрууд болон хувь уран бүтээлчид оролцсон. Нэг цаг орчим үргэлжлэх тус баярын цахим хөтөлбөрийг бүтээхэд 850 сая төгрөг зарцуулсан бөгөөд агуулга, зохиомж, ёс заншил алдагдуулсан зэргээрээ нийтийн шүүмжлэлд нэлээд өртсөн юм. 

Түүнчлэн Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр “Монголын ард түмний Үндэсний их баяр наадам гэдэг бол Монгол Улс, Монгол үндэстэн, монгол хүний хувьд төрт ёс, тусгаар тогтнол, түүх соёл, эв нэгдэл, мандан бадрахын бэлгэдэл, Монгол үндэстний оюун санааны дархлаа, нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламжлал бөгөөд үеийн үед мөнхлөн тэмдэглэж байх ёстой үнэт зүйл юм. Гэвч энэ удаа дэлхий нийтэд түгээд байгаа “Ковид-19” цар тахлын хор хохирлыг тооцон манай улсын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөгөө, шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг энх тунх сайн цаг ирэхэд тэмдэглэхээр хойшлуулаад байна. Энэ шийдвэр нь манай улсад тохиолдож болзошгүй аюулт эрсдэлээс үр хүүхэд, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалсан, аж амьдрал, сэтгэл санааны хувьд нөхөж баршгүй хохирол амсаад байгаа иргэддээ хүн ёсны хувьд ч, ёс суртахууны хувьд ч хүндэтгэлтэй хандсан хүнлэг шийдвэр гэдгийг манай ард түмэн уужим саруул ухаандаа тунгаан ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар мэндчилгээ дэвшүүлэхдээ ташаа тулан зогссон нь мөн л нийтийн шүүмжлэлд өртсөн. 

ДАВАА

Архангай аймагт 4826 бог мал, найман бод мал, 10 айлын гэр, хоёр байшин үерт “урсав”

         Өнгөрөгч даваа гарагт буюу долдугаар сарын 12-нд Архангай аймгийн нутгаар усархаг аадар бороо орж, их хэмжээний үер бууж, хохирол учрууллаа.


       Тухайлбал, тус аймгийн Цэнхэр суманд айлын таван ханатай гэр, дөрвөн хонь урссан. Ихтамир суманд айлын таван ханатай гэр, 181 хонь, 192 ямаа, найман үхэр, Өлзийт суманд гурван айлын гэр, хоёр байшин, хоёр малын хашаа, 11 бог мал, Батцэнгэл суманд таван айлын гэр, хоёр малын хашаа, хоёр автомашин, нэг мотоцикл, 2979 хонь, 1459 ямаа, малын хашаа, “Портер” загварын хоёр автомашин үерт өртөж, урссан.

ОБЕГ-ын нэгтгэсэн тоон мэдээллээр Архангай аймагт нийт 4826 бог мал, найман бод мал, 10 айлын гэр, хоёр байшин, хоёр автомашин, нэг мотоцикл үерт өртөж, урссан.

Наадмын өдрүүдэд 11 хүн усны ослоор амиа алдав

           Наадмын өдрүүдэд 1-15 насны гурван хүүхэд, найман том хүн усны ослоор амиа алдсан.


            Тодруулбал, долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд усны ослын есөн дуудлага бүртгэгдэж, 11 иргэн амь насаа алдсан бол онцгой байдлын аврагчид хоёр иргэний амийг аварсан.

Түүнчлэн наадмын өдрүүдэд ГССҮТ-д осол, гэмтлийн 1058 тохиолдол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн осол, гэмтлийг насаар нь ангилвал гурван хүн тутмын нэг нь хүүхэд байсан. Тухайлбал, хүчирхийлэлтэй холбоотой 111, зам тээврийн ослын шинжтэй 149, уналт 419, амьтанд хазуулах 89 бэртэл гэмтэл бүртгэгджээ.

БААСАН

Засгийн газар Авлигын эсрэг комисс байгууллаа

         Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч мягмар гарагт УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг мэдэгдсэн. Улмаар баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Авлигын эсрэг комисс байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан юм.


      Тодруулбал, Авлигын эсрэг комисс нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах юм. Ингэхдээ тус комисст салбар бүрийн төлөөллүүдийг багтаах бөгөөд авлигын эсрэг индексийг 100-гаас доош оруулах зорилт тавьж ажиллах юм. Мөн авлигыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарласан.
 
Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Энэ нь өмнөх оныхтой ижил оноотой боловч 5 байраар ухарсан үзүүлэлт болсон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар “Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдэд үүссэн асуудлаас тодорхой харагдсан. Замын-Үүдэд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгчөө томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна” хэмээсэн юм.


ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Шагналтай, наадмын цахим нээлттэй, үертэй, осолтой ДОЛОО ХОНОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188