• Өнөөдөр 2024-05-12

ТАЙЗНАА ГЭРЭЛТЭГЧ

           Түүнийг харахаар хоёр алаг нүд, өмөлзсөн хошуу, зөөлөн намуун хоолойтой Хонгорзулын дүр нь санаанд буудаг юм. Анхны дүрээрээ урлагт дархлагдсан азтай ч эмэгтэй. Гэхдээ түүнийг цаг хугацаа эрх танхи охиноос хатуу чанд, зарчимч эмэгтэй, хариуцлагатай ээж, чамбай чанга уран бүтээлч болгон хувиргаж гэдгийг түрүү жил тайзнаа тавигдсан “Гэм зэм”, одоо яг тайзнаа тоглогдож буй “Шөнө буусан аадар” жүжгээс мэдэрлээ. Шулуун шударга, хурдан шаламгай, өөртөө итгэлтэй, шийдэмгий шүүгчийн дүрийг Ганаа л бүтээж чадна гэж М.Батболд найруулагч зөв бодсон байна лээ. Үнэхээр түүний л дүр байсан. Тэр харц, тэр алхаа, донж маяг...

         Тэгвэл сая “Шөнө буусан аадар” жүжигт нэг тийм зэвүүн  хард эмэгтэйн дүрийг туршлага болоод өөрийн өнгө аясаараа торохгүй үзүүлж байгаа нь, хамт тоглож байгаа уран бүтээлчиддээ ч түшигтэй, хамгийг нь өргөж, үүр дүүрч байгаагаас нь түүнийг туршлагын хувьд хэр зузаарч, улам хурц тод болж байгааг дахин бататгалаа. Тэгээд бүр тэр тайзнаа урьд урьдныхаасаа гэрэлтэж байгааг нь ч олж харлаа. Үзэгчид мэднэ дээ, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг өөрийн гэсэн өнгө төрх, үнэр, агаар, гэрэлтэй жүжигчин гэдгийг. Нэг тийм Ганаагийн гэсэн өнгө аяс ямагт оршиж, түүний дүрээс зөөлөн, хатуу зан чанар илэрч, үзэгчдэд үргэлж ойрхон буудаг.

Галтай, галзуу, авхаалжтай, сэргэлэн, зоримог, сэргэлэн, сүүхээтэй гэгддэг түүнд хамгийн зохих үг нь галтай. Тэр үргэлж л нэг тийм гал шиг асан дүрэлзэж, бадран гэрэлтэж, галын дөл шиг өөдөө оршдог.

-“БООЦОО” ЖҮЖИГ ТҮҮНИЙ ТАЙЗНЫ ЭХЛЭЛ-

         Театрын өндөр босгоор тэр алхахдаа хамгийн анх “Бооцоо” жүжигт тоглосон гэдэг. Шинэ залуу уран бүтээлчийн журмаар театрт хоёр жил дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад жинхлэгдсэн байна. Тэгээд л “Надаар тоглосон хайр”, “Цахлай, “Хар санаа, хайр сэтгэл”, “Эр хүн болгож өгөөч”, “Атга нөж”, “Гамлет”, “Тэнгэрийн хүү”, “Зуны шөнийн зүүд”, “Нууц амраг чинь больё” зэрэг жүжгийн дүрд тогложээ. Амьдрал болоод уран бүтээлийнхээ хамгийн оргил, ид идэвхтэй үед тэр театрын тайзан дээр мандсан. Жүжгээс жүжгийн хооронд тасралтгүй бэлтгэлтэй, байнгын эрэлттэй ч байж. Түүний хувьд “Надаар тоглосон хайр” жүжгээ үеийн уран бүтээлчидтэйгээ тавьсан анхны бүтээл нь болохоор их хайртай байдаг гэнэ. Дөнгөж сургуулиа төгссөн цэл залуухан уран бүтээлчид л юм хийх гэж, дүрдээ ажиллах гэж хичээж, ажилладаг байж. Ингэж тайзан дээр ассан он жилүүд түүнийх.

-КИНО ЗОХИОЛЧ, ПРОДЮСЕР, НАЙРУУЛАГЧ ГАНАА-

            Тайзан дээр оноогдсон дүрдээ ажиллаж байсан тэр “Хувьсал” хэмээх айлын гишүүн болж, кино зохиолч, продюсер, найруулагч гэх ажил руу “шумбан” орсон. Энэ нь гэхдээ өөрөө өөрийгөө байнгын шинээр сорих гэж хичээдэг түүний нэгэн сорилт байсан болов уу. “Зүрхээр наадагч” аас эхлээд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Миний нууц” гээд нэг хэсэг дэлгэцийн уран бүтээлийг ар араас нь төрүүлж, үзэх бүрд шинэ сонин сэдэв, санаа, дүр, өнцөг байв. Цөм нийгмийн тодорхой хэсгийг хөндсөн, киноны санаа бүрд Ганаа өөрөө үгээ дайсан бүтээл байсныг үзэх хүмүүс ам сайтай байж, “Хувьсал” продакшны бүтээлийг бүр хүлээж байсан. Ингэж ажиллахдаа тэр өөрөө гол болон туслах дүрд ажиллаж, өөр, өөр Д.Ганцэцэгийн хувиралтыг үзүүлж байлаа.

        Тэр дундаа түүний тоглосон Сааралын дүр бол ёстой хайр, үзэн ядалт хоёрыг зэрэг хүргэж, үзэгчдийг автуулж чадаж байсан. Одоо ч “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” үзэх бүрд өөр мэдрэмжийг өгч, үнэхээр л ийм нйигэм байсан байх, хүмүүс өөрсдөө хүнээ тусгаарлаж, тусад нь бодож, нийгмийн муу муухай болгон жигшдэг юм байна гэсэн том санаа, том сургамжийг өгсөөр байгаа. Үргэлж уян зөөлөн, ганган хээнцэр, нэг тийм ихэмсэг Д.Ганцэцэгээс огт өөр ёстой л дотоод дайчин, мөнхүү заримдаа зэвүүн гэмээр зангаа цухалзуулсан нь Саарал. Ийн “Хувьсал” продакшнд оюун тархи, зүрх сэтгэлээсээ нэрсэн бүтээлээ гаргаж байгаад, жүжигчин А.Ганчимэгтэй хамтран “Аримун” продакшныг байгуулж, “Халуун зүрх” гэх шинэ бүтээлийг хүргэсэн. Энэхүү бүтээлийг тэрбээр ханьдаа зориулан гаргасан гэх бөгөөд ёстой л нэг халуун зүрхнээс төрсөн бүтээл болсон байсныг үзэгчид андахгүй мэдсэн биз ээ.

Үндсэндээ дэлгэцэд тэр ийн өөрийгөө харуулж, кино хийвэл хийчихдэг гэдгээ ч харуулаад амжсан адтай, авхаалжтай уран бүтээлч.

-ТЭВЧЭЭР, УХААН, ҮНЭН СЭТГЭЛ-

                  Энэ гурав бол түүнд байх гол гоо үзэсгэлэн гэмээр. Амьдрал түүнийг үргэлжийн сайхан дардан замаар алхуулаагүй. Театрын ид завгүй ажилтай үедээ тэр хань, аавыгаа дараалан алдсан. Хорт хавдар гэх хатуу өвчнөөр хамгийн хайртай хүмүүсээ алдсан ч тэр нугараагүй чанга байж, хоёр хүүгээ хүний дайтай өсгөн, уран бүтээлдээ шамдаж байсан. Сайхан ажил мэргэжил, мөнхүү алдар нэр, гавьяа шагнал цөм байсан ч амьдралынх нь хамгийн хүнд өдрүүд тэр байж, өөрөө ч сэтгэлийн тэнхээгээр давж гарч ирж чадсан. Иймээс л тэр тэвчээр, ухаан, үнэн сэтгэлээрээ өдий хүртэл алхаж, сайн ээж, ард түмний хайртай уран бүтээлч байж чадаж байгаа. Үүгээрээ тэр улам сайхан гэрэлтэж, өнгөжин жавхаажиж, амьдралын жаргал, зовлон аль ч давалгаанд шидэгдэлгүй яваа. Харин түүнд үзэж, харж, сонсож, мэдэрсэн бүхэн нь амьдрал болон уран бүтээлийн арвин их туршлага болж, чан хатуу, мөнхүү нинжнээс нинжин сэтгэлтэй, зоримог, өөртөө итгэлтэй Ганааг бий болгосоор, одоо бүр ч бат бэх цайз мэт болжээ, тэр.

Ийм л Ганааг бид сүүлийн үед тайзнаас харж байгаа. Тэр тайзан дээр гэрэлтсээр л байна.

-ДАЙЧИН-

            Амьдрал, уран бүтээлдээ ч дайчин тэр сүүлд "Ододтой бүжиглье" шоу нэвтрүүлгээр мөн өөрийгөө зогсошгүй дайчин, юм, юмандаа адтай гэдгээ батлан харуулсан. Өөрөөсөө үү оролцогчидтой ана, мана өрсөлдөж, өөрийгөө их дайчилж байсныг хүн бүр харсан биз ээ. Байнгын тийм тэмцэгч, шаргуу хөдөлмөрч, өөрийгөө сорьж, хөрвүүлдэг түүний яс зан чанар түүнийг урлагт хөтлөн яваа. Юунаас ухарч, няцаж, буцдаггүй, хорчийч хумигдаж, гандан буурдаггүй болохоор л тэр бүхний оройд цоролзож, өөрийгөө харуулж, олон сайхан дүр болон уран бүтээлийг бидэнд үзүүлсэн. Харахад, турьхан, ялдам, энхрий эмэгтэй. Гэхдээ түүний дотор үргэлжийн дайчин чанар гол мэт урсаж, түүгээрээ тэр өөрийгөө хурцалж, хөглөж яваа.


ТАЙЗНАА ГЭРЭЛТЭГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-16 09:03:46
    1: өөрийгөө бичүүлдийн болуу хэт их худал жүжиглэлт нүүрний туухйа хувиралт
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188