• Өнөөдөр 2024-05-14

ТЭДНИЙ ГЭРЭЛТЭЙ ХҮҮХЭД НАСНЫ ШИНЭ ЖИЛ

2023-12-31,   503

       Шинэ жилийн баярыг өнөөгөөс илүү догдлон хүлээдэг. Өвлийн өвөөгөөс бэлэг авах мөчийг төсөөлөхдөө тэсгэл алддаг хүүхэд байлаа. Тиймдээ ч тэр үү хэн нэгний хүүхэд насны шинэ жилийн дурсамжаар аялах дуртай. Энэ удаад дараах эрхмүүдийг онцолж гэгээн дурсамжаас нь хуваалцлаа.

        ШОГ ЗУРААЧ С.ЦОГТБАЯР:  Хүүхэд байхад шинэ жилээр “Өвлийн өвгөн ааваасаа ирж бэлгээ аваарай” гэж чангаар дуудаж өгдөг цаасан уттай бэлэг хамгийн гоё нь байлаа
 
     Хүүхэд бага насны дурсамж угаасаа л гэрэлтэй өнгөлөг, гэгээн гэгэлгэн байдаг даа. Миний бага нас 1970-1980 он буюу социализмын он жилүүдэд өнгөрсөн. Одоогийнх шиг элбэг дэлбэг биш алив эд зүйлс, элдэв амттан ховор живэр байсан цаг үе. Тиймдээ ч шинэ жил хамгийн гоё баяр санагддаг байсан. Одоо ч мөн гоё баяр хэвээрээ л байгаа. Бяцхан цасан охидоо дагуулж шуудайтай бэлгээ үүрсэн өвлийн өвгөн, өнгө өнгийн тоглоомоор чимсэн гацуур ногоон мод, тойрон бүжиглэх ан амьтад үнэхээр л үлгэрийн ертөнцөд очсон юм шиг санагддаг байсан. Хамгийн гоё нь “Өвлийн өвгөн ааваасаа ирж бэлгээ аваарай” гэж чангаар дуудаж өгдөг байсан цаасан ууттай бэлэг. Одоогийнхтой харьцуулахад ичмээр хэдий ч тухайн үедээ хамгийн ховор живэр мандарин жимс, банкья шоколадтай жигнэмэг, өнгөт зурагтай хүүхдийн үлгэрийн ном, өнгийн харандаа, зургийн дэвтэр гээд нандин гоё зүйлс дотор нь байдаг байлаа. Бэлгээ авч гэртээ ирээд дүү нартайгаа мандаринаа хувааж идэхэд бараг л орцоор дүүрэн үнэр нь үнэртдэг тийм л ориг цэвэр жимснүүд. Юм ховор байсан ч хүүхэд насны минь нандин сайхан дурсамжуудыг хадгалж үлдсэн болохоор тэртээх тэр жилүүдийн шинэ жилийн баяраа одоо ч дурсан санах дуртай даа.
 
       СЭТГҮҮЛЧ Б.ЭНХЦЭЦЭГ: Би дандаа л цасан охин болдог байж билээ
    Өдрийн унтлагын цагаар багш нар цэцэрлэгийн гадаах моднуудаа чимэхийг сэм харсан юм. Улаан, цэнхэр, шар, хөх ягаан өнгийн нэгэн ижил хэлбэртэй мөснүүдийг мөчирт өлгөж байсан. Маргааш нь ирэхэд урт утсанд цагаан хөвөн бөөрөнхийлөн эмхэрдээд таазаар битүү өлгөсөн нь яг л манай цэцэрлэгт цас орж байх мэт. Би дандаа л цасан охин болдог байж билээ. Цагаан даавуу оёдолчинд өгч даашинз оёулж, ээж энгэр хэсэгт нь блёстки ширж хатгаад, хормойг нь тойруулан саагаар эмжинэ. Аав ватум цаасаар орос маягийн титэм хайчлаад, бас тод гэгч чимэглээд өгнө. Ингээд л шинэ жилийн өглөөлөгт миний цасан охины гоёл бэлэн. Ээж минь Улсын их дэлгүүрт ажилладаг байсан юм. Шинэ жилийн өдрүүдэд ээж их оройтож тардаг байсан учраас аав тосохдоо намайг дагуулна. Үүдээр нь ороход л нүд алдам шинэ жилийн гоёлоо зүүсэн ээжийн ажил бол миний бага насны дурсамж доторх үлгэрийн ордон байлаа. Их дэлгүүрийн шинэ жилийн төрхийг гүйцэх чимэглэлтэй газар тэр үед ер байгаагүй байх. Том том люстрээсээ урт нарийхан саануудыг унжуулчихсан, тэр нь гэрэлд бүр ч гялтганан харагдана. Хана, багануудаа өнгийн олон шаар, амьтдын зургаар чимээд, элдэв мэндчилгээ бичээд хадчихсан. Их дэлгүүрийн нэгдүгээр давхар тэр чигээрээ алим, мандаринаар хана, шалаа угаачихсан уу л гэлтэй ханхалж байдагсан. Тэнд дандаа л сайхан хувцасласан, сайхан зантай хүмүүс холхиод л.Хүүхэд насныхаа шинэ жилийг би циркгүйгээр төсөөлбөл их л дутуу болно. Бид шинэ жилээр цирк үздэг уламжлалтай байсан. Циркийн шинэ жилийн хөтөлбөр бүхэлдээ сансар огторгуйн мэт гоо сайхан, үлгэр домгийн ид шид гэж юу байдгийг хүмүүст үзүүлж гайхуулдаг онцгой газар байлаа.  
 
      ЖҮЖИГЧИН Л.ЖИЖЖАЛАМ: Аав минь өөрийн гараар хийсэн гацуураа биднийг хичээл тараад ирэхэд засчихсан угтдаг сан
 
     Шинэ жил болохоор л хүүхэд насны нандин дурсамжууд сэргэдэг. Аав минь гацуураа өөрөө хийнэ. Тэгээд тийн бүтээж урласан гацуураа биднийг хичээлээ тараад ирэхэд засчихсан угтдаг сан. Аавынхаа тэр дүр байдлыг, манайд “амилсан” тэр гоё гацуурыг хэзээ ч мартдаггүй. Төрөл бүрийн тоглоом чимэглэл ганган гацуур халуун дулаан уур амьсгал одоо ч сэтгэлд тодоос тод. Яагаад ч гэрт гацуур засчихаар цаанаа нэг гоё уур амьсгал бүрдэж, догдлол дүүрэн болдогийг мэдэхгүй ч гацуур зассан өдрүүд л гэр рүүгээ яарах хамгийн том шалтгаан болдог байж билээ. Би мөн аймгийнхаа хүүхдийн төлөө төвийн дугуйланд явдаг байсан болохоор жил болгон л шинэ жилийн тоглолтонд оролцоод явдаг байж билээ. Тэр бүхэн одоо ч санаанаас гарахгүй сэтгэлд ойр хэвээр байна.
 
ДУУЧИН Э.ОЧИРСАЙХАН : Цаасан  ууттай мандарины үнэр одоо ч үнэртэх шиг санагдаж байна
 
 
           Шинэ жил болохоор цаасан ууттай мандарин, чоно,үнэг туулайны багтай хүүхдүүд л бодогддог доо. Бүр тэр багны үнэр, мандариныг бодонгуут одоо ч хан хийж үнэртэж шиг. Тэгээд аав ээжтэйгээ халуун ам бүлээрээ ширээ тойроод л бууз салат аа хийгээд л 00:00 цагийг хүлээгээд л гадаа гарч айлуудын сальют буудуулхаыг их хардаг байж билээ. Аав уул уурхайн инженер байсан болохоор нэг жил сальют их ховор дохионы буу авчирч буудаад гадаа нэг цаг гаран харж зогсож байж билээ. Ёстой унтардаггүй юм бил ээ. Хүүхэд насны олон сайхан дурсамж бий. Тэдгээрээс хамгийн тод нь л энэ байна даа. Тэр мандирины үнэр бол шинэ жил бүрээр дурсамж сэргээж бодогддог доо.

ТЭДНИЙ ГЭРЭЛТЭЙ ХҮҮХЭД НАСНЫ ШИНЭ ЖИЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188