• Өнөөдөр 2024-05-10

Б.Ням-Эрдэнэ: Олимп, дэлхийн аваргуудтай барилдаж, тэдний барилдааныг дэргэдээс нь үзэх мөрөөдөл минь биелсэн

2022-12-01,   1533

      Босни Герцеговина Улсын нийслэл Сараево хотод 2022 оны наймдугаар сард өсвөр үеийн жүдо бөхийн ДАШТ болсон билээ. Тус тэмцээнд 60 орны 483 тамирчин өрсөлдсөнөөс +70 килограммын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн “Женко” клубийн тамирчин Б.Ням-Эрдэнэтэй ярилцлаа.

- Босни Герцеговин Улсын Сараево хотод болсон жүдо бөхийн 2022 оны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд тань баяр хүргэе. Өөрөөсөө өндөр, илүү жинтэй бөхчүүдтэй барилдаж байсан. Тухайн үеийн сэтгэгдлээ хуваалцаач?

        -Тус тэмцээнд таван барилдаан хийсэн. Шигшээ 16-д үлдэх барилдааныг Австрали Улсын тамирчинтай хийж базари үнэлгээгээр ялсан. Харин шигшээ наймд үлдэх барилдаанаа Хорват Улсын тамирчинтай барилдаж хоёр базари үнэлгээ авч буулган авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдааныг Япон Улсын тамирчинтай хийж, хэн хэнээсээ үнэлгээ авч чадаагүй. Харин барилдааны төгсгөлд  би гурван торгуулиар ялагдал хүлээсэн. Тэгээд торгуулийн тойргийн барилдаанд Египетийн охинтой таарч түүнийг цэвэр ялсан юм. Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх барилдааныг Украин Улсын тамирчинтай хийж, түүнийг торгуулийн үнэлгээгээр ялж өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн дээ.

-Таны барилдаанаас өмнө М.Нандин-Эрдэнэ 48 кг-д хүрэл медаль хүртсэн. Тухайн үеийн барилдаан, түүний амжилт танд  эрч, хүч, урам зориг өгсөн байж мэдэх юм?

     -Мэдээж, Монгол Улсынхаа тамирчныг медаль хүртэх үед нь өөрөө медаль хүртсэн юм шиг л баярласан. Тэр медалиас ер нь их эрч хүч авсан гэж боддог. “Би ч гэсэн медаль хүртэж чадна шүү” гэж өөрийгөө хурцлаад л дэвжээнд гарсан.

-Та Улаанбаатарын унаган хүүхэд үү. Нууц биш бол ямар сургуульд сурдаг тухайгаа ярьж болох уу?

    -Би энэ жил 17 нас хүрсэн. Улаанбаатар хотод төрж, өссөн унаган хотын хүүхэд. Одоо Сонгинохайрхан дүүргийн Улсын тэргүүний 62 дугаар сургуулийн 12 дугаар ангид сурдаг.

-Энэ жилийн өсвөрийн дэлхийн аваргын онцлог юу байв. Манай улсаас хэдэн тамирчин оролцож ямар амжилт гаргасан бэ?

      -Би анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцсон. Энэ удаагийн дэлхийн аваргад  манай улсаас 19 өсвөрийн тамирчин оролцсон. Манай тамирчдаас хоёр нь хүрэл медаль, хоёр нь шагналт байрт орсон байна лээ.

-Өсвөрийн дэлхийн аваргаас өмнө  ямар тэмцээнд оролцож байв?

     -Дэлхийн аваргаас өмнө жүдо бөхийн Улаанбаатарын “Grand slam”   их дуулга тэмцээнд оролцож шагналт долдугаар байрт шалгарсан. Мөн Ливан Улсад зохиогдсон өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртэж байсан. Үүнээс гадна ОХУ-д зохиогдсон олон улсын хүүхдийн их наадамд амжилттай оролцож хүрэл медаль хүртэж байлаа.

-Саяхан Бакугийн их дуулгад -70 кг-ын жинд анх удаа барилдаж үзлээ. Өсвөрийн тамирчин, насанд хүрэгчидтэй, олимп, дэлхийн медальтай шилдгүүдтэй барилдаж үзэх ямар байв?

     -Бакугийн их дуулгад Монгол Улсаа төлөөлж оролцсондоо маш их баяртай байгаа. Олимп, дэлхийн медальтай тамирчидтай барилдаж, тэдний барилдааныг дэргэдээс нь үзэх мөрөөдлийн минь нэгээхэн хэсэг биеллээ. Мөн тэр хүмүүсийн барилдааныг дэргэдээс нь  үзэж, туршлага хуримтлуулсан гэж бодож байгаа. 

-Залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдаж байсан уу?

     -Залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын аваргад барилдаж үзсэн. Залуучуудын улсын аваргын алт, мөнгөн медальтай. Харин насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс гурван хүрэл медаль хүртэж байсан.

-Монголын -70 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин, Ази тивийн аварга ОУХМ Ц.Наранжаргал олон жил амжилттай барилдсан. Ах, эгч нараасаа суралцдаг байх даа?

      -Тийм ээ. Ц.Наранжаргал эгчээсээ маш их зүйлийг суралцаж байгаа.

-Танай удамд спортоор хичээллэдэг, тамирчин хүн бий юү?

     -Манай аав, ээж спортоор хичээллэдэггүй. Харин эгч маань шатрын спортоор хичээллэдэг. Шатрын спортын дэд мастер цолтой.

-Жүдо бөхийн спортыг яагаад  сонгох болов. Өөр спортын төрлөөр хичээллэх сонирхол байв уу?

     -Өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй. Бэлтгэл хийж байсан хүүхдүүдийг хараад гэнэт л барилдаж үзмээр санагдсан. Тэгээд л  жүдо бөхийн дугуйланд бүртгүүлэн хичээллэж эхэлсэн.

-“Женко” клуб болон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа багшийг сонгох болсон шалтгаан нь юу вэ?

      -“Женко” клуб нь  олимп, дэлхийн хэмжээний тамирчдыг бэлтгэн гаргадаг том клуб.  Тус клубийн багш нар минь ч их туршлагатай. Нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй халуун, дулаан энергитэй хамт олон байсан нь надад таалагдсан. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа багшийнхаа шавь болсондоо их баярлаж явдаг. Багшаас их зүйлийг суралцаж, харж, сонсдог. Мөн адил Саранзаяа дасгалжуулагч багшаасаа ч их зүйлийг сурч, мэдэж яваадаа баярладаг.


Б.Ням-Эрдэнэ: Олимп, дэлхийн аваргуудтай барилдаж, тэдний барилдааныг дэргэдээс нь үзэх мөрөөдөл минь биелсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-04 10:23:24
    Отгон чимэг : Мундаг охинд өшөө их амьжилтын төлөө аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-03 13:15:02
    Бааска: Жүдод анх хөтөлж орсон багш нь хэн гээд хүн байдаг вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-02 14:37:09
    Batbayr: Mundag shv
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188