• Өнөөдөр 2024-05-03

СОНГУУЛЬ УГТСАН "ХЭТ ТАНСАГЛАЛ" БУЮУ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЭЛҮҮД: ДНБ-ИЙ УНАЛТ, ЗАХ ЗЭЭЛИЙН ХЯМРАЛ, АЖИЛГҮЙДЭЛ

2024-04-08,   294

2024 он хүн төрөлхтний спорт, эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпын наадам болохоос гадна улс төр, геополитикийн хувьд чухал ач холбогдолтой жил болно. Тухайлбал, дэлхийн 80 орчим оронд сонгууль болох бөгөөд дэлхийн нийт хүн амын 40 гаруй хувь, дөрвөн тэрбум хүн санал өгнө. Өөрөөр хэлбэл, 2024 он дэлхийн сонгуулийн жил болж байгаа юм.

                         Дэлхийн сонгуулийн жилийн эдийн засгийн төсөөллийг гаргасан хөрөнгө оруулалтын банк, сангууд сонгууль 152 эдийн засагт шууд нөлөө үзүүлэх тооцоо гаргасан бөгөөд олон улсын мөнгөний бодлогод нөлөөлөх, зах зээлийн савлагаа үүсгэх, эдийн засгийн тодорхойгүй байдал бий болгох хандлагатай байгааг анхааруулжээ. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Европын холбооны парламентын сонгууль, Их Британийн бүх нийтийн сонгууль болон Индонез, Энэтхэг, Өмнөд Солонгос, Мексик зэрэг томоохон эдийн засагтай орны парламентын сонгуулиуд дэлхийн эдийн засаг шууд нөлөө үзүүлэх гэнэ. Нөгөөтээгүүр их сонгуулийн жилд Ерөнхийлөгч, парламентын сонгуулиа хийх хөгжиж буй орнуудын зах зээлд ч томоохон шилжилт хөдөлгөөн болж байгаа нөхцөл байдалтай байгаа аж. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт дэлхийн их сонгуулийн жилтэй холбогдуулан 2024 онд сонгуулиа хийх таван орныг жишээ болгож, эдийн засаг, зах зээлд ямар нөлөө гарч, эдийн засаг нь хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар “Goldman Sachs”, “Bloomberg”-ийн шинжээчид болон хөрөнгө оруулалтын банк, сангуудын судлаачдын гаргасан тайлан, судалгаа, таамаг мэдээллийг тоймлон хүргэе.

-200 САЯ СОНГОГЧТОЙ ИНДОНЕЗИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ-

Дэлхийн сонгуулийн жилийн онцлох сонгуулиудын нэг нь Зүүн өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай орон болох Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгчийн сонгууль. Тухайлбал, 200 сая гаруй сонгогч саналаа өгөх тус сонгуульд Индонезийн Батлан хамгаалахын сайд, Гериндра намын дарга Прабово Субианто, Төв Жава мужийн захирагч асан Ганжар Праново Ардчилсан тэмцлийн намаас, Жакартагийн захирагч асан, Индонезийн гурван том намыг дамжсан Аниес Басведан нар өрсөлдөнө. Индонез Улс сүүлийн хэдэн жилийн хугацаанд эдийн засгаа сэргээх, өсгөх ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2045 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээ хоёр дахин өсгөх, шинэ нийслэл байгуулах, гадаадаас илүү санхүүжилт татах гурван том зорилт тавьсан. Тэгвэл дээр дурдсан гурван нэр дэвшигчээс ялалт байгуулж, улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхэм Индонезийн гурван том сорилтыг эхлүүлж, хэрэгжүүлэх үүрэг хүлээх талаар олон улсын судлаач, шинжээчид онцолжээ. Түүнчлэн Индонезийн Ерөнхийлөгчийн сонгуулиар АНУ, БНХАУ-тай байнгын ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байдаг асуудлыг аль болох тэнцвэржүүлэх шийдэл, бодлого гаргасан нэр дэвшигч ялалтад хүрэх өндөр магадлалтай байгаа аж.

                         Харин Ерөнхийлөгчийн сонгуулиа угтаж буй Индонезийн 2024 оны эдийн засгийн нөхцөл байдал эхнээсээ хүлээлтээс доогуур байна. Тухайлбал, цар тахлын үеэс хойш тогтвортой өсөлт үзүүлж байсан Индонезийн эдийн засаг цар тахлаас өмнөх 10 жилийн дундаж 12 хувиас доогуур түвшинд очих эрсдэлтэй нүүр тулжээ. Хэдий Индонезийн банкнаас 2024 онд зээлийн өсөлт хурдасна гэх хүлээлттэй байгаа ч хөрөнгө оруулагчид гадаад руу хөрөнгө төвлөрүүлэх хандлагатай байгаа учир 2024 оны эхний улирлын эдийн засгийн тайлан муу гарсан гэнэ. Түүнчлэн тус улсын суурь инфляц  тогтворжиж байгаа ч хоол хүнсний бараа, бүтээгдэхүүн оруулсан инфляцийн түвшинд савлагаа үүсэж, ажилгүйдлийн түвшин I улиралд бараг таван хувьд хүрээд буй нь сонгуулийн жил угтсан эдийн засгийн эрсдэлүүдийнх нь дөнгөж эхлэл болж байгааг анхааруулж байгаа юм байна.

-ТӨРИЙН САНГИЙН ӨГӨӨЖ, ИНФЛЯЦААРАА “ДЭНЧИН” ТАВЬЖ ӨРСӨЛДӨХ АНУ-ЫН СОНГУУЛЬ-

2020 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн одоогийн Ерөнхийлөгч Жо Байден болон экс Ерөнхийлөгч Дональд Трамп нар энэ жил “даагаа нэхнэ”. Инфляцийн своф болон төрийн сангийн өгөөжийн эрсдэлтэй нөхцөлд болж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн байдлаар тодорхой болоод буй хоёр нэр дэвшигч нь Жо Байден, Дональд Трамп. Тиймдээ ч хоёр нэр дэвшигч хоёул Америкийн төдийгүй дэлхийн банкны салбарыг хямралд хүргээд байсан Холбооны нөөцийн сангийн бодлогыг зөөлрүүлэх зорилт тавьж, мэтгэлцэж буй. Хэдий дэлхийд тэргүүлэх эдийн засаг гэсэн тодотголтой явдаг ч АНУ энэ жил болох Ерөнхийлөгчийн сонгуулиараа маш том эрсдэл хүлээж болзошгүй байгаа аж.

                         Тодруулбал, өнгөрсөн жил цар тахлын үеэс хойших өндөр өсөлт үзүүлээд байсан эдийн засгийн өсөлт нь суларч, эхний улиралд ДНБ, ажлын байрны өсөлт удааширсан нөхцөл байдалтай байна. Мөн сонгууль бүрээрээ их хэмжээний мөнгө зарж, урсгадаг гэдэг тус улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор 2024 он гарснаас хойш АНУ-д инфляц хөөрөгдөж, бодит цалингийн өсөлт буурч байгаа аж. “Bloomberg”-ийн шинжээчдийн үзэж буйгаар Америкийн эдийн засаг хэдийнэ уналт үзүүлж байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлж болзошгүй гэсэн үүднээс мэдэгдэлгүй, “хав” дарж байгаа гэх. Тэдний үзсэнээр АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний товчоо Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнгөрснөөс хойш буюу арваннэгдүгээр сарын үеэр уналтаа зарлах төлөвтэй байгаа юм байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай орны төрийн тэргүүний төлөө өрсөлдөх одоогийн Ерөнхийлөгч Жо Байден инфляц бууруулж, Холбооны нөөцийн сангийн хүүг зөөлрүүлэх амлалттай өрсөлдөхөөр байгаа бол “даагаа нэхэж” өрсөлдөж байгаа экс Ерөнхийлөгч Дональд Трамп “Трамп эвсэл”-ээсээ өрсөлдөн ялалт байгуулах өндөр магадлалтай байгааг санал асуулгын дүнгээр урьдчилсан байдлаар таамагласан аж.

-ӨР, ЗЭЭЛИЙН АСУУДЛАА “УМАРТСАН” ЭНЭТХЭГИЙН СОНГУУЛЬ-

Сүүлийн 10 жилийн турш дэлхийн хамгийн их хүн амтай БНЭУ-ын Засгийн эрхийг барьж буй Ерөнхий сайд Нарендра Моди албан тушаалаа өгөх үү эсвэл үргэлжлүүлэн төрийн эрх барих уу гэдгийг шийдэх сонгууль Энэтхэгт болно. Хэдий дэлхийн хамгийн ардчилсан орнуудыг нэгт удаан хугацаанд төрийн эрх барьж байгаа гэх шүүмжлэлд өртдөг ч энэтхэгчүүдийн дунд явуулсан судалгаагаар “Нэр хүнд нь унаагүй” гэх хариу гараад буй Нарендра Моди дахин сонгогдох магадлал өндөр байгаа аж. Харин сөрөг хүчнээс хурдацтай өсөж буй Энэтхэгийн эдийн засгийг илүү хүчирхэгжүүлж, дэлхийн хэмжээний үйлдвэрлэл, тенологийн төв байгуулж, зах зээлд БНХАУ-ын орлох байр суурьтай болох өндөр зорилт тавиад буй сонгогчдын дунд хүлээлттэй байгаа нь бага хувь гэнэ. Хэдий Нарендра Моди Ерөнхий сайдын ноёрхол үргэлжилж болох ч бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө Энэтхэгийн улс төрийн нөхцөл байдал хурцадмал байдалд орж болзошгүй гэж Шинэ Дели үзжээ.

                         Эдийн засгийн хувьд сүүлийн жилүүдэд хурдацтай өсөлт үзүүлж хамгийн нөлөө бүхий эдийн засагтай орнуудын нэг болоод буй ч мөн л сонгууль угтсан жилтэй холбоотойгоор Энэтхэгт өрхийн өр нэмэгдэж, хадгаламжийн түвшин буурч байгаа нь үндэсний мөнгөний бодлогод асуудал дагуулах шалтгаан болж байгаа гэнэ. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Энэтхэгийн Нөөцийн банк зээлийн картын зарцуулалт, өрийн хэмжээ дээд хэмжээндээ хүрсэн талаар мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор зарим баталгаагүй зээлийг зогсоож эхэлсэн. БНЭУ-ын хурдацтай хөгжил нь дотоодын өндөр хуримтлалаас шууд хамааралтай байсан бөгөөд сонгуулийн жил угтаж, өр, зээлийн асуудал энэ хэмжээнд хүрч байгаа нь сонгуулийн дараа дараагийн жилийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Түүнчлэн Энэтхэгийн Засгийн газар болон хувийн хэвшлүүд хөрөнгө оруулалтаа багасгаж байгаа нь тус улсын эдийн засгийн төсөөллийг “эргэлзээтэй” түвшинд хүргэж байгаа аж.

-ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДУУД НЬ ДАМПУУРАХ ЭРСДЭЛТЭЙ ТУЛСАН ӨМНӨД АФРИКИЙН СОНГУУЛЬ-

Засгийн газрын бондууд нь дампуурал зарлах эрсдэлтэй тулсан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс апартейд дэглэм дууссанаас хойших хамгийн хатуу сонгуулиа хийнэ. 1994 онд Нелсон Манделагийн удирдлага дор анхны Засгийн газраа байгуулсан тус улс, Африкийн үндэсний конгресс томоохон шүүмжлэлд өртөж буй. Тухайлбал, ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг, амьжиргааны түвшин огцом нэмэгдэж байгаагийн зэрэгцээ эрчим хүчний хомстолтой нүүр тулж буй Өмнөд Африкийн сонгуульд Ерөнхийлөгч Кирил Рамасофа дахин ялалт байгуулах өндөр магадлалтай байгаа бөгөөд бүрэн эрхээ дахин баталгаажуулах гэсэн одоогийн төрийн тэргүүний бодлого нь хөгжиж буй тогтвортой эдийн засагтай бүлэгт хамаарах тус орны эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх гэнэ.

                         Олон улсын байгууллагуудын энэ оны эхээр Өмнөд Африкт явуулсан судалгаагаар тус улсын иргэдийн дийлэнх хувь улс төрийн өөрчлөлтөд бэлэн байгаагаа мэдэгджээ. Гэсэн ч эдийн засгийн баталгаа нь болсон Африкийн үндэсний конгрессын гүйцэтгэл тааруу, мөрийн хөтөлбөрийнх нь биелэлт 50 хувиас доош байдалтай байгаа нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын бондууд сонгуультайгаа “уралдан” дампуурал зарлах эрсдэлтэй тулжээ. Учир нь, Африкийн үндэсний конгресс нь тус улс дахь хоёр дахь нам бөгөөд уул уурхай, банкны салбарт үр дүнтэй ажиллаж байсан ч газар нутгаа гадаадад худалдаалахыг дэмжиж буй популист Эдийн засгийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид намтай эвсэж болзошгүй байна. Африкийн орнууд дундаа эдийн засгаа тогтворжуулсан оронд тооцогддог ч сүүлийн жилүүдэд ДНБ-ий хэмжээ нь унаад зогсохгүй сонгуулийн жилээ угтан улсынхаа газар нутгаас гадаадад худалдаалахыг дэмжиж буй нам, эвсэл олширч байгаа нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эдийн засгийг хойш татах бас нэг том шалтгаан болжээ.

-ЕВРОПЫН ХОЛБООНООС ТУСГААРЛАХ ЭРСДЭЛ БУЮУ ИХ БРИТАНИЙН СОНГУУЛЬ-

14 жил дараалан Консерватив намын засагласан Их Британид энэ жил Тони Блэйр, Гордон Браун нараас хойших анхны зүүний үзэлт Засгийн газартай болохуйц нэгэн өндөр хүлээлттэй сонгууль болно. Их Британийн Ерөнхий асад асан Борис Жонсоноос хойш Лиз Трасс, Риши Сунак гээд дөрвөн жилийн хугацаанд гурван Ерөнхий сайдтай болсон тус улсын энэ жилийн сонгуульд Консерватив намаас илүү зүүний үзэлт намууд өндөр хүлээлттэй байгаа аж. Тухайлбал, англичуудын дунд явуулсан судалгаагаар Кейр Стармерын Хөдөлмөрийн нам тэргүүлсэн бөгөөд гурван Ерөнхий сайд дамжиж ажилласан ч шийдэж чадаагүй байгаа зах зээлийн эмх замбараагүй байдал, эдийн засгийн зогсонги байдлыг сэргээх зорилт тавьжээ.

                         Харин Их Британийн сонгууль дээр дурдсан орнуудынхаас арай бага нөлөөтэй байгаа ч сүүлийн жилүүдэд тогтворгүй байдалтай байгаа эдийн засгаа сэргээн босгох шинэ шат тавигдахаараа онцлог болж байна. Түүнчлэн Их Британийн Засгийн эрхийг авах өндөр магадлалтай байгаа зүүний үзэлт намууд тус улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байсан Европын холбооноос татгалзаж, Европын холбоотой ойрын харилцаатай орнуудын нэг болох тухай ярьж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Тухайлбал, Европын холбооны хамгийн томоохон орнуудын нэг гэгдэж байсан Их Британи тус холбооноос салан тусгаарлахаар болбол Европын холбоо, Их Британи хоёуланд нь эдийн засгийн маш том цохилт өгнө. Улмаар эдийн засгаа сэргээн босгохоор ажиллаж буй тус улсад гадаадын санхүүжилт багасаж, өр, зээлийн үлэмж асуудалтай нүүр тулгарах эрсдэлтэй байгаа аж.

 

 


СОНГУУЛЬ УГТСАН "ХЭТ ТАНСАГЛАЛ" БУЮУ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЭЛҮҮД: ДНБ-ИЙ УНАЛТ, ЗАХ ЗЭЭЛИЙН ХЯМРАЛ, АЖИЛГҮЙДЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188