• Өнөөдөр 2024-05-13

ХОВД, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 200 ГАРУЙ БӨХӨН АГНАСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

2017-04-29,   235

Ховд, Говь-Алтай аймагт цоохор ирвэс, монгол бөхөн, зэгсний гахай, хар сүүлт, тарвага агнах хууль бус ангийн гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байна. Дээрх хоёр аймгийн цагдаа, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Байгаль орчны газар зэрэг төрийн байгууллагынхан хөдөө орон нутагт хяналт шалгалт төдийлөн хийхгүй байгаагаас үүдэн хууль бус ангийн гэмт хэрэг илрүүлэлт тааруу байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байв. Говь-Алтай аймагт дэлхийд нэн ховор амьтны нэг монгол бөхөн хууль бусаар агнасан ноцтой хэрэг өнгөрсөн жилүүдэд байнга шахуу гарсан байна. Тухайлбал, Хөхморьт суманд 2011 оны арваннэгдүгээр сард 12 бөхөн хууль бусаар агнасан хэрэг гарсан байдаг. Дээрх хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс одоо хүртэл илрүүлж чадаагүй байгаа. Төгрөг суманд мөн л долоон бөхөн агнасан ноцтой хэрэг гарсан байдаг. Тодруулбал, Хууль бус анчид монгол бөхөн агнаад эврийг нь аваад зугтаасан байна. Энэ хэргийг ч мөн одоо хүртэл илрүүлж чадаагүй байгаа аж. Түүнчлэн Хөхморьт сумын нутагт 37 бөхөн агнасан хэрэг 2013 онд гарсан байна. Т.Нямдорж, С.Төмөржаргал нар хууль бус ангийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоожээ. Аймгийн шүүхээс тэдэнд гурван жил, арван сар хорих ял ногдуулсан байна. Мөн 37 бөхөн агнасан хэрэгт экологи, эдийн засгийн үнэлгээгээр 48 сая төгрөгийн хохирол гарсан байна. Үүнээс гэмт хэрэгтнүүд 19 сая төгрөгийн нөхөн төлбөрийг төлжээ. Хууль бус анчид мөрдөн байцаалтын шатанд “БНХАУ-ын иргэд килограмм эврийг 80-100 мянган төгрөгөөр худалдаж авахаар захиалга өгсөн” гэж хэлсэн байдаг.

Өнгөрсөн хавар монгол бөхөнгийн сүрэг халдварт мялзан төст өвчнөөр хэдэн мянгаараа сүйрсэн. Энэ үеэр Хөхморьт сумын Байгаль орчны байцаагчийн хүүхэд болох Э тус сумын Засаг даргын Тамгын газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа монгол бөхөнгийн 78 хос эвэр авч яваад цагдаа нарт баригдсан хэрэг гарсан. Хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа билээ.

Сүүлийн жилүүдэд цоохор ирвэс агнасан цөөнгүй хэрэг гарсан. Цагдаа нар хэд хэдийг илрүүлээд байгаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Бугат халиун” зоогийн газарт Хулдбаатар гэгч цоохор ирвэсийн арьс бусдад худалдаалах гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтоор 2014 оны аравдугаар сард Сэлэнгэ аймгийн харьяат Чулуунбаатар ирвэсийн хоёр ширхэг арьс хууль бусаар хилээр гаргах гэж байгаад хил гаалийнханд баригдсан байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ШШГЕГ-ын харьяа Зайсангийн хорих ангийн ойролцоо Б.Лувсанчүлтэм гэгч цоохор ирвэсийн арьс худалдаалахаар авч явах үед нь Эрүүгийн цагдаагийнхан илрүүлсэн.

Мөн Говь-Алтай аймгаас ирвэсийн арьс, эд эрхтнийг машинаар тээвэрлэн Улаанбаатарт авчирсан бүлэг залуусыг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байдаг. Эдгээр цоохор ирвэсийг дандаа Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс агнасан гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд тодорхой болжээ.

ЧАНДМАНЬ СУМАНД СҮҮЛИЙН АРАВ ГАРУЙ ЖИЛД182 БӨХӨН АГНАЖЭЭ

Ховд аймагт 2015 оноос 2017 оны эхний улирлын байдлаар хууль бус антай холбоотой ердөө есөн хэрэг бүртгэгдсэн байх юм. Үүнийг нэг талаас нь харвал хууль бус ан эрс буурсан сайн үзүүлэлт мэт харагдах байх. Гэвч нөгөө талаас хууль бус ан хийж байгаа гэмт хэрэгтнүүдийг цагдаа, хууль хяналтынхан илрүүлж, араас нь цаг, хөдөлмөр гарган хөөцөлдөхгүй байгаатай шууд холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, хууль бус анчдыг илрүүлж чадахгүй байгаа учраас ийм статистик мэдээлэлтэй сууж байгаа гэсэн үг. Учир нь 2013 оноос өмнөх арав гаруй жилд хууль бус ан хийж болохгүй, баригдсан, үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд өндөр торгууль төлж, хорих ялаар шийтгүүлэх тухай сурталчилж, ухуулаад ч хэргийн гаралт буураагүй байдаг. Хараа хяналт чанга үед намжаагүй хууль бус ан хяналтгүй болох тусам буурч, бараг гарахгүйтэй адил хэмжээнд хүртэл “зогсоно” гэж байхгүй. Харин ч далд хэлбэрт орж, дураараа дургих дүр зураг тодхон. Хамгийн гол нь тэднийг илрүүлэх ажиллагаа зогсож, араас нь хөөцөлдөж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоогч байхгүйгээс л хэргийн тоо эрс буурсан мэт үзүүлэлт гарч буй юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр “Ирвэс-3” багийнхан хууль бус ангийн гэмт хэргийг нутгийн иргэдтэй хамтран илрүүлдэг, тэдний нууц мэдээллийг үндэслэн хэргийн халуун мөрөөр орж, мөшгин үйлдэл дээр нь гарддаг, хууль бус анчдыг хянадаг байсан байгаа юм. Жил гаруйн өмнө Ховд аймгийн Чандмань суманд хулгайн анчид 13 бөхөн агнасан хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүд эврийг нь тайрч аваад Чандмань сумаас холгүйхэн байх худагт бөхөнгийн сэг зэмийг хийж, цагдаа нараар тохуурхсан хэрэг гарч байв. Гэвч өнөөдрийг хүртэл дээрх хэргийг цагдаа нар илрүүлж чадаагүй л байна. Мөн 2014 онд тус сумын Жаргалант багийн нутаг Дөргөн нуурын баруун хөвөөнд зургаан тооны бөхөн агнасан хэрэг гарсан байна. Дээрх хэрэг мөн л илрээгүй байгаа аж. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр сүүлийн арав гаруй жилийн турш зөвхөн Дөргөний хүрэн талд нийтдээ182 бөхөн агнасан хэрэг гарсан байх юм. 2006 онд 54 бөхөн агнасан ноцтой хэрэг Ховд аймгийн Чандмань суманд гарсан. Сумын төвөөс БНХАУ руу хөдлөхөөр зэхэж байсан Г.Алтангэрэлийн УБМ 92-39 дугаартай ЗИЛ-130 маркийн автомашины запас дугуйнд 54 бөхөнгийн 108 хос эвэр нуусныг “Ирвэс-3” шуурхай багийнхан илрүүлжээ. Г.Алтангэрэлийн эдгээр эврийг хил давуулж худалдах гэж бэлтгэснийг шалгаж тогтоосон байна. Шалгах явцад тус сумын харьяат Д.Баянбаатар, Д.Цогоо, Д.Мөнхчулуун нарын 13 хүн уг хэргийг бүлэглэн үйлдсэн нь нотлогджээ. Тэдний дунд өмнө нь бөхөнгийн эвэр хууль бусаар хил давуулсны улмаас эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн ч байсан юм байна лээ. Хулгайн анчдын “ТОЗ-8” маркийн дөрвөн буу, бөхөнгийн 108 эврийг хурааж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. 54 бөхөн агнасан этгээдүүд байгаль орчинд 216 сая төгрөгийн хохирол учруулсан. Гэтэл тэд хэргээс ял зэмгүй мултарч, хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудал гарсан байна. 2008 оны гуравдугаар сарын 20-22-ны хооронд Ус тогтдог, Ширээгийн оргидог худаг орчмын нутагт зургаан бөхөн агнасан хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүд мөн л эврийг аваад явсан байсан. 2008 оны аравдугаар сарын 17-20-ны хооронд Ус тогтдогоос хойхнуур хоёр, Дэнгийн шилийн оргидог худгийн орчимд (энэ нь Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газар) гурав, бүгд таван бөхөн буудуулсан байсан. Мөн л хууль бус анчид нь баригдаагүй гэнэ. Чандмань сумын Талын булаг гэх газарт зургаан тооны бөхөн агнасан хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүд тогтоогдоогүй гэх шалтгаанаар хэргийг мөрдөн шалгах ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Загдсүрэн гэгч хулан агнасан, Үенч сумын нутагт аргаль агнасан, 2015 онд Мянгад суманд Намжилдорж, Сонинбазар нар тэх агнасан, Алтай суманд Барлаг багийн нутаг дэвсгэрт хулан агнасан, Буянт суманд зэрлэг гахай агнасан хэргүүд ч гарсан байна. Энэ мэт Ховд, Говь-Алтай аймагт хууль бус ангийн гэмт хэрэг буурахгүй байгааг эх сурвалж онцолж байсан юм.

БӨХӨНГИЙН СҮРЭГ ЦУСАН ХАЛДВАРТ ӨВЧИНД НЭРВЭГДЭЖ ЭХЭЛЖЭЭ

Өнгөрсөн жил бог малаас монгол бөхөнд гоц халдварт мялзан төст өвчин халдварлаж 11 мянган бөхөнгөөс одоо дөрвөн мянга гаруй бөхөн үлдээд байгаа. Халдварт өвчин тусч дархлаа нь суларсан бөхөнгийн сүрэгт цусан халдварт өвчний нян илэрч, эхнээсээ үхэж эхэлсэн гэдгийг Ховд, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд хэлж байв.


ХОВД, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 200 ГАРУЙ БӨХӨН АГНАСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188