• Өнөөдөр 2025-02-05

ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭРЭЭ ТҮҮЧЭЭЛЭГЧ ОНЫ ОНЦЛОХ 10 ХҮН

2024-12-28,   1434

         Эргэлт.мн мэдээллийн сайтаас соёл урлагийн салбарт хийсэн бүтээснээрээ түүчээлэгч энэ оны онцлох 10 хүнийг нэрлэж байна.

БНМАУ-ЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Б.НОРОВСАМБУУ

       ХХ зууны манлай циркийн жүжигчин, уран нугараач Б.Норовсамбууд энэ онд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн. Тэрбээр 1966 онд аравдугаар ангийн сурагч байхдаа анх Гавьяат болж байсан гэдэг. Учир нь Монголд анх тэнцвэрийн урлаг хөгжөөгүй байхад “Цэцгэн дээрх эрвээхэй” үзүүлбэрээ хийж, дэглэснээрээ онцгойрч байжээ. Түүгээр ч зогсохгүй “Монгол бүсгүй”, “Могойн чуулга”, “Дөрвөн уран нугаралт” зэрэг номерыг үзүүлсэн нь өдгөө ч гайхагддаг. Харин 1971 онд Төрийн шагнал хүртсэн тухайгаа “Энэ бол надад өгч байгаа том урам байсан. Гавьяат жүжигчин цол хүртэж байхдаа би хүүхэд байж, харин Төрийн шагнал хүртэж байхдаа би залуу байсан болохоор учиргүй хөөрч, түүнийгээ байх ёстой зүйл мэт боддог байсан. Тэгээд ч тоглолтоос тоглолтын хооронд завгүй, "Дараагийн бүтээлээ юу хийх вэ", "Хэрхэн яаж хийх вэ" гэж л боддог байсан. Миний оруулсан уран нугаралтын төрөл, зохиомжууд их шинэ байсан. Улс орнуудад зохиогддог тэмцээнүүдэд өөр өөр номертой оролцохыг хичээдэг байсан” гэсэн байдаг.

АРДЫН ЖҮЖИГЧИН Э.АМАРТҮВШИН

      Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин энэ онд домогт дуурийн дуучин Этторе Бастианинигийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Тус холбооноос Э.Амартүвшин дуучинг тодорхойлохдоо “Техникийн онцлог, хоолойны өнгө, ганган тембр нь магтууштай. Уран хэллэг, үргэлж хүсэл тэмүүллээр илэрхийлэгддэг өргөн цар хүрээтэй репертуар нь түүнийг эдүгээ баритонуудын дунд, ялангуяа энэ салбарт баттай байр сууриа эзлэхэд хүргэсэн. Тэрбээр Пьеро Каппучилли, Этторе Бастианини нарыг хамгийн их сэтгэгдэл төрүүлж, урам зориг хайрласан хоёр дуучнаа хэмээн үздэг” гэж бичсэн байна. Гарцаагүй талын Монголоос дэлхийд нэр алдраа цуурайтуулан дуулж яваа бидний бахархал, хайрлан хүндэтгэх уран бүтээлчдийн нэг тэр мөн билээ. 

ОРЧУУЛАГЧ Н.ПҮРЭВДАГВА

    Орчуулагч Н.Пүрэвдагва гуай энэ онд  “Жүжиг, тэмдэглэл, эргэцүүлэл” номоороо уншигчдадаа бэлэг барьсан. Тэрбээр номынхоо өмнөх үгт "...Өнгөрсөн 13-14 жилд хийснээ тэмтэрлээ. Найруулагч Б.Баатарын хүсэлтээр "Амьгүй албат"-аар эхэлсэн роман, найраглал, өгүүллэгээс сэдэвлэн жүжиг бичих оролдлогоо үргэлжлүүлжээ. Тухайлбал, шинэ залуу найруулагч М.Батболдын захиалгаар германы агуу уран бүтээлч Гётегийн "Фауст" найраглалыг жүжиг болгон хөрвүүлж. Дараа нь Улсын драмын эрдмийн театр, найруулагч Н.Наранбаатарын захиалгаар Л.Толстойн "Анна Каренина" романыг "Анна Каренина буюу бүтэлгүй хайрын дууль" хэмээх жүжиг болгосон байх юм. Жүжиг ч орчуулжээ. Заримаас дурдвал Л.Н.Толстой "Холстомер" өгүүллэгээс сэдэвлэн М.Розовскийн бичсэн "Адууны түүх", Б.Шоу "Пигмалион", Морис Метерлинк "Хөх шувуу". Белгийн зохиолч Морис Метерлинк, Англи-Ирландын зохиолч Б.Шоу хоёр бол жүжгийн зохиолоор Нобелийн шагнал авсан анхдагчид гэдгээрээ онцлог. Энэ эмхэтгэлд орж байгаа ихэнх жүжиг тайзны бүтээл болжээ..." гэсэн байна. Харин орчуулгын бүтээлээс нь бид 2024 он гарахын өмнөхөн Маркесын намтар, уран бүтээлтэй танилцсан билээ. Дэлхийн сонгодог зохиолуудыг дэргэд авчирч, утга, найруулга төгс эх хэлээрээ унших боломжийг олгож буй нэрт орчуулагч алдарт Маркесын тухай орчуулгын даацтайхан бүтээл гаргасны араас өөрийн тэмдэглэл, эргэцүүлэл, жүжгийн зохиолоосоо эмхэтгэсэн нь яах аргагүй онцлог юм. 

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН С.БОЛД-ЭРДЭНЭ

    Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ энэ оны гарцаагүй онцлох уран бүтээлчийн нэг. Тэрбээр “Орфей” театрын найруулагч М.Батболдын “1984” жүжгийн Смитийн дүрийг тайзнаа чадварлаг бүтээсэн бол "Хавтас хэрэг" киноны хошууч Тулгын дүрээр хоёр дахь цувралаараа дахин уулзлаа. "Нар сарны зааг" кинонд Монголын цагдаагийн домогт хурандаа Ц.Жамьяансэнгээгийн дүрийг бүтээснээс эхлээд цагдаагийн дүр сайхан зохидгийг нь үзэгчид андахгүй. Харин хөлөө чирэн алхах ноён Смитийг тэр тайзнаа торохгүй бүтээсэн нь сэтгэлд ойр үлдсэн. Түүний театрт очоод бүтээсэн анхны дүр нь Уильям Шекспирийн "Зуны шөнийн зүүд" жүжгийн Намалдаг гэсэн. Дараа нь үе тэнгийн найзуудтайгаа "Надаар тоглосон хайр", "Тайчигч хөвгүүд ба саарал гудамж" жүжигт ч тоглож, өөрийн дүрүүдээ тайзнаа "өрж" эхэлсэн байдаг. Тэр өөрөө олон үзэгдэлт жүжиг хэмээвэл тайзнаа гарах дүрүүд нь, "Зуны шөнийн зүүд" жүжгийн Намалдаг, "Бардам туулай",  "Кармен хүүхэн", "Фауст" жүжгийн доктор, "Тамгагүй төр"-ийн Эгэрэг түшмэл. "Би ч гэсэн жаргамаар байна", "Манекен", "Анна Каренина" гээд хөвөрнө.

“ОРФЕЙ” ТЕАТРЫН НАЙРУУЛАГЧ М.БАТБОЛД

      Найруулагч М.Батболд энэ онд дахиад л соёл урлагийн салбарын шилдэг байж чадлаа. Он гараад л тэр “1984” жүжгийг тавьж, араас нь “Амьдрахуй”-г шуугиулсан. Жилдээ хоёр жүжиг театрын тайзнаа тавьчихаад дараагийн тавих жүжгээ төлөвлөж зогсдог додигор найруулагч. Үнэхээр ч сургуулиа төгсөж, эх орондоо ирснээсээ хойш гадаад, дотоодын олон сайхан жүжгийг өөр өнцөг, илэрхийлэл, дүрүүдийн сонголтоор тайзнаа амилуулж чадаж буй. Түүгээр нь үүнийг өөрчлөлтийг салхийг авчирсан нэгэн гэж тодотгоод буй. Түүнтэй энэ оны дөрөвдүгээр сард хийсэн ярилцлагад “Жүжиг өөрөө тухайн хүний хэр мэдрэмжтэй, гоо зүйтэй, хэр юм эргэцүүлэн боддог, уншдаг хүн бэ гэдгийг харуулдаг. Жүжиг үзээд нарийн торгон юмсыг мэдрээд, эмзэглээд, ямар нэгэн санааг олоод гардаг хүн байна. Харин эсэргээрээ юу ч ойлгоогүй хүн байж болно. Тэр бол тухайн хүний буруу биш. Ер нь ямар ч үзэгч байж болох юм. “1984” жүжиг маань хүмүүсийн далд ухамсарт гүн хүрсэн гэдгийг түлхүү ойлгож байна. Жүжиг үзсэн хүмүүсээс “Их юм бодлоо”, “Жүжигт гүн автчихаад гарч чадахгүй байна”, “Бид ямар их эрх чөлөөтэй юм бэ гэдгийг мэдэрлээ” гэсэн сэтгэгдэл ирж байна. Мэдээж энэ бол сайн сайхан төгсгөл биш. Сайн сайхан төгсгөлийг тэр театрт байгаа үзэгчидтэй хамт сайн сайхан биш төгсгөл рүү автуулан ордог. Үзэгчид тэрхэн агшинд л Смиттэй хамт азгүй төгсгөлийг мэдэрнэ. Театраас гараад, гэртээ хариад, харих замдаа, магад өглөө сэрээд өөрийгөө асар их эрх чөлөөтэй юм байна гэж мэдрэх нь л найруулагчийн хүсэл юм” гэж ярьсныг энд мөн дурдмаар байна.

НАЙРУУЛАГЧ С.БАТТУЛГА

         Нэг тийм эгэл энгийн, үнэн хайр, үнэнч сэтгэл, гэгээн хүсэл мөрөөдлийг дуулагч юм гэдгийг бүтээлүүдийг нь үзэх бүрдээ мэдэрдэг. “Амьдралын урт замд”, “Эрвээхэйн сүүдэр”, “Ээжээ зорино”, “Жаргаж үзээгүй нар”, “Эцэг” гээд сүүлийн жилүүдэд тэрбээр нэг болон олон ангит кинонуудыг найруулж, үзэгчдийн хүртээл болгоод буй. Найруулагч гэж амаргүй ч аз жаргал дүүрэн мэргэжлийнхээ эзэн болохоор бүр ч шаргуу зүтгэж байх шиг. Ямартай ч монголчууд Тулгаа найруулагчийн бүтээлийг үзээд уйддаггүй, харин ч нэгийг бодож, хоёрыг тунгааж, өөрсөд рүүгээ нэг өнгийж, амьдралыг дэлгэцээс гарцаагүй нэг тольддог. Түүгээр ч зогсохгүй тэр бүтээлээрээ дамжуулж залуу уран бүтээлчдийн авьяас билгийг илрүүлэгч. Хүн чанар, хүнлэг сэтгэл, хайр энэрэл, халуун дулаан мэдрэмжийг бүтээлээрээ үзэгчид рүү "зөөж", тэднийг гэгээн сайханд, итгэл найдвар, хичээж зүтгэвэл юманд хүрдгийг тод харуулж, кинонуудынхаа санаанд тодорхой тусгаж буй. Үүгээр нь бид энэ оны онцлох хүн гэж тодотгож байгаа юм.

ХӨРӨГ ЗУРААЧ Ө.ЭРДЭНЭБУЛГАН

      Монголын  урчуудын эвлэлийн гишүүн, АНУ-ын хөрөг зургийн нийгэмлэгийн гишүүн, зураач Ө.Эрдэнэбулганы бүтээл тус нийгэмлэгээс зохион байгуулж буй уралдааны финалд шалгарчээ. Тэрбээр Италийн Флоренцын Уран зургийн академид суралцаж буй бөгөөд энэхүү уралдаанд түүний бүтээл захиалгын бус хөрөг зураг ангилалд шилдэг 20 зургийн нэгээр шалгарчээ.Дэлхийд томоохонд тооцогддог энэхүү уралдаанд 1000 гаруй зураачид оролцож буй гэнэ. Тэрбээр манай сайтад нийтлэгдсэн "Уран бүтээлч болох амархан, харин уран бүтээлч хэвээрээ үлдэх л хэцүү" ярилцлагад хөрөг зургийнхаа талаар "Хөрөг зурахад хоёр төрлийн шалтгаан бий. Эхнийх нь, Европын уран зургийн галерейнуудад байдаг хөрөг зургууд нь тухайн үеийн сэхээтнүүд, хаад, ноёдуудын хамгийн сайн уран бүтээлчээр захиалж зуруулсан бүтээл байдаг. Энэ нь өөрөө урлагийн бүтээл болж үлдсэн. Монголд сүүлийн үед хүмүүс хөрөг зураг зуруулах соёлыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь бол хөрөг зуруулахдаа цээртэй ханддаг байлаа. Миний зургуудын хувьд зарим нь захиалгаар, зарим нь би тухайн хүнийг хараад зурах юм сан гэсэн хүслээс төрдөг. Хүн бүрд өөр өөрийн сайхан төрх байдаг. Тэрийг гаргах юм сан гэж боддог. Нөгөө талаас миний хүүхэд байхаас дотор минь байсан хүний тухай, сайн сайхны тухай мэдрэмж бий. Тэр зүйлээ би бусдын царай, төрхөөс олж харахаараа зурах юм сан гэж боддог ч байж магадгүй" гэсэн байдаг. Ярилцлагыг бүтнээр нь https://ergelt.mn/news/119/single/5805 холбоосоос уншаарай.
 

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН БҮЖИГ ДЭГЛЭЭЧ Х.ХАШХҮҮ

 
    Энэ онд бидний онцолж буй дараагийн хүн бол Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Х.Хашхүү. Түүний хувьд "Мөнгөн мод-2023" наадмаас шагнал хүртсэн. Тэрбээр "Бүжгийг нэг өгүүлбэрээр хэлбэл гялалзаад өнгөрөх залуу насны урлаг. Харин нэг үгээр хэлбэл гал" гэсэн. Тэр "Тэнгэрийн хутаг" бүжгэн жүжиг, "Тамгагүй төр" жүжгийн бүжгийг дэглэсэн юм.  Тэрбээр "Би бүжиглэх дуртай. Алдартай бүжиг дэглээч багш нарынхаа бүжгийг бүжиглэж, бүжгээр нь онгирч явсан үе бий. Тийм болохоор тайзан дээр бүжиглэж байгаа уран бүтээлчдийнхээ мэдрэмжийг би өөрөө мэдэрдэг. Миний дэглэсэн бүжгээр уран бүтээлчид болон бүжигчид маань өөртөө урам зоригийг аваасай гэж хүсдэг. Онгод гэхээсээ илүү хөг аялгуу маш чухал. Бид нар хөгжмийн зохиолчидтой хамтран уран бүтээл хийж, хөгжмийн эрэл хайгуул хийдэг. Хөгжмийн зохиолчоор өөрийнхөө санаанд орсон хөгжим аялгууг гаргуулж, өөрийн биеэр гүйцэтгэж явна гэдэг чинь маш хэцүү зүйл байдаг. Онгод бол миний хувьд нэгт хөгжим, хоёрт өөрийн хүсэл эрмэлзэл. Энэ хоёр нэгдсэний үндсэн дээр Х.Хашхүүгийн бүтээл төрдөг юм шиг санагддаг" гэсэн байдаг.
 
     ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН БАЛЕТЧИН А.ЭРДЭНЭБОЛД
 
    Балетчин хүний хөдөлмөр бол үгээр илэрхийлэхийн аргагүй. Бид энэ жилийн оны онцлохдоо Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын тэргүүн гоцлооч А.Эрдэнэболдыг онцолж байна. сон үндэсний болон сонгодог бүх л балетын гол дүрийг бүтээсэн энэ цагийн тэргүүн гоцлоочдын нэг юм. Тэрбээр П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын Зигфрид, Алиа салбадай-па дэ труа, Б.Асафьевын"Бахчилсарайн оргилолт булаг" балетын Вацлов, Нурали, "Коппелиа"-гийн Франц, "Дэггүй лиз" -ийн Колен, "Дон кихот"-ын Базиль, "Франческа Да Рилини"-ны Паоло, "Жизель"-ийн Алберт, Па де де, "Нойрссон гүнж" балетын Дезире, Хөх шувуу, "Шехразада"-гийн цергийн тэргүүн, "Шелкунчик "-ийн ханхүү, хятад, кукал, “Пахита”, “Шопениана”, “Спартак” -гийн Гладиатор, Малчин, Спартак, “Ромео Жульета” балетын Ромео, “Эрдэнэсийн уулс”-ын эрдэнэсийн эзэн, Алтанхүү, “Оргилуун дарс”, “Дөрвөн өнгө”, “Кармен”, “Energy contemporary ballet, “Хурмастын дагина” зэрэг олон сайхан балетад тогложээ. 

"MISS UNIVERSE-2024” ТЭМЦЭЭНИЙ ОРОЛЦОГЧ З.НОМИНЗУЛ

   Дэлхийн 130 гоо бүсгүй авьяас чадвараараа өрсөлдсөн 73 дахь удаагийн “Miss Universe 2024” наадамд Монгол Улсаа төлөөлөн “Miss Mongolia 2023” наадмын ялагч З.Номинзул энэ жил дахин өрсөлдөж, амжилттай оролцоод ирсэн. Тэрбээр Булган аймгийн Могод суманд 2005 онд төрсөн. МҮОНТ-ийн "Tune in" хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч, МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан юм. Мисс М.Бадамгэрэлийн "ANDRA Academy"-д харьяалагддаг. Өнгөрсөн жил тэрбээр “Miss Universe”-д эх орноо төлөөлөн оролцох ёстой байсан ч насанд хүрээгүй улмаас оролцож чадаагүй байдаг. Энэ жил харин санаж зорьсныхоо дагуу оролцоод ирсэн. Мэдээж Монголоос дэлхийд алхаж, дэлхийн охидтой авьяас билиг, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөнө гэдэг том амжилт бөгөөд гарцаагүй бидний бахархал. Үүгээр нь бид залуу үеэс энэ оны онцлохдоо нэрлэж буй юм. Түүнд улам их амжилт хүсье.

ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭРЭЭ ТҮҮЧЭЭЛЭГЧ ОНЫ ОНЦЛОХ 10 ХҮН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-28 22:48:27
    Хөгжим хаана байна: Цэн.Эрдэнэбат хөгжмийн зохиолч 2 удаа тоглолт хийсэн дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188