Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 42 настайдаа зургаа дахь олимпын наадамдаа хөнгөн атлетикийн холын зайн марафон гүйлтийн төрөлд оролцох гэж байгаа. Тэрбээр энэ амжилтаараа Монголдоо төдийгүй марафон гүйлтийн төрөлдөө дэлхийд анхдагч болно. 2004 оны олимпоос хойш тасралтгүй оролцож буй тэр энэ удаагийн олимпод оролцох Монголын багийн хамгийн ахмад тамирчин юм.
Хамгийн ахмад тамирчны хувьд энэ удаагийн Монголын багийн хамгийн залуу тамирчдыг хорвоод мэндлэхээс өмнө анхны олимпдоо орж байжээ. Тодруулбал “Парис 2024” олимпын наадамд оролцох Монголын багийн хамгийн залуу тамирчин болох жүдоч О.Хүслэн 2004 оны аравпугаар сарын 26-ны өдөр мэндэлжээ. Харин усанд сэлэлтийн тамирчин Б.Энхтамир 2004 оны наймдугаар сарын 29-ний өдөр төржээ. Тэрбээр 19 настайдаа анхны олимпдоо оролцох гэж байна. Тэгвэл Б.Сэр-Од тэднийг төрөхөөс нэг сарын өмнө буюу 2004 оны наймдугаар сарын 29-ний өдөр Афин хотноо анхны олимпдоо уралдаж байжээ.
Монгол Улсаас анх удаа эгч, дүү тамирчид хамтдаа олимпод оролцох гэж байна. Батбаяр овогтой Энххүслэн, Энхтамир нар усанд сэлэлтийн төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Өмнө нь 1992 оны олимпод Ц.Энхбаяр, Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарын төрсөн ах дүүс хамтдаа оролцож байв. Эгч дүүсийн хувьд анхны тохиолдол юм.
ОУХМ Б.Энххүслэн усанд сэлэлтийн төрлөөр хоёр олимп дараалан оролцсон Монголын анхны тамирчин болох юм. Мөн хоёр олимпод орсон Монголын хоёр дахь тамирчин, анхны эмэгтэй тамирчин болж байна. Өмнө нь А.Тамир 2004, 2012 оны олимпод оролцож байв. Харин дараалан олимпод оролцсон сэлэгч байгаагүй.
“Токио-2020” наадамд Б.Энххүслэн өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн зайд уралдаж байсан бол энэ удаад өврөөр даллах сэлэлтийн 200 метрийн зайд өрсөлдөнө. Түүний энэ зайн хувийн дээд үзүүлэлт нь 20.000 (Тайланд Улс-2024 онд) тогтоосон байдаг. Одоогоор ганцаарчилсан төрлийн 17 зайн дээд амжилтын дотоодын 14 нь түүний нэр дээр бичигдсэн байна. Харин анхны олимпдоо оролцох гэж буй Б.Энхтамир одоогоор улсынхаа 10 зайн дээд амжилтыг эзэмшиж байгаа билээ.
Монгол улсын тамирчид 2000 оноос хойш усанд сэлэлтийн төрлөөр олимпын наадамд тасралтгүй оролцжээ. Өмнөх зургаан олимпод манай улсын 10 тамирчин (давхардсан тоогоор 11) хурд сорьж байв. Бид сүүлийн 5 олимп дараалан усанд сэлэлтийн төрөлд эрэгтэй нэг, эмэгтэй нэг тамирчинтай оролцох гэж байна.
Монголчууд олимпын наадмын анхны медалиа чөлөөт бөхийн төрлөөр хүртэж байсан. Эрэгтэйчүүд 1968-1980 оны хооронд нийт дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан ч түүнээс хойш 44 жил медаль хүртээгүй байна. Үүнийг эцэс болгох зорилго өвөртөлж, МУГТ Т.Тулга, МУГТ М.Лхагвагэрэл нар хоёр дахь олимпдоо оролцох гэж байгаа. Тэд хоёул энэ олимпын мөчлөгт дэлхийн медальтнууд болсон юм. Мөн Б.Бат-Эрдэнэ анх удаа олимпын дэвжээнд гарах юм.
Монгол Улсаас чөлөөт бөхийн төрлөөр сүүлийн хоёр олимпод дараалан оролцож буй эмэгтэй нэг л тамирчин байгаа нь Б.Хонгорзул. “Токио 2020” олимпын наадамд тавдугаар байрт шалгарсан тэрбээр дахин 57 кг-ын жиндээ өрсөлдөнө.
П.Орхон чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга цолтойгоор олимпын наадамд оролцох манай улсын хоёр дахь эмэгтэй тамирчин. Өмнө нь 2010 оны дэлхийн аварга С.Батцэцэг 2012 оны олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байв. Дэлхи йн аварга МУГТ П.Орхон ийнхүү найман жилийн дараа хоёр дахь олимподоо зодоглох гэж байна. Тэрбээр 2017 онд одоо олимп болох Парис хотноо дэлхийн аварга болж байсан билээ. Мөн чөлөөт бөхийн төрлөөр найман жилийн зайтай олимпод орсон манай анхны тамирчин болно.
Монгол тамирчид чөлөөт бөхийн төрлөөр анх 1964 онд зуны олимпод орсноосоо хойш нийт арван медаль хүртсэн. Үүнээс дөрвөн мөнгө, зургаан хүрэл хүртжээ. “Парис-2024” олимпын наадамд манай улсаас есөн тамирчин оролцох эрхээ аваад байгаа. Энэ нь тус төрөлд хамгийн олон тамирчинтай орж буй орнуудын жагсаалтын IX байрт эрэмбэлэгджээ.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн зургаан жинд манай улсаас нийт зургаан тамирчин өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл, манай эмэгтэйчүүдийн шигшээ баг хоёр олимп дараалан бүтэн багаараа оролцох юм. Энэ жилийн зургаан тамирчны тав нь дэлхийн медальтнууд байна. Ингэхдээ Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар өнгөрсөн жилийн буюу сүүлийн ДАШТ-ээс тус бүр мөнгөн медаль медаль хүртжээ.
Манай жүдочид 1972 оноос олимпод оролцож эхэлсэн. Анхны медалийг гавьяат тамирчин Ц.Дамдин агсан 1980 оны Москвагийн олимпоос мөнгө медаль хүртсэн байдаг. Тэр цагаас хойш монголчууд жүдо бөхийн төрлөөр олимпоос нийт 11 медаль хүртэж, үүнээс нэг алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байгаа.
Манай улсын тамирчдын олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн төрөл бол жүдо бөх билээ. Мөн зөвхөн жүдочид сүүлийн таван олимп дараалан медаль хүртээд байгаа юм. Монгол Улсаас арван жүдоч “Парис-2024” олимпын наадамд оролцоно. Түүнчлэн жүдо бөхийн эрэгтэй баг олимпод оролцож эхэлснээс хойш анх удаа бүрэлдэхүүний ийм том шинэчлэлтэй байгаа. Ё.Басхүүгээс бусад нь анх удаа олимпод оролцох гэж байна. Үүнд зарим тамирчны бэртэл нөлөөлсөн ч залгамж халаа, ундарга сайн байгааг илтгэж буй юм.
Жүдо бөхийн +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл өрсөлдөх нь манай улсаас олимпод аав, хүү тамирчид оролцсон гурав дахь тохиолдол юм. Түүний аав Б.Одхүү 2000, 2004 оны олимпод жүдо бөхийн -100 кг-ын жинд оролцсон байдаг. Өмнө нь чөлөөт бөхийн төрөлд 1972 оны олимпын мөнгөн медальт Х.Баянмөнхийн хүү Б.Гантогтох 1996 оны олимпод оролцсон нь анхдагч юм. Дараа нь 1980 оны олимпын мөнгөн медальт Ц.Дамдин агсны хүү Ц.Сүлдбаяр 2004 оны олимпод жүдо бөхийн төрөлд оролцож байжээ.
Л.Сосорбарам 23 настайдаа хоёр дахь олимподоо оролцож байна. Эмэгтэй жүдочдоос хоёр олимпод дараалан оролцож буй нэг л тамирчин байгаа нь тэр юм. Өмнөх олимпод тэрбээр IX байрт шалгарсан бөгөөд 2018 онд залуучуудын олимпоос мөнгөн медаль хүртэж байв.
Монгол Улсаас боксын төрлөөр анх удаа эмэгтэй хоёр тамирчин олимпын наадамд өрсөлдөх гэж байна. “Токио 2020” наадамд М.Мягмаржаргал манай улсаас олимпод оролцсон анхны эмэгтэй боксчин болсон юм. Харин энэ удаад О.Есүгэн 50 кг-ын жинд, М.Энхжаргал 54 кг-ын жинд олимпод тулалдах манай улсын анхны эмэгтэй боксчид болно. Олимпын наадамд 2012 оноос эхлэн эмэгтэйчүүд боксын төрлөөр өрсөлдөж эхэлсэн байдаг.
Монголчууд боксын төрлөөр анх 1972 оны олимпод оролцсон. Түүнээс хойш 1984 онд Монголын баг оролцоогүй. Боксчид нийт 12 олимпод дараалан оролцжээ. Мөн “Барселона-1992” наадмаас эхлэн олимпод эрх олгон оролцуулах болсноос хойш боксчид тус наадмыг өнжиж байсан удаагүй. Харин “Парис 2024” манай эрэгтэй боксчид эрх авч чадаагүй анхны олимп болж байна.
Монгол Улсын тамирчдаас боксын төрлийн анхны олимпын медалийг МУГТ Нэргүйн Энхбат агсан “Сөүл 1988” олимпоос хүрэл медаль хүртсэн билээ. Түүнээс хойш монголчууд боксын төрлөөр олимпоос нийт долоон медаль хүртсэн. Үүнэс нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна.
Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин Н.Баяраа Лондоны олимпоос хойш 12 жилийн дараа дахин нэг удаа олимпод оролцоно. Манай улсаас ийм хол зайтай олимпод оролцож буй анхны тамирчин тэр болно.
Монгол Улсаас гар бууны төрөлд эмэгтэй тамирчид 1992 оноос хойш олимпын наадамд тасралтгүй эрхээ аван оролцож ирсэн байдаг. Гэсэн ч 32 жилийн дараа ийнхүү өнжиж байна. Анхны медалийг гавьяат тамирчин Д.Мөнхбаяр “Барслоно1992” хүрэл), удаах медалийг хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа (2008 мөнгө) хүртэж байв.
Монголчууд олимпод оролцсон анхдагч таван төрлийн нэг дугуйн спортоор манай тамирчид анх удаагаа олимпод эрхээ аван оролцох гэж байна. Өмнө нь Монголын дугуйчид олимпод дөрвөн удаа эрх авалгүйгээр оролцож байв. Тиймээс Монгол тамирчин дугуйн спортоор эрх аван оролцсон анхны олимп “Парис-2024” болно.
Манай дугуйчид олимпод 1964, 1980, 1992 онд хүсэлтээр, 1996 онд цагаан хуудсаар оролцож байлаа. Ийнхүү 28 жилийн дараа олимпын замд уралдах болсон нь монголчуудын хамгийн хол зайтай олимпод оролцсон төрөл болж байна. С.Жамбалжамц 27 настайдаа, Б.Тэгшбаяр 26 настайдаа анхны олимпдоо хурд сорино.
Монголчууд байт харвааны төрлөөр 1972 оноос эхлэн олимпод оролцсон байдаг. 2024 оны Парисын зуны олимпод Д.Отгонболд оролцох гэж байна. Тэрбээр манай улсаас Азийн наадамд түрүүлсэн анхны харваач болж, улмаар олимпын эрхээ авсан билээ.
Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг гурав дахь олимпын наадамдаа оролцох гэж байна. Тэрбээр 26 настай, хүндийн өргөлтийн төрлөөр олимпын наадамд гурав дараалан оролцсон Монголын анхны тамирчин болно. Парисын олимпод оролцох Монголын багаас зөвхөн Б.Сэр-Од дараалан зургаан олимпод орж байгаа амжилтаараа түүний дээр бичигдэнэ. Монголчууд хүндийн өргөлтийн төрлөөр олимпын наадамд анх 1972 онд дөрвөн тамирчин оролцсон юм. Тухайн цагаас хойш долоон удаагийн олимпод 14 тамирчин , давхардсан тоогоор 15 өрсөлдөж байжээ.
Марафонч Н.Мөнхзаяа гурав дахь олимподоо дараалан оролцохоор боллоо. Ингэснээр тэрбээр хөнгөн атлетикийн төрлөөр олимпод гурав дараалан олимпод оролцсон анхны эмэгтэй тамирчин, гурван удаа оролцсон хоёр дахь эмэгтэй тамирчин болно. Өмнө нь эмэгтэйчүүдээс Л.Отгонбаяр 2004, 2012, 2016 оны олимпын наадмуудад оролцож байв. Мөн энэ удаагийн олимпын багт гурав болон түүнээс дээш удаа олимпод оролцож буй гурван тамирчин байгаагийн нэг нь Н.Мөнхзаяа юм.
Хөнгөн атлетикийн төрөлд Г.Хишигсайхан 33 насандаа анхны олимпод оролцох гэж байгаа. Өмнө нь 33 болон түүнээс дээш настайдаа анхны олимпын эрхээ авсан монгол тамирчин байхгүй. Тэрбээр энэ оны гуравдугаар сард Токио хотноо олимпын эрхээ авч, 2:26.32 секундын амжилтаар улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Марафончдоос Парисын олимпын эхний эрхийг авсан Г.Хишигсайхан өмнө нь ДАШТ-д 2017 онд 52-р байр, 2019 онд 25-р байрт шалгарч байв.
Нээлтийн ажиллагаанд эрэгтэй тамирчдаас МУГТ Б.Сэр-Од (хөнгөн атлетик), эмэгтэйчүүдээс О.Есүгэн (бокс) нар эх орныхоо далбааг барин жагсана. Б.Сэр-Одын хувьд өмнө нь “Лондон-2012” зуны олимпод Монголын багийн тугчаар жагсаж байсан бол боксын тамирчин анх удаа тугчаар жагсахаар болоод байгаа юм. Монголчууд олимпоос медаль хүртсэн дөрвөн спортын нэг боксын төрлөөс өмнө нь олимпын тугч байгаагүй нь сонирхолтой. Урьд нь жүдо бөхийн тамирчин 7 удаа, чөлөөт бөхийн тамирчин таван удаа, хөнгөн атлетикийн тамирчин хоёр удаа, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тамирчин нэг удаа тугчаар жагсжээ. МУГТ Б.Сэр-Одын хувьд нэгээс олон удаа тугчаар жагссан хоёр дахь тамирчин болно. Өмнө нь Б.Бат-Эрдэнэ аварга гурван удаа туг барин жагссан байдаг.
Монголчууд 1964 оноос эхлэн олимпод оролцож, өнгөрсөн 60 жилийн хугацаанд 30 медаль хүртжээ. Ингэхдээ 14 удаа олимпод оролцсоноос 1964, 2000 оны наадмуудад медаль хүртэж байсангүй. Мөн 1984 оны олимпын наадамд оролцолгүй өнжсөн байдаг. Ард түмний бахархал болсон 29 тамирчин тус 30 медалийг, харин Н.Түвшинбаяр хоёр медаль хүртсэн билээ.
Токио хотноо болсон зуны олимпын 32-р наадамд манай улсын баг 10 спортын төрлөөр оролцсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт. Харин энэ удаагийн олимпод байт харваа, хөнгөн атлетик, бокс, дугуй, жүдо буудлага, усанд сэлэлт, хүндийн өргөлт, чөлөөт бөх гэсэн есөн төрөлд өрсөлдөх юм.
2016 онд таэквондогийн төрлөөр анх удаа, 2021 онд сагсан бөмбөгийн 3х3 төрөл болон ширээний теннисний төрлөөр анх удаа олимпын эрх авч монгол хүн олимпод оролцсон төрлүүд нэмэгдэж байсан. Тэгвэл энэ жил шинээр эрх авсан спортын төрөл байсангүй.
Монголын баг анх удаагаа Парис хотноо зуны олимпод оролцох гэж байна. Өмнө нь Бээжин, Лондон хотуудад хамгийн өндөр амжилтаа гаргаж байв. Тодруулбал “Лондон-2012” наадамд таван медаль хүртсэн нь хамгийн олон, “Бээжин-2008” наадамд хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн нь медалийн чанараар хамгийн өндөр амжилт буюу XXXI байр болсон байдаг.
“Парис-2024” олимпод оролцох Монголын багийн тамирчдын дундаж нас 26.1 байна. Мөн чөлөөт бөхийн Д.Отгонжаргал, Б.Хонгорзул, жүдо бөхийн Л.Сосорбарам, боксын О.Есүгэн зэрэг 2000 оноос хойш төрсөн тамирчид тус бүрийн төрөл, жиндээ олон улсад медалийн таамагт яригдаж байгаа тамирчид юм.
“Парис 2024” олимпын наадамд оролцож буй Монголын тамирчдын онцлох баримтууд |
|
2025-03-25 15:28:34
2025-03-25 15:23:30
2025-03-25 13:33:30
2025-03-25 12:16:56
2025-03-25 12:15:26
2025-03-25 12:07:08
2025-03-25 11:50:38
2025-03-25 09:52:05
2025-03-25 09:49:03
2025-03-25 09:48:27
2025-03-25 09:44:03
2025-03-25 09:42:23
2025-03-25 09:38:54
2025-03-25 09:38:03
2025-03-25 09:18:37
2025-03-25 09:03:43
2025-03-25 08:49:59
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |