• Өнөөдөр 2024-04-26

У.ХҮРЭЛСҮХ та цар тахлаас зугталгүй, үнэнтэй нүүр тулах цаг чинь ирлээ

2021-06-16,   828

      Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхийн хамгийн түрүүнд хийх ажил нь найр найдам, томилгоо сэлтийн аль ч биш зөвхөн “Ковид-19”-тэй тэмцэх, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах л байна. Өнгөрсөн хугацаанд хөл хорио тогтоож, арайхийн дарж авсан өвчнөө хяналтаасаа алдаж, Монгол Улс халдварын тархалтаараа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэх боллоо. Энэ бол гуравхан сая хүн амтай Монгол Улсын хувьд аюул дагуулах хэмжээний мэдээ юм.

Сүүлийн хэдэн сар сонгуульдаж, сул чөлөөтэй наргисны “гавьяагаа” хүртэж, өнөөдөр коронавирус гэх аюулт өвчин манай улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрчихсэн нь нууц биш юм. Уг нь бол эрүүл мэндийн байгууллага, эрдэмтдийн судалгаагаар зургаа, долдугаар сард халдварын тоо эрс буурч, иргэд хэвийн амьдралдаа шилжих боломжтой байв. Харамсалтай нь, өнөөдөр халдвар авсан хүмүүст эмнэлгийн үйлчилгээ хүрч чадахгүй тартагтаа туллаа. Үндсэндээ бол халдварын тоо нэмэгдэх нь хэвийн үзэгдэл мэтээр иргэдийн дунд хэвшил болтлоо дасаж ковидийн, хүндрэлээр нас барах нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. 

У.Хүрэлсүхийн Засгийн газар жил орчмын хугацаанд дотооддоо халдвар тараалгүй хатуу хөл хорионы дэглэмээр ажилласан. Угтаа бол У.Хүрэлсүх бүтэн жил ковидтой нүүр тулахаас зугтаж, өнөөдөр эдийн засгаа туйлдуулахад хүргэсэн гэхэд хол зөрөхгүй. Харин тэрбээр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулж, илүү томорч улс төрд ирснээр жинхэнэ цар тахалтай нүүр тулах боллоо.
Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн даруйдаа хийх эхний ажил нь бүрэн эрхийнхээ хүрээнд цар тахлын эсрэг юу хийж болох вэ тэр хэмжээндээ ажиллах шаардлагатай байна. Ёстой л өөрийнх нь хэлдгээр галын шугаман дээр үлдсэн цэргүүддээ дэмжлэг өгч, жинхэнэ удирагчийн зангаргаа харуулах цаг нь болжээ. 
Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбар ковидын өмнө гараа өргөөд буулт өгчихсөн, иргэд туйлдсан хүнд цаг хугацааг монголчууд туулж байгаа. Дэлхий нийтээрээ өвдөг сөхөрсөн аюулт өвчин манайд орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Харин үүнийг хэрхэн хохирол багатай туулж болох вэ гэдгийг мөн ч их сануулсан баймаар. Гэтэл өнөөдөр эмнэлэг нь хүнд өвчтөнөөр дүүрч, амьсгалын аппарат нь хүрэлцэхтэй үгүйтэй байна. Угтаа бол бүтэн жил ковидтой тэмцсэн гэдэг ч ковидтой тэмцэх хүчээ аль эрт шавчихсан байжээ. Одоо жинхэнэ үнэнтэй нүүр тулахад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу төлөвлөөгөөгүй  ажиллаж байгаа нь нүдэнд бэлэхнээ харагдаж буй. Энэ нь ковидоор өвчилсөн хүмүүсийн дуудлагыг хүлээж авч хүчрэхгүй эмнэлгийн байгууллагаас тодорхой харагдаж байгаа юм. Боломжтой чадалтай нэг нь эмнэлэг бараадаж, хүндрэхээсээ өмнө эмчлүүлж чадаж байгаа бол боломжгүй нь гэртээ өөрийгөө аргалж, тарчилж байгаа нь үнэн төрх болжээ. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээ яаралтай авч, шуурхай ажиллах Засгийн газар, Улсын онцгой комисс нь “Цар тахал хүнд байна. Хөдөлгөөн хорино” гэдгээс гарц гаргалаа, шийдэлгүй болчихжээ. Өөрөөр хэлбэл Шадар сайд С.Амарсайхан Түр хорооны хурал дээр “Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон нь үнэн. Гэрээр 8000 орчим иргэн тусгаарлагдсан.
 
Халдвар авсан нийт иргэдийн арван хувь нь вакцин хийлгэсэн иргэд байна. Өмнө нь ХӨСҮТ-ээс бүх эмчилгээний удирдамжаар хангадаг байсан. Одоо өрхийн эмнэлгүүдэд зэргээр шат бүрд эмчилгээ хийж байна. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо. Онцгойгийнхон, цагдаа нар сүүлийн нэг жилд ээлжгүй ажиллаж байна. Цар тахлаар далимдуулан бизнес хийж буй тохиолдол бий” гэх тайлбар хэнэгчгүй өгөөд сууж байх жишээтэй.
 
Цар тахлыг эсрэг эм тарианы үнэ тэнгэрт хадаж, шинжилгээ өгөх цэгүүд ч ажиллахаа больж эхэллээ. Ийн монголчууд цар тахлын өмнө сөхөрч байхад амаржсан эхийг өвлийн хүйтэнд халаат, углааштай нь гаргасныхаа төлөө суудлаа өгсөн шигээ хариуцлагатай ажилламаар байна У.Хүрэлсүх дарга аа.
 

У.ХҮРЭЛСҮХ та цар тахлаас зугталгүй, үнэнтэй нүүр тулах цаг чинь ирлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 11:53:50
    Irgen: Odool ogtsordog tsag ni irlee dee chadamjgvi nohdvvd ard tvmnii ami nas chin hamgiin chuhal bishvv
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188