• Өнөөдөр 2024-04-25

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаж, өршөөлийн тухай хууль хэлэлцэж, Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулсан ДОЛОО ХОНОГ

2021-07-03,   523

       Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улс төр, нийгэм, соёл урлаг, дэлхий дахинд болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт болсон шилдэг 100 аж ахуй нэгж тодорсон, өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн, Үндэсний баяр наадмыг нэг жилийн хугацаатайгаар хойшлуулсан зэрэг үйл явдлуудыг онцлож байна.

Монгол Улсын Топ 100 аж ахуйн нэгж тодорлоо

       Монгол Улсын Засгийн газар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимтэй хамтран 2020 оны Топ 100 ААН-ийг тодрууллаа. Шалгаруулалтыг Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг хийжээ. 

       2020 оны Топ ААН-үүдийн жагсаалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүлллээ. Тус үйлдвэр 2020 онд 11 мянга 700 тн зэсийн баяжмал, 934 тн молибдены баяжмал үйлдвэрлэжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бол Монголын шилдэг ААН-ийн 20 удаагийн шалгаруултад 19 удаа тэргүүлсэн, манай улсын эдийн засгийн гол тулгуур юм. Харин “Эрдэнэс таван толгой” ХХК топ 100 ААН-ийн хоёрт орсон байна. Тус ААН нь 10 жилийн хугацаанд есөн их наяд төгрөгийн борлуултын орлого олж, 2.2 их наяд төгрөгийн татвар хураамж төлжээ. Топ 100 ААН-д худалдааны үйлчилгээ, уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарынхан давамгайлсан байна.

О.Гүндэгмаа Токиогийн олимпоос нэрээ татжээ

       Монгол Улс “Токио-2020” олимпын наадамд буудлагын төрөлд оролцох дөрвөн эрх авсан. Түүнээс эрэгтэй тамирчин Э.Даваахүү, О.Гүндэгмаа, О.Есүгэн, Ц.Анударь нар юм. Олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтсан 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд Э.Даваахүүтэй хамт эх орноо төлөөлөн оролцох тамирчны сонгон шалгаруулалт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон. Эл сорилд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, залуу тамирчин Ц.Анударь нар өрсөлдсөн аж.

       Сорилд О.Гүндэгмаа өндөр оноо авсан ч залуу тамирчинд боломж олгож, нэрээ татжээ. Ингэснээр “Токио-2020” олимпын холимог багийн төрөлд Монголоос Э.Даваахүү, Ц.Анударь нар оролцохоор боллоо. Сонирхуулахад, О.Гүндэгмаа 2019 онд Азийн АШТ-ээс Токиогийн олимпын эрх авсан билээ. Ингэснээр олимпын наадамд долоо дахь удаагаа онч сорих Монголын анхны тамирчин болсон юм.

Цар тахлын эсрэг хуулийн хугацааг сунгав

       УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо, чуулганы өчигдрийн хуралдаанаар дэмжиж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

       Ингээд нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу бэлтгэсэн зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт, 7.1.37 заалт, төслийн 2 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

       Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Болортуяа танилцуулсан.

       Тэрбээр "Төсвийн тодотголын асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Өнгөрсөн хуралдаанаар танилцуулсан эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхийг төсвийн тотдотголд тусгалаа. Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар санал тусгасан. Түүнчлэн айл өрхийн цахилгаан дулаан, хог, усны мөнгийг он дуустал олгох санал гаргалаа. Цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган эмнэлгийн ажилчдад нэг удаагийн хоёр  сая төгрөгийн тэтгэмж, эрүүл мэндийн салбарын 19 мянган ажилтанд нэг удаагийн нэг сая төгрөгийн тэтгэмж олгох саналыг тусгаад байна. Цаашлаад эмч, эмнэлэгийн ажилчдын цалинг 50 хувь нэмэгдүүлэх саналыг гаргаад байна. Хүүхдийн мөнгийг мөн улсын төсвөөс олгоно. Харин айл өрхийн суурь хэрэглээний зардлыг төрийн өмчит компаниуд хариуцах юм" гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагуудыг томиллоо

       Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагуудыг томиллоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Я.Содбаатар, Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын даргаар С.Янжинсүрэн, Бодлого хэрэгжилтийн газрын даргаар Г.Амартүвшин, Хуулийн бодлогын газрын даргаар О.Машбат нарыг томилсон юм.

Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага гаргав

       Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрүүл мэндийн салбарт олгох 700 тэрбум гаруй төгрөгийг цар тахалтай тэмцэж буй 13 мянган эмч, эмнэлгийн ажилтанд хоёр сая төгрөгийн, мөн 19.5 мянган ажилтанд нэг сая төгрөгийн тэтгэмж олгоход зарцуулна. Мөн улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиар нэмэх, цар тахалтай тэмцэхэд зориулж 2000 ор дэлгэхэд 110 тэрбум төгрөг, резидент эмч нарыг дайчлахад 3.7 тэрбум төгрөг, эмийн нөөц бүрдүүлэхэд 60 тэрбум төгрөг зарцуулах” талаар хэлэлцсэн тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлсэн.

       Үүнтэй холбоотойгоор Монгол эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчдийн эвлэлийн холбооны эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэх шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн билээ.

       Тус шаардлагад “Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх”, “Эмч, ажилтнуудын эрүүл мэнд, амь нас, эрсдэлийн даатгалд хамруулах”, “Улаан, ногоон бүсээр ялгаварлахгүй байх” зэрэг шаардлага шаардлага тусгасан юм.

ХЭҮК-оос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлэв

       Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр хэлэлцсэн. Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан наадмын үеэр хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл үүсэж байгааг анхааруулсан юм.

       Тэрбээр "Засгийн газраас үндэсний их баяр наадмыг үзэгчгүй цахимаар зохион байгуулахаар болсон ч морины уралдаантай холбоотойгоор бөөгнөрөл үүсч, хүүхдүүдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байна. Энэ тухай олон нийтийн зүгээс ч хүчтэй шүүмжлэл өрнүүлж байна. Бидний зүгээс эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ гэж үзээд морины уралдааныг хойшлуулах, эсвэл цуцлах санал гаргаж байгаа" гэсэн билээ.

       Харин Хүний эрхийн үндэсний комиссоос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах, хойшлуулах санал, зөвлөмжийг гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн юм.

Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

       УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн. Уг төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, хуулийн төсөлтэй холбоотой гишүүл асуулт асууж, хариулт авсан юм.

       ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Зургадугаар сарын 24-ний өдрийн байдлаар хорих ангид 4154 хүн хоригдож, хорихоор өөр албадлагын арга хэмжээ авсан 4529 хүн нийт 9987 ялтан ял эдэлж байна.  Энэ  хуулиар 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш 168 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байдаг. Үүнээс 73 тэрбум төлөгдөөгүй. 150 хоригдлыг чөлөөлөхөөр тусгаад байна. Мөн 350 хүний хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасна. Үүнээс хэд нь магадлангаар суллагдах вэ гэдгийг мэдэхгүй. Өсвөр насны 25 хүн суллагдана. Энэ хуулийг ХЗДХ-ийн яам боловсруулсан. Өмнөх хуулиас хүрээ хязгаарыг нь багасгаснаараа ялгаатай. Учир нь авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг суллахгүй. Мөн ФАТФ-ын зөвлөмжөөр эдийн засгийн суурьтай гэмт хэрэгтнүүд огт хамаарахгүй. Нийт ялтны 16.7 хувьд нь хамрагдаж байгаа.

       Байнгын хорооны хуралдаанд зарчмын зөрүүтэй санал гаргаж, чуулганы хуралдаанд хаалттай хэлэлцэхээр болов. Мөн Хууль зүй, байнгын хорооны дарга Х.Нямбаатар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргаж гишүүдийн олонх дэмжсэн юм.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг  хоёр сарын хугацаагаар сунгалаа

       Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бүх нийтийн өнөдөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг хоёр сарын хугацаатайгаар сунгав.

       Тодруулбал, Олон улсад коронавирусийн мутацид орсон хувилбар хурдацтай тархаж буйтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн буюу улбар шар түвшинд 18 салбарын үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байна гэсэн үг юм.

       Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийхдээ “Хоолны газруудтай хариуцлагын гэрээ байгуулж, заалаар үйлчлэхийг нь зөвшөөрнө. Засгийн газраас цахим үндэстэн болох бодлогыг баримталж, энэ хүрээнд хуулийн төслүүдийг боловсруулан батлаж байгаа. Тухайлбал, өнөөдрийн хуралдаанаар Кибэр аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан байгаа. Хэрвээ энэ хууль батлагдвал Монгол Улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар кибэр аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх ач холбогдолтой. Хилийн боомтуудын асуудлыг хуралдаан бүрт хэлэлцэж байгаа. Тухайлбал, гурван ажлын хэсэг байгуулж, томилж явуулсан. БНХАУ-ын талаас нөхцөл шаардлагаа өндөрсгөсөн учраас хил, гааль дээр үүсэж байгаа нөхцөл байдлыг шийдэхэд хүндрэлтэй байгаа. Засгийн газрын зүгээс байж болох бүх нөөц бололцоогоо шавхан ажиллаж байна” гэв.

Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох хэлэлцүүлгийн тов гарлаа

       "Лантуун дохио" ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогдсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Лантуун дохио” ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “Хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан.

       Улмаар 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр хэлэлцэхээр урьдчилсан хэлэлцүүлэг товлон, хэргийн оролцогч нарт товыг албан бичгээр мэдэгдсэн болно.

“Гэрэгэ систем” компани үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээр болов

       Eruul.gerege.mn системийн ашиглалтын төлбөрийг сүүлийн гурван сар төлөөгүй тул үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болсон. Уг систем ЭМЯ болон УОК-тай хамтран ажилладаг бөгөөд уг системээр дамжуулж иргэд шинжилгээ өгөх цаг авах болон шинжилгээний хариугаа хүлээн авдаг. Тэгвэл үйл ажиллагаа нь түр зогссонтой холбоотойгоор шинжилгээний цэгүүд ажиллахгүй, шинжилгээ өгөхөөр очсон иргэдийг буцааж байгаа гэсэн юм.

       Тэгвэл тус компаниас ажлын хөлсөө аваагүй ч иргэдийн эрүүл мэнд, амь нас, цар тахалтай тэмцэж буй эмч, ажилтнуудын хичээл зүтгэлийг үнэгүй болгохгүйн тулд системээ хэвийн ажиллалуулахаар болсон тухай мэдэгдэв.

       Уг асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Eruul.Gerege системийг 2020 оны арванхоёрдугаар сараас ашиглаж эхэлсэн. УОК, ХӨСҮТ “Гэрэгэ систем”-тэй гуравласан гэрээ хийж, энэ программ ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар программд ямар нэгэн асуудал үүсээгүй. Төлбөрийн асуудал шийдэгдсэн” гэсэн билээ.

Коронавирусээр эмчлүүлж байсан 14 настай охиныг эмч нь хүчиндэхийг завдсан хэрэг гарлаа

       Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Эрүүл мэндийн төвийн эмч өвчтнөө хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээлсэн. Тодруулбал, тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч 31 настай эрэгтэй Б тус эмнэлэгт коронавирусийн халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 14 настай охиныг өчигдөр буюу зургадугаар сарын 30-нд хүчиндэхийг завдсан байна. Охин болсон явдлын талаар гэрийнхэндээ хэлж, ар гэрийнхэн нь энэ тухай цагдаагийн байгууллагад гомдол гарган, дуудлага өгчээ.

       Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Ийм дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь үнэн. Одоогоор хэргийг шалгаж байна” гэв.

       Харин Шаамар сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Бат-Эрдэнэ “14 настай охины ар гэрийнхэн нь “Охиныг маань хүчиндэхийг завдсан” гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна лээ. Одоогоор манай эрүүл мэндийн төвийн эмч өвчтнөө хүчиндэхийг үнэхээр завдсан эсэх нь тодорхой болоогүй байна. Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс энэ хэргийг шалгаж байгаа. Дараа дараагийн байгууллагууд үнэн эсэхийг тогтоох байх. Охины хувьд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдон, эмчлүүлж байсан. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.

Засгийн газраас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргав

       Цар тахлын нөхцөлд байдал хүндэрсэн үед наадам хийх нь эрсдэлтэй хэмээн иргэд эсэргүүцлээ илэрхийлж, "Тэвчээр тасарлаа" хөдөлгөөнийг өрнүүлсэн билээ. Тэгвэл үүнтэй холбоотой УОК-оос Үндэсний баяр наадмыг хойшлуулах санал гаргаж, өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн.

       Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан юм. Мөн иргэдийн ес хоног амраах шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.


ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаж, өршөөлийн тухай хууль хэлэлцэж, Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулсан ДОЛОО ХОНОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188